Гэгээн солиорол

1-р бүлэг : Чөтгөрийн зүрх үхлийн ч өмнө харамсал мэдэрдэггүй

"Фан Юань, Хавар Намрын Царцааг чимээгүйхэн өг. Тэгвэл би чамд зовлонгүй, хурдан үхэл бэлэглэе!"

"Хөгшин төгзөг Фан! Одоо эсэргүүцэхээ боль. Өнөөдөр шударга ёсны бүх том бүлгэмүүд нэгдэж, зөвхөн л чиний чөтгөрийн үүрийг устгахаар ирлээ. Энэ газар аль хэдийн зугтах аргагүй тороор бүрхэгдсэн. Энэ удаа чиний толгой гарцаагүй таслагдах болно!"

"Фан Юань, хараал идсэн чөтгөр минь! Хавар Намрын Царцааг олж авахын тулд чи хэдэн мянган хүнийг хөнөөсөн. Чиний үйлдсэн нүгэл уучлашгүй, бас жигшүүртэй!"

"Чөтгөр минь, 300 жилийн өмнө чи намайг доромжилж, миний ариун биеийг булаан авч, бүх гэр бүлийг минь устгаад есөн үеэр нь хороосон. Тэр мөчөөс эхлээд би чамайг гал мэт шатсан үзэн ядалтаар үзэн яддаг болсон! Өнөөдөр би чамайг үхүүлэх болно!"

…

Фан Юань урагдсан ногоон нөмрөг өмссөн байв. Үс нь сэгсийж, бүх бие нь цусаар бүрхэгдсэн харагдана.

Тэр эргэн тойрноо харлаа.

Цусанд нэвчсэн нөмрөг нь уулын сэвшээ салхинд зөөлөн хийсэж, яг л дайны туг шиг намирч байв.

Түүний бие дээрх тоо томшгүй шархнаас шинэхэн цус оргилж, тэр ердөө хэдхэн хором зогсоогоороо байх хугацаанд л хөл дор нь цусны том шалбааг үүсчихжээ.

Дайснууд түүнийг бүх талаас нь бүслэн зогсож байв. Зугтах ямар ч зам үлдээгүй ажээ.

Энд үхэх нь аль хэдийн шийдэгдсэн хувь тавилан болжээ.

Фан Юань өөрийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож байсан. Гэвч үхэлтэй нүүр тулсан ч түүний царай огтхон ч өөрчлөгдсөнгүй. Тайван хэвээрээ үлдэнэ.

Харц нам гүм. Нүд нь гүн худгийн ус шиг, ёроол нь харагдахгүй гэмээр гүнзгий.

Түүнийг бүсэлсэн “шударга ёсны” том бүлгэмүүд дунд туршлагатай ахмадууд ч, авьяаслаг залуу баатрууд ч сүртэй гэх чинь зогсоно.

Бөөнөөрөө Фан Юанийг хүрээллэх хүмүүсийн зарим нь уурандаа багтаран хүндээр амьсгалж, зарим нь ёжтой инээж байхад заримынх нүд хурц гэрлээр гялалзаж байв. Цаашлаад шархаа барин айдастай харж зогсох ч нэгэн бий.

Гэвч хэн ч хөдөлсөнгүй. Бүгд Фан Юаний сүүлчийн довтолгооноос ихэд болгоомжилж байлаа.

Ийнхүү хүнд дарамттай байдал 6 цаг үргэлжилж, эцэст нь орой болов. Жаргаж буй нар уулын хажууг алтан туяагаараа гийгүүлэхэд тэр газар бүхэлдээ шатаж буй мэт харагдана.

Тэр бүх хугацаанд хөшөө мэт чимээгүй зогсож байсан Фан Юань аажмаар биеэ эргүүллээ.

Тэр даруй дайчид цочирдон бүгд нэг, нэг алхам ухарцгаав.

Фан Юаний хөл доорх саарал уулын чулуу аль хэдийн бараан хүрэн өнгөөр будагдсан байлаа.

Хэт их цус алдсанаас түүний царай нь өнгө алдаж үхсэн хүн мэт цайвар зүстэй болов. Гэвч доошилж буй нарны туяанд түүний төрх гэнэт гайхалтайгаар гялалзаж эхлэв.

Жаргаж буй нарыг ширтэн Фан Юань намуухан инээмсэглэв.

"Цэнхэр уулын дээр нар жаргана.

Цэвдэг хаврын салхитай намрын сар.

Өглөө үс мэт гялаан, шөнө цас мэт хүйтэн.

Өөрийгөө чадсан ч, чадаагүй ч бай эргэн харахад эцэст нь юу ч үлддэхгүй."

Эдгээр үгийг хэлэхэд түүний нүдний өмнө Дэлхий дээрх өмнөх амьдралын дурсамжууд гарч ирэв.

Тэр анх Дэлхий дээрх нэгэн хятад эрдэмтэн байсан бөгөөд санамсаргүйгээр энэ ертөнцөд иржээ. Тэр 300 жилийн хүнд хэцүү амьдралаар гаталж, дараа нь дахин 200 жилийг туулсан.

Нийтдээ 500 гаруй жил.

Амьдрал нь нүд ирмэхийн зуур өнгөрсөн мэт санагдана.

Зүрхний гүнд булшлагдсан олон дурсамж дахин амилж, нүднийх нь өмнө нэг нэгээрээ тодорч байлаа.

“Ингэж төгсгөлд нь би ялагдах гэж.”

Фан Юань сэтгэлдээ санаа алдав. Гэвч харамсал байсангүй. Энэ төгсгөл бол түүний аль хэдийн таамаглаж байсан зүйл.

Анх шийдвэр гаргахдаа тэр ийм үр дүнд бэлэн байсан. Чөтгөр болно гэдэг бол өршөөлгүй, харгис байхыг хэлнэ. Мөн тэдгээр нь хүн алж, хэр хорон сүйтгэгч болохоор шийдэгддэг. Иймэрхүү оршихуйд тэнгэр газар хоёрын аль алинд нь харьяалагдах орон зай байдаггүй.

Жам ёсоор Дэлхий ертөнцийн дайсан болж, эцэст нь зугтаашгүй үр дагаврыг өөрөө үүрэхээс өөр аргагүй.

“Хэрэв миний саяхан шингээсэн

Хавар Намрын Царцаа үнэхээр жинхнээсээ ажиллавал ч...

Дараагийн амьдралдаа бас л чөтгөр байх болно!

Даанч ийм хувь тавилан намайг угтах гэж”

Энэ бодол төрөхөд Фан Юань гэнэтхэн чангаар инээлээ.

"Муу чөтгөр! Юунд инээгээд байна аа!!"

"Бүгд болгоомжлоорой! Энэ чөтгөр сүүлчийн мөчдөө довтлох гэж байна!"

"Яаралтай Хавар Намрын Царцааг гаргаж өг!!"

Дайчдын бүлэг урагш давшин дайрлаа. Яг тэр мөчид гэнэтхэн тэсрэлт сонсогдож, Фан Юань нүд сохлом асар их энергид бүрхэгдлээ.

……

Хаврын усан бороо Чин Мао уулын дээрээс чимээгүйхэн шивэрч байлаа.

Гадна аль хэдийн орой болсон ба зөөлөн салхи шиврээ бороотой хамт үлээнэ.

Гэвч Чин Мао уул харанхуйд автсангүй. Уулын бэлээс орой хүртэл үргэлжлэх жижигхэн гэрлүүд урт алтан тууз шиг гялалзаж байлаа.

Эдгээр гэрлүүд нь өндөр байшингуудын цонхоос тусах ба арван мянга гаруй биш ч гэсэн хэдэн мянга бол гарцаагүй хүрнэ.

Уулан дээр байрлах Гү Юүэ тосгон энэ уудам уйтгартай ганц ууланд хүн төрөлхтний соёлоор тод өнгө нэмдэг байлаа.

Гү Юүэ тосгоны төвд сүрлэг том сүм оршин байв.

Яг одоо тэнд томоохон ёслол болж байгаа тул гэрлүүд урьд өмнөхөөсөө ч илүү тод асаж, сүр жавхлан цацруулна.

"Өвөг дээдэс минь, биднийг ивээгээч! Энэ ёслол олон авьяаслаг, ухаалаг залуу үеийг төрүүлж, манай овогт шинэ цус, шинэ найдвар авчирна гэдэгт бид залбирч байна!"

Гү Юүэ овгийн тэргүүн дунд насны төрхтэй байв. Шанаа нь бууралтаж эхэлсэн нь харагдана.

Тэр ёслолын цагаан хувцас өмсөн, шаргал хүрэн шалан дээр өвдөглөжээ. Нуруу нь тэгш, гар нь нийлсэн, нүд нь чанга аниастай.

Энэ үйлдлээс нь харвал тэр чин сэтгэлээсээ залбирч байлаа.

Түүний өмнө өндөр хар тавцан байв. Гурван давхар бүхий тэр тавцан дээр өвөг дээдсийн дурсгалын эд зүйлс байрлана.

Хоёр талд нь зэс хүж баагиулж, утаа нь дээшээгээ суунаглана.

Түүний ард арав гаруй хүн яг адилхан өвдөглөн сууж байв.

Тэд бүгд сул цагаан ёслолын хувцастай.

Эд бол овгийн ахмадууд, чухал гишүүд, мөн эрх мэдэл бүхий хүмүүс ажээ. Залбирал дуусмагц овгийн тэргүүн биеэ бөхийлгөн, хоёр гараа шалан дээр тавьж мөргөл үйлдэв.

Дух нь шалан дээр хүрэхэд бүдэгхэн тог тог гэсэн чимээ гарна.

Түүний ард ахмадууд ч мөн адил чимээгүйгээр дагав.

Тэр дороо танхим бүхэлдээ шал мөргөх чимээгээр дүүрнэ.

Ёслол дуусмагц хүмүүс аажмаар босож, өвөг дээдсийн шүтээнээс чимээгүйхэн гарлаа. Нарийн хонгилд гармагц ахмадуудын дунд санаа нь амарсан санаа алдалтууд сонсогдов.

Агаар бага багаар тайвширч, хүмүүсийн ярих чимээ нэмэгдэв.

"Цаг үнэхээр хурдан өнгөрөх юм. Нүд ирмэхийн зуур нэг жил өнгөрчихлөө."

"Өнгөрсөн жилийн ёслол өчигдөрхөн болсон юм шиг л санагдаж байна."

"Маргааш жил болгоны их ёслол эхэлнэ. Энэ жил ямар шинэ авьяаслаг хүүхдүүд гарч ирэх бол?"

"Аа, Агуу авьяастай шинэхэн залуус гарч ирнэ гэж би найдаж байна. Харамсалтай нь Гү Юүэ овог гурван жилийн хугацаанд нэг ч жинхэнэ суутанг төрүүлсэнгүй."

"Тийм шүү. Вай тосгон, Шион тосгон сүүлийн жилүүдэд хэд хэдэн авьяастай хүүхэд гаргасан. Ялангуяа Вай Нин Бин. Түүний төрөлхийн авьяас үнэхээр аймшигтай."

Энэ залуугийн нэр цухас дурдагдах үед ахмадуудын царай бага зэрэг түгшүүртэй болов.

Тэр хүү ердөө хоёр жилийн сургалтын дараа 3-р түвшний Гү Мастер болж чадсан билээ.

Түүнийг залуу үе дундаас хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Тэр бүү хэл ахмад үеийнхэнд хүртэл дарамт мэдрүүлж байлаа. Цаашдаа тэр гарцаагүй Вай овгийн багана болох болно.

Хамгийн багадаа бие даасан хүчирхэг дайчин болно.

Энэ баримтад хэн ч эргэлздэггүй.

Гэвч нэг ахмад гэнэт нэмж хэлэв.

"Гэхдээ энэ жилийн хүүхдүүдэд бас найдвар бий."

"Тийм ээ. Фан Жигийн удамд нэгэн авьяаслаг хүүхэд ил болсон. Гурван сартайдаа ярьж эхэлсэн. Дөрвөн сартайдаа алхсан. Таван настайдаа шүлэг цээжээр уншдаг болсон. Онцгой ухаантай, бас ялагуяа маш авьяастай гэдэг нь харагддаг. Харамсалтай нь эцэг эх нь эрт нас барчихсан. Одоо авга ах, авга эгч нь өсгөж байгаа даа."

"Тийм. Багаасаа ихэд ухаалаг, бас том зорилго тээсэн. Сүүлийн жилүүдэд түүний “Жиан Жин Жиш”, “Ён Мэй”, “Жиан Чэн Зи” гэх бүтээлүүдийг сонссон. Жинхэнэ төрөлхийн суутан!"

Овгийн тэргүүн хамгийн сүүлд хуучны сүмээс гарч ирэв. Тэр хаалгыг аажмаар хаагаад хонгилд өрнөж буй яриаг сонсов.

Ахмадууд яг одоо Гү Юүэ Фан Юаний тухай ярьж байгааг тэр даруй ойлгов. Овгийн тэргүүний хувьд авьяаслаг залууст анхаарал хандуулах нь мэдээжийн хэрэг. Тэр дундаас Гү Юүэ Фан Юань бол хамгийн анхаарал татсан нэгэн байлаа.

Туршлагаас нь харахад багаасаа гайхалтай ой санамж, насанд хүрсэн хүнтэй тэнцэх хүч, эсвэл төрөлхийн онцгой чадвартай хүүхдүүд ихэвчлэн маш өндөр өсөн дэвших авьяастай байдаг.

“Хэрэв энэ хүүхэд A зэрэглэлийн авьяастай байх аваас сайн хүмүүжүүлбэл Вай Нин Бинтэй өрсөлдөхүйц болно. B зэрэглэл байсан ч ирээдүйд Гү Юүэ овгийн намирах туг болж чадна. Гэхдээ ийм эрт гоц ухаантан болсон хүүхдэд B зэрэглэл байх магадлал бага биз. A зэрэглэл л байх ёстой.”

Ингэж бодоход овгийн тэргүүний уруулд аажмаар муруйж, инээмсэглэл тодроно.

Тэр ханиалган ахмадууд руу харав.

"Орой боллоо, хүмүүс ээ. Маргаашийн ёслолд бэлтгэхийн тулд бүгд өнөө орой сайтар гэх чинь амарцгаа."

Энэ үгийг сонсоод ахмадууд цочин бие бие рүүгээ харлаа. Тэд овгийн тэргүүний үгийн цаад утгыг маш сайн ойлгож байв. Жил бүр ийм авьяаслаг хүүхдүүдийг булаалдахдаа ахмадууд хоорондоо бараг улаан чих унжуулан, толгой хагарах шахам маргалддаг.

Маргааш жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ.

Ялангуяа Гү Юүэ Фан Юань.

Хэрэв үнэхээр A зэрэглэл авьяастай бол…чадамж бололцоо маш өндөр. Харамсалтай нь түүний эцэг эх нь нас барчихсан мөн Фан Жи удамд үлдсэн хоёрхон үрийн нэг. Хэрэв хэн нэгэн түүнийг өөрийн гэр бүл хэмээн авч чадваас сайн сурган хүмүүжүүлж, 100 жилийн амжилтыг баталгаажуулж чадна.

"Гэхдээ нэг зүйлийг урьдчилж хэлэх хэрэгтэй." гэж овгийн тэргүүн хатуу дуугаар ярьж эхлэв.

"Маргааш тэмцээн дээр өрсөлдөхдөө шударгаар л өрсөлдөнө. Хуйвалдаан, заль мэх хэрэглэхийг хориглоно. Овгийн эв нэгдэлд хохирол учруулж болохгүй. Та бүгд ухаан санаандаа энэ үгийг суулгацгаа."

"Бид тэгж зүрхлэхгүй ээ"

"Мэдэж авлаа."

"Мэдээж тэгэлгүй яахав"

"Тийм бол сайн амраарай."

Ахмадууд бодолд автан аажмаар тал тал зүг рүү тарлаа. Удалгүй сүм рүү явах урт корридор хэсэг нам гүм болов. Хаврын бороо дагуулсан салхи цонхоор ширүүхэн үлээнэ. Овгийн тэргүүн цонх руу зөөлөн гэх чинь алхав.

Тэр уулын чийгтэй цэвэр агаарыг гүнзгий амьсгаллаа. Үнэхээр сэтгэл сэргээм үнэр үнэртэнэ.

Энэ сүмийн гуравдугаар давхар байв.

Цонхоор харахад Гү Юүэ тосгоны тал нь харагдана. Шөнө орой болсон ч тосгоны ихэнх байшинд гэрэл асаалттай хэвээр. Энэ бол хэвийн үзэгдэл биш.

Учир нь маргааш ёслол эхлэх билээ.

Энэ нь овгийн хүн бүрийн ашиг сонирхолд нөлөөлнө. Сэтгэл догдлол, түгшүүр холилдсон уур амьсгал тосгон даяар тархана.

Иймээс олон хүн сайтар амарч чадахгүй биз.

"Энэ бол овгийн ирээдүйн найдвар." гэж овгийн тэргүүн гялалзах гэрлүүдийг ширтсээр санаа алдав.

***

Яг тэр мөчид өөр нэгэн цонхны дэргэд бас нэгэн үзэсгэлэнт нүд тэдгээр гэрлүүдийг харж байлаа.

Тэр нүдний харц дотор олон нарийн мэдрэмж холилдсон байв.

“Гү Юүэ тосгон…Энэ чинь 500 жилийн өмнөх үе үү?! Тэгэхээр Хавар Намрын Царцаа үнэхээр жинхнээсээ ажиллажээ…”

Фан Юань цонхны дэргэд зогсон, салхи дагасан бороог бие дээрээ тусган аниргүйхэн ширтэж байлаа.

Хавар Намрын Царцаагийн чадвар бол цаг хугацааг ухраах юм. Арван Агуу Нууцлаг Гүгийн жагсаалтад энэ нь 7-р байр эзэлдэг.

Мэдээж энгийн амьтан бол биш. Товчхондоо бол дахин төрөх чадвартай.

“Хавар Намрын Царцааг ашигласнаар би дахин төрж, 500 жилийн өмнөх цаг хугацаанд буцаж ирсэн бололтой!”

Фан Юань гараа сунган харав. Түүний өмнө залуу, цайвар, зөөлхөн алга харагдана. Тэр гараа аажмаар атгаж, бодит байдлыг бүх хүчээрээ мэдрэв.

Мөн бороо цонхны тавцанд зөөлөн дуслах чимээ сонсогдоход тэр нүдээ аажмаар анилаа.

Удаан хугацааны дараа дахин нээв. Тэгээд санаа алдан шивнэлээ.

"500 жилийн туршлага…Бүх зүйл яг л зүүд шиг юм."

Гэвч тэр маш сайн мэдэж байлаа. Энэ бол огтхон ч зүүд биш билээ.

*** Нэмэлт тайлбар ***

Гү Юүэ гэдэг нь шууд орчуулгаараа Эртний Сар гэсэн утгатай. Харин чадвар ашиглагдаж буй "Гү" гэдэг үг нь өөр ханзтай бичигдэх ба шидэт шавьж нарыг хэлдэг. Тиймээс Гү Юүэ тосгон нь Гү гэх шавж нартай огт хамааралгүй юм.

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8