2-р бүлэг : Өөдгүй новш
Эмийн шингэн ходоодонд нь дөнгөж орсон даруй Лун Чэнь оюун ухаанаараа эмийн энергийг бүх бие рүүгээ чиглүүлж, яс руугаа нэвчүүлж эхлэв.
Энгийн тулааны урлагтнууд эмийн энергийг эхлээд Дантяндаа уусган шингээж, дараа нь бүх биедээ тараадаг. Гэвч Лун Чэнд Сүнслэг Үндэс байхгүй тул Дантян нь бүрэн хоосон, энерги хадгалах ямар ч аргагүй байлаа.
Түүний хийж чадах ганц зүйл бол эмийн энергийг эс нэг бүртээ тараах явдал байв. Энэ эмийн шингэн ердийн л эмийн ургамлаас бүтсэн ч Лун Чэний хослуулж, харьцааг нь тохируулсан жорын дараа гайхмаар гойд үр дүн үзүүлж байлаа.
Эмийн энерги биеэр нь давалгаалан тархахад тоо томшгүй олон нүх сүв нээгдэв. Эс бүр нь өлсгөлөнд нэрвэгдэж явсан юм шиг тэнгэр газрын сүнслэг энергийг галзуурсан мэт шингээж эхлэв.
ТЭС!
Лун Чэний биеийн дотроос бүдэгхэн дэлбэрэлтийн чимээ гарав. Урьд нь битүүрсэн байсан судал судаснууд нь хүчээр онгойж, Лун Чэнь ёолохоо барьж дийлсэнгүй.
Бусад хүн бясалгахдаа Дантянийхаа ачаар гол судлуудаа алхам алхмаар, аажмаар нээдэг тул өвдөлт мэдрэгддэггүй.
Гэтэл Лун Чэнь тэгж чадахгүй — гадны энергийн эх үүсвэрээс л зээлдэх аргатай. Энэ энерги гэдэг далайн ус голын урсгал руу цутгаж буйтай адил: хэрцгий догшин байдлыг нь хүссэн бүхэн даахааргүй байлаа.
«Энэ өвдөлт... Би энэ өвдөлтийг заавал санаж явна.» Лун Чэнь шүдээ хавирав. Хэрцгий хэн нэгэн Сүнслэг Үндсийг нь хулгайлаагүйсэн бол тэрбээр ийм галзуу арга сонгоход хүрэх байсан гэж үү?
ТАС! ТАС! ТАС!
Биеэс нь дэлбэрэлтийн чимээ ар араасаа цуурайтаж, гол судал сувгууд нь нэг нэгээрээ нээгдэнэ. Нэг суваг нээгдэх бүрд хурц өвдөлт биеийг нь базална.
(Орч: гол судал, суваг - meridians, энерги урсах зам)
Бүх судлууд нь эцэст нь онгойж дуусахад Лун Чэнь ухаан алдахын даваан дээр очив. Бүтэн хоёр цаг амарсны эцэст л аажмаар тэнхээ оров.
Өвдөлт ард нь үлдэхэд хөлийн хуруунаас толгой хүртэлх бүх нүх сүв нь нээгдсэнийг Лун Чэнь мэдрэв. Амьсгаа авах бүрд нь тэнгэр газрын сүнслэг энерги биед нь шингэж байлаа.
«Гайхалтай. Гол Судал маань нээгдсэн болохоор би одоо ёстой л бясалгаж чадна.»
Лун Чэнь биеийнхээ байдлыг шинжив. Гол Судлууд нь нээгдсэн тул одоо ертөнцийн сүнслэг "Чи"г бүх нүх сүвээрээ шингээж, биеэ тэжээн хүчирхэгжүүлж чадахаар болжээ.
Үнэндээ гол судлууд нь дөнгөж сая нээгдсэн атал ганцхан тэр өөрчлөлт гэхэд л биеийг нь хүч чадлаар дүүргэв.
Нударгаа далайтал салхи исгэрэх чимээ гарахад Лун Чэнь мишээв. Тэр их өвдөлтийг дэмий туулаагүй ажээ.
Энгийн бясалгагчид эхлээд "Чи" мэдрэх үе гэгдэх шатыг давах ёстой. "Чи"-г мэдэрч чадсан цагт л "Чи" Өтгөрүүлэх үед орж чаддаг.
Харин Лун Чэнь өөр замаар явжээ. Эмийн энергиэр өөрийгөө тэнгэр газрын сүнслэг "Чип"-тэй хүчээр холбосноор гол судлаа бүрэн нээж чадсан нь ганцхан алхмаар "Чи" Өтгөрүүлэх үед орсонтой тэнцэх хэрэг байв.
Гэхдээ түүнийг "Чи" Өтгөрүүлэх үед бүрэн орсон гэж хэлж болохгүй байлаа. Учир нь "Чи" Өтгөрүүлэх үе гэдэг бол Дантян дотроо "Чи"-г эргүүлэг болгон өтгөрүүлж хуримтлуулдаг үе шат юм. Лун Чэний бие тэр үеийн хүчтэй эн зэрэгцэхээр хүчирхэгжсэн ч Дантян нь хоосон тул "Чи"-г хуримтлуулж чадахгүй. Тиймээс тэрбээр нэрийн төдий л энэ түвшинд хүрснээс биш, жинхэнэ утгаараа "Чи" Өтгөрүүлэх үеийн бясалгагч болж чадаагүй хэвээр байв.
《Гол Судлаа хүчээр нээсэн ч хэрэггүй Дантян минь жинхэнэ "Чи"-г тогтоож чадахгүй хэвээр. Хүнтэй тулалдвал хэдхэн хормоос илүү тэсэх аргагүй. Энэ хангалтгүй хэвээр байна.»
Лун Чэнь шинэ дурсамжаа ухаж эхлэв. Шинэ дурсамжийн ихэнх хэсэг нь зөвхөн алхимийн тухай байлаа. Гэвч эцэст нь тулааны урлагт хамаатай цорын ганц дурсамжаа олов: Есөн Одот Ноёрхогчийн Биеийн Урлаг.
Лун Чэнийг баярлуулан гайхшруулсан нь — Есөн Одот Ноёрхогчийн Биеийн Урлаг яг л түүнд зориулж бүтээчихсэн юм шиг байсан явдал байв. Энэ бол хүний нөөц чадавхыг илүү гүнзгий нээж өгөх нууц арга ухаан бөгөөд Дантянг биш, есөн одыг бясалгадаг ажээ.
Тэр есөн од нь биеийн дотор орших бөгөөд бүгд бүрэлдэж дуусвал есөн од нь есөн Дантянтай тэнцэхээр хэмжээний тийм ер бусын бясалгалын арга байлаа. Дурсамж дотроо үүнийг олж хараад тэрбээр баярлаад дэвхцэх шахав.
Гэвч уг аргыг үргэлжлүүлэн ухаарах тусам толгой дээрээс нь хүйтэн ус цутгачихсан мэт болов. Есөн Одот Ноёрхогчийн Биеийн Урлагийг бясалгахад тоо томшгүй олон эм тан хэрэгтэй байлаа.
Анхны од болох ФэнФү Одыг нягтруулахад бараг л төгсгөлгүй их энерги шаардагдана. Агаараас энерги шингээхэд л найдвал зуун жил ч хүрэлцэхгүй.
Анхны одыг өтгөрүүлэхэд асар олон тооны үрлэн эм хэрэгтэй. Тийм үрлэн эмүүд байхгүйгээр энэ урлагийг бясалгах боломжгүй юм.
Лун гэр бүл нь хоосорчихсон, тийм их хэмжээний эмийн үрэл худалдан авах ямар ч чадалгүй байв.
«Эхлээд мөнгө олох арга бодох хэрэгтэй юм байна» гэж Лун Чэнь өөртөө бувтнав. Хувцсаа сольчихоод өрөөнөөсөө гарлаа. Энэ үед үд хэдийнэ өнгөрчихсөн байсан ч өргөн уудам язгууртны өргөөнд нь хачирхалтай нь хүн бараг үзэгдэхгүй, эзгүй зэлүүд газар мэт харагдана.
Лун Чэний аав бол Хил тохинуулагч Гүн билээ. Тэрбээр одоо зэрлэгүүдийн хил дээр алба хааж явна. Лун Чэнь ээжтэйгээ хамт сүүлийн хэдэн жил эзэн хааны нийслэлд хүн бүрийн дорд үзсэн харцыг тэвчсээр иржээ. Язгууртны зэрэг зиндаатай ч урьдынхтай харьцуулбал бүрэн ядуурчээ. Өргөө даяар нь нийт арваад шивэгчин ердөө цагийн ажил хийж өгдөг байсан нь илүү хүн хөлслөх чадалгүйнх байлаа.
Нийт язгууртнуудын дотроос хамгийн хүнд байдалтай нь тэдний гэр бүл байсан бол Лун Чэнь өөрөө ядуугийн ядуу нь байсан гэж хэлж болно.
Галт Шувуу Эзэнт Гүрэн одоо тулааны урлагийн алтан үедээ явж байлаа. Бараг хүн бүр тулааны урлагт бясалгана. Гэтэл Лун Чэний хог шиг биеийн байдал тулааны урлагт тэнцэхгүй байсан нь түүнийг хүн бүрийн элэглэн дооглох бай болгожээ.
Лун Чэний яг эсрэг талд аав нь — Лун Тяньсяо байв. Тэрбээр үеийнхнийхээ хамгийн хүчирхэг нь бөгөөд түүнийг зэрлэгүүдийн хилийг сахиж байхад зэрлэг овгууд хэчнээн догшин довтолсон ч Галт Шувуу Эзэнт Гүрний газарт хагас алхам ч гишгэж чаддаггүй байлаа.
Лун Тяньсяо бол Галт Шувуу Эзэнт Гүрний энэ үеийн цэргийн бурхан нь байтал Лун Чэнь "Чи"-г ч мэдэрч чаддаггүй хог байлаа. «Барс аавын нохой хүү» гэж бусад хүмүүст хэлэгдэхээс өөр аргагүй байв.
Тоо томшгүй олон хүн түүнийг элэглэн дооглодог байсан ч Лун Чэнь тоодоггүй байлаа. Гэтэл тэр өдөр Харгис Гүнгийн хүү Жоу Яоянг «чи аавынхаа хүү нь биш» хэмээн Лун Чэнийг элэглэжээ.
Лун Чэний уур тэнгэрт тултал дүрэлзэв. Жоу Яоянг ээжийг нь ёс журамгүй хэмээн илт доромжилсон хэрэг! Уур нь Лун Чэний ухааныг балартуулж, бодлогогүйгээр өрсөлдөгчөө тулаанд дуудсан байлаа.
Гэтэл өрсөлдөгч нь "Чи" нягтруулах үеийн долдугаар шатны хүчтэн байхад тэрбээр "Чи" ч мэдэрч чаддаггүй жирийн хүн байв. Ичгүүрээ гуйсан л хэрэг байлаа.
Үр дүнд нь тэрбээр ухаан алдаж, үхэхийн даваан дээр очтол зодуулсан байдалтай гэрт нь хүргэж өгсөн бөгөөд энэ мэдээ Лун Чэнийг нийслэл даяар нэлээд удаан хугацаанд элэг доог болгосон юм.
Өргөөнөөсөө гарсан Лун Чэнь эзэн хааны нийслэлийн Зуун Ургамлын Зах руу шууд явав. Тэнд элдэв төрлийн үнэт эмийн үрлийн түүхий эд зардаг байлаа. Одоо түүнд хэрэгтэй зүйл бол эмийн ургамлын зах зээлийн байдлыг судлах явдал байв.
Замд нэлээд олон хүн тааралдаж, Лун Чэнийг таних бүрдээ ард нь хуруугаараа чичилцгээнэ. Гэвч Лун Чэнь үүнд хэдийнэ дасчихсан байлаа.
Гэсэн ч дотроо гашуунаар инээмсэглэв. Аав нь зэрлэгүүдийн хилийг бүхэлд нь номхотгож, эзэнт гүрнийг бүхэлд нь хамгаалсан агуу гавьяа байгуулсан хүн.
Гэтэл хариуд нь юу авав? Ээж хүү хоёр нийслэлд дээрэлхүүлж, доромж харцанд өртөн зовж, Лун Чэнь бараг зодуулж үхэх шахав. Энэ хариу болж чадах уу? Аавых нь хамгаалж явдаг хүмүүс нь хүүг нь дорд үзсэн харцаар ширтэнэ. Энэ л хариу нь гэж үү?
Лун Чэнь алхаагаа түргэсгэв. Ийм харцнаас айдаггүй ч сэтгэл нь ямагт жаахан гундчихдаг байлаа. Гэтэл яг энэ мөчид замыг нь гэнэт хэсэг бүлэг хүн хаав.
«Аяа, чи үнэхээр Лун Чэнь мөн үү? Ээжийгээ ч танихааргүй болтлоо зодуулсан гэж дуулсан юмсан, гэтэл өнөөдөр ийм цовоо гүйгээд явдаг нь яасан сонин хэрэг вэ?»
Лун Чэний өмнө гоё ганган хувцасласан арван зургаан настай залуу хоёр хамгаалагчтайгаа зогсоод ёжлон инээж байлаа.
Энэ хүн бас л язгууртан гэр бүлийн залгамжлагч бөгөөд Ли Хао гэдэг байв. Гэхдээ язгууртнуудын доторх байр суурь нь өндөр биш, зэрэг зиндаа нь Лун Чэнийхтэй зүйрлэшгүй дор байлаа. Юутай ч Галт Шувуу Эзэнт Гүрэнд язгуур угсаа, зэрэг зиндаа хоёрдугаарт л ордог — хүч чадал л хамгийн чухалд тооцогддог юм.
Ли Хао яг замын голд зогссон тул Лун Чэнь өнгөрөх гэвэл түүний хажуугаар гарах ёстой байв.
Урьдын Лун Чэнь байсан бол эргээд буцах байсан биз. Гэвч өнөөдрийн Лун Чэнь Ли Хаог хараад толгой сэгсрэн санаа алдав: «Сайн сургасан нохой ч зам хаахгүй байхыг мэддэг гэлцдэг. Чи нохойд ч хүрэхгүй юм шиг байна даа.»
«Лун Чэнь, чи өнгөрсөн удаагийн хичээлээ мартчихсан бололтой! Дахиад л амь тавихын даваан дээр очтол зодуулмаар байгаа бол тулааны талбайд гарч тулалдъя.» Ли Хаогийн царай хувирснаа дахин дооглов.
«Тийм болохоор л чамайг нохой гэсэн юм. Жоу Яоянгтайгаа хамт баасаа идэж яв.» Лун Чэнь толгой сэгсрэв. Ийм хүнд цаг үрэх хүсэлгүй байлаа. Өөрийн ажлаа амжуулах ёстой тул хажуугаар нь тойрч алхаж эхлэв.
«Лун Чэнь, чи өөрөө л үхлээ эрлээ шүү!»
Ли Хао уурлахаас өөр аргагүй болов. Үргэлж хулчгар явдаг Лун Чэнь өөрийг нь огт тоохгүй ийм шийдэмгий байдал гаргана гэж тэр огт төсөөлөөгүй ажээ. Тэрбээр гараа сарвайлган Лун Чэний замыг хаав.
Лун Чэнь хөмсгөө жаахан зангидаад ам нээх гэтэл нэгэн хүн алхан ирж Ли Хаог зандрав: «Ли Хао, үхлээ эрсэн нь чи өөрөө байх аа! Миний ахыг сүрдүүлдэг чи хэн болж байна?»
Ирсэн хүн нь асар өндөр нуруутай арван найман настай залуу байв. Долоон тохой өндөр бие нь тэр хоёроос хоёулангаас нь бүтэн толгой илүү, харахад сүрдмээр харагдана.
«Ши Фэн, энэ чиний хэрэг биш! Хошуугаа дүрэхгүй байсан нь дээр байх аа.»
Ли Хао ,Ши Фэнг хараад сул дорой атлаа зөрүүдлэхээс өөр аргагүй болов. Ши Фэн бас л язгууртны залгамжлагч, зэрэг зиндаа нь түүнийхтэй ойролцоо. Гэвч Ши Фэн "Чи" нягтруулах үеийн наймдугаар Тэнгэрлэг шатанд хүрсэн хүчтэн байхад тэрбээр дөнгөж гуравдугаар шатанд явж байлаа.
Түүгээр ч барахгүй Ши Фэн төрөлхийн хүч чадалтай тул нэг зэрэглэлийн хүмүүсийн дунд түүнтэй эн тэнцэх нь цөөхөн байв. Тиймээс Ли Хаод Ши Фэнтэй сөргөлдөх зориг байсангүй.
«Лун Чэнь ах аа, мөнөөх новш Жоу Яоянг чамайг зодсон гэж дуулсан. Уур хилэнг чинь тайлж өгөх үү?» Ши Фэн, Лун Чэнийг хараад царай нь хилэгнэсэн байдалтай болов.
Лун Чэнь өмнөө зогсох аварга биетэй залууг хараад зүрхэнд нь дулаахан мэдрэмж төрөв. Нийслэлд түүнийг ах дүү гэж үздэг цорын ганц хүн нь Ши Фэн байлаа.
«Хэрэггүй ээ, өшөө хонзонгоо би өөрөө барагдуулна. Санаа зоволтгүй.» Лун Чэнь намуухан инээгээд Ши Фэнгийн мөрийг алгадав.
Ши Фэн үүнийг сонсоод Лун Чэнь нэр төрөө боддог байх нь гэж бодон, дахин уг асуудлыг хөндсөнгүй.
«Явцгаая, хоёулаа хамт зугаалъя» гэж Лун Чэнь инээмсэглэн хэлээд Ши Фэнг дагуулан алхав.
Хоёул өөрийг нь агаар мэт үзэхийг харсан Ли Хао уурлан хараахаас өөр аргагүй болов: «Лун Чэнь, өчүүхэн новш чи, зориг байвал надтай тулалдаач!»
Цааш хэдхэн алхаад л явж байсан хоёр энэ үгэн дээр зогсов. Лун Чэний нүднээс хүчтэй алах санаа цацран, тэрбээр толгойгоо аажмаар эргүүлэв.
«Чи надтай тулалдъя гэсэн үү?» Лун Чэний дуу хоолой мөс шиг хүйтэн байлаа. Хэлэх үг бүр нь мөсний хэлтэрхий мэт хүний яс дагжтал чичрүүлнэ.
Ли Хао дагжин чичрэхээ барьж чадсангүй. Яагаад ч юм өнөөдрийн Лун Чэнь нэг л өөр санагдав. Гэвч том үг хэдийнээ хэлчихсэн болохоор одоо хулчийвал нийслэл даяарх элэг доогийн бай болно.
Тэгээд ч Лун Чэнийг дахин дахин дээрэлхэж дассан болохоор тэр туршлагадаа найдан, зүрхэнд нь төрсөн өчүүхэн айдсыг үл ойшоов.
«Зүгээр, чи тулаан хүлээж авах зориг байна уу?» гэж Ли Хао чанга дуугаар дооглов.
«Асуудалгүй. Гэхдээ би бооцоо нэмье» гэж Лун Чэнь хэсэг бодсоны эцэст хэлэв.
«Бооцоо нэмнэ ээ? Хаха, Лун гэр бүл чинь өөрсдийгөө ч тэжээж дийлэхгүй байгаа юм чинь юугаа бооцоонд тавих юм бэ? Өргөөгөө тавих уу, эсвэл миний боол болох уу?» гэж Ли Хао хүйтнээр элэглэв.
Гэвч Лун Чэний амны буланд ямар нэг далд санаа нуусан мэт хүйтэн мишээл тодорсныг тэрбээр анзаарсангүй.
«Ши ах аа, тулааны илдээ надад түр зээлж болох уу?» гэж Лун Чэнь асуув.
«Ав, ав.»
Ши Фэн жаахан хайрлаж байсан ч илдээ гардуулж өгөв.
Лун Чэнь толгой дохин, энэ ачийг зүрхэндээ чимээгүйхэн тэмдэглэж авав. Тэгээд Ли Хао руу хандан: «Энэ тулааны илд тэргүүн зэргийнх биш ч найман мянган алтан зоосны үнэтэй. Өнөөдөр таван мянган алтан зоосоор л тооцъё. Чи ялбал илдийг ав, харин ялагдвал надад таван мянган алтан зоос өгнө. Ямар вэ?»
Ли Хаогийн зүрх лугшив. Ши Фэнгийн илд тэргүүн зэргийн төмрөөр хийгдсэн, мастер дархан урласан илд юм. Наад зах нь найман мянган алтан зоосны үнэтэй нь гарцаагүй.
Өнөөдөр энэ тэнэг Лун Чэнь ийм юмыг бооцоонд тавьж байгааг хараад Ли Хао дотроо хэдийнэ баярлан инээж эхэлжээ.
Тэрбээр дахин ёжлов: «Мэдэхгүй юм даа. Хэн нэг нь ялагдвал бооцооноосоо няцахгүй биз?»
«Санаа амар. Би, Ши Фэн, батлан даана.» Ши Фэн хүйтнээр мишээв.
«За, тэгвэл тулааны талбай руу явж гэрээ байгуулъя. Өнөөдөр чиний шүдийг цөм цохиж унагаахгүй бол би цаашид Ли Хао биш болно.» Ли Хао туйлын хөөрч, урам зоригтойгоор ярьж байлаа.
Лун Чэний царай тайван хэвээр байсан ч нүдэнд нь харанхуй сүүдэр тодров. Ли Хао ердөө л Жоу Яоянгийн нохойн нэг тул Лун Чэнь түүнийг хэзээ ч тоодоггүй байв. Гэтэл сүүлийн үед тэд түүний эсрэг байнга жижиг сажиг явуулга хийх болжээ. Үүний цаана ямар далд хуйвалдаан байгаа юм бол?
Гэхдээ ямар ч хуйвалдаан байлаа гэсэн үнэн хэзээ нэгэн цагт ил гарах нь гарцаагүй. Лун Чэнь нийслэлийн гаднах тулааны талбай руу шууд алхлаа.