4-р бүлэг : Багш
3 нас.
Саяхан л эцэг эхийнхээ нэрийг мэдэж авлаа.
Аавыг минь Паул Грейрат гэдэг.
Харин ээжийг минь Зенит Грейрат гэдэг аж.
Миний нэр Рүдеүс Грейрат.
Грейратынхны ууган хүү.
Намайг Рүдеүс гэж нэрлэсэн ч аав ээж хоёр бие биенийхээ нэрийг товчлон дууддаг шигээ миний нэрийг ч бас Рүди хэмээн товчилж дууддаг байв. Тийм болохоор л бүтэн нэрээ мэдэх гэж ийм удаан хугацааг зарцуулжээ.
“Өө, Рүди номонд үнэхээр дуртай юм аа.”
Намайг үргэлж ном бариад л явж байхыг хараад Зенит инээмсэглэнэ.
Тэд намайг хэзээ ч зэмлэж, номыг минь булааж авсангүй.
Би хоол идэж байхдаа ч суганд хавчуулсан номноосоо салдаггүй. Гэхдээ ид шидийн сурах бичгээ гэр бүлийнхнийхээ дэргэд уншдаггүй юм.
Авьяас чадвараа нуух гэсэндээ биш, зүгээр л энэ ертөнцөд ид шидийг яг ямар нүдээр хардгийг нь мэдэхгүй болохоор тэр.
Миний өмнөх ертөнцөд дундад зууны үед шуламнуудыг гадуурхдаг байлаа. Ид шид ашиглагч бүрийг тэрс үзэлтэн гэж үзэн гал дээр шатаадаг байсан цаг.
Энэ ертөнцөд ийм практик номнууд байдаг болохоор ид шид ашиглахыг тэрс үзэл гэж үзэхгүй байх, гэхдээ үүнийг сайнаар хардаг гэсэн үг бас биш биз.
Магадгүй ид шидийг зөвхөн том хүн болсныхоо дараа л ашиглах ёстой гэсэн нийтлэг ойлголт байдаг байж мэдэх юм.
Учир нь хэт их хүч зарцуулбал ухаан алдаж унадаг, аюултай зүйл шүү дээ.
Зарим нь үүнийг өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж боддог ч байж магад.
Энэ бүхнийг бодоод би ид шидийн талаарх мэдлэгээ гэр бүлийнхнээсээ нуухаар шийдсэн юм.
Магадгүй цонхоор ид шидийн шившлэг хэлж, усан бөмбөлөг шидэж байхад минь энэ бүхэн аль хэдийн ил болсон байж ч мэдэх юм.
Тэр үед надад өөр сонголт байгаагүй л дээ. Ямар ч байсан хэр хурдан шидэж чадахаа л хармаар байсан юм.
Гэрийн үйлчлэгч (нэр нь Лилиа гэж санагдаж байна) хааяа намайг аюултай харцаар ширтдэг ч аав ээж хоёр минь санаа зовох зүйлгүй жаргалтай байдаг болохоор асуудалгүй гэж бодож байлаа.
Хэрэв намайг энд зогсоовол яая гэхэв, гэхдээ өсөж хөгжих энэ чухал үеийг алдахыг хүсэхгүй байна.
Авьяас чадварыг хөгжүүлэх ёстой цагт нь хөгжүүлэхгүй бол зэвэрдэг жамтай.
Би энэ боломжийг аль болох бүрэн дүүрэн ашиглах ёстой.
Гэвч ид шидийн нууц бэлтгэлээ зогсоохоос өөр аргагүй болов.
Нэгэн үдээс хойш байлаа.
Миний ид шидийн нөөц нэлээд нэмэгдсэн байсан тул дунд түвшний шившлэг туршиж үзэхээр шийдэж, Усан Бөмбөлгийн шившлэгийг зүгээр л нэг оролдож үзэх сэдлээр уншлаа.
Хэмжээ : 1, Хурд : 0.
Ердийнхөөрөө л усны торхыг усаар дүүргэх гэж л хийсэн хэрэг.
Ихдээ л ус нь хальж асгарах байх гэж бодсон юм.
Гэтэл санаанд оромгүй их хэмжээний ус гэнэт гарч ирээд ханыг цөм цохин том нүх гаргачих нь тэр.
Гайхширсандаа би юу хийхээ ч мэдэхгүй хөшчихөв.
Ханан дээр гарсан нүх бол миний ид шид ашигласны маргаангүй нотолгоо. Одоо үүнийг нуугаад ч нэмэргүй.
Би тэр дор нь бууж өгөхөөр шийдлээ.
“Юу болов оо!? Хөөх……”
Хамгийн түрүүнд Паул гүйн орж ирэв.
Тэр цоорхой ханыг хараад амаа ангайлган гайхширч зогссон юм.
“Хөөе, энэ чинь юу вэ…… Рүди, чи зүгээр үү……?”
Паул үнэхээр сайн хүн юм аа.
Хэн ч харсан энэ бүхнийг би л хийсэн нь ойлгомжтой байтал тэр миний биеийн байдлыг л санаа зовон асууж байна.
“Мангас уу…? Гэхдээ энэ хавьд?” Тэр одоо ч иймэрхүү юм бувтнасаар, эргэн тойрноо сэжигтэй гэгч нь ажиглана.
“Бурхан минь…”
Түүний араас Зенит өрөөнд орж ирэв.
Тэр эцгийг бодвол хамаагүй тайван байлаа.
Эвдэрсэн хана болон шалан дээрх усан тогтоол руу харчихаад,
“Өө…?”
Түүний харц миний нээлттэй орхисон ид шидийн сурах бичгийн хуудас дээр тусахад ширүүсэв.
Дараа нь тэр над руу болон ном руу ээлжлэн харснаа, миний өмнө сөхөрч суугаад эелдэг харцаар нүд рүү минь эгцлэн ширтлээ.
Аймшигтай.
Түүний нүдэнд инээмсэглэл алга.
Би ч сандарсан харцаа чадах чинээгээрээ Зенит дээр төвлөрүүлэв.
Өмнөх амьдралаасаа би нэг зүйлийг ойлгосон юм. Буруу зүйл хийсэн үедээ гөжүүдлэх нь байдлыг улам л дордуулдаг.
Тиймээс би түүний харцнаас зугтаж болохгүй.
Энэ бол чин сэтгэлээ харуулах ёстой мөч.
Хүний нүд рүү эгцэлж харахгүй байж болохгүй, шууд л нүүр тулах хэрэгтэй. Ганцхан энэ үйлдэл л намайг илүү зүрх сэтгэлтэй харагдуулна.
Бусад нь юу гэж бодох нь хамаагүй. Гол зорилго бол сэтгэлтэй харагдах юм.
“Рүди, чи энэ номонд бичсэн үгийг чангаар уншсан юм уу?”
“Уучлаарай.”
Би толгой дохин уучлалт гуйв.
Буруу зүйл хийсэн бол зүгээр л уучлалт гуйх нь хамгийн зөв.
Яагаад гэвэл энэ бүхнийг хийж чадах хүн нь ганцхан би л байсан юм чинь.
Хэрэв би худлаа шалтаг тоочвол итгэл алдах болно.
Өнгөрсөнд би хэчнээн их худлаа ярьж, эцэст нь итгэлгүй хүн болж хувирсан билээ.
Би дахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүй.
“Үгүй ээ, хүлээгээрэй, энэ чинь дунд шатны…”
“Еэ гялай! Сонсов уу, хайрт минь!? Бидний бяцхан Рүди жинхэнэ суут ухаантан байж!!”
Паулын хэлсэн үгийг Зенитийн хашхирах дуу дарчихлаа.
Тэр Паулын гараас барин баярласандаа дэвхцэж эхлэв.
Ямар их эрч хүчтэй юм бэ.
Миний уучлалт гуйсныг сонсоогүй юм болов уу?
“Үгүй ээ, чи чинь, яах вэ дээ, би түүнд ямар ч үг заагаагүй байхад!”
“Одоохон гэрийн багш хөлсөлцгөөе!! Энэ хүүхэд ирээдүйд гайхалтай шидтэн болно!!”
Паул сандарсан хэвээр байхад Зенит туйлын их баяр хөөртэй байлаа.
Зенит ид шид ашигласныг минь хараад сэтгэл нь хөдөлж, баяр хөөрөөр бялхаж байгаа бололтой.
Хүүхэд байж ид шид ашиглах нь буруу юм болов уу гэж санаа зовж байсан минь ч илүүц байж.
Лилиа өрөөгөө чимээгүйхэн цэвэрлэсээр, тун ч тайван хэвээрээ. Энэ үйлчлэгч намайг ид шид ашигладгийг аль эртнээс мэддэг байсан юм болов уу, эсвэл ямар нэгэн байдлаар гадарладаг байсан биз.
Магадгүй тэр үүнийг буруу зүйл гэж бодоогүй болохоор тоож авч хэлэлцээгүй байх. Эсвэл зүгээр л эздийнхээ баяртай царайг харахыг хүссэн ч юм билүү.
“Хонгор минь, маргааш Роа явж ажлын зар түгээгээрэй! Энэ авьяасыг зөв зүгт нь залах хэрэгтэй!”
Зенит ганцаараа сэтгэл нь хөөрч, миний суут ухаан, авьяас чадварын талаар шуугиж эхлэв.
Гэнэтхэн ид шид ашиглаж чадсанаараа би үнэхээр суут ухаантан гэгдэх хэмжээний хүн гэж үү? Эцэг эх минь намайг хэтэрхий их хайрлаж, эрхлүүлээд байна уу? Эсвэл дунд шатны ид шидийн тарни унших нь үнэхээр гайхалтай хэрэг юм болов уу? Би ялгаж салгаж чадахгүй нь.
Үгүй ээ, магадгүй тэд намайг хэтэрхий их эрхлүүлж байгаа нь л энэ байх.
Би өмнө нь Зенитийн дэргэд ид шид хэзээ ч ашиглаж байгаагүй.
“Үнэн байх аа.” Гэхдээ тэр ийм үг унагасан болохоор намайг аль хэдийн суут ухаантан гэж бодсон ч байж мэднэ.
Ямар ч үндэслэлгүй юм даа...
Өө, үгүй.
Гэнэт саначихлаа.
Би үргэлж ганцаараа байдаг байсан болохоор тэр.
Ном уншиж байхдаа дуртай хэсгүүдээ чангаар уншиж, давтдаг байв. Энэ ертөнцөд ирснээсээ хойш ном унших бүртээ өөрөө өөртэйгөө бувтнадаг болсон. Эхэндээ япон хэлээр байсан ч, ярьж сурсныхаа дараа ухамсаргүйгээр энэ ертөнцийн хэлийг ашигладаг болсон юм.
Тэгээд өөрөө өөртэйгөө бувтнаж байхад “Рүди, энэ чинь...” гэх мэтээр Зенит надад үгсийн утгыг зааж өгдөг байлаа. Түүний ачаар би энэ ертөнцийн тогтсон нэр томьёог нэлээд сайн цээжилжээ. За, яахав, энэ ч яах вэ.
Би хэнд ч юу ч хэлээгүй ч, энэ ертөнцийн үсэг бичгийг өөрөө бие даан сурсан. Эцэг эх минь бүр ярьж сурахыг ч заагаагүй шүү дээ.
Эцэг эхийн минь нүдээр бол: “Бидний хүүхэд бидний заагаагүй үгийг уншиж, номын агуулгыг чангаар уншиж байна.”
Энэ бол яах аргагүй суут ухаантан.
Хэрэв миний хүүхэд байсан бол би ч бас түүнийг суут ухаантан гэж бодох байсан биз.
Урьд нь миний дүүг төрөхөд ч яг ийм зүйл болж байсан. Тэр хурдан өсөж, бүх зүйлийг надаас болон ахаас минь илүү хурдан хийдэг байв. Үг хэлж, өөрөө хөл дээрээ босоод л. Эцэг эх минь ч өөдрөг үзэлтэй хүмүүс байсан болохоор хүүхдүүд нь ямар нэгэн зүйл хийх бүрт, тэр нь тийм ч том зүйл биш байсан ч “Энэ хүүхэд яах аргагүй суут ухаантан юм” гэж ярьцгаадаг байлаа.
За даа, би чинь ахлах сургуулиасаа гарсан, оюун санааны хувьд 30 гаруй насны хараал идсэн NEET шүү дээ.
Туршлага дутсанаас болж ийм өрөвдөлтэй амьтан болж хувирна.
Арван дахин! Бүр арван дахин шүү!
“Хонгор минь, багш хөлсөлцгөөе! Роагаас бид заавал сайн шидтэнг олно!”
Авьяастай хүүхэдтэйгээ мэдвэл эцэг эх бүхэн л хүүхдээ хамгийн сайн боловсролтой болгохыг хичээдэг жамтай.
Өмнөх амьдралдаа ч гэсэн аав ээж минь дүүгийнхээ авьяасыг магтан дуулж, бүхий л зүйлд сургах гэж хичээдэг байж билээ.
Ингээд Зенит гэрийн багшаар шидтэн хөлслөхийг санал болгов.
Гэвч Паул энэ санааг эсэргүүцлээ.
“Хүлээгээрэй, хүү төрвөл сэлэмчин болгоно гэж тохироогүй билүү?”
Хүү бол сэлэм барина, охин бол ид шид сурна. Энэ шийдвэрийг намайг төрөхөөс ч өмнө гаргачихсан бололтой.
“Гэхдээ тэр ийм бага насандаа дунд түвшний шившлэг хийж чадаж байна шүү дээ! Одооноос бэлдвэл гайхалтай шидтэн болно!”
“Амласан л бол амласан!”
“Ямар амлалт гэж? Чи өөрөө амлалтаа байнга зөрчдөг биз дээ!”
“Энэ хоёр одоо ямар хамаатай юм бэ!”
Ингээд л тэдний маргаан эхэллээ.
Харин Лилиа тайвнаар өрөөгөө цэвэрлэж байв.
“Өглөө нь ид шид, үдээс хойш сэлэм сурвал яасан юм бэ? Болохгүй гэж үү?”
Удаан үргэлжилсэн маргааны эцэст Лилиа цэвэрлэгээгээ дуусгаад, санаа алдан ийнхүү санал болгож, маргааныг таслан зогсоов.
Ингээд л тэр тэнэг эцэг эх минь хүүхдийнхээ хүслийг үл тоон, намайг сургалтад хамруулахаар боллоо.
За яах вэ. Энэ удаагийн амьдралаа нухацтай авч үзэхээр шийдсэн юм чинь, энэ ч бас зүгээр биз.
—
Ийм шалтгааны улмаас манай гэрийнхэн багш хөлслөхөөр шийдсэн юм.
Язгууртан айлын хүүхдэд багшлах нь нэлээд ашигтай ажил бололтой.
Паул бол энэ хавийн цөөн хэдэн баатруудын нэг, бас доод зиндааны язгууртан. Тиймээс өөрийн байр сууринд таарсан цалин хөлсийг амлаж чадна.
Гэхдээ манайх нийслэлээс алслагдсан бөглүү тосгон.
Хилийн бүс нутаг болохоор эндээс чадварлаг хүн, тэр дундаа шидтэн олно гэдэг тун ховор.
Ид шидийн бүлгэм болон Адал явдал хайгчдын бүлгэмд хүсэлт илгээснээр л багш олдох болов уу гэж би санаа зовж байлаа.
Гэтэл санаанд оромгүй зүйл тохиолдож, бид маш хурдан багш олсон бөгөөд тэр маань маргааш ирэхээр болсон юм.
Энэ тосгонд буудал байхгүй болохоор ажлын саналд нь байрлах байр ч багтсан байв.
Аав ээжийн таамаглаж байгаагаар, ирэх хүн нь лав л тэтгэвэртээ гарсан адал явдал хайгч байх.
Залуучууд хөдөө ирэхийг хүсэхгүй, харин ордны шидтэн бол нийслэлд амархан ажил олчихно шүү дээ.
Энэ ертөнцөд ахисан болон түүнээс дээш зэрэглэлтэй шидтэн л багш болох эрхтэй байдаг.
Тиймээс ирэх багш маань лавтай дундаас дээш зэрэглэлийн адал явдал хайгч байх нь гарцаагүй.
Амьдралаа ид шидийн судалгаанд зориулсан, нас тогтсон эсвэл хөгшин эр ирнэ гэж би төсөөлж байлаа.
Магадгүй сахалтай, мэргэн ухаантны дүр төрхтэй хүн байх биз.
"Би бол Рокси. Надад зааж зөвлөөрөй."
Гэтэл миний бодсоноос тэс өөр, бяцхан охин ирчихсэн зогсож байв.
Дунд сургуулийн сурагчтай л нас чацуу болов уу гэмээр.
Хүрэн өнгийн шидтний нөмрөг нөмөрч, цайвар цэнхэр үсээ сүлжсэн, бие хаа нь өөрт яг л таарсан нэгэн.
Нарны гэрэлд огт борлоогүй цагаан царай, хагас аньсан нойрмог нүдтэй. Уруул нь үл ялиг унжийсан, нүдний шилгүй ч гэсэн номын санд өдөржин суудаг хичээнгүй охины дүр төрхтэй харагдана.
Нэг гартаа цүнх барьж, нөгөө гартаа шидтний хэрэглэдэг шидэт саваа атгажээ.
Ингээд л тэр бид гуравтай гэрт маань нүүр туллаа.
"......"
"......"
Эцэг эх маань түүнийг хараад хэлэх үггүй болсон байв.
Ингэх нь ч аргагүй юм.
Бидний төсөөлснөөс тэс өөр хүн байлаа.
Олон жил амьдралын нугачааг туулсан туршлагатай багш ирнэ гэж бодож байтал, ийм жаахан амьтан ирэх гэж.
Тоглоом их тоглодог миний хувьд ийм бяцхан шидтэн охин тийм ч хачин зүйл биш л дээ.
Намхан бие, нойрмог нүд, ширүүн зан.
Энэ гурван чанар нийлээд төгс зохицол үүсгэж байна.
Гуйя, миний эхнэр болооч.
"Аан... та нөгөө... гэрийн багш уу?"
"Аан, тэр чинь, үнэхээр л..."
Эцэг эхийг маань ээрч мууран байхад би дундуур нь орж,
"Та үнэхээр жижигхэн юм аа" гэв.
"Чамаас наад үгийг чинь сонсмооргүй байна”
Тэр даруйхан амыг маань таглав.
Магадгүй энэ биеийнхээ хэмжээнд санаа зовдог юм болов уу.
Би ямар цээжний тухай ярьсан биш.
Рокси санаа алдав.
"За... Ямартай ч, миний заах сурагч хаана байна?"
Тэр тойруулан харж байснаа асуулаа.
"Аан, энэ хүүхэд байгаа юм."
Зенит өвөр дээрээ байсан намайг танилцуулав.
Би түүн рүү нүдээ ирмэлээ.
Тэр нүдээ бүлтэлзүүлэн гайхаж, санаа алдах нь тэр.
"Хаа... Бага зэрэг өсөнгүүт л авьяастай гэж андуурдаг тэнэг эцэг эхчүүд хааяа нэг таарах юм даа..."
Тэр ийнхүү шивнэн бувтнав.
Би сонсчихлоо шүү!! Хатагтай Рокси!!
Гэхдээ үнэнийг хэлэхэд, би ч бас түүнтэй санал нэг байна.
"Юу болов?"
"Юу ч биш ээ. Гэхдээ танай хүүхэд ид шидийн талаар ямар ч ойлголтгүй байгаа биз дээ?"
"Зүгээр дээ. Манай Рүди маш их авьяастай шүү!!"
Зенит тэнэг эцэг эхчүүдийн л хэлдэг үгийг хэллээ.
Рокси дахин нэг санаа алдав.
“За, ойлголоо. Хичээх болно оо.”
Өөр зүйл хэлээд нэмэргүйг тэр ойлгосон бололтой. Ингээд өглөө нь Роксигийн ид шидийн хичээл, харин үдээс хойш Паулын удирдлага дор сэлэмний хичээл хийхээр тогтлоо.
—
“За, ид шидийн сурах бичгээсээ эхлэх үү... Үгүй ээ, тэрний өмнө Рүди чамайг хэр их ид шид ашиглаж чаддагийг чинь шалгая.”
Анхны хичээл дээр Рокси намайг хашаа руу дагуулж гарлаа.
Ид шидийн хичээлүүд ихэвчлэн гадаа болдог аж. Гэрт ид шид ашиглавал юу болохыг тэр ч бас сайн мэдэж байгаа юм. Надаас өөр тэр хана туурга эвдэхгүй нь лавтай.
“Эхлээд харуулая. Усны хамгаалалт хүссэн газарт минь соёрхож, тунгалаг долгион урсгалаа энд урсгаач”
“Усан Бөмбөлөг”
Роксиг шившлэгээ уншихад түүний гарт сагсан бөмбөгийн хэмжээтэй усан бөмбөлөг үүсэв. Тэр нь өндөр хурдтайгаар модны зүг нисэв.
Тас!
Модны мөчир амархан хугарч, хашаа тэр чигтээ норчихлоо.
Хэмжээ нь 3, хурд нь 4 орчим байх шиг байна.
“Ямар байна?”
“Тийм ээ. Ээжийн хайрлан ургуулсан мод байсан юмсан. Ээж уурлах байх даа.”
“Ээ!? Нээрээ юу?”
“Эргэлзээгүй.”
Нэг удаа Паул сэлмээ далайж байгаад мөчрийг нь тас цавччихсан юм. Тэр үед Зенитийн уурласан гэж жигтэйхэн, жирийн нэг уур лав биш байж билээ.
“Ингэж болохгүй ээ! Ямар нэгэн арга бодохгүй бол...!!”
Рокси сандран гүйж очоод газар унасан мөчрүүдийг түүв. Царай нь улайчихсан мөчрүүдийг барьсаар:
“Юу... Бурхны хүч арвин ургац болж, дахин босох тэнхээгүй болсон нэгэнд ивээлээ хайрлагтун”
『Эдгээлт』
Дахиад л шившлэг. Мөчрүүд урьдын адил болж хувирав.
“Хүхх...”
Гайхалтай юм. Ямар ч байсан магтах хэрэгтэй.
“Хүхх...”
“Багшаа, та Анагаах ид шид ашиглаж чаддаг юм уу!!?”
“Аан, тийм ээ. Дунд шат хүртэл бол асуудалгүй ээ.”
“Гайхалтай!! Үнэхээр гайхалтай юм!!”
“Үгүй дээ, зохих ёсоор бэлтгэл хийвэл хэн ч ийм зүйлийг хийж чадна.”
Тэр ингэж товчхон хариулсан ч уруулных нь үзүүр бага зэрэг муруйж, хамар нь бахархалтайгаар үл ялиг хөдөлж байлаа. Тэр баяртай байна.
Би ердөө хоёрхон удаа л “гайхалтай” гэж хашхирсан, тэгтэл тэр аль хэдийн ийм баяртай болчих гэж. Үнэхээр амархан хүн юм аа.
“За тэгвэл, Рүди. Чи оролдоод үз дээ.”
“За.”
Би гараа өргөлөө...
Өө, би бүтэн жил гаруй усан бөмбөлөгийн шившлэг уншаагүй юм байна. Одоо санахгүй байна шүү.
Роксигийн сая хэлснийг туршиж үзье. Ээ, энэ...
“Ээ, яг яаж хэлдэг билээ?”
“Усны хамгаалалт хүссэн газарт минь соёрхож, тунгалаг долгион урсгалаа энд урсгаач.”
Рокси тоомжиргүйхэн хариулав. Магадгүй энэ нь түүний таамаглаж байсан зүйл биз.
Гэвч ингэж тоомжиргүй хариулсан ч би ганц сонсоод л тогтоочихдог ид шидтэн биш шүү дээ.
“Усны хамгаалалт хүссэн газарт минь соёрх… Усан Бөмбөлөг”
Сайн тогтоож чадаагүй болохоор л товчилчихлоо.
Роксигийн шидсэн усан бөмбөлгөөс арай жижигхэн, бас удаан шидлээ.
Хэрвээ түүнээс том болгочихвол гомдчих ч юм билүү.
Залуу охидод би их өгөөмөр хүн л дээ.
Сагсан бөмбөг шиг хэмжээтэй усан бөмбөлөг хүчтэй гэгч нь исгэрэн нисэв.
Тэгээд л мод тачигнатал хугаран уналаа.
Рокси намайг хачин харцаар ширтэв.
“Чи шившлэгээ товчилчихсон уу?”
“Тийм ээ.”
Энэ буруу юм болов уу?
Бодож үзэхэд Дуугүй Шившлэгийг ид шидийн сурах бичигт хэзээ ч тэмдэглээгүй байсан.
Би зүгээр л хэнэггүйхэн ашиглаад байсан юм, магадгүй би хориотой зүйлд хүрсэн юм болов уу?
Эсвэл Дуугүй Шившлэг ашиглахад надад арай эрт байна гэж уурлаж байгаа юм болов уу…
Хэрэв тийм бол, “Тэгээд яах гэж? Хэн ийм утгагүй урт шившлэг хэлэхийг хүсэх юм бэ?” гэж хариу барих нь дээр болов уу?
“Чи ихэвчлэн шившлэгээ товчилдог хэрэг үү?”
“Ихэвчлэн… би шившлэг хэлдэггүй.”
Энэ асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байсан тул үнэнээ л хэллээ.
Ямар ч байсан цаашид түүний хичээлд суух юм чинь удахгүй илрэх л зүйл.
“Дуугүй Шившлэг гэж үү!?”
Рокси нүдээ бүлтэлзүүлэн, намайг эргэлзсэн харцаар ширтэв.
“…Ойлголоо. Тэгэхээр чи ихэвчлэн Дуугүй Шившлэг ашигладаг байх нь ээ. Ойлголоо. Ядарч байна уу?”
Гэсэн ч тэр даруй л хуучин төрхдөө орж, царайгаа төв болгов.
“Үгүй ээ. Би зүгээр байна.”
“Тийм үү? Тэгвэл усан бөмбөлгийн хэмжээ, хүч чадалд гомдоллох зүйл алга.”
“Маш их баярлалаа.”
Рокси эцэст нь инээмсэглэв.
Бүр том гэгч нь инээмсэглэл тодруулав.
Тэгээд тэр:
“…Энэ хүүхдэд заах нь дэмий биш бололтой, тийм үү?” хэмээн бувтнав.
Хэлсэн чинь сонсогдож л байна шүү.
“За тэгвэл, дараагийн шившлэг рүүгээ орцгооё…”
Рокси нэлээд догдолсон харагдана. Тэр ид шидийн сурах бичгээ нээх гэж байтал,
“Аааа!!!”
Миний ард чарлах дуу сонсогдов.
Биднийг эргэж ирж шалгасан Зенит байв.
Түүний барьж явсан тавиур дээрх ундаанууд газар унаж, тэрээр хугарсан модыг харан амаа таглав.
Царай нь гунигтай болов.
Тэр даруйхан уур хилэнгийн өнгөөр солигдов.
Аа, энэ ч муу юм боллоо доо.
Зенит ууртай нь аргагүй алхаж ирээд Роксигийн өмнө зогсов.
“Хатагтай Рокси!! Манай гэрийг туршилтын талбар болгохгүй байхыг хүсэхсэн!!”
“Ээ!! Гэхдээ үүнийг Рүди хийсэн шүү дээ……”
“Рүди хийсэн байлаа ч, түүнийг зөвшөөрсөн хүн нь чи биз дээ!?”
Рокси цочирдсондоо нүд нь бүлтэгнэж, царай нь цонхийх шиг болоод толгойгоо гудайлгав.
За даа, гуравхан настай хүүхдэд бурууг тохоод ч яах билээ.
“Тийм ээ…… Таны зөв.”
“Дахиж ийм зүйл битгий давтагдаасай гэж хүсье!!!”
“Уучлаарай, хатагтай…… Үнэхээр уучлаарай.”
Ингэж хэлээд Зенит ид шидээрээ гайхалтай нь аргагүй эдгээгээд, гэр лүүгээ орлоо.
“Ийм хурдан алдаа гаргана гэж бодсонгүй……”
“Багшаа…”
“Хэхэ, маргааш гэхэд л халагдах юм шиг байна даа.”
Рокси газар суугаад [[の]] тэмдэг зурж эхлэв.
Тэр үнэхээр бүтэлгүйтлийг тэсвэрлэж чаддаггүй бололтой.
Би мөрөн дээр нь зөөлөн алгадав.
“………”
“Рүди?”
Мөрөн дээр нь алгадсан ч, сүүлийн хорин жил хэнтэй ч зөв боловсон харилцаагүй байсан болохоор яаж тайвшруулахаа мэдэхгүй байлаа.
Уучлаарай, ийм үед юу хэлэх ёстойгоо үнэхээр мэдэхгүй юм байна…
Үгүй ээ, тайвшир. Сайн бод. Насанд хүрэгчдийн видео тоглоомын гол дүр ийм нөхцөлд түүнийг яаж тайвшруулах байсан бол?
Мм, лав л иймэрхүү зүйл хэлэх байх.
“Багшаа, та бүтэлгүйтээгүй ээ.”
“Рү-Рүди…?”
“Та зүгээр л туршлага хуримтлуулж байна.”
Рокси гайхсан харцаар над руу ширтэв.
“Т-тийм ээ. Баярлалаа.”
“Зүгээр дээ. Хичээлээ үргэлжлүүлье.”
Ийнхүү эхний өдрөөсөө л би Рокситой учраа ололцож эхлэв.
—
Үдээс хойш бол Паултай бэлтгэл хийх цаг.
Миний биеийн хэмжээнд таарах модон илд байхгүй болохоор бэлтгэл маань үндсэндээ биеийн тамирын дасгал л болдог.
Гүйлт, суниалт, гэдэс таталт гээд л.
Ямартай ч Паулын төлөвлөгөө эхлээд намайг хөдөлгөөнд оруулахыг зорьж буй бололтой.
Паул ажилтай болоод бэлтгэл хийлгэж чадахгүй өдрүүдэд ч гэсэн биеийн тамирын суурь дасгалуудыг өдөр бүр алгасалгүй хийх ёстой.
Энэ нь аль ч ертөнцөд адилхан байх.
Хичээх л хэрэгтэй.
Хүүхэд болохоор бие маань үдээс хойшжингоо бэлтгэл хийхэд тэсвэр хүрэхгүй тул илдний бэлтгэл үд дундын орчимд дуусдаг.
Тиймээс оройн хоол хүртэл ид шидийн хүчээ шавхдаг юм.
Ид шидийн тарни нь 'хэмжээг өөрчлөх'-өөсөө хамаараад өөр өөр хэмжээний ид шидийн хүч шаарддаг.
Жишээ нь, Дуугүй Шившлэг ашиглахад суурь зарцуулалт нь 1 гэвэл, тарнийг томруулж хурдыг нь нэмэх тусам илүү их хүч шаардагдана.
Энерги хадгалагдах хууль үйлчилж байна гэсэн үг.
Гэтэл хачирхалтай нь, эсрэгээрээ би аль болох жижигрүүлэх тусам улам их ид шидийн хүч зарцуулаад байх юм.
Ямар учиртайг нь үнэхээр ойлгохгүй юм.
Ганц дусал ус бүтээхэд атга дүүрэн усан бөмбөлөг үүсгэхээс хавьгүй их ид шидийн хүч шаардагдаж байв.
Үнэхээр хачирхалтай юм.
Үргэлж боддог байсан энэ асуултаа Роксигоос асууж үзсэн ч "Зүгээр л тийм байдаг юм" гэсэн хариултаас өөрийг аваагүй.
Энэ асуулт одоог хүртэл тайлагдаагүй хэвээр бололтой.
Яагаад ийм байдгийг одоо ч ойлгохгүй л байна.
Гэхдээ энэ арга миний бэлтгэлд муугүй санагдлаа.
Сүүлийн үед ид шидийн хүчний нөөц багагүй нэмэгджээ. Хэрэв томхон шиг ид шид ашиглахгүй бол нөөцөө бүрэн шавхаж чадахаа больсон байв.
Зүгээр л ид шидийн хүчээ барж дуусгахыг хүсвэл хамгийн дээд хэмжээгээр нь цутгаад л болоо.
Гэвч одоо бол нарийн мэдрэмжээ хөгжүүлэх цаг нь иржээ.
Тиймээс маш нарийн ажиллагаа шаардсан дасгалуудыг хийхээр шийдлээ.
Ид шид ашиглан жижиг, нямбай бөгөөд нарийн ажил гүйцэтгэх.
Жишээ нь, мөсөн баримал сийлэх, хурууныхаа үзүүрт гал асаах, эсвэл самбар дээр бичиг бичих гэх мэт.
Хашаанаас авсан хөрсөө хэсэг хэсгээр нь хувааж ч үзлээ...
Бүр хаалганы бариулын өмнө түлхүүр өлгөх гэх мэт зүйлсийг ч оролдов.
Газар шорооны ид шид металл болон эрдэс бодист тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Гэвч эд зүйл нь төмөрлөг байх тусам илүү их ид шидийн хүч шаардагдаж байв.
Бат бөх зүйлийг өөрчлөх нь үнэхээр хэцүү бололтой.
Удирдаж буй зүйл нь жижиг байх тусам ажиллагаа нь нарийн, төвөгтэй болж, илүү үнэн зөв, үр дүнтэй байх тусмаа л их ид шидийн хүч шаардагдаж байлаа.
Бэйсболын бөмбөгийг бүх хүчээрээ шидэх.
Утасны үзүүрийг зүүний сүвэгчээр аажуухан оруулах.
Энэ хоёр үйлдлийг хийхэд зарцуулагдах ид шидийн хүчний хэмжээ бараг л ижилхэн байв.
Мөн хэд хэдэн төрлийн ид шидийг нэгэн зэрэг ашиглаж үзлээ.
Тэгэхэд дор хаяж гурав дахин их ид шидийн хүч шаардагдсан юм.
Тиймээс хэрэв хоёр өөр төрлийн ид шидийг зэрэг ашиглаж, тэдгээрийг зөөлөн, нарийн, хурдан байдлаар нэгэн зэрэг удирдан шившвэл ид шидийн хүчээ амархан шавхаж чадна.
Ийнхүү өдөр бүр иймэрхүү бэлтгэл хийсээр…
Хагас өдөр эсвэл түүнээс ч удаан хугацаанд ид шид ашигласны дараа ч ид шидийн хүчээ бүрэн шавхаж чадахаа больсон байлаа.
Энэ ч хангалттай биз гэж бодогдов. Сэтгэл минь эргэлзэж эхэллээ.
Миний залхуу зан "Энэ л хангалттай биш гэж үү?" хэмээн шивнэх аж.
Би өөрийгөө уурлан загнаж, хичээл зүтгэлээ үргэлжлүүлэв.
Дасгал сургуулилтаа орхигдуулбал булчин суларч, хатингаршдаг.
Ид шидийн хүч ч ялгаагүй байх. Ид шидийн нөөц бага зэрэг нэмэгдлээ гээд бэлтгэлээ орхигдуулж болохгүй.
—
Шөнө дунд ид шидээ ашиглаж байх үед хаа нэгтээгээс таагүй, амьсгаадсан чимээ сонсогдов.
Хаанаас гарч байгаа юм бол? Мэдээж Паул болон Зенитийн өрөөнөөс л гарч байлаа.
Тэд тун завгүй байгаа бололтой.
Магадгүй ойрын ирээдүйд дүүтэй болох ч юм бил үү.
Охин дүүтэй болбол ч сайхан л байна.
Харин эрэгтэй дүү бол лав хэрэггүй.
Компьютерийг минь бейсболлын цохиураар хага цохиж байсан тэр дүр зураг одоо ч нүдэнд харагдаад байдаг юм.
Эрэгтэй дүү л лав хэрэггүй.
Хөөрхөн охин дүү хамаагүй дээр.
"Бурхан минь гэж..."
Өмнөх амьдралдаа ийм ядаргаатай чимээ сонсвол хана, шал нүдэж байгаад л чимээгүй болгодог байж билээ.
Тэрнийхээ ачаар эгч маань дахиж хэзээ ч гэртээ залуу дагуулж ирээгүй юм.
Ямар санаанд оромгүй дурсамж вэ.
Тэр үед би тэднийг миний ертөнцийг бузарлагч хорон санаатнууд гэж боддог байлаа.
Намайг хүрч чадахгүй өндөрлөгөөс шоолон дооглож байна гэж бодон, дотроо буцалсан их уураа гаргаж чадахгүй шаналдаг байв.
Намайг харанхуй, таагүй орон зайд түлхэн унагачихаад, дээрээс доош харан "Чи яагаад одоо болтол тэндээ байгаа юм?" гэж асуух шиг.
Үүнээс илүү гутамшигтай зүйл гэж үгүй.
Гэвч саяхан би бодлоо өөрчилсөн.
Энэ нь хүүхдийн биетэй болсонтой минь холбоотой юу, эсвэл эцэг эхийн минь нөлөө юу, эсвэл ирээдүйнхээ төлөө хичээж байгаагийнх минь үр дүн үү, бүү мэд.
Одоо бол би тэднийг өргөн сэтгэлээр, дэмжиж буй байр сууринаас тагнаж байна.
Хмм, би ч бас насанд хүрсэн хүн шүү дээ...
Гарах чимээнээс нь л юу болж байгааг барагцаагаар гадарлачихна.
Бодвол Паул энэ тал дээр их л чадварлаг бололтой.
Харин Зенит бол удалгүй амьсгаадаад, тамирдчихдаг мөртлөө Паул "Одоо эрт байна шүү дээ~" гэсээр дайралтаа үргэлжлүүлнэ.
Яг л ямар нэгэн эро тоглоомын гол баатар шиг.
Үнэхээр хэлэх үггүй их тэсвэр тэвчээр юм даа...
Ха, би чинь Паулын хүү юм хойно, магадгүй надад ч бас тийм энерги байдаг юм болов уу!?
Сэр, миний дотоод хүч.
Эмэгтэй гол дүрүүдийнхээ төлөө!!
Надад ягаан өнгийн үйл явдлыг бэлэглээч!!
Гэхдээ сүүлийн үед тэр анхны урам зориг маань унтарч, харин ч жиржигнэсэн хонгилоор тайван алхаж бие засах газар луугаа явдаг болсон.
Дашрамд хэлэхэд, тэдний өрөөний хажуугаар өнгөрөхөд шалны жиржигнэх чимээ намсчихдаг юм. Үнэхээр сонирхолтой шүү.
Тэр өдөр би алхаж чаддаг болсон хүү нь гэдгээ харуулах гэсэн шиг бие засах газар луу алхлаа.
За тэгвэл, өнөөдөр тэдэнтэй мэндлэх үү дээ?
"Аав аа, ээж ээ, та хоёр нүцгэн юу хийж байгаа юм бэ?" гэж асууж болно.
Тэдний ямар шалтаг тоочихыг нь тэсэн ядан хүлээж байна. Кикики...
Ийн бодсоор би чимээгүйхэн өрөөнөөсөө гарлаа.
Гэвч тэнд өөр нэг зочин аль хэдийн ирчихсэн байв.
Цэнхэр үст охин харанхуй хонгилд суугаад, хаалганы завсраар өрөө рүү сэмхэн ширтэж байлаа.
Царай нь улайж, амьсгаагаа түгжин зогсох ч харц нь өрөөний дотор талыг цоо ширтэнэ.
Нөмрөгнийхөө доогуур гараа шургуулан, урин дуудсан мэт хөдөлгөөн хийхийг нь би харлаа.
Би чимээгүйхэн өрөө лүүгээ буцлаа.
Рокси бол нас биед хүрсэн бүсгүй хүн.
Түүнийг иймэрхүү зүйлд автаж байхад нь анзаараагүй дүр эсгэх хэмжээний өгөөмөр сэтгэл надад бий.
……Тоглосон юм аа.
Ямартай ч, сонирхолтой юм үзлээ шүү.
—
Дөрвөн сар өнгөрчээ.
Одоо би дунд шатны бүх шившлэгийг ашиглаж чаддаг болсон.
Ингээд Роксигоос оройн цагаар хичээл заалгаж эхлэв.
Өө, энэ оройн хичээл дээр ямар нэгэн тачаангуй зүйл заадаг гэж бодож болохгүй шүү.
Хичээлийн агуулга нь ихэвчлэн төрөл бүрийн ерөнхий мэдлэг байдаг.
Рокси бол сайн багш.
Тэр сургалтын хөтөлбөрийг ягштал баримталдаггүй.
Миний ойлголтын түвшинд тааруулан шат дараатайгаар заадаг.
Сурагчийнхаа чадварт маш сайн дасан зохицдог багш юм.
Сурах бичигт байгаа асуултуудаас сонгон намайг шалгах бөгөөд зөв хариулбал дараагийн сэдэв рүү шилжинэ.
Харин ойлгохгүй байвал тэвчээртэйгээр дахин тайлбарлаж өгнө.
Ганцхан энэ л гэхэд миний ертөнцийг үзэх үзлийг тэлж байгаа мэт санагддаг.
Өмнөх амьдралдаа, ахыг минь шалгалтад бэлдэж байх үед гэрийн багш хөлсөлж байсан удаатай.
Тэр үед нь би сонирхоод хичээлийг нь чагнаж байсан юм.
Гэвч тэр нь сургууль дээр заадаг зүйлсээс огт өөр байгаагүй.
Түүнтэй харьцуулбал Роксигийн хичээл илүү ойлгомжтой бас сонирхолтой.
Асуусан асуулт бүрт минь тодорхой хариулт өгдөг хичээл гэдэг гайхалтай.
Тэр ч байтугай, хүсэл тачаал нь цэцэглэж эхэлж буй дунд сургуулийн насны охин багш маань байх нь бүр ч илүү.
Энэ нөхцөл байдал надад бол хамгийн дээд жаргал.
Хэрэв өмнөх амьдралын би байсан бол, зөвхөн энэ төсөөллөөрөө л гурван удаа гар хангалга хийх байсан биз.
—
"Багшаа, яагаад ид шидийг зөвхөн тулаанд ашигладаг юм бэ?"
"Үнэндээ, зөвхөн тулаанд л ашигладаг гэж хэлж болохгүй ээ…"
Рокси миний гэнэтийн асуулт бүрд үргэлж нухацтай хариулдаг.
"Хмм, үнэхээр ч тийм шүү, хаанаас нь эхлэх билээ дээ……? Юуны өмнө, ид шид нь эртний урт чихт омог буюу Дээд Элфүүдээс үүсэлтэй гэдэг юм."
Хөөх, элфүүд!!
Тэд үнэхээр байдаг хэрэг үү!?
Алтан шаргал үс, ногоон хувцас, нум сум агссан, тэгээд үргэлж тэмтрүүлүүдэд ороогддог!!
Өө, тайвшир, тайвшир.
Тэд миний мэддэг элфүүдээс өөр байх л даа……
Гэхдээ нэрнээс нь харахад л урт чихтэй нь тодорхой……
"Урт чихт Элфүүд гэж хэн юм бэ?"
"Хмм, урт чихтүүд бол Миллис тивийн хойд хэсгээр нутагладаг омог юм."
Роксигийн хэлснээр бол,
Хүн, чөтгөрүүдийн дайн дэгдэхээс ч өмнөх эрт цагт ертөнц үймээн самуунтай, хаа сайгүй л дайн дажин болдог байж. Тэр үед эртний урт чихтүүд буюу дээд элфүүд ойн сүнснүүдтэй харилцаж, газар дэлхий, салхины хүчийг захиран дайснуудыг няцаадаг байсан гэдэг. Үүнийг л дэлхийн хамгийн анхны ид шид гэж ярилцдаг юм.
"Хөөх? Үүнийг түүхэнд тэмдэглэсэн байдаг хэрэг үү?"
"Мэдээж шүү дээ."
Рокси миний тохуурхангүй асуултад толгой дохив.
"Одоогийн ид шид бол тэр үеийн дайны хөлд хүмүүс эртний дээд элфүүдийн ид шидийг дуурайж, хөгжүүлснээс үүдэлтэй. Хүмүүс иймэрхүү зүйлд үнэхээр авьяастай улс даа."
"Хүн төрөлхтөн ийм зүйлд маш сайн гэж үү?"
"Тийм ээ, үргэлж л шинэ зүйл сэдэж байдаг нь хүмүүс шүү дээ."
Хүн төрөлхтөн юм зохион бүтээхдээ гаргууд юм даа.
"Ид шидийг зөвхөн тулаанд ашигладаг шалтгаан нь ерөнхийдөө л тийм нөхцөл байдалд хэрэг болдогт оршино. Ид шидэд найдахгүй байсан ч бидний эргэн тойронд хүссэн зүйлээ хийхэд хэрэг болох зүйлс зөндөө бий."
"Эргэн тойрны зүйлс гэдэг нь?"
"Жишээлбэл, гэрэл хэрэгтэй бол лаа эсвэл дэнлүү ашиглаж болно биз дээ?"
Ойлголоо, энэ бол маш энгийн зүйл юм байна.
Ид шид ашигласнаас багаж хэрэгсэл ашиглах нь мэдээж илүү хялбар.
Энэ бол логиктой л сонсогдож байна.
Гэхдээ Дуугүй Шившлэгийн хувьд бол багаж хэрэгсэл ашигласнаас ч хялбар зүйл шүү дээ.
"Бас бүх төрлийн ид шид тулаанд тохиромжтой байдаггүй. Жишээлбэл, Дуудлагын ид шидийн тусламжтайгаар чи өөртэй чинь ижил түвшний ид шидийн араатан эсвэл сүнсийг дуудаж болно."
"Дуудлагын ид шид гэж!! Та надад хэзээ нэгэн цагт зааж өгч чадах уу?"
"Үгүй ээ, би ч гэсэн үүнийг ашиглаж үзээгүй. Бас багаж хэрэгсэл дотор ид шидийн зүйлс гэж бас бий."
Ид шидийн зүйлс.
Нэрнээс нь л ямар учиртайг нь гадарлаж байна.
"Ид шидийн зүйлс гэдэг нь?"
"Тусгай шид агуулсан эд зүйлс. Дотор талд нь ид шидийн дүрс тэмдэг сийлсэн байдаг болохоор шидтэн биш хүн ч ашиглах боломжтой. Гэхдээ эдгээр зүйлс нь маш их мана буюу шидийн хүч шаарддаг юм."
"Ойлголоо."
Ерөнхийдөө миний төсөөлсөн шиг л юм байна.
Бодож үзвэл, Рокси Дуудлагын шидийг ашиглаж чаддаггүй нь харамсалтай юм.
Довтолгооны болон Анагаах ид шидийн тухай ойлголтуудыг бол гадарлаж байсан ч Дуудлагын ид шид яаж ажилладаг талаар бол ямар ч ойлголт алга.
Бас гэнэт л маш олон шинэ нэр томьёо гарч ирлээ.
Хүн-чөтгөрийн дайн, дуудлагын амьтад, сүнснүүд...
"Багшаа, шидийн араатан болон шидийн амьтан хоёрын ялгаа нь юу вэ?"
"Ялгаа бараг үгүй дээ."
Үндсэндээ шидийн амьтан гэдэг нь ямар нэгэн өөрчлөлтөд орсон амьтад юм.
Харин шидийн амьтад тохиолдлоор олширч, нэгэн овог аймаг болон бүрэлдвэл хэдэн үеийн дараа тодорхой хэмжээний оюун ухаан суун шидийн араатан болдог ажээ.
Оюун ухаантай байлаа ч хүн төрөлхтөн рүү дайрвал шидийн амьтан гэж нэрлэгдсээр ирсэн хэрэг.
Эргээд бодоход, үе дамжин догширсон шидийн араатнууд буцаад шидийн амьтан болон хувирсан тохиолдол ч бий.
Тэдний хооронд тодорхой зааг ялгаа гэж үгүй.
Шидийн амьтан = Хүн рүү дайрдаг.
Шидийн араатан = Хүн рүү дайрдаггүй.
Ингэж ойлгоход болох байх.
"Тэгэхээр, чөтгөрийн омгууд мангасуудаас үүсэлтэй гэсэн үг үү?"
"Огтхон ч үгүй. Чөтгөрийн омог гэдэг нэрийг хүн ба чөтгөрийн дайны үеэр аль эрт өгсөн юм."
"Сая дурдсан хүн ба чөтгөрийн дайн уу?"
"Тийм ээ. Анхны дайн одоогоос 7000 жилийн тэртээ болсон юм."
"Үнэхээр эртний түүх юм аа."
Энэ ертөнцийн түүх ийм урт байсан гэж үү.
"Тийм ч урт биш ээ. Хүмүүс 400 жилийн өмнө хүртэл байлдсаар л байсан. 7000 жилийн тэртээгээс эхлээд хүн төрөлхтөн болон чөтгөрийн омгууд хоорондоо тасралтгүй дайтаж ирсэн юм."
Би 400 жилийг урт хугацаа гэж бодож байтал, үнэндээ 7000 шахам жил үргэлжилжээ.
Тэдний харилцаа үнэхээр тийм муу байсан хэрэг үү?
"Аан, ойлголоо. Тэгэхээр дүгнээд хэлэхэд, чөтгөрийн омог гэж яг юуг хэлээд байна вэ?"
"Чөтгөрийн омгийг тодорхойлно гэдэг нэлээд төвөгтэй асуудал... Хэрэв заавал тайлбарлах хэрэгтэй бол 'Өмнөх дайны үеэр чөтгөрийн талд зогссон омгууд' гэвэл хамгийн ойлгомжтой байх. Мэдээж үл хамаарах тохиолдол гэж бий."
"Аан, нэмж хэлэхэд би ч бас чөтгөрийн омгийн хүн."
"Өө, тийм үү?"
Чөтгөр гэрийн багшаар минь ажиллаж байж. Тэгэхээр одоо дайн болоогүй байгаа гэсэн үг үү? Эв найртай байх нь л хамгийн сайн.
"Тийм ээ. Албан ёсоор хэлбэл, би чөтгөрийн тив дэх Мигурд бүс нутгаас гаралтай Бигоя омог юм. Рүдигийн эцэг эх намайг хараад цочирдсныг харсан биз дээ?"
"Би багшийг жижигхэн болохоор нь л гайхсан гэж бодсон юм."
"Би жижигхэн биш."
Рокси надад эсэргүүцлээ илэрхийлэв. Тэр энэ зүйлийг ихэд нухацтай хүлээж авсан бололтой.
"Тэд миний үсийг хараад л цочирдсон юм."
"Үс?"
Би түүнийг хөөрхөн цэнхэр үстэй гэж бодож байлаа.
"Чөтгөрийн омгийнхны үс ногоон өнгөтэй байх тусмаа илүү догшин, аюултай байдаг гэсэн цуу яриа байдаг юм. Ялангуяа гэрлээс шалтгаалаад миний үс ногоон харагдах үед..."
Ногоон.
Энэ ертөнцөд энэ нь анхааруулгын өнгө байж таарах нь.
Роксигийн үс хүний нүд булаам сайхан ногоон өнгөтэй байв.
Тэр тайлбарлах зуураа үсээ оролдон тоглох нь үнэхээр хөөрхөн харагдлаа.
Хэрэв Япон улсад цэнхэр үстэй хүн байвал түүнийг панк эсвэл хөгшин авгай гэж бодох байсан биз. Ямар ч төрлийнх байлаа гэсэн, тэр төрөлхийн бус өнгө нь надад таагүй сэтгэгдэл төрүүлдэг байсан юм.
Гэвч Роксигийн үсэнд ямар нэгэн хиймэл, эвгүй сэтгэгдэл төрүүлэх зүйл алга байлаа. Харин ч түүний үргэлж нойрмог харагддаг царайнд тун чиг зохицсон юм.
Хэрэв тэр ямар нэгэн эро-тоглоомын гол дүр байсан бол, хамгийн түрүүнд "байлдан дагуулах" ёстой дүр нь яах аргагүй мөн байх сан.
"Таны үс үнэхээр гоё."
"……Магтсанд баярлалаа. Гэхдээ иймэрхүү үгийг хожим дурласан охиндоо л хэлж байх хэрэгтэй шүү."
"Гэхдээ надад багш таалагддаг."
Би эргэлзэх ч үгүй хэллээ. Би чинь эргэлзэж тээнэгэлзээд байдаг хүн биш. Хөөрхөн охид бүхэнд сэтгэлээ нээж байх болно.
"За за. Хэрвээ арван хэдэн жилийн дараа ч гэсэн бодол чинь өөрчлөгдөөгүй байвал тэр үед дахиад ярилцъя."
"Ойлголоо, багш аа."
Хэдийгээр тэр үүнийг тоглоом шоглоом гэж хүлээж авсан ч, Роксигийн бага зэрэг баяссан царайг би анзааралгүй өнгөрсөнгүй.
Эро-тоглоомоор хичээллэсэн миний энэ "бэлтгэл" өөр ертөнцөд хэр зэрэг нэмэр болохыг мэдэхгүй ч, огт утгагүй зүйл гэж хэлэхгүй ээ.
Иймэрхүү зүрх дэлсүүлсэн үгс Японд бол хуучирсан онигоо мэт санагдаж болох ч, энд бол жинхэнэ хайр дурлалын гал асаах оч ч байж мэднэ.
Тийм ээ, би ер нь юу яриад байгаа юм бэ дээ?
Хөөрхөн бас тачаангуй Рокси. Хэрэв би түүний сэтгэлийг татаж чадвал...
Гэхдээ насны зөрүү их юм даа. Цаашид юу болох бол?
"Яриагаа үргэлжлүүлье. 'Өнгө нь тод байх тусмаа аюултай' гэдэг бол зүгээр л мухар сүсэг."
"Аан, мухар сүсэг байх нь ээ."
Би үнэхээр л үүнийг анхааруулах өнгө гэж бодсон юмсан.
"Тийм ээ. Бабинос хавийн Сүперд овгууд бол ногоон үстэй омог. Тэд дөрвөн зууны өмнөх дайны үеэр маш олон харгис хэрцгий үйлдэл хийсэн юм. Тийм болохоор л ийм цуу яриа гарсан хэрэг, үсний өнгөтэй бол ямар ч хамаагүй."
"Харгис хэрцгий үйлдэл гэнэ ээ?"
"Тийм ээ. Арван хэдэн жил үргэлжилсэн дайны үеэр тэдний үйлдсэн гэмт хэрэг дайтаж байсан хоёр талыг хоёуланг нь айдас, үзэн ядалтад автуулсан. Тэдний омог маш аюултайд тооцогддог болохоор дайн дууссаны дараа тэднийг мөрдөн мөшгиж, чөтгөрийн тивээс хөөн гаргасан юм."
Дайн дууссаны дараа хөөгдсөн гэж үү? Гайхалтай юм.
"Тэднийг үнэхээр тэгтлээ их үзэн яддаг юм уу……"
"Тийм л дээ."
"Тэд яг юу хийсэн юм бэ?"
"За даа, би ч бас бүдэг бадаг л... Бага байхад дуулж байсан юм. Чөтгөрүүдийн талд байсан найрсаг сууринг дайрч, эмэгтэйчүүд хүүхдүүдийг бүгдийг нь хядсан гэдэг юм уу, эсвэл дайснаа бүрэн устгасныхаа дараа өөрийн талынхнаа ч алсан гэх мэт яриа байдаг. Бас 'шөнө орой унтахгүй бол Сүперд ирээд чамайг идчихнэ шүү' гэх мэтээр хүүхдүүдийг айлгадаг байсан."
Хүүхдүүдийг айлгадаг түүх гэсэн үг үү?
"Мигурд омог нь Сүперд омогтой төстэй учраас тэд ч бас өнгөрсөн үеийн хэрэгт холбогдсон юм. Эцэг эх чинь энэ тухай удахгүй хэлэх байх л даа……"
"Үүнийг сайн тогтоож ав."
Рокси нухацтайгаар ийн өгүүлэв.
"Хэрэв чи маргад эрдэнийн өнгө бүхий үстэй, духан дээрээ бадмаараг шиг чулуутай хүнтэй таарвал битгий ойртоорой. Хэрэв ярилцахаас өөр аргагүй болбол тэднийг уурлуулж огт болохгүй шүү."
Маргад ногоон үс, духан дээрх бадмаараг чулуу.
Суперд овгийн онцлог шинж нь энэ бололтой.
"Тэднийг уурлуулбал юу болох юм бэ?"
"Бүхэл бүтэн гэр бүлийг чинь ч алж мэднэ."
"Маргад ногоон үс, духан дээрх бадмаараг чулуу, тийм үү?"
"Тийм ээ, духан дээрх тэр чулуу нь манагийн хөдөлгөөнийг харж чаддаг. Тэр бол тэдний гурав дахь нүд нь юм."
"Тэгэхээр Сүперд омогт зөвхөн эмэгтэйчүүд байдаг юм биш биз?"
"Аан? Үгүй ээ? Эрэгтэйчүүд ч бас байдаг шүү дээ?"
"Ямар нэгэн зүйл хийсний дараа тэр чулуу нь цэнхэр өнгөтэй болдог юм болов уу?"
"Аан? Ү-үгүй ээ? Наадхыг чинь урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй юм байна."
Чи чинь юу яриад байгаа юм бэ? Рокси гайхширан толгойгоо хазайлгав.
Би зүгээр л өөрийнхөө сониуч занг дарах гэж л асуусан хэрэг.
"Гэхдээ тийм шинж тэмдгээр нь танихад амархан биз дээ?"
"Тийм ээ. Хэрэв харвал шууд л 'Би яг одоо явах хэрэгтэй байна' гэх мэт шалтаг тоочоод зайлсхийгээрэй. Гэнэт зугтах нь тэднийг уурлуулж магадгүй."
Дээрэлхүү хүнээс зугтаж байгаад араасаа хөөлгөхтэй л адилхан юм даа.
Би иймэрхүү зүйлтэй өмнө нь тулгарч байсан болохоор сайн мэднэ.
"Чиний ярьснаас үзэхэд тэднийг хүндэлж харьцвал зүгээр байх нь ээ?"
"Ил тодоор доромжлохгүй бол зүгээр байх гэж бодож байна. Гэхдээ хүн болон чөтгөрийн омгийнхны хооронд нийтлэг ойлголтын зөрүү их байдаг болохоор ямар нэгэн зүйлээс болж тэднийг уурлуулж магадгүй. Ёжтой үг хэлэхгүй байсан нь дээр."
Ммм.
Тэд амархан уурладаг бололтой.
Гэхдээ тэд биднийг гэмтээхээсээ илүүтэй, бид тэднээс айдаг гэж хэлэх нь илүү зөв байх.
"Өө, тэр чинь уурлахаараа аймар хүн, тойрч явсан нь дээр" гэх тэр мэдрэмж. Яг л тиймэрхүү.
Аймар юм, аймар.
Дахиж аллуулбал дахин төрнө гэдэгтээ эргэлзэж байна.
Чадах бүхнээрээ л тэднээс зайлсхийх хэрэгтэй.
Сүперд омог... Тэдэнтэй хамаагүй оролдож болохгүй.
Би үүнийг зүрхэндээ гүн гүнзгий сийлэн үлдээв.
—
Ид шидийн хичээлүүд саадгүй үргэлжилж байв.
Сүүлийн үед би бүх дэвшилтэт ид шидийг ашиглаж чаддаг болсон.
Мэдээжийн хэрэг, дуугүй шившлэг ашиглан хийж байгаа хэрэг.
Урьд нь хийдэг байсан бэлтгэлтэй харьцуулбал дэвшилтэт ид шид ашиглах нь хамар ухахтай л адил амархан санагдаж байна.
Гэхдээ дэвшилтэт ид шидүүд нь ихэвчлэн өргөн хүрээг хамардаг тул ашиглахад их хязгаарлагдмал санагддаг юм.
Том талбайд бороо оруулах, үүгээр би яах билээ?
Би үнэндээ ийм зүйл бодож байсан ч, Рокси энд ирэхдээ бороо оруулж, үүнийхээ төлөө магтаал сонсож байсан бололтой.
Би энэ тухай гэртээ байхдаа Паулаас сонссон юм.
Үүнээс гадна Рокси тосгоны иргэдийн хүсэлтийг хүлээн авч, ид шидийн тусламжтайгаар олон асуудлыг нь шийдэж өгдөг байв.
"Хөрсөө хагалж байгаад том хад олчихлоо, Рокси гуай, туслаач!"
"Надад л даатга, Данрако."
"Энэ ямар ид шид вэ?"
"Хадны эргэн тойрны хөрсийг чийгшүүлээд, шороон ид шидээрээ шавар болгон зөөлрүүлж байна. Хослуулан ашигладаг ид шид гэсэн үг."
"Хөөх, гайхалтай юм аа, хад нь шигдээд орчихлоо!!!"
"Хмм."
Яг л иймэрхүү маягаар!! (магадгүй)
"Багш гэсэндээ, та ч бусдад тус хүргэх юмаа."
"Бусдад тус хүргэх гэж үү? Үгүй дээ, энэ чинь харин ч халаасны мөнгөө олж байгаа хэрэг."
"Та мөнгө авдаг юм уу?"
"Мэдээж шдээ."
Ямар нарийн юм бэ!
Би ингэж бодсон ч тосгоныхонд бол энэ нь хэвийн үзэгдэл байв.
Тосгонд өөр хэн ч ийм зүйл хийж чаддаггүй болохоор тэд Роксиг тасралтгүй магтан дуулна.
Өгөө аваа гэдэг л энэ байх.
Миний л ойлголт буруу байж. Бусдад хариу нэхэлгүй туслах ёстой гэж боддог нь миний л хуучин амьдралын хэв маяг байж.
Мөнгө авна гэдэг нь эндхийн хэвийн үзэгдэл, нийтлэг ойлголт аж.
За яах вэ, би чинь бусдад туслах тухай боддоггүй NEET байсан болохоор гэр бүлийнхэн маань ч намайг асуудалтай хүн гэж үздэг байсан юм.
Хаха.
Нэгэн өдөр би гэнэт асуув.
"Би таныг Багш гэж дуудаж болох уу?"
Гэтэл Рокси дургүйцсэн янзтай харав.
"Үгүй ээ, чи удахгүй намайг амархан гүйцэх байх. Тийм болохоор намайг тэгж дуудах хэрэггүй."
Намайг Роксиг гүйцэх чадалтай гэж бодож байгаа бололтой.
Ийм магтаал сонсохоор бага зэрэг ичмээр юм.
"Өөрөөсөө сул дорой хүнийг хэн ч багш гэж дуудахгүй биз дээ?"
"Тийм л дээ."
"Би үүнд дургүй. Өөрөөс нь илүү хүн багшаа гэж дуудах нь өөрийгөө доромжилж байгаа хэрэг биш үү?"
Тийм гэж үү?
"Та багшаасаа илүү хүчтэй болохоор л ингэж хэлж байгаа юм уу?"
"Намайг сонс, Рүди. Багш гэдэг чинь чамд заах юмгүй болсон ч гэсэн чамаас ямар нэгэн зүйл хүлээдэг... ийм л төвөгтэй оршихуй юм."
"Гэхдээ Рокси та тэгэхгүй биз дээ?"
"Магадгүй тэгэх ч юм билүү."
"Тэгсэн ч гэсэн би таныг хүндэлсээр л байх болно."
Хэрэв Рокси надаар юм хийлгэхээр шаардсан ч гэсэн.
Би инээмсэглээд л түүнийг хүндлэх болно.
"Үгүй ээ, би шавийнхаа чадавхид атаархаад, муухай үг хэлж ч мэднэ."
"Тухайлбал?"
"Зүгээр л нэг бохир чөтгөр байж, тийм тосгон руу явах хэрэггүй гэх мэтээр."
Таныг тэгж шүүмжилж байсан юм уу?
Хөөрхий дөө.
Ялгаварлан гадуурхалт бол муу зүйл.
Гэхдээ дээр доор зиндааны харилцаа үргэлж л ийм байсаар ирсэн шүү дээ.
"Зүгээр дээ, энэ бол жижигхэн асуудал."
"Нас ахиухан хүн гээд л бүх зүйл зүгээр байна гэсэн үг биш шүү! Багш шавийн барилдлагад зохих хүч чадал дутагдвал хоёр тал хоёулаа л зовно!"
Түүний яриа тасрав.
Багштайгаа харилцдаг харилцаа нь миний төсөөлж байснаас ч хамаагүй хөндий байх шиг санагдлаа.
Тийм болохоор л би Роксиг хэзээ ч "Багш аа" гэж дууддаггүй байв.
Гэвч би түүнийг зүрх сэтгэлдээ үргэлж багшаа хэмээн хүндэтгэхээр шийдсэн билээ.
Хүүхэд зан нь хараахан гараагүй энэ охин надад ном сударт байдаггүй олон зүйлийг зааж өгсөн юм.