3-р бүлэг : Арилж үз
Пам, пам, пам
Шөнийн эргүүл хийж явсан харуул модон цохиураа хэмнэлтэйгээр нижигнүүлнэ.
Дуу чимээ нь өндөр тулгуурт байшингуудын дундуур тархахад Фан Юань хуурайшсан зовхио аажмаар нээв. Тэрээр сэтгэл дотроо чимээгүйхэн бодлоо.
'Одоо үүр цайхад нэг цаг үлдлээ.'
Тэр шөнө орон дээрээ хэвтэж, удаан бодолд автсан байлаа. Тэр маш олон төлөвлөгөө боловсруулсан. Бараг л хоёр цаг гаруйхан л унтсан байх. Энэ бие одоогоор түвшин ахилт хийгээгүй, эрч хүч сул тул бие сэтгэл нь ядаргаанд бүрхэгдсэн хэвээр.
Гэвч 500 жилийн туршлагын ачаар Фан Юань аль хэдийн ган мэт хатуу шийдэмгий занг дотроо бий болгосон байв. Иймэрхүү нойр дутуу ядаргаа түүнд юу ч биш билээ.
Тэр даруй нимгэн торгон хөнжлөө түлхэн хаяж, шалмаг гэх чинь бослоо. Цонхоо нээгээд харахад хаврын бороо аль хэдийн зогсжээ.
Газар шороо, мод, зэрлэг цэцгийн анхилуун үнэр холилдон хамар цоргиож, Фан Юаний толгой нь сэргэж, нойрмог байдал бүрэн арилахыг мэдэрлээ. Одоогоор нар хараахан мандаагүй ба тэнгэр гүн хөх өнгөтэй, харанхуй ч биш, гэрэлтэй ч биш байлаа.
Эргэн тойрноо ажвал уулстай зохицсон өндөр хулс, модоор барьсан том, том байшингууд цайвар ногоон далай мэт харагдана.
Эдгээр байшингууд дор хаяж хоёр давхар. Энэ нь уулынхны онцгой сууцны хэлбэр юм. Газрын гадаргуу тэгш бус тул эхний давхар нь том модон тулгуур, харин хоёрдугаар давхарт бол хүмүүс амьдарна. Фан Юань болон түүний дүү Фан Жэн хоёр хоёрдугаар давхарт байрладаг билээ.
"Залуу эзэнтэн Фан Юань, та минь сэрчихэв үү. Би дээш гарч, таныг угаалга үйлдэхийг хүлээе." гэж нэгэн бүсгүйн дуу доороос хөвөн ирлээ.
Доош харахад Фан Юань өөрийн хувийн зарц Шэнь Цуйг олж харлаа.
Түүний төрх дундажаас жаахан дээр ч, хувцаслалт нь цэвэр цэмцгэр. Шэнь Цүй ногоон урт ханцуйтай нөмрөг, өмд өмсөж, хөлдөө хатгамалт гуталтай, хар үсэндээ сувдан хавчаар зүүжээ. Толгойноос хөл хүртэл нь залуу насны эрч хүч цацарч байлаа.
Тэр баяртайгаар Фан Юань руу харж, гартаа усны сав барин дээш өгсөв. Ус нь яг тохирсон бүлээн, нүүр угаахад бэлэн. Амаа зайлсны дараа, тэр цасан давстай бургасны мөчрөөр шүдээ цэвэрлэв.
Шэнь Цуй намуухан хүлээн зогсож, нүүрэндээ инээмсэглэл тодруулах ба алаг нүд нь хаврын өнгө шиг гялалзаж байлаа. Түүнийг дуусмагц хувцсыг нь өмсгөхөд тусалж, энэ явцад түүний зөөлөн хөх нь Фан Юаний тохой, нуруунд хэдэнтээ хүрнэ.
Энэ үед Фан Юаний нүүрэнд ямар ч хувирал илэрсэнгүй. Түүний зүрхний цохилт ус мэт л тайван оршино.
Энэ зарц охин бол зүгээр л түүний авга ах, эгчийн тагнах нүд, бас бардам, сэтгэлгүй нэгэн. Өмнөх амьдралд нь тэр Фан Юанийг уярааж байсан ч Сэрэх Ёслолын дараа түүний байр суурь навс унахад тэр даруй нүүр буруулж, үл тоомсорлосон харцаар ширтэх болсон.
Фан Жэн орж ирэхдээ Шэнь Цуй Фан Юаний цээжин дэх хувцасны нугалааг засаж байхыг харлаа. Түүний нүдэнд бага зэрэг атаархлын оч гялсхийнэ.
Олон жил ахтайгаа хамт амьдарч, Фан Юаний халамж дор тэр ч бас өөрийг нь үйлчлэх зарцтай болсон. Гэвч түүний зарц Шэнь Цүй шиг залуу охин биш, харин бүдүүн биетэй хөгшин эмэгтэй.
'Хэзээ нэг өдөр Шэнь Цуй надад ингэж үйлчилбэл ямар байх бол? Ямар мэдрэмж төрөх бол?' гэж Фан Жэн дотроо бодов. Гэвч тэр ийм зүйлийг бодохоос цаашаа зориглож чадахгүй билээ.
Түүний авга ах, эгчийн Фан Юаньд хандсан илт ялгавартай хайр хэнд ч нууц биш. Анхандаа Фан Жэнд бүр зарц ч байгаагүй. Харин Фан Юань өөрөө санаачлан түүнд нэгийг авч өгсөн юм.
Хэдийгээр эзэн, зарцын ялгаа байсан ч Фан Жэн ихэвчлэн Шэнь Цуйг дорд үзэж зүрхэлдэггүй байв. Учир нь түүний ээж бол Шэнь Өрлөг Эх буюу авга ах, авга эгчийн дэргэд зогсдог хүн. Шэнь Өрлөг Эх байшинг бүхэлд халамжилдаг, бүрэн итгэл хүлээсэн тул эрх мэдэл багагүй.
"За, боллоо. Дахиж янзлах хэрэггүй." гэж Фан Юань тэвчээр алдан, Шэнь Цуйгийн зөөлөн жижиг гарыг түлхэв. Түүний хувцас аль хэдийн цэмцгэр болсон ч тэр зүгээр л түүнийг өөртөө татахыг оролдож байлаа.
Шэнь Цуй болон өөрийнх нь гэгээлэг ирээдүйн хувьд Фан Юаньд А зэрэглэлийн авьяас байх магадлал маш өндөр. Хэрэв тэр түүний татвар эм болж чадваас зарцын байр сууринаас эзэгтэйн зиндаанд хүрэх боломжтой. Хэрэв тэгвэл энэ маш том алхам байх байлаа.
Өмнөх амьдралын Фан Юань түүнд хууртаж, Шэнь Цуйд сэтгэл алдарч байсан. Харин дахин төрсний дараа тэр гал мэт тод, мөс мэт хүйтэн сэтгэлтэй болжээ.
"Чи явж болно." Фан Юань ханцуйныхаа үзүүрийг засахдаа Шэнь Цуй руу харах ч үгүй хэлэв.
Шэнь Цуй бага зэрэг уруулаа унжуулав. Өнөөдөр түүнд Фан Юаний ааш авир учир битүүлэг, бас сэтгэл гонсойлгом санагдлаа. Тэр эрхлэн маяглах гэж оролдсон ч түүний хүйтэн, ойлгомжгүй байдалд сүрдэн, ам нь хэд хэд нээгдэж хаагдсаны эцэст зөвхөн "за" гэж хэлээд дуулгавартайгаар ухран холдлоо.
"Бэлэн үү?" Фан Юань Фан Жэнээс асуулаа.
Дүү нь хаалганы дэргэд зогсож, толгойгоо гудайлган хөлийнхөө хурууг ширтэж байв. Тэрээр сулхан "за" хэмээн бувтнав. Үнэндээ Фан Жэн дөрөвдүгээр харуулын үеэс эхлэн сэрүүн байсан мөн сандарсандаа дахин унтаж чадаагүй. Тэр чимээгүйхэн орноосоо босож, аль эрт бэлдсэн бөгөөд нүднийх нь доор хар хүрээ тогтжээ.
Фан Юань толгой дохив. Өмнөх амьдралдаа тэр дүүгийнхээ бодлыг ойлгодоггүй байсан ч энэ амьдралд яаж ойлгохгүй байхав дээ? Гэвч одоогоор энэ нь түүнд утгагүй тул тэр хөнгөнөөр, "Тэгвэл явцгаая." гэж хэлэв.
Ингээд ах дүү хоёр гэрээс гарлаа. Замдаа тэдэнтэй чацуу олон залуустай таарна. Тэд бүгд хоёр гурваараа бүлэглэн, илт нэг зүгт явж байв.
"Хараач, тэр хоёр бол Фан ах дүүс." гэх болгоомжтой шивнээ чихэнд нь зөөлөн хүрнэ.
"Урд явж байгаа нь Фан Юань, нөгөө шүлэг зохиодог Фан Юань шүү дээ." гэж зарим нь онцлон хэлэв.
"Тийм байна. Царай нь огт сэтгэл хөдлөлгүй, бусдыг үл тоосон мэт яг л цуурхал шигээ юм байна." гэж нэг нь атаархал, хорсол шингэсэн өнгөөр хэлэв.
"Хмф, чи түүний оронд байсан бол бас тэгж аашлах байх даа!" гэж өөр нэг нь хүйтнээр хариулж, далд дургүйцлээ илэрхийлэв.
Фан Жэн үүнийг ямар ч хариу үйлдэлгүй сонсоно. Тэр ийм ярианд аль хэдийн дассан тул толгойгоо гудайлган, ахынхаа араас чимээгүй дагалаа.
Энэ үед үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаас цухуйж, Фан Юаний сүүдэр Фан Жэний нүүрэн дээр туслаа. Нар аажмаар мандаж байсан ч Фан Жэнд харанхуй руу алхаж байгаа мэт санагдана.
Тэр харанхуй ахынх нь сүүдрээс үүдэлтэй байлаа. Магадгүй энэ амьдралдаа тэр ахынхаа аварга том сүүдрээс хэзээ ч мултарч чадахгүй байх.
Цээж нь шахагдаж, амьсгалахад бэрх болсоор энэ хараал идсэн мэдрэмж түүнд бүр "амьсгал боогдох" гэх үгийг санагдуулна!
'Хмф, эдгээр ярианууд чинь “онцгой авьяастай хүн бусдын атаархлыг амархан төрүүлдэг” гэдгийн жишээ юм.' гэж Фан Юань дотроо ёжлон бодож, эргэн тойрны яриаг сонсоно.
Тэр А зэрэглэлийн биш, С зэрэглэлтэй гэдэг нь зарлагдсаны дараа яагаад олон дайсанд хүрээлэгдэж, удаан хугацаанд хүйтэн үл тоомсорлолд өртөхөө ойлгож байлаа.
Ар талд нь Фан Жэний амьсгал хүндэрч, сонсохгүй байхыг хичээнэ.
Өмнөх амьдралдаа ойлгож чадаагүй зүйлсээ энэ амьдралд тэр нарийн ширийнээр нь мэдэрч байв. Энэ бол 500 жилийн амьдралын туршлагаас олж авсан хурц ажигч чанар.
Тэр гэнэт авга ах, авга эгчийгээ бодлоо. Тэд хэчнээн зальтай хүмүүс билээ дээ. Түүнд Шэнь Цуйг хяналт тавиулах гэж өгч, харин дүүд нь хөгшин асрагч өгсөн. Үүгээр ч зогсохгүй өдөр тутмын амьдралд олон ялгаа бий. Энэ бүхэн далд санаатай, тэд дүүгийнх нь сэтгэлд үл таашаал төрүүлж, ах дүүсийн хооронд хагарал үүсгэхийг хүссэн.
Хүмүүс бага авсандаа биш, харин шударга хуваарилагдсан эсэхэд их санаа зовдог.
Өмнөх амьдралд түүний туршлага дутмаг, харин дүү нь хэт гэнэн байснаас авга ах, авга эгч хоёрын далд явуулга амжилттай болсон.
Одоо дахин төрж, Сэрэх Ёслол ойртсон энэ үед байдлыг өөрчлөхөд амаргүй байлаа. Гэвч Фан Юаний харгис арга, ухаанаар бол энэ нөхцөл байдлыг өөрчлөх нь боломжгүй зүйл биш.
Тэр дүүгээ бүрэн дарамталж чадна, тэр залуу Шэнь Цуйг ч эртнээс татвар эм болгох боломжтой. Мөн авга ах, авга эгч, овгийн ахмадуудыг дийлэх хэдэн зуун арга түүнд бий.
'Гэхдээ... надад тэгэх хүсэл алга.' гээд Фан Юань хайхрамжгүй санаа алдав.
Дүү нь байлаа гээд яах вэ? Цусан холбоог эс тооцвол тэр зүгээр л гадны хүн, хүссэн үедээ хаяж чадна.
Шэнь Цуй илүү үзэсгэлэнтэй боллоо гээд яахав дээ? Хайр, үнэнч сэтгэлгүй бол тэр зүгээр л махан биетэй нэгэн. Татвар эм болгох уу? Тэр тэгэх хэмжээний үнэ цэнэтэй биш.
Авга ах, авга эгч, овгийн ахмадууд байлаа гээд яах вэ? Тэд бол амьдралд зөрөх төдий хүмүүс. Ийм хүмүүст хүч, цагаа зарах ямар хэрэгтэй юм бэ?
"Хэхэ."
"Цаашдаа замд минь тааралдахгүй байхад л болно. Тийм бол зүгээр л арилж үз. Та нарт анхаарал тавих шаардлага надад байхгүй."