Ажилгүй эрийн дахин төрөлт

7-р бүлэг : Найз

Гадагш гарч үзэхээр шийдэв.

Рокси намайг гаргах гэж хичнээн их зүтгэснийг бодвол энэ боломжийг дэмий үрж болохгүй.

"Ааваа, гадагшаа гарч тоглож болох уу?"

Нэгэн өдөр ургамал судлалын нэвтэрхий толь барьчихсан Паулаас ингэж асуулаа.

Энэ насны хүүхдүүд нүд ирмэх зуур л хаашаа ч юм алга болчихдог хойно. Хэдий би хол явахгүй ч гэсэн, хэлэлгүй явбал аав ээж хоёр маань санаа зовно шүү дээ.

"Гадагшаа гэнэ ээ? Тоглох гэж үү? Хашаан дотроо биш гэж үү?"

"Тийм ээ."

"Өө... Тэгэлгүй яах вэ, болно оо."

Тэр амархан зөвшөөрөв.

"Бодоод байх нь ээ, чамд өөрийн гэсэн чөлөөт цаг бараг л олддоггүй байж. Шидийн урлаг, илдний техник хоёрыг зэрэг сур гээд бид л дур мэдэн шийдчихсэн болохоос, хүүхдэд тоглох ч бас чухал шүү дээ."

"Сайн багштай учирсандаа би баяртай байна."

Үнэндээ Паулыг боловсролын тал дээр их хатуу хүн гэж боддог байсан ч, бодит байдал дээр тэр их зөөлөн сэтгэлтэй нэгэн юм. Бүр өдөржин илдний бэлтгэл хийлгэх байх гэж хүртэл бодож байлаа. Тэгсэн бол хичээл зүтгэл маань талаар болох байв. Тэр зөн совингоороо амьдардаг хүн ч гэлээ, "зүтгэвэл бүтнэ" гэсэн зөрүүд маягийн хүн биш ажээ.

"Бодоод байх нь ээ, чи үнэхээр гадагшаа гарахыг хүсэж байгаа юм байна шүү. Би чамайг багадаа их сул биетэй байсан гэж боддог байлаа. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм даа."

"Та намайг сул биетэй гэж боддог байсан юм уу?"

Анх удаа л сонсож байна. Би чинь өвдөж ч үзээгүй хүүхэд шүү дээ.

"Учир нь чи багадаа ерөөсөө л уйлдаггүй байсан юм."

"Тийм гэж үү? За яах вэ, өвчин зовлонгүй байсан нь сайн хэрэг биз дээ? Та хоёр хөөрхөн бас эрүүл чийрэг хүүхэд өсгөсөн байна, тийм ээ?"

Би Паул рүү хандан ёжтой царай гаргахад, тэр гашуун инээмсэглэл тодруулав.

"Чи хүүхэд шиг аашлахгүй байхдаа л намайг их сандаргах юм."

"Том хүү чинь ийм найдвартай байхад танд өөр гомдоллол байна гэж үү?"

"Үгүй дээ, гомдол алга."

"Грейрат овгийн зохистой залгамжлагч болгох гэж намайг хатуу чанга сургасан бол одоо гомдоллох хэрэггүй дээ."

"Өөрийгөө магтах гэж байгаа юм биш шүү, гэхдээ чиний аав чинь багадаа өдөржин охидын банзал сөхөх тухай л бодож явдаг 'зэрлэг' хүүхэд байсан шүү."

"Банзал сөхөх гэнэ ээ?"

Энэ ертөнцөд ч бас ийм юм байдаг хэрэг үү? Энэ эр өөрөө өөрийгөө 'зэрлэг' байсан гэж хэлэх гэж.

"Хэрвээ чи Грейратын нэр хүндийг өндөрт өргөе гэвэл, найз охинтой болоод ирээрэй."

Юу гэнэ ээ? Бид чинь иймэрхүү гэр бүл байсан юм уу? Бид чинь хил хамгаалж байгаа юм биш үү? Бас доод зиндааны язгууртан биш билүү? Ямар ч ёс журам гэж алга уу? Үгүй дээ, ямар ч байсан бид чинь доод зиндааных л юм чинь. Тэгвэл тэр чигээрээ л байг.

"Ойлголоо. Тэгвэл би тосгон руу явж, банзал сөхөж болох газар хайя даа."

"Аа, охидтой эелдэг харьцаж сурах хэрэгтэй. Бас хүчтэй, шид ашиглаж чаддаг гээд их зан гаргаж болохгүй шүү. Эр хүнд хүч чадал онгирох гэж байдаг юм биш."

Өө, үнэхээр онож хэллээ шүү.

Тийм ээ, үнэхээр тийм. Өнгөрсөн амьдралынхаа нөхдүүдэд ч бас үүнийг сонсгох юмсан.

Зөв, зөв. Зүгээр л хар хүчээр бүхнийг шийдэх гэх нь утгагүй хэрэг.

Паул ч тун онож хэллээ. Би ч бас логик сэтгэлгээтэй хүн шүү дээ.

"Ойлголоо аав аа. Хүчтэй байхын учир нь охидын өмнө гангарч, сүр үзүүлэхэд л оршдог юм биз дээ!"

"……… Үгүй, тийм биш ээ."

Аан? Ярианы сэдэв тийшээ эргэхгүй байсан юм уу?

Өө, за за. Хэхэ.

"Тоглосон юм аа. Хүч чадал гэдэг сул доройг хамгаалах гэж байдаг биз дээ?"

"Ммм, тийм ээ."

Ингэж ярилцаад дуусах үед би ургамал судлалын нэвтэрхий толийг сугандаа хавчин, Роксигийн бэлэглэсэн савааг бүсэндээ шургуулав. Гарахаар бэлдэж байгаад гэнэт нэг зүйл санаанд орж эргэн харлаа.

"Аан, тийм. Аав аа, би цаашдаа хааяа гадагш гарч байна. Гэхдээ хаашаа явахаа хүнд хэлнэ, бас илд, шидийн бэлтгэлээ таслахгүй. Үдшийн бүрий болохоос өмнө ирнэ, аюултай газар луу ч орохгүй."

"Аан…… Хөөх."

Ямар ч байсан тодорхой болгоод авсан нь дээр.

Паул гэнэт хэлэх үггүй болов.

Уг нь энэ үгийг та л хэлэх ёстой байсан юм биш үү?

"За, би явлаа."

"……………Болгоомжтой яваарай."

Ингээд л би хаалгаар гарч одов.

—

Хэдэн өдөр өнгөрлөө.

Гадаад ертөнц тийм ч аймшигтай биш юм байна. Бүх зүйл жигдэрч байна. Хажуугаар зөрсөн хүмүүстэйгээ ч хөгжилтэй мэндэлж байна.

Хүмүүс ч намайг таньдаг болжээ. Паул болон Зенитийн хүү, Роксигийн шавь гэдгээр минь.

Анх удаа таарч байгаа хүмүүст өөрийгөө танилцуулна. Хоёр дахь удаагаа таарвал Сайн уу гэж мэндэлнэ. Хүн бүр л өөдөөс минь инээмсэглэн хариулна.

Ингэж тайвширсан мэдрэмж аваагүй их удсан байна.

Үүний тал хувь нь Паул болон Зенитийн нэр хүндийн ач, үлдсэн нь Роксигийн ач юм.

Энэ бүхэн үндсэндээ Роксигийн хичээл зүтгэл.

Ариун эд зүйлээ (дотоож) би маш сайн хадгална аа.

—

За тэгэхээр...

Гадагш гарахын зорилго бол өөрийн хөлөөр (гуравдах хөлөө ч оруулаад) явж, эргэн тойрныхоо газарзүйг тогтоох юм.

Хэрэв тогтоочихвол гэрээсээ хөөгдөж, охидын банзлын араас гүйхээр гарсан ч төөрөхгүй.

Бас нэгэн зэрэг ургамлуудыг ч судалж үзэх бодолтой байна.

Дашрамд хэлэхэд, надад ургамал судлалын нэвтэрхий толь байгаа болохоор юу нь идэж болдог, юу нь хортой, аль нь эмийн ургамал болохыг ялгаж чадна... Өлссөн үедээ тэдгээрийг таньж мэдэх нь хэрэг болно шүү.

Ингэж чадвал гэрээсээ хөөгдсөн ч өлсөж үхэхгүй нь лавтай.

Рокси надад тосгоны ургамал, улаан буудай, хүнсний ногоо болон сүрчиг хийхэд ашигладаг орцуудын талаар бүдүүвч төдий ойлголт өгсөн юм.

Сүрчиг хийхэд ашигладаг орц нь лаванда цэцэгтэй төстэй Бардиус гэх нэртэй ургамлын цэцэг аж.

Бүдэг ягаан өнгөтэй, бас идэж болдог ургамал.

Нүдэнд туссан ургамлуудаа нэвтэрхий тольтойгоо харьцуулан ажиглалаа.

Гэвч тосгон тийм ч том биш болохоор ургамлын төрөл зүйл цөөхөн юм.

Хэдэн өдрийн дараа явдаг зам минь улам тэлж, ойн зүг чиглэн алхах боллоо.

Ойд бол төрөл бүрийн ургамал их бий.

"Цуу яриагаар бол ойн гүнд мана амархан хуримтлагддаг болохоор илүү аюултай гэнэ."

Мана амархан цуглардаг газруудад мангас үүсэх магадлал өндөр байдаг. Учир нь амьтад манагийн нөлөөгөөр гэнэтийн өөрчлөлтөд ордог юм.

Ойд яагаад мана амархан цуглардагийг би мэдэхгүй ч, энэ хавьд мангас тун цөөн. Учир нь тосгоныхон үе үе ан хийж, цэвэрлэдэг болохоор аюулгүй байдаг.

Мангасын ан гэдэг нь үгчилбэл яг л тийм утгатай. Сар бүр баатрууд, анчид болон тосгоны эрчүүдээс бүрдсэн эргүүлийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ойд орж, мангасуудыг устгадаг.

Гэхдээ ойн гүнд аймшигт мангас байх магадлалтай гэж ярилцдаг.

Би шидийн урлаг мэддэг, тодорхой хэмжээний тулааны чадвартай ч, урьд өмнө хэзээ ч тулалдаж үзээгүй NEET шүү дээ.

Ихэрхэж болохгүй.

Надад бодит тулааны туршлага байхгүй. Хэтэрхий тайвширч байгаад алдаа гаргавал тун ч бүтэхгүй хэрэг болно.

Манга зохиолуудад ийм байдлаар үхэж байгаа хүмүүсийг би зөндөө харсан...

Бас би тийм ч халуун цуст нэгэн биш. Тулаанаас зайлсхийх нь хамгийн зөв сонголт гэж боддог.

Хэрэв ямар нэгэн амьтан таарвал би шууд л Паул дээр очиж мэдэгдэнэ.

Яг л тэгнэ.

Ингэж бодонгoо жижигхэн толгод өөд өгсөв.

Тэнд сүндэрлэсэн ганц том мод байна.

Энэ хавийн хамгийн том мод нь энэ бололтой.

Би эндхийн моднуудаас аль нь хамгийн том болохыг шалгахаар төлөвлөж байлаа.

Яг тэр мөчид.

"Чөтгөрүүд энд байж болохгүй!"

Салхиар дамжин ирэх дуу хоолой.

Энэ нь миний үзэн яддаг дурсамжийг санагдууллаа.

Намайг NEET болж гэртээ бүгэхэд хүргэсэн тэр л зүйл.

Тэр үед намайг "Шодой хүү" хэмээн хочилж байсан хар дарсан зүүд шиг өдрүүд санаанд оров.

Яг л тэр үед намайг доромжилж байсан хүмүүсийнхтэй тун төстэй дуу хоолой сонсогдох аж.

Дээрэлхэгчдийн л гаргадаг тод, өвөрмөц өнгө аяс.

"Зайл!"

"Үүнийг ид!"

"Би оночихлоо!"

Би тийшээ хартал сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас шалбааг болсон талбай харагдав. Тэнд шаварт хутгалдсан гурван хүүхэд нэгэн жижигхэн хүү рүү шавар шидэлж байлаа.

"Толгойг нь оновол 10 оноо!"

"За!"

"Би оночихлоо! Би оночихлоо!"

Хөөх, үнэхээр уур хүрмээр юм. Дээрэлхэгчдээ гэж. Эдгээр танхайчууд нийгмийн доод давхаргынхныг юу ч хийсэн яах вэ гэж боддог бололтой. Хийн буу худалдаж аваад л хүн рүү бууддаг. Хүн рүү буудаж болохгүй гэдгийг тодорхой заасан байдаг ч тэднийг хүн гэж ч тоодоггүй аж.

Тэднийг хүн гэж үзэхгүй байгаа хэрэг.

Тэр жижигхэн хүүгийн тухайд гэвэл, хурдхан шиг зугтаачихвал болохсон, гэтэл яагаад ийм удаан байгааг нь ойлгосонгүй.

Би дахин сайн ажиглавал, тэр хүү цээжин дээрээ ямар нэгэн сагс тэвэрч, шавраас хамгаалж байгаа нь харагдав.

Тийм болохоор л дээрэлхэгчдийн дайралтыг зайлж чадахгүй байж.

"Тэр нэг юм тэвэрч байна!!"

"Чөтгөрийн эрдэнэс байх!"

"Хаа нэгтээгээс хулгайлсан биз!"

"Тэр сагсыг оновол 100 оноо!"

"Эрдэнэсийг нь булаа!"

Би дээрэлхэгч хөвгүүд рүү гүйх зуураа шидээр шавар бөмбөлөг бэлдэв. Шидэх зайд ойртоод л бүх хүчээрээ шидлээ.

"Яаа!"

"Яав аа!?"

Би ахлагч бололтой хүүгийн нүүрийг оночихлоо.

"Ёо ёо, нүд рүү орчихлоо."

"Чи чинь юу хийж байгаа юм бэ!!"

"Чамд хамаагүй бол яг одоо зайл!!"

"Чи чөтгөрийн омгийнхны талд орох гээд байгаа юм уу!!"

Тэдний дайралт тэр дороо над руу чиглэв.

Энэ ертөнцөд ч ялгаагүй, бүх зүйл ижилхэн аж.

"Би чөтгөрийн талд ороогүй. Би сул доройн талд зогсдог хүн."

Би бардам хэлсэн ч нөгөө хөвгүүд өөрсдийгөө шударга ёсны талд байна гэж итгэж байгаа бололтой.

"Чи юундаа сүрхий аашлаад байгаа юм бэ!!"

"Чи тэр хүлэгт баатрын хүүхэд биз дээ!!"

"Язгууртан, залуу эзэн, ха!"

Яана даа, энэ ч муу юм боллоо. Миний хэн болохыг мэдчихэж.

"Баатрын хүүхэд байж ийм үйлдэл хийх нь зөв гэж бодож байна уу!!"

"Баатрууд чөтгөрийн омгийнхны талд орсон гэдгийг бусдад хэлнэ дээ!!"

"Ах нараа дуудаарай, хурдан ир гэж хэл!"

"Ахаа!! Энд нэг хачин хүн байна!!"

Хүүхдүүд "Холбоотон дуудах" чадвараа ашиглаж байна!

Гэхдээ энэ нь огтхон ч үр дүнгүй. Гэсэн ч миний хөл чичрээд эхэллээ!

Бурхан минь, эсрэг талд ердөө гурван хүүхэд байхад тэдний хашхирах дуунаас болоод хөл минь чичрээд эхэлдэг нь үнэхээр ичгэвтэр юм.

Энэ чинь NEET байхдаа дээрэлхүүлснээс болсон хэрэг үү дээ……

"А-амаа татаач! Гурвуулаа байж нэг хүнийг дээрэлхэж байгаа чинь бүр долоон дор юм!"

Тэд "Айн?" гэсэн шиг л гайхан харав.

Ядаргаатай гэж.

"Чи л өөрөө ядаргаатай байна, мулгуу минь, юундаа хашхичаад байгаа юм!!"

Уур хүрээд тэдэн рүү шавар шидлээ. Оносонгүй.

"Муу тэнэг чинь!!"

"Энэ нөхөр хаанаас шавар олж ирсэн юм бэ!!"

"Яадаг юм, буцаагаад л шид!"

Тэд над руу гурав дахин их шавар шидэж эхлэв. Би Паулын зааж өгсөн зүйлсийг ашиглан, шидэж буй бүхнийг нь уран нарийн аргаар зайлсхийлээ.

"О-онож чадахгүй нь ээ!!"

"Яагаад зайлсхийгээд байгаа юм!!"

Хахаха, намайг онож чадахгүй бол ямар ч хэрэггүй дээ!

Тэд хэсэг хугацаанд шидсээр байсан ч намайг онож чадахгүйгээ ойлгоод, уйтгартай санагдсан бололтой зогсов.

"Аа~ах! Уйтгартай юм!!"

"Явцгаая!!"

"Баатрын хүүхэд чөтгөрийн омогтой нэгдсэн гэдгийг бусдад хэлнэ дээ!!"

Бид ялагдсангүй. Зүгээр л тоглохоос залхсан хэрэг.

Иймэрхүү үгс урсгасаар, тэр гурван сахилгагүй хүүхэд буудайн талбайн нөгөө тал руу алхаад явчихлаа.

Амжилт! Амьдралдаа анх удаа дээрэлхэгчдийг ялчихлаа!

З-за яах вэ, бахархаад байх ч зүйл биш л дээ.

Бодож үзэхэд, би одоо ч зодоон цохиондоо тааруу юм. Ямартай ч зодоон бололгүй дууссан нь сайн хэрэг.

"Хөөе, зүгээр үү? Юм чинь эвдэрч гэмтээгүй биз дээ?"

Ямартай ч би толгойгоо эргүүлж, тэдний шидсэн шаварт оногдсон хүү рүү харлаа……

"Хөөх……"

Тэнд яг л өөрийнх нь насных биш юм шиг санагдах үзэсгэлэнт хүү зогсож байв.

Хүүхдэд ахадсан урт үс, баримал шиг сийлсэн хамар, жижигхэн хөөрхөн уруул, хурц эрүү. Шаазан мэт цагаан арьс нь айсан туулай мэт төрхтэйгээ нийлээд хэлж баршгүй гоо үзэсгэлэнг бүрдүүлж байлаа.

Чөтгөр гэж. Хэрэв Паул арай илүү үзэсгэлэнтэй байсан бол би ч бас……

Үгүй дээ, Паул ч бас муугүй. Зенит ч гэсэн маш сайхан царайтай.

Энэ царайнд ямар ч асуудал алга.

Өөх тосоор дүүрэн өмнөх царайтайгаа харьцуулбал ямар ч асуудалгүй.

Тийм ээ, гарцаагүй.

"Аан…… Нөгөө… Би з-зүгээр ээ…"

Хүү над руу сул дорой харцаар харав.

Тэр яг л бяцхан амьтан шиг харагдах бөгөөд ямар ч хүнд түүнийг хамгаалах хүсэл төрүүлэм ажээ.

Хэрэв ямар нэгэн шотакон эгч нар түүнийг харвал шууд л сэтгэл нь татагдах нь гарцаагүй.

Гэвч одоо тэр бүхэлдээ шаварт хутгалдсан байлаа.

Хувцас нь шавар болж, нүүрнийх нь тал нь шавраар хучигдан, үс нь хүртэл шавар шиг өнгөтэй болжээ.

Сагсаа хамгаалж үлдсэн нь үнэхээр гайхамшиг юм.

Өөр арга алга.

"Юмаа тавиад, тэнд байгаа ус зайлуулах сувгийн хажууд сөхөрч суугаад хүлээж бай."

"Аан……? Юу……?"

Гайхширсан ч яагаад ч юм хэлснээр минь хийв. Яг л тушаалыг эсэргүүцэж чаддаггүй хүн шиг.

За яах вэ, хэрэв эсэргүүцэж чаддаг байсан бол саяхан хариу барих байсан биз.

Бяцхан хүү дөрвөн хөллөн ус зайлуулах сувгийг харан суулаа.

Хэрэв ямар нэгэн шотакон ах үүнийг харсан бол хууль бус зүйл хийх нь гарцаагүй байх даа……

"Нүдээ аниарай."

Би галын шид ашиглан усны температурыг тохирууллаа. Дөчин хэм орчим бүлээн ус үүсгээд хүүгийн дээрээс асгав.

"Ааа!!"

Сандарч мэгдсэн хүүгийн хүзүүнээс бариад үсэнд нь наалдсан шаврыг угааж эхлэв. Эхэндээ эсэргүүцсэн ч бүлээн усанд дасаад ирсэн үү яасан чимээгүй боллоо.

Хувцасны хувьд бол…… за яах вэ, гэртээ хариад угаасан нь дээр байх.

"За, боллоо."

Шаврыг нь угааж дуусаад, галын шидээр үс хатаагч шиг халуун агаар үлээлгэн, алчуураар нүүрийг нь болгоомжтой арчив. Тэгтэл Эльфүүдийнх шиг урт чих, маргад эрдэнийн өнгөтэй үс нь ил гарч ирэв.

Тэр өнгийг хармагц Роксигийн хэлсэн үг санаанд оров.

"Маргад эрдэнийн өнгөтэй үстэй омог руу огт бүү ойрт."

Аан?

Үгүй ээ, арай өөр юм байна. Санаж байгаагаар бол……

"Духан дээрээ бадмаараг чулуутай, маргад эрдэнийн өнгөтэй үстэй хүмүүс рүү бүү ойрт."

Тийм ээ, яг зөв. Духан дээрээ бадмаараг чулуутай омог гэсэн үг.

Харин энэ хүүгийн дух том, бас цагаан өнгөтэй. За, аюулгүй юм байна. Тэр аюултай Сүперд омогт хамаарахгүй нь.

"Б… баярлалаа……"

Түүнийг талархахад би сая нэг юм бодит байдалдаа эргэн ирэв. Хөөе, хөөе, бага зэрэг цочирдчихлоо шүү.

Би ичсэндээ ч тэр үү, өөртөө итгэлтэйгээр зөвлөгөө өгөхөөр шийдэв.

"Хөөе, чи. Хэрэв эсэргүүцэхгүй бол тэд чамайг үргэлж дарамталсаар л байх болно."

"Би дийлэхгүй шүү дээ……"

"Хамгийн гол нь эсэргүүцэх хүсэл зоригтой байх хэрэгтэй."

"Гэхдээ тэд үргэлж том хүүхдүүд байдаг…… Би өвдөхөөс айдаг……"

Ойлголоо. Хэрэв эсэргүүцвэл тэд бусдыгаа дуудаж ирээд бүр мөсөн дарахыг оролдох байх л даа? Энэ бол аль ч ертөнцөд адилхан л байдаг зүйл.

Роксигийн хичээл зүтгэлийн ачаар насанд хүрэгчид чөтгөрийн омгийнхныг хүлээн зөвшөөрдөг болсон ч, хүүхдүүд бол өөр. Заримдаа тэд дэндүү хэрцгий байдаг. Хэн нэгэн нь бага зэрэг өөр байхад л тэд тэр хүнийг гадуурхдаг.

"Чамд хэцүү л байгаа байх даа. Үс чинь Сүперд омогныхтой адилхан болохоор л дээрэлхүүлж байгаа юм байна."

"Ч-чи үүнд зүгээр юм уу……?"

"Миний багш бас чөтгөрийн омгийнх болохоор тэр. Чи өөрөө ямар омгийнх юм бэ?"

Рокси бол Мигурд омогийг Сүперд омогтой ойрхон гэж хэлж байсан. Магадгүй энэ хүү ч гэсэн ямар нэг тиймэрхүү угсаатай байж мэдэх юм.

Би иймэрхүү бодолтойгоор асуусан ч бяцхан хүү толгой сэгсэрлээ.

"……Би мэдэхгүй ээ."

Хм, мэдэхгүй гэнэ ээ? Нас нь бага болохоор тэр юм болов уу?

"Аав чинь ямар омгийн хүн бэ?"

"……Аав хагас хүн, хагас элф."

"Харин ээж чинь?"

"Хүн, гэхдээ арай бага араатан омгийн цус холилдсон……"

Хагас элф, дээр нь дөрөвний нэг араатан омгийн цус уу? Тийм болохоор л үс нь ийм өнгөтэй байж……?

Би ийн бодож суутал хүүгийн нүднээс нулимс бүрхэв.

"……Тийм болохоор л, аав намайг чөтгөрийн омгийнх биш гэж хэлдэг ч…… миний үсний өнгө аав, ээж хоёроос тэс өөр болохоор л……"

Би хүүгийн толгойг илж тайвшрууллаа. Гэхдээ үсний өнгө нь өөр байна гэдэг том асуудал л даа. Ээж нь өөр хүнтэй завхайрсан байх магадлал ч байна.

"Үсний өнгөнөөс өөр ялгаатай зүйл байна уу?"

"……Чих минь аавынхаас илүү урт……"

"Тийм байх нь ээ……"

Ногоон үстэй, урт чихтэй шидэт омог гэлүү…… хаа нэгтээ ийм омог байх боломжтой л юм. Хүний гэр бүлийн асуудалд хэт гүнзгий оролцохыг хүсэхгүй байгаа ч, өөрөө бас дээрэлхүүлж явсан хүний хувьд энэ хүүд туслах нь зөв байх. Зөвхөн үсний өнгөнөөсөө болж дээрэлхүүлнэ гэдэг дэндүү гунигтай хэрэг.

Миний дээрэлхүүлж байсан нь ч бас зарим талаараа миний буруу байсан. Гэхдээ энэ хүүгийн хувьд бол өөр. Дахин төрөөд өөрийгөө хамгаална гэдэг боломжгүй зүйл.

Тэр төрснөөсөө хойш л үс нь бага зэрэг ногоон өнгөтэй байсныхаа төлөө шаварт хулгалдаж иржээ. Ий…… үүнийг бодохоос л айгаад шээс алдах нь.

"Аав чинь чамд сайн уу?"

"………Тийм ээ. Уурлахаараа аймаар ч гэсэн, үгэнд нь орвол уурладаггүй."

"Тийм үү. Ээж чинь ямархуу хүн бэ?"

"Ээж их дөлгөөн хүн."

Хо. Хүүгийн дууг сонсоход эцэг эх нь түүнд маш их хайртай бололтой. Үгүй ээ, иймэрхүү зүйлийг шууд дүгнэж болохгүй л дээ.

"За, явцгаая."

"……Явах аа, хаашаа явах юм бэ?"

"Би чамайг дагаад явъя."

Хүүг дагаж очвол эцэг эхтэй нь уулзаж болох л юм. Энэ бол маш логиктой шийдвэр.

"……Я-яагаад намайг дагах гэж байгаа юм бэ?"

"Нөгөө хэд эргээд ирж магадгүй шүү дээ. Чамайг хамгаалаад өгье. Гэр лүүгээ харих гэж байгаа юм уу? Эсвэл наад сагстай юмаа хаа нэгтээ хүргэж өгөх юм уу?"

"Би аавдаа…… хоол хүргэж өгөх гэж байгаа юм……"

Түүний аав хагас элф гэсэн бил үү?

Үлгэр домогт гардаг эльфүүд урт насалдаг, ганцаараа байхыг эрхэмлэдэг, бусад омгийнхныг дээрээс хардаг ихэрхүү хүмүүс байдаг. Тэд нум сум харвах, шидийн урлагт, ялангуяа ус болон салхины шидэд гаргууд. Мэдээж, урт чихтэй нь үнэн.

Харин Роксигийн хэлснээр бол: "Дүрслэл нь ерөнхийдөө таарч байгаа ч тэд тийм ч хаалттай омог биш."

Тэгээд ч эльфүүд бүгд үзэсгэлэнтэй байдаг гэж үү? Үгүй дээ, энэ бол зөвхөн Японы төсөөлөл. Өрнөдийн тоглоомуудад тэд турьхан, сул дорой харагддаг, тийм ч үзэсгэлэнтэй биш. Соёлын ялгаа гэдэг сонин шүү.

Гэхдээ энэ хүүг харахад эцэг эх нь ямар сайхан хос байсан нь илт.

"Та... яагаад намайг хамгаалж байгаа юм бэ?"

Хүү ээрч мууран асуух нь өөрийн эрхгүй өрөвдөж, хамгаалах сэтгэл төрүүлнэ.

"Манай аав сул дорой нэгний талд зогсох нь эр хүний үүрэг гэж хэлдэг юм."

"Гэхдээ... бусад хүмүүс чамайг жигшиж магадгүй шүү дээ."

Үнэн л юм.

Дээрэлхүүлж буй хүнд тусалбал адилхан дээрэлхүүлнэ гэдэг бичигдээгүй хууль бий.

"Тэгвэл өнөөдрөөс хоёулаа найзууд болъё. Хамт тоглох уу?"

"Ээ!?"

Ингээд л бид хоёр нэг баг боллоо.

Дээрэлхэл гэдэг тусламж авсан хүн нь туслагчаасаа урваснаар улам газар авдаг. Тусламж авсан хүн хариуцлагатай байж, талархах ёстой. Хэдийгээр энэ хүүгийн нөхцөл байдал өөр ч, түүнийг дээрэлхэж буй шалтгаан нь илүү гүнзгий үндэстэй бололтой. Тэр намайг урваж, дээрэлхэгчидтэй нийлнэ гэж бодохгүй байна.

"Аан, гэрийн ажилд туслах хэрэгтэй юу?"

"Ү-үгүй ээ."

Түүний бодлыг сонсох гэсэн ч хүү сул дорой харцаар толгой сэгсэрлээ.

Түүний энэ төрх үнэхээр гайхалтай. Ийм царайлаг хүүг хараад шотакон эгч нар лав зүгээр өнгөрөхгүй биз.

Энэ санаа ч бас дажгүй шүү.

Түүний царайлаг төрх охидын дунд алдартай болох нь тодорхой. Тэгвэл би түүнтэй хамт байхад үлдсэн охидын анхаарал надад тусах ч юм билүү. Миний царай онцгойрч харагдахгүй ч бид хоёр хамт зогсвол "сайн хослол" шиг л харагдана.

Өөртөө итгэлгүй охид надад татагдах байх.

Надад өөртөө хэт итгэлтэй охидоос илүү тийм охид таалагддаг.

Энэ арга ажиллах ёстой. Охид өөрсдийн гоо үзэсгэлэнгээ тодотгохын тулд царай муутай хүмүүстэй хамт явдаг. Харин би эсрэгээр нь хийх болно.

"Сил...ф"

Тэр нам дуугаар шивнэхэд сүүлчийн үгийг нь сайн сонссонгүй. Силф гэж үү?

"Гайхалтай нэр юм. Салхины сүнс шиг л сонсогдож байна."

Намайг ийн хэлэхэд Силф нүүр нь улайж, толгой дохив.

—

Силфийн аав ч бас сайхан залуу байлаа.

Урт үзүүртэй чих, гялалзсан алтлаг үс, булчин шөрмөсгүй, турьхан бие. Тэр "Хагас элф"-ийн нэр хүндийг нэг ч үгээр гутааж чадсангүй. Харин ч элф ба хүний сайхан чанаруудыг бүхэлд нь өвлөж авсан эрэгтэй хүүхэд байв.

Тэр харуулын цамхгийн орой дээр зогсож, гартаа нум барин ой руу анхааралтай харан зогсож байлаа.

"Ааваа, энэ... өдрийн хоол..."

"Аан, чамайг үргэлж чирэгдүүлж байгаад уучлаарай, Лүффи. Өнөөдөр дээрэлхүүлээгүй биз?"

"Үгүй ээ, хэн нэгэн надад тусалсан."

Түүний харцаар дохиход би зүгээр л инээмсэглэн мэндлэлээ.

Лүффи гэдэг нь түүний хоч байх нь ээ. Гэхдээ яагаад ч юм, тэр хүү удахгүй гэнэт гар нь сунаж, том болох гэж байгаа мэт санагдана.

Хэрэв Силф ийм өөдрөг байсан бол, бараг л дээрэлхүүлэхгүй байх даа.

"Танилцсандаа таатай байна. Намайг Рүдеүс Грейрат гэдэг."

"Грейрат... Паулын хүүхэд мөн үү?"

"Тийм ээ, Паул бол миний аав."

"Өө, сонссон юм байсан. Үнэхээр эелдэг хүүхэд юм аа. Өө, уучлаарай, намайг Роулс гэдэг. Би ихэвчлэн ойд ан хийхээр явдаг."

Түүний яриагаар бол энэ харуулын цамхаг нь ойгоос мангас ирэх эсэхийг ажиглах зориулалттай юм байна. Өдөр шөнөгүй эргүүл хийдэг тосгоны эрчүүдийн ээлжинд Паул ч гардаг бөгөөд Роулс түүнтэй өмнө уулзаж, хүүхдүүдийнхээ талаар ярилцаж байсан бололтой.

"Манай хүүхэд өвөг дээдсээ дуурайсан болохоор л ийм харагддаг юм. Энэ хүүхэдтэй сайн найзлаарай."

"Мэдээж. Силф Сүперд омогт харьяалагддаг байсан ч миний хандлага өөрчлөгдөхгүй. Би аавынхаа нэрээр тангараглая."

Роулс энэ үгийг сонсоод биширсэн өнгөөр дуу алдав.

"Чи ийм бага насандаа хүндлэлийн тухай ийм сайн ойлгодог байх нь ээ... Паулд атаархаж байна шүү."

"Бага байхдаа мундаг байсан гээд үргэлж тийм байдаггүй шүү дээ. Атаархах гэж яарах хэрэггүй ээ. Силф том болохыг хүлээж болно."

Би Силфийг тайвшруулахыг оролдож байв.

"Тийм байх нь ээ... Чи яг л Паулын ярьж байсан шиг хүүхэд юм."

"...Аав юу гэж хэлсэн юм?"

"Тэр чамтай ярилцах болгондоо эцэг хүний хувьд өөртөө итгэх итгэлээ алддаг гэдэг."

"Тийм гэж үү? За яах вэ, одооноос эхлээд аав намайг зэмлэж чадахаар буруу зүйлс хийж байя даа."

Биднийг ярилцаж байх зуур ханцуйнаас минь татаж байлаа. Эргээд харахад Силф толгойгоо гудайлгаад миний ханцуйнаас татаж байсан юм. Томчууд ярилцаж байх нь хүүхдэд уйтгартай болдог бололтой.

"Роулс-сан, бид жаахан тоглож болох уу?"

"Аан, болно доо. Гэхдээ ойд битгий ойртоорой."

Энэ сануулга хэлэх шаардлагагүй байсан ч... магадгүй хангалттай байсангүй юм шиг санагдана.

"Биднийг ирэхэд толгод дээр нэг том мод харагдсан. Бид тэнд очиж тоглоё, нар жаргахаас өмнө Силфийг авчирч өгнө. Харин таныг гэртээ ирэхэд бид алга байвал ямар нэгэн асуудал гарсан байх магадлал өндөр тул биднийг хайж олохыг хүсье."

"Аан... За."

Энэ ертөнцөд гар утас гэж байх биш. Тиймээс мэдээлэл солилцож, харилцаа холбоогоо сайтар зохицуулах хэрэгтэй.

Аливаа гэнэтийн ослоос бүрэн сэргийлнэ гэж үгүй. Тийм болохоор асуудал үүсвэл дор нь арга хэмжээ авах нь чухал.

Энэ улсад аюулгүй байдал харьцангуй сайн ч, хаана ямар аюул отож байгааг хэн мэдэх билээ.

Роулсын гайхширсан харцны дор бид толгод дээрх том мод руу алхав.

"За, тоглох уу?"

"М-мэдэхгүй ээ... Би урьд нь х-хүүхдүүдтэй тоглож үзээгүй..."

Силф "найз нөхөд" гэдэг үгнээс жаахан эмээж байгаа бололтой. Түүнд урьд нь найз гэж байгаагүй байх.

Чамлалттай юм. Хэдийгээр одоо надад ч бас найз байхгүй ч гэсэн.

"Хмм. Бодоод байх нь ээ, би ч бас өдийг хүртэл гэртээ бүгдэг хүн байж. Тэгвэл юу тоглох уу?"

Силф гараараа оролдонгоо толгойгоо өргөж над руу харлаа.

Бид хоёр бараг ижилхэн өндөртэй ч, тэр биеэ бөхийлгөн байж над руу ширтэнэ.

"Ээ, чи яагаад 'би' гэдгээ заримдаа 'боку', заримдаа 'орэ' гэж солиод байгаа юм бэ?"

"Хмм? Аан. Хүний байр сууринаас хамаараад яриагаа өөрчлөхгүй бол бүдүүлэг харагддаг юм. Өөрөөсөө дээгүүр албан тушаалтай хүнтэй ярихдаа хүндэтгэлийн үг хэрэглэх шаардлагатай."

"Хүндэтгэлийн үг?"

"Сая миний ярьсан шиг."

"Хмм?"

Тэр ойлгоогүй бололтой, гэхдээ энэ бол аажмаар суралцах зүйл.

Хүн гэдэг ингэж л том болдог юм.

"Үүний оронд саяны юмыг надад зааж өгөөч."

"Саяных гэдэг нь?"

Силф нүдээ цавчиж, гараараа дохин тайлбарлав.

"Чиний гараас гарсан халуун ус, бас үлээсэн бүлээн салхи. Түүнийг."

"Аан... Тэр үү."

Түүний бие дээрх шаврыг угаах гэж хэрэглэсэн шид минь байж.

"Хэцүү юу?"

"Хэцүү ч гэсэн, дасгал хийвэл хэн ч чадах... байх аа."

Сүүлийн үед миний манагийн нөөц хэр их болсныг ч мэдэхээ байжээ. Тэгээд ч эндхийн хүмүүсийн манагийн дундаж хэмжээг би сайн мэдэхгүй юм.

Гэхдээ л энэ бол зүгээр л ус халаах галын шид шүү дээ. Хэрэв үг хэлэлгүйгээр даруй халуун ус гаргах биш бол, Холимог Шидийг ашиглан хэн ч үүнийг давтаж чадах байх. Тиймээс гайгүй биз. Магадгүй л юм.

"За ойлголоо. Өнөөдрөөс эхлээд бид тусгай бэлтгэл хийнэ шүү!"

Силф бид хоёр бүрий болтол ингэж тоглоцгоов.

—

Гэртээ иртэл Паул ууртай байгаа бололтой. Үүдний өрөөнд гараа ташаандаа авчихсан, уур хилэн нь нүүрэн дээр нь илт тодорч зогсоно.

Хмм, би ямар нэгэн буруу зүйл хийчихэв үү? Бодоод үзэхэд, нандигнан хадгалж байсан ариун эд зүйл (эмэгтэй хүний дотоож) маннь л илчлэгдээгүй бол өөр зүйл санахгүй байна...

"Аав аа, би ирлээ."

"Яагаад уурлаад байгааг минь мэдэж байна уу?"

"Үгүй ээ."

Мэдэхгүй царайлах нь дээр. Хэрэв тэр... ариун эд зүйл маань илчлэгдээгүй бол, өөрөө өөрийнхөө булшийг ухах хэрэггүй биз.

"Саяхан Хатагтай Ада ирээд явсан. Чи түүний хүү Сомарыг зодсон юм байх аа."

Ада, Сомар. Хэн билээ?

Урьд өмнө сонсож байгаагүй нэрсээ бодож эхлэв. Уг нь би энэ тосгонд хүмүүстэй зүгээр л мэндэлдэг байсан. Өөрийгөө танилцуулаад л, тэд ч бас нэрээ хэлдэг. Тэдний дунд Ада гэдэг нэртэй хүн байсан бил үү? Байсан ч юм шиг, үгүй ч юм шиг...

Хмм? Түр хүлээгээрэй.

"Өнөөдрийн тухай ярьж байна уу?"

"Тийм ээ."

Өнөөдөр би Силф, Роулс болон нөгөө гурван жаалтай таарсан. Тэгэхээр Сомар тэр гурвын нэг нь байх нь ээ?

"Би түүнийг зодоогүй. Зүгээр л шавар шидсэн юм."

"Би сая юу гэж хэлснийг санаж байна уу?"

"Хүчтэй байна гэдэг нь гоё харагдахын тулд биш гэж үү?"

"Яг зөв."

Өө, тийм байх нь ээ.

Ойлгомжтой. Бодож үзэхэд, нөгөө хэд маань намайг чөтгөрийн омгийнхны холбоотон болсон гэж зарлана гэж байсан. Тэд надад ямар гээч худал зүйлс тохсоныг мэдэхгүй ч ямартай ч бүгд над руу чиглэжээ.

"Аав яг ямар цуу яриа сонссоныг мэдэхгүй юм байна, гэхдээ..."

"Үгүй!! Хэрэв буруу зүйл хийсэн бол эхлээд уучлалт гуйх ёстой!!"

Би ширүүн зэмлүүлж эхлэв. Тэр яг юу сонссоныг мэдэхгүй ч, ямар ч байсан намайг сэжиглэж байгаа шинж алга. Ямар залхмаар юм бэ. Ийм нөхцөлд Силфийг дээрэлхэж байсан болохоор нь тусалсан гэж хэлсэн ч худал үг шиг л сонсогдоно. Гэхдээ л эхнээс нь тайлбарлахаас өөр аргагүй.

"Уг нь би замдаа явж байхдаа..."

"Шалтаг тоочихоо боль!!"

Паул улам бүр тэвчээр алдаж байна. Худал үг байтугай, энгийн тайлбар ч түүний чихэнд орохгүй нь. Эхлээд уучлалт гуйх нь зөв ч, Паулын энэ арга барил таалагдахгүй байна. Ирээдүйд дүү нар маань ийм шударга бус харьцаатай тулгарахыг би хүсэхгүй байна. Ийм хүмүүжил огт болохгүй.

"..."

"Чи яагаад дуугай болчихов? Юу болсон юм?"

"Яагаад гэвэл миний хэлэх гэсэн бүхнийг та шалтаг гэж хүлээж аваад, намайг зэмлэх гэж л яарч байна шүү дээ."

"Чи юу гэнэ ээ!?"

Паул уурандаа галзуурах шахан над руу ширтэв.

"Уурлаж бухимдаад, юу ч сонсохгүйгээр хүүхдийг шууд уучлалт гуйхыг албадах... Томчуудын энэ арга барил үнэхээр амархан бөгөөд тохиромжтой байдагт атаархах юм."

"Рүди!!"

Паа! Нүүр рүү минь хүчтэй алгадах нь тэр. Би алгадуулчихлаа.

Гэхдээ энэ ч хүлээх л ёстой зүйл байлаа. Хэн нэгнийг өдөж хоргоосон бол алгадуулах нь тодорхой. Мэдээж ийм юм болно л доо.

Тиймээс би хөдөлгөөнгүй зогслоо. Бараг хорь шахам жил хүнээс алгадуулаагүй байсан юмсан...

Үгүй дээ, гэрээсээ гарахдаа л хүн бүрт нүдүүлж байсан болохоор таван жил л болж байна.

"Аав аа, би сайн хүүхэд байхын тулд чадах бүхнээ хийсэн. Эцэг эхийнхээ сургаалийг хэзээ ч зөрчөөгүй, бүхий л хүч чадлаараа хичээж зүтгэж ирсэн."

"Тэр чинь өнөөдрийнхтэй ямар ч хамаагүй биз дээ?"

Паул намайг цохино гэж бодоогүй бололтой.

Тэр илт сандарч, эргэлзэж байлаа.

За, энэ ч сайн хэрэг.

"Үгүй, бүх зүйл хамаатай. Би аавынхаа итгэлийг олж, сэтгэл амар амьдрах гэж хичээсэн ч аав миний тайлбарыг сонсох ч үгүй, огт танихгүй хүний үгэнд орж, намайг загнаад, эцэст нь алгадаж байна."

"Гэхдээ тэр хүүхэд Сомар үнэхээр гэмтсэн шүү дээ..."

Тэр гэмтсэн гэж үү?

Би түүнийг яагаа ч үгүй. Өөрөө л унаж гэмтсэн юм биш үү?

Магадгүй өөрөө уначихаад жүжиглэсэн юм болов уу...

Ямартай ч харамсалтай юм. Үнэн зөв нь миний талд байна.

Санамсаргүй унасан гэдэг бол худлаа биш.

"Хэрэв тэр миний улмаас гэмтсэн байлаа ч би уучлалт гуйхгүй. Аавынхаа сургаалийг зөрчөөгүй болохоор, би үүнийг хийсэн гэж цээжээ дэлдэн хэлж чадна."

"...Хүлээ, яг юу болсон юм бэ?"

Өө, эцэст нь сонирхож эхэлж байна уу? За, сонсохгүй гэж зөрүүдлэх нь аавын л шийдвэр байсан шүү дээ.

"Та өөрөө тайлбар сонсохгүй гэж зөрүүдлээ биз дээ?"

Намайг ийнхүү хариу барихад Паулын царай барайж ирэв. Түүнд бас жаахан түлхэц хэрэгтэй бололтой.

"Санаа зоволтгүй дээ, аав аа. Гурван хүн хүч чадалгүй хүнийг зодож байхыг би хараагүй юм шиг л байя. Бүр болоогүй ээ, тэдэнтэй нэгдээд дөрвүүлээ нэг хүнийг зодсон ч яах вэ. Сул дорой нэгнийг дээрэлхэх нь Грейратын бахархалт сургаал гэж хаа сайгүй зарлаад өгье. Тэгээд том болоод гэрээсээ явахдаа Грейрат гэж нэрээ дуудуулахаа болино. Үгээр болон биеэр хүчирхийлж байгааг нь мэдсээр байж, зүгээр хараад суугаа тань намайг Грейрат гэж нэрлүүлэхээс ичмээр болгож байна."

Паул хэлэх үггүй болов.

Түүний царай эхлээд ногоорч, дараа нь улайх нь ихэд эргэлзэж байгааг илтгэнэ.

Тэр уурласан юм болов уу? Эсвэл өөр нэг түлхэц хэрэгтэй юу?

Бууж өг дөө, Паул. Би чинь ямар ч ялагдашгүй нөхцөл байдлаас гарах шалтаг олохдоо гаршсан хорь гаруй насны залуу байна. Жаахан л завсар зай байвал би маргааныг тэнцээ болгож чадна.

Дээр нь би бүрэн зөв талд нь байна.

Танд ялах ямар ч боломж байхгүй.

"...Уучлаарай. Аавынх нь буруу байж. Надад бүгдийг нь ярьж өгөөч."

Паул толгой гудайлган уучлалт гуйлаа.

Яг үнэн. Утгагүй зөрүүдлэх нь хоёр талд хоёуланд нь л таагүй шүү дээ.

Хэрэв буруутай бол зүгээр л уучлалт гуйчих хэрэгтэй. Энэ л хамгийн зөв гарц.

Сэтгэл санаа минь уужирч, болсон явдлыг дэлгэрэнгүй тайлбарлан ярив.

Толгод өөд өгсөж явахдаа хүмүүсийн дуу чимээ сонслоо. Гурван хүүхэд буудайн талбайгаас шавар шидэлцэж байв. Би тэдэн рүү хоёр удаа шавар шидэж, хэрэлдсэний эцэст тэд биднийг хэдэн үгээр доромжилж байгаад явцгаасан. Түүний дараа шид ашиглан хүүг цэвэрлэж, хамт тоглосон юм.

Ердөө л ийм зүйл.

"Тэгвэл уучлалт гуйх хэрэгтэй гэвэл, Сомар хамгийн түрүүнд Силфээс уучлалт гуйх хэрэгтэй байх нь. Биеийн шарх амархан эдгэрдэг ч сэтгэлийн шарх тийм амархан эдгэрдэггүй юм шүү."

"……Чиний зөв. Энэ бол эцгийн чинь буруу. Уучлаарай."

Паул ялагдсан мэт мөрөө унжуулна.

Түүнийг ийнхүү харахад өнөөдөр Роулсын хэлсэн үг санаанд оров.

"Тэр чамтай ярилцах бүртээ эцгийн хувиар өөртөө итгэх итгэлээ алдаад байх шиг санагдах юм."

Магадгүй Паул эцэг хүний хувьд өөрийн байр сууриа харуулах гэж надад хичээл заах гэж оролдсон ч юм билүү.

За яах вэ, тэр энэ удаад л бүтэлгүйтлээ.

"Уучлалт гуйх шаардлагагүй ээ. Хэрэв намайг буруу зүйл хийсэн гэж бодож байвал эргэлзэхгүйгээр зэмлээрэй, гэхдээ миний тайлбарыг ядаж сонсоорой. Хангалттай тайлбар биш эсвэл зүгээр л шалтаг мэт сонсогдож байсан ч, надад хэлэх гэсэн зүйл байдаг юм. Миний бодлыг ойлгохыг хичээгээрэй."

"Аан... Би анхаарах болно оо, гэхдээ чамайг алдаа гаргана гэж бодохгүй байна……"

"Тэгвэл үүнийг сургамжтай туршлага гэж үзээд, ирээдүйд төрөх дүү нарт минь ашиглаарай."

"……Тэгье дээ."

Паулын царай бүрэн ялагдсан, өөрийгөө шоолсон шинжтэй харагдана.

Би хэтрүүлчихэв үү? Таван настай хүүхдэд ялагдах гэж дээ. Ммм. Хэрэв би байсан бол бас л цочирдох байсан байх.

Энэ залуу эцэг болоход дэндүү залуу юм.

"Ингэхэд ааваа, та хэдэн настай билээ?"

"Хм? Хорин дөрвөн настай, яасан бэ?"

"Аан, ойлголоо."

Арван есөн настайдаа намайг төрүүлсэн гэсэн үг үү?

Гэрлэх дундаж насыг нь мэдэхгүй ч, хэрэв байнга мангас эсвэл дайн тулаантай нүүр тулгардаг бол арван есөн насандаа гэрлэх нь тохиромжтой хэрэг үү?

Надаас дүү залуу гэрлэчихсэн, хүүхдийнхээ боловсролд санаа зовж явна. Үнэнийг хэлэхэд, ажилгүй, орох оронгүй, гавьяа байгуулаагүй гучин дөрвөн настай би түүнтэй харьцуулахад юугаараа дээр юм бол доо……

Өө, мартчихъя.

"Ааваа, дараагийн удаа Силфийг энд авчирч хамт тоглолж болох уу?"

"Ээ? Аан, мэдээж болно оо."

Түүний хариултад сэтгэл ханаж, би гэр лүүгээ орлоо.

Паул чөтгөрийн омгийг ялгаварлан гадуурхдаггүй нь сайн хэрэг.

—

* Паулын харах өнцгөөс *

Хүү минь уурлажээ.

Урьд өмнө сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй байсан хүү маань одоо дотроо чимээгүйхэн буцалж байна.

Яагаад ийм байдалд хүрэв ээ?

Хэрэг явдал өнөөдөр үдээс хойш хатагтай Ада манайд ирж шуугиан дэгдээснээр эхэлсэн юм.

Тэрээр бусдад хүмүүжилгүй, дээрэнгүй гэгддэг хүү Сомараа дагуулан ирсэн бөгөөд хүүгийнх нь нүдний булан хөхөрсөн байлаа. Илдчин хүний хувьд энэ бол зодуулсны л шинж гэдгийг хараад шууд ойлгосон.

Хатагтай Ада тодорхой зүйл яриагүй ч ямартай ч хүү минь Сомарыг цохисон бололтой.

Үүнийг сонсоод би дотроо нэг бодлоор тайвширсан.

Магадгүй Рүди өөрөө Сомар болон түүний найз нөхөдтэй хамт тоглохыг хүссэн биз.

Гэвч хүү минь бусад хүүхдүүдээс өөр. Тэр бага залуу насандаа Усны Гэгээнтэн шидтэний түвшинд хүрсэн хүүхэд.

Тэр ямар нэгэн сагсуу зүйл хэлж, эсэргүүцэлтэй тулгарснаасаа болоод л зодоон хийсэн байх.

Хүү минь ухаантай, шударга нэгэн боловч зарим талаараа яг л хүүхэд хэвээрээ.

Хатагтай Ада үүнийг сүржин зүйл болгож харагдуулах гэж байгаа ч энэ бол зүгээр л хүүхдийн тоглоом шоглоом, хэрүүл маргаан. Миний харж байгаагаар тэр гэмтэл нь сорви болохоор ч зүйл биш.

Хэдэн үгээр зэмлээд л өнгөрөөх хэрэгтэй.

Хүүхдүүд хэрэлдэж л байдаг, гэхдээ Рүди бол бусад хүүхдүүдээс хавьгүй илүү хүчтэй. Залуу Усны Гэгээнтэн түвшний шидтэн Роксигийн шавь байхаас гадна, гурван настайгаасаа эхлэн миний удирдлага дор бие бялдраа хөгжүүлж ирсэн юм чинь.

Энэ бол нэг талыг барьсан зодоон байсан нь гарцаагүй.

Өнөөдөр л ийм явдал болсон бол яах вэ, гэвч хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандаад байвал хэтрүүлж мэдэх юм.

Дээр нь Рүди дэндүү ухаантай хүүхэд, Сомарыг цохихгүйгээр асуудлыг шийдэх боломж түүнд байсан л байх ёстой.

Зодоон хийнэ гэдэг бол бодолгүй үйлдлийн шинж, аливаа зүйлийн үр дагаврыг урьдчилан тооцоолох хэрэгтэй гэдгийг би түүнд зааж өгөх ёстой.

Би энэ удаад илүү хатуу байх хэрэгтэй болов уу.

Гэвч байдал миний бодсоноос эсрэгээр эргэв.

Хүү минь уучлалт гуйх бодол ер алга.

Уучлалт гуйх нь битгий хэл, намайг яг л ямар нэгэн шавж шиг л харж байна.

Хүүгийнхээ өнцгөөс харвал энэ нь тооны хувьд тэнцвэргүй тулаан байсан байж болох ч, хүч чадал их байх тусмаа өөрийнхөө хүчийг хянах ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй.

Тэр ч байтугай хүн гэмтээчихлээ. Ямартай ч би түүнийг уучлалт гуйлгана. Тэр үнэхээр ухаантай хүүхэд. Одоохондоо үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ч, удахгүй өөрөө хариултыг нь олох биз.

Ингэж бодоод илүү хатуу дуугаар зэмлэхэд, тэр намайг ёжтой үгсээр эсэргүүцэн хариу барьсан.

Түүний өдөөн хатгалгад би тэвчээр алдаж, түүнийг алгадчихсан юм.

Хүчтэй хүн өөрийн хүч чадлаа ухамсарлаж, сул дорой нэгний эсрэг хүчирхийлэл үйлдэх ёсгүй гэдгийг хүүдээ ойлгуулахыг хүссэн ч, эцэст нь өөрөө л тэр алдааг гаргачихлаа.

Үнэндээ би өөрөө л түрүүлж гар хүрсэн шүү дээ.

Би буруутай. Гэвч эцэг хүний хувьд, сурган хүмүүжүүлэгчийн байр сууринаас хандаж байгаа болохоор уучлалт гуйж болохгүй гэж бодсон юм.

Өөрийнхөө хийсэн зүйлийг битгий хий гэж хүнд сургамжлах нь ямар ч утгагүй, ядмагхан шалтаг байлаа.

Бодол санаа минь ээдрээд байх зуур хүү минь өөрийгөө буруугүй гэдгээ мэдэгдээд, хэрэв энэ нь болохгүй юм бол гэрээсээ яваад өгье гэж хэлэв.

"Тэгвэл зайлаад үз!" гэж хэлэх шахсан ч өөрийгөө хүчлэн барилаа.

Яг одоо л би тэвчих ёстой.

Уг нь би ч бас гэрийнхээ хатуу чанга дүрэм, эцгийнхээ ширүүн зэмлэлийг тэсвэрлэж чадалгүй, том хэрүүл дэгдээж гэрээсээ дайжиж байсан удаатай.

Би эцгийнхээ цусыг өвлөжээ. Тэр зөрүүд, хатуу ширүүн эцгийнхээ цусыг.

Рүдеүс ч яг л ийм.

Энэ зөрүүд занг нь харахад Рүдеүс үнэхээр миний хүү мөн байна.

Тэр өдөр эцэг минь намайг гэрээсээ даруйхан зайл гэж хэлэхэд, би өөр гарц ололгүй үнэхээр л гэрээсээ гарч одсон. Рүдеүс ч бас яг л тэгэх байх. Том болтлоо явахгүй гэж хэлсэн ч, хэрэв би түүнийг яв гэж хэлбэл тэр даруй л гараад явах болно. Бид хоёр энэ тал дээрээ тун төстэй.

Намайг явснаас хойш удалгүй эцэг минь өвдөж, бурхан болсон. Тэр өдрийн хэрүүлээсээ болж эцэг минь тун их харамссан гэж сонссон юм.

Энэ явдалд би өөрийгөө буруутгаж байлаа.

Үгүй ээ, үнэнийг хэлэхэд би харамслын далайд живж байсан хэрэг.

Тэгээд одоо, хэрэв би Рүдеүсийг яваад өг гэж хэлбэл тэр гарцаагүй явах болно, би ч түүндээ харамсаж үлдэх болно.

Бид хоёр хоёулаа л харамсах болно.

Тэвч. Өнгөрсөн алдаанаасаа суралцах ёстой.

Бас би тэр үед ингэж шийдээгүй билүү? Би хэзээ ч эцэг шигээ болохгүй гэж тангарагласан биз дээ.

"...Уучлаарай. Энэ бүхэн аавынх нь буруу. Юу болсныг яриач."

Би аяндаа л уучлалт гуйв.

Рүдеүсийн царай ч зөөлөрч, болсон явдлыг тайвнаар тайлбарлаж эхэллээ.

Түүний ярианаас үзэхэд, Роулсын хүүхдийг дээрэлхэж байхыг санамсаргүй хараад, тэр хүүхдэд тусалсан аж.

Зодоон цохион болоогүй. Зүгээр л шавар шидсэн төдий, ямар ч зодоон болоогүй гэв.

Хэрэв түүний хэлсэн үнэн бол Рүдеүсийн хийсэн зүйл үнэхээр бахархмаар зүйл байж. Гэтэл би түүнийг магтахын оронд, тайлбарыг нь ч сонсолгүйгээр шууд л алгадчихсан.

Аа, одоо санаж байна.

Бага байхад минь яг ийм зүйл тохиолдож байсан. Аав минь намайг сонсохгүйгээр зөвхөн миний сул талыг л өөлж зэмлэдэг байж билээ. Тэр бүрт би тун их гомддог байсан.

Ямар бүтэлгүй хүн бэ. "Хүмүүжүүлэх ёстой" гэж өөрийгөө зөвтгөсөн нь юу билээ?

Хаа...

Рүдеүс намайг буруутгасангүй, харин ч эцэст нь сэтгэлийг минь заслаа. Ямар гайхалтай хүү вэ. Энэ үнэхээр миний хүү мөн гэж үү... Үгүй ээ, Зенитийн хувьд ч, миний хардаж байсан тэр хүмүүсийн дунд ийм ухаантай хүн лав байгаагүй дээ.

Өө, миний удам угсаа ийм сайн байсан хэрэг үү...

Бахархах гэхээсээ илүүтэй гэдэс минь базалж өвдөх шиг болов.

"Ааваа, Силфийг дагуулаад ирэх үү?"

"Аан? Аа, тэг тэг, болно оо."

Гэхдээ л хүү маань анхныхаа найзыг олсонд нь баярлах хэрэгтэй байх даа.

Орчуулагчийн толь:

Шотакон - Бага насны хөвгүүд сонирхдог хүн.

Боку, Орэ - Япон хэл нь хүндэтглийн хэлбэрээс хамаарч “би” гэх үгийг өөрөөр дуудах тохиолдол байдаг.

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8