Ажилгүй эрийн дахин төрөлт

6-р бүлэг : Хүндэтгэх шалтгаан

Энэ ертөнцөд ирснээсээ хойш би гэрээсээ огт цухуйсангүй.

Хэзээ ч гадагш гарч байгаагүйгээ ухамсарлах бүрийд айдас хүйдэс нөмрөн авна.

Үнэхээр л айж байна.

Хашааныхаа хаалгаар гарч, гаднах орчныг тольдох л юм бол өнгөрсөн үеийн дурсамжууд нүд ирмэхийн зуур сэргэх вий гэхээс зүрхшээх юм.

Тэр өдрийн дурсамж. Хавирга руу орох тэр аймшигтай өвдөлт. Борооны хүйтэн жихүүн мэдрэмж. Харуусал. Цөхрөл. Ачааны машинд дайруулсан тэрхүү өвдөлт.

Энэ бүхэн яг өчигдөр болсон мэт нүдний өмнө тодорч ирнэ.

Хөл минь чичирхийлнэ.

Цонхоороо гадагш харж, хашаан дотроо өөрийн хөлөөрөө алхаж чадна.

Гэвч дахиад ганц ч алхам урагш гишгэх тэнхэл алга.

Учир нь би мэдэж байгаа юм.

Тэр тайван харагдах тал нутаг хормын дотор там болон хувирч магадгүй. Миний харж буй энэ тайван орчин намайг хүлээж авахгүй байх вий.

Өмнөх амьдралдаа нойр хүрэхгүй үедээ тоолж баршгүй олон зүйл төсөөлдөг байв.

Японд гэнэт дайн дэгдвэл яах бол? Үзэсгэлэнтэй охин гэнэт гарч ирээд манай хөрш болчихвол яах бол?

Хэрэв тийм зүйл болбол би лав хичээж зүтгэх байсан биз.

Бодит байдлаас зугтахын тулд өөрийгөө ийнхүү хуурдаг байлаа.

Олон ч удаа зүүдэлсэн дээ.

Зүүдэндээ би супер баатар биш, жирийн л нэг хүн байсан. Жирийн хүний нэгэн адил өөрийн боломжийн хэрээр бүхнийг хийж, өөртөө л найдаж амьдарч чаддаг байв.

Гэвч энэ зүүднээсээ сэрэх гэж байна.

Байшингаас гадагш нэг алхам гишгэвэл энэ зүүднээсээ сэрж магадгүй.

Сэрэх тэр агшинд цөхрөлийн тэр л мөч рүү эргэн очно.

Харууслаар бялхсан тэр агшин руу...

Үгүй ээ, энэ зүүд биш.

Зүүд гэхэд дэндүү бодит биш гэж үү.

Хэрэв үүнийг виртуал тоглоом гэж хэлсэн бол магадгүй итгэх байсан биз.

Энэ бол бодит амьдрал.

Өөртөө дахин дахин итгүүлсээр л байна.

Энэ бол бодит байдал, зүүд биш.

Үнэн гэдгийг ухаарч байгаа ч хаалгаар гадагш алхаж чадахгүй л байна.

Зүрх сэтгэлээ хичнээн зоригжууллаа ч нэмэргүй.

Амьдралаа чин сэтгэлээсээ туулна гэж ам тангараг өргөсөн ч...

Бие махбод минь сэтгэлтэй минь нийцэхгүй байна.

Үнэхээр уйлмаар байна.

—

Төгсөлтийн шалгалт тосгоны гадна талд болох юм гэнэ.

Энэ тухай Рокси хэлэхэд би сулхан ёолон эсэргүүцлээ.

"Гадна уу?"

"Тийм ээ, тосгоны гадна. Морь бэлдчихсэн байгаа."

"Гэртээ хийж болохгүй юм уу?"

"Болохгүй."

"Үнэхээр болохгүй гэж үү...?"

Би бүрэн мухардалд орлоо.

Зүрх сэтгэл минь мэдэж байна. Хашааны хаалгаар гадагш алхах ёстой гэдгээ.

Энэ ертөнцөд би яаж Хикикомори шиг амьдрах билээ.

Гэвч бие махбод минь үүнийг эсэргүүцсээр. Тэр өнгөрсөн үйл явдлыг одоо ч тодоос тод санаж байна.

Өнгөрсөн амьдралын минь тэр нэгэн хувь тавилантай өдөр бүлэг дээрэмчдэд зодуулж нүдүүлэн, тэдэнд ад үзэгдэж, сэтгэл зүйн асар их гэмтэл авч билээ.

Өөр сонголтгүй болж, өрөөндөө бүгэхээс өөр аргагүй болсон тэр л өдөр.

"Яасан бэ?"

"Үгүй ээ... нөгөө... гадаа мангас байж магадгүй юм шиг санагдаад."

"Энэ хавьд ой руу дөхөхгүй л бол мангастай тааралдах бараг боломжгүй дээ. Бас тааралдлаа гэхэд тэд сул дорой болохоор би ганцаараа зохицуулчихна. Үнэндээ бол Рү1дэй ч гэсэн тэднийг дийлнэ шүү дээ."

Өнөөдрийг хүртэл янз бүрийн шалтаг тоочсоор ирсэн намайг хараад Рокси гайхсан шинжтэй харав.

"Аан, би өмнө нь сонсож байсан юм байна. Рүдэй, чи гэрээсээ ерөөсөө гарч үзээгүй юм уу?"

"Ммм... тийм ээ."

"Чи айгаад байгаа юм уу? Мориноос уу?"

"Б-би мориноос эсвэл тиймэрхүү зүйлээс айхгүй ээ."

Үнэндээ бол би моринд дуртай. “Debi horse racing” хүртэл тоглож байсан удаатай.

"Хаха. Тайвширлаа. Чамд ч бас насныхаа хүүхэд шиг зан байдаг л юм байна."

Рокси буруу ойлгочихлоо.

Гэхдээ би гадагшаа гарахаас айдаг гэж хэлж чадахгүй нь. Энэ бол мориноос айхаас ч илүү ичгүүртэй зүйл.

Надад одоо ч гэсэн бахархал байгаа.

Өчүүхэн ч гэсэн бардам зан.

Энэ залуу охинд дооглуулахыг хүсэхгүй байна.

"За яах вэ, аргагүй дээ. Нааш ир."

Намайг хөдлөх дургүй байгааг хараад Рокси гэнэт л намайг мөрөн дээрээ өргөчихөв.

"Ю-юу вэ!?"

"Зүгээр л суучихвал удахгүй айхаа болино."

Би эсэргүүцсэнгүй.

Зүрх сэтгэл минь эргэлзэж байсан ч бүхнийг түүний гарт даатгахаар шийдэв.

Рокси намайг морины нуруун дээр шидчихлээ. Тэгээд өөрөө ч бас мордож, жолоог нь атгав.

Морь таг таг хийн урагшилж эхлэв.

Би яг л тэр чигээрээ гэрээсээ гарлаа.

—

Энэ ертөнцөд ирснээс хойш хашаанаасаа гадагш гарсан анхны тохиолдол энэ байв.

Рокси тосгон дундуур удаанаар урагшилж байлаа.

Тосгоныхон хааяа нэг бидэн рүү сониучирхан ширтэнэ.

Боломжгүй ээ.

Бие минь чангарч эхлэв.

Би бусдын харцнаас одоо ч айдаг.

Ялангуяа тэр шоолсон, хэтэрхий задгай ширтэх харцнаас.

Тэд намайг шоолж, асуудал үүсгэхгүй байлгүй дээ.

Тэгэхгүй байх аа.

Тэд намайг танихгүй шүү дээ.

Энэ ертөнцөд зөвхөн тэр жижигхэн байшинд байгаа хүмүүс л намайг мэднэ.

Яагаад над руу хараад байгаа юм бэ.

Битгий хараач, ажлаа хийгээч...

...Үгүй ээ.

Тэд намайг хараагүй юм байна.

Тэд Роксиг харж байна.

Зарим нь Рокситой мэндчилж байлаа.

Аан, тийм шүү дээ.

Тэр энэ тосгонд аль хэдийн өөрийн гэсэн байр сууриа олчихсон.

Хэдийгээр энэ улсад чөтгөр угсаатнуудыг ялгаварлан гадуурхах үзэл нэлээд хүчтэй байдаг ч гэсэн.

Энэхүү хөдөө нутагт ялгаа нь бүр ч тодхон мэдрэгдэнэ.

Ердөө хоёрхон жилийн дотор л хүн бүр мэндчилэх дуртай нэгэн болж чаджээ.

Үүнийг бодохоор Роксигийн нуруу ямар найдвартай харагддаг гээч.

Хаашаа явахаа тэр сайн мэднэ, хүмүүс ч түүнийг андахгүй.

Хэрэв хэн нэгэн надад таагүй үг хэлбэл, тэр лав л намайг өмгөөлөх биз.

Хөөх, эцэг эхийн маань өрөөнд болж буй үйл явдлыг нууцаар ширтэж байсан энэ жаахан охиныг ийм найдвартай хүн гэж бодсонгүй шүү.

Ингэж бодтол бие минь суларч, түгшүүр арилж эхлэв.

"Калажавын сэтгэл санаа тун өөдрөг байна. Рүдэй унасанд баяртай байгаа бололтой."

Калажав бол морины нэр юм.

Мэдээж би морины сэтгэл санааг уншиж чадахгүй л дээ.

"Тийм гэж үү?"

Би ийнхүү тоомжиргүйхэн хариулаад хойш налтал, толгой минь Роксигийн хавтгай цээжинд тулав.

Ямар тухтай юм бэ.

Би яг юунаас айгаад байгаа юм бол?

Энэ бол дэндүү амар амгалан тосгон шүү дээ. Хэн намайг дээрэлхэх юм бэ?

"Чи одоо ч айсаар байна уу?"

Түүнийг асуухад би толгой сэгсэрлээ.

Би одоо бусдын харцнаас айхаа больсон.

"Үгүй ээ, би зүгээр болсон."

"Харсан уу, миний хэлснээр л боллоо доо."

Сэтгэл минь уужирч, амьсгалахад хөнгөн боллоо.

Нүдэнд минь эргэн тойрны орчин тусав.

Талбай болон байшингууд тэнгэрийн од шиг алс хол үргэлжилнэ.

Тосгоны амьдралын мэдрэмж гэж энэ байх.

Энэ өргөн уудам нутагт цөөнгүй хүн амьдарч байгааг би харж байна. Хэрэв илүү шигүү суурьшсан бол жижиг хот ч болох байсан биз.

Хэрэв энд салхин тээрэм байсан бол хүмүүст Швейцарийг санагдуулах байсан байх.

Аан, тэнд усан тээрэм байна шүү дээ.

Тайвширсны дараа би нам гүм байдлыг анзаарч эхлэв. Урьд нь Рокситой хамт байхдаа би хэзээ ч ийм нам гүм байдлыг мэдэрч байгаагүй.

Би түүнтэй хэзээ ч ийм ойр дотно байж үзээгүй. Тэвчихийн аргагүй биш ч гэлээ, ичмээр юм.

Тиймээс би яриа өдөхөөр шийдлээ.

"Багшаа, энэ талбайд юу тарьдаг юм бэ?"

"Голдуу талхны орц болох Асура Буудай тарьдаг юм. Бас бага зэрэг нарийн ногоо болон Бардиус Цэцэг бий. Бардиус Цэцгийг нийслэлд амтлагч болгон боловсруулдаг. Бусад нь хоолны ширээний л хэрэгцээний зүйлс дээ."

"Аан, тэр ногоон чинжүү юм байна. Багш үүнийг идэж чаддаггүй шүү дээ."

"Ү-үгүй ээ, идэж чадахгүй байгаа юм биш. Зүгээр л дасаагүй юм."

Би асуулт араас нь асуулт тавьсаар л байлаа.

Өнөөдөр Рокси энэ бол сүүлийн шалгалт гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, түүний гэрийн багшаар ажиллах хугацаа дуусч байна гэсэн үг.

Рокси бол тэвчээр муутай хүн. Өнөөдөр сүүлийн өдөр болохоор, магадгүй маргааш л энэ байшингаас явах байх.

Өнөөдөр сүүлийн өдөр. Жаахан илүү ярилцъя даа.

Гэвч ярилцах сонирхолтой сэдэв олдохгүй л байлаа. Тосгоны тухай асуулт асуухаас өөр зүйл санаанд орсонгүй.

Роксигийн ярьснаар бол энэ тосгоныг Буина гэдэг бөгөөд хойд зүгийн Асура Хаант Улсын Федоа бүс нутагт харьяалагддаг аж.

Энд голдуу тариалан эрхэлдэг гуч орчим өрх амьдардаг.

Миний аав Паул бол энэ тосгоныг хариуцсан хүлэг баатар юм.

Тариачдын аж амьдралыг ажиглах, иргэдийн хоорондох маргааныг эвлэрүүлэх, мангасуудаас хамгаалах нь түүний ажил. Ердөө л энэ.

Өөрөөр хэлбэл, хаант улсаас хүлээн зөвшөөрөгдсөн бие хамгаалагч гэсэн үг.

Гэвч тийм байлаа ч энэ тосгонд залуучуудын ээлжийн харуул хамгаалалт байдаг.

Тиймээс Паул өглөөгүүр эргүүлээ хийж дуусгаад, үдээс хойш гэртээ амардаг юм.

Ерөнхийдөө амар амгалан тосгон болохоор хийх зүйл тун бага.

Бид иймэрхүү сэдвээр ярилцаж дуусахад биднийг тойрсон тариалангийн талбайнууд аажмаар сийрэгжсээр байлаа.

Надад асуух зүйл үлдсэнгүй, бид хэсэг хугацаанд чимээгүй явав.

Ойролцоогоор нэг цаг өнгөрөв.

Бидний эргэн тойронд тариалангийн талбай гэх юм үлдсэнгүй. Бид ямар ч хөндөгдөөгүй, уудам тал нутагт иржээ.

—

Энэ бол алс хязгааргүй үргэлжлэх тал нутаг байлаа.

Үгүй ээ, алсад хараа сунгах юм бол уулархаг газрын бараа бүдэг бадаг үзэгдэнэ.

Ядаж л ийм дүр зураг Япон улсад лав харагдахгүй.

Яг л сурах бичигт гардаг Монголын тал нутаг шиг санагдах нь сонин.

"Энд байхад болох байх."

Рокси морио ганцаар ургасан мод руу чиглүүлж, цулбуурыг нь уялаа.

Дараа нь тэр намайг мориноос буулгав.

Бид эцэст нь нүүр туллаа.

"Би одоо Довтолгооны Гэгээнтэн түвшний шившлэг болох Үүлэн Цахилгааныг ашиглах гэж байна. Энэ бол ширүүн аадар бороотой аянга цахилгаан буулгадаг ид шид юм."

"Ойлголоо."

"Миний хийж байгааг дуурайгаарай."

Гэгээнтэн түвшний усны шид ашиглах нь ээ.

Тэгэхээр энэ байх нь ээ. Эцсийн шалгалтын даалгавар.

Рокси өөрийн хамгийн хүчирхэг шившлэгээ ашиглах гэж байна. Хэрвээ би үүнийг сурч чадвал тэр надад заах өөр зүйл үлдэхгүй.

"Би зүгээр л үзүүлж байгаа болохоор шившлэгээ нэг минут л барьж байгаад зогсооно, тэгээд...... Хэрвээ чи бороог нэг цагийн турш үргэлжлүүлж чадвал тэнцсэнд тооцно."

"Энэ нууц техник болохоор л эзгүй газар хийж байгаа юм уу?"

"Үгүй ээ, хүн гэмтэх вий, эсвэл тариачдын ургац сүйдэх вий гэж санаа зовж байна."

Өө.

Байгалийн гамшгийн хэмжээний бороо гэсэн үг үү?

Энэ ч үнэхээр гайхалтай юм.

"Эхэллээ шүү."

Рокси гараа тэнгэр өөд өргөв.

"Усны их сүнс минь, тэнгэрт дүүлэн одсон аянга цахилгааны хааны удам минь! Миний хүслийг биелүүлж, ширүүн ерөөлөө бороо мэт асгаж, энэхүү өчүүхэн оршихуйд хүч чадлаа үзүүлээч! Тэнгэрлэг алхаа дэлдэн, эрх мэдлээ харуулж, дэлхий ертөнцийг усаар залгиач! Аа, бороо!! Бүхнийг сүйтгэж, угаан одооч!!”

『Үүлэн Цахилгаан』

Тэрээр үг бүрийг дуурийн дуучин мэт уянгалуулан уншина.

Энэ нь бүтэн минут гаруй үргэлжлэв.

Шившлэг дуусахад орчин тойрон тэр дорхноо харанхуйлав.

Хэдхэн хормын дараа... тэнгэрээс аадар бороо асгаж эхэллээ.

Хар үүлэн дундаас аянга цахилж, бидний эргэн тойронд хүчтэй салхи дэгдэв.

Хүрхрээ мэт асгарах борооны чимээн дундуур нил ягаан өнгийн аянга үүлсийг сүлжин цахилж, нүргэлсэн их дуу чимээ гаргана.

Үүлэн дэх цахилгаан эрчимжиж, гэрэл нь улам бүр тодрон гялсхийнэ.

...Тэгснээ газарт ниргэв.

Тас!!

Тэгээд мод руу ниргэлээ.

Чих шуугиж, нүдний өмнө юм эргэлдээд явчихав.

Би бараг л ухаан алдах шахлаа.

"Аа!!"

Энэ бол алдаа гаргах үедээ Роксигийн гаргадаг дуу авиа байв.

Үүлс тэр дорхноо сарниж, аянга цахилгаан, бороо ч гэнэт зогсов.

"Яана яана яана..."

Роксигийн царай цонхийж, мод руу гүйлээ.

Би түүний зүг харвал, бидний авчирсан морь утаа суунаглуулан унасан байв.

Рокси гараа морь луу сунган шившлэг уншиж эхлэв.

"Өө, бурхдын өршөөлт эх минь, энэ амьтны шархыг анагааж, эрүүл саруул болгож өгөөч”

『Дунд Зэргийн Эдгээлт』

Рокси сандран байж дунд зэргийн Анагаах Шид ашигласны дараа морь сэргэж эхлэв.

Үхээгүй бололтой.

Дунд зэргийн Анагаах Шид нь үхсэн амьтныг амилуулж чадахгүй шүү дээ.

Морь айсан янзтай байх бөгөөд Роксигийн духнаас хүйтэн хөлс цувж байлаа.

"Фү, фү... Аюултай юм боллоо доо."

Энэ морь бол манай гэр бүлийн цорын ганц морь юм.

Паул өдөр бүр л түүнийг асарч, заримдаа гадагш хол явахдаа инээмсэглэн унадаг байсан...

Алдартай үүлдрийнх биш ч гэлээ, энэ бол Паулын олон жил хамт байсан анд нь юм. Түүний мориндоо хайртай сэтгэл нь Зенитэд хайртай сэтгэлээс нь л бага зэрэг дутуу гэж хэлж болно. Энэ морь тийм л чухал амьтан.

Мэдээж, бидэнтэй хоёр жил хамт амьдарсан Рокси үүнийг мэдэж байгаа.

Рокси нь Паулыг мориныхоо нурууг тэвэрчихсэн ухаан алдсан мэт байхыг нь харчихаад гайхаж байсныг ч би мэднэ.

"Гуйя, үүнийг нууцалж өгөөч?"

Рокси уйлах шахан хэлэв.

Тэр үнэхээр л жаахан эв хавгүй охин юм даа.

Гэвч тэр хичээнгүй нэгэн. Хичээл заах бэлтгэлээ базаах гэж шөнө дөлөөр суудгийг нь би мэднэ.

Бас бага наснаасаа болж хэн нэгэнд дорд үзэгдэхийг хүсдэггүй болохоороо л үргэлж өөрийгөө эрхэмсэг авч явахыг хичээдгийг нь ч би мэднэ.

Тэр төрх нь надад үнэхээр таалагддаг.

Хэрэв бид хоёрын насны зөрүү ийм их байгаагүй бол би түүнтэй гэрлэхийг хүсэх байсан биз.

"Санаа зоволтгүй дээ, би аавд хэлэхгүй ээ."

"Өө... Тэгж л үзээрэй."

Бид хоёр ядаж л нэг үеийнхэн байсан бол юутай сайхан бэ.

"Өө..."

Хэдийгээр Рокси мэгдэн уйлах нь холгүй байсан ч тэр даруй толгойгоо сэгсрэн, хацраа алгадан, нухацтай харцаар над руу ширтлээ.

"За тэгвэл, эхэл дээ. Би Калажавыг тогтоогоод байж байя."

Морь айсандаа хэзээ мөдгүй зугтахад бэлэн зогсох ч Рокси биеэрээ чанга тэвэрч, цулбуураас нь хүчтэй татаж байв.

Тэр морийг тогтоож чадахгүй нь гэж бодож байтал, морь аажмаар тайвширч эхлэв. Рокси байрлалаа алдалгүй ямар нэгэн зүйл шивнэж эхэллээ.

Удалгүй тэд хоёулаа шороон ханаар хүрээлэгдэв.

Шороогоор босгосон хэрэм тэр дорхноо л бүтэв.

Энэ бол ахисан түвшний шороон шид, Шороон Цайз байлаа.

Ингэчихвэл аянга цахилгаан буусан ч зүгээр биз.

За, эхлэх цаг нь боллоо.

Шившлэг нь юу билээ дээ...

"Усны их сүнс минь, тэнгэрт дүүлэн одсон аянга цахилгааны хааны удам минь! Миний хүслийг биелүүлж, ширүүн ерөөлөө бороо мэт асгаж, энэхүү өчүүхэн оршихуйд хүч чадлаа үзүүлээч! Тэнгэрлэг алхаа дэлдэн, эрх мэдлээ харуулж, дэлхий ертөнцийг усаар залгиач! Аа, бороо!! Бүхнийг сүйтгэж, угаан одооч!!”

『Үүлэн Цахилгаан』

Би бүгдийг нь амьсгаа авалгүй хэлж орхив.

Үүлс хуралдаж эхэллээ.

Тэр агшинд би 『Үүлэн Цахилгаан』-ийн мөн чанарыг ойлгов.

Агаар мандлын дунд хэсэгт үүлсийг бүтээж, түүнийгээ нарийн хөдөлгөөнөөр хуйлруулан аянгат үүл болгон хувиргах. Уг нь ийм л учиртай байх.

Хэрэв энэ бүтэц рүү манагаа шахахгүй бол үүлс бүрэлдэхээ больж сарних болно.

(Манагийн тухай бол яах вэ, гэхдээ гараа нэг цаг өргөж зогсох гэдэг чинь үнэхээр ядаргаатай юм...)

Үгүй ээ, түр хүлээ.

Шидтэнгүүдэд бүтээлч сэтгэлгээ, судалгаа хийх чадвар хэрэгтэй.

Үнэхээр л нэг цагийн турш хүчээ хуримтлуулж байгаа юм шиг байрлалаа хадгалах ёстой гэж үү?

Тийм шүү, энэ чинь шалгалт юм чинь.

Гол нь нэг байрлалаа хадгалахдаа биш, харин үүлсийг бүтээснийхээ дараа Холимог Шидийг ашиглан түүнийг тогтоон барихад л байгаа юм.

Бараг л мартах шахлаа. Миний сурсан зүйлс одоо л хэрэг болох нь ээ.

"Бодож үзье. Би үүнийг өмнө нь зурагтаар харж байсан. Үүл хэрхэн бүрэлддэг процесс нь..."

Роксигийн түрүүхэн бүтээсэн үүлсээс зарим нь одоо ч тэнгэрт хөвсөлзөнө.

Усны ууршилт хэрхэн эрчлэн дээшилдэг тухай л асуудал. Агаарын урсгал үүсгэхийн тулд доод хэсгийг нь халаах хэрэгтэй гэх мэтээр санаж байна.

Тэгээд дээрх хэсгийг нь хурдан хөргөх хэрэгтэй...

Үүнийг хийх гэж оролдоход л манагийн минь тал нь сорогдоод явчих юм.

Гэхдээ энэ аргаар хийвэл нэг цагаас илүү хугацаанд өөрөө өөрийгөө тэтгэж чадах ёстой.

Шиврээ бороог ажиглангаа Роксигийн бүтээсэн цайз руу сэтгэл ханамжтайгаар оров.

Рокси харанхуй буланд морины хазаар атгаад сууж байлаа.

Намайг хараад толгой дохив.

"Энэ цайз нэг цагийн дараа алга болно, тийм болохоор тэрнээс өмнө ид шидээ зогсоож болно шүү."

"Ойлголоо."

"Санаа зоволтгүй. Калажав зүгээр байгаа."

"Ойлголоо."

"Зөвхөн 'ойлголоо' гэж бүү хэл. Гадаа байгаа үүлээ нэг цагийн турш нухацтай хянах хэрэгтэй."

Ммм?

"Би үүнийг хянах ёстой юм уу?"

"Ммм? Би сонин юм хэлчихэв үү?"

"Гэхдээ хянах шаардлага байгаа юм уу?"

"Мэдээж шүү дээ. Усны Гэгээнтэн түвшний шид ч бас шид шүү дээ. Хэрвээ чи манагаараа тэтгэж барихгүй бол салхинд туугдаад л алга болно."

"Гэхдээ би үүнийг салхинд хийсэхгүй байхаар хийчихсэн юмсан...?"

"Аан? Юу...!"

Ямар нэгэн юм анзаарсан бололтой Рокси цайзнаас гүйн гарлаа.

Цайз тэр даруй бутран унав.

Хөөе хөөе, үргэлжлүүлээд хянахгүй юм уу? Морь чинь амьдаараа булшлагдах нь байна шүү дээ.

"Ара ара."

Би хурдхан шиг удирдлагыг нь гартаа авч, гадагш гарлаа.

Рокси тэнгэр өөд цоо ширтэнэ.

"...Тэгэхээр ийм учиртай байж, эрчлэн эргэлдэх хар салхи үүлийг дээш нь татдаг байх нь ээ...!!"

Тэнгэр миний бүтээсэн, улам бүр томорсоор байгаа үүлсээр дүүрчээ.

Би ч бас дажгүй хийчихлээ шүү.

Өнгөрсөнд нэгэн нэвтрүүлгээс аварга том хар салхины үйл явцыг шинжлэх ухаанаар тайлбарлахыг харж байсан юм.

Агуулгыг нь сайн санахгүй байгаа ч гэсэн.

Зүгээр л зөн совиндоо найдаад оролдоод үзтэл эцэст нь нэлээд сайн бүтээчих шиг боллоо.

"Рүдэй. Чи тэнцлээ."

"Ээ? Гэхдээ нэг цаг болоогүй биз дээ?"

"Хүлээх шаардлагагүй. Энэ хэмжээнд хийсэн бол хангалттай. Гэхдээ үүнийг алга болгож чадах уу?"

"Аан, тийм ээ. Жаахан хугацаа хэрэгтэй."

Би шуурганы доод хэсгийн температурыг буулгаж, дээд хэсгийнхийг нь нэмэгдүүлэв. Дараа нь газрын зүг агаарын урсгал үүсгээд, эцэст нь салхины ид шид ашиглан үүлийг хүчээр тарааж орхилоо.

Дуусгах үед Рокси бид хоёр нэвт норсон байв.

"Баяр хүргэе. Чи одоо Усны Гэгээнтэн түвшинд хүрлээ."

Үснээс нь ус дусалж буй, өмнө зогсох үзэсгэлэнт бүсгүй ховорхон инээмсэглэлээрээ надад мэдэгдлээ.

Амьдралдаа юуг ч бүтээж үзээгүй би эцэст нь нэг юм амжилтад хүрчээ.

Хэвлийгээр минь хачин мэдрэмж тархаж эхлэв.

Энэ мэдрэмжийг би танина.

Сэтгэл ханамж.

Ертөнцөд ирснээс хойших миний анхны алхам гэдгийг яг одоо л мэдэрч байна.

—

Хоёр дахь өдөр, сүүлийн хоёр жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй Рокси ачаа бараагаа баглаад хаалганы өмнө зогсож байв.

Рокси ирснээс хойш эцэг эх минь ч тийм их өөрчлөгдөөгүй байв.

Зөвхөн би л өссөн.

"Рокси, манайд үргэлжлүүлэн байж болно шүү дээ. Чамд амтлуулж үзүүлээгүй хоол олон байна..."

"Тийм ээ. Гэрийн багшийн ажлаа дуусгасан ч, өнгөрсөн жил манай төлөө их зүйл хийсэн. Тосгоныхон ч таныг дуртайяа хүлээж авах болно."

Эцэг эх минь Роксиг явуулахгүй гэж хичээнэ.

Хэзээ нэгэн цагт Рокси болон миний эцэг эх дотноссон бололтой.

Яах вэ, тэр үдээс хойш орой болтол сул байдаг. Хэрвээ өдөр бүр ямар нэг юм хийвэл хүмүүстэй танилцаж л таарна.

Статистик үзүүлэлтээ өсгөхийн тулд байнга юм хийх ёстой гол дүрийн баатруудаас тэс өөр юм даа.

"Үгүй ээ. Санал болгосонд баярлалаа, гэхдээ энэ удаагийн явдал намайг өөрийнхөө сул талыг ойлгоход тусаллаа. Би дэлхийгээр аялж, шидийн урлагаа улам сайжруулах болно."

Намайг чансаагаараа гүйцсэн тэр их цочирдсон бололтой.

Сурагч нь багшаасаа илүү гарахыг үзэн яддаг гэж тэр урьд нь ярьж байсан.

"Тийм гэж үү? Би яг юу гэхээ мэдэхгүй юм. Уучлаарай, манай хүү таны өөртөө итгэх итгэлийг сэвтээчихсэн бололтой."

Паул аа, та чинь юу яриад байгаа юм бэ?

"Үгүй ээ, энэ явдал намайг өөрийгөө хэтэрхий их тоохоо болиход сургалаа. Үнэндээ би үүнд талархаж байна."

"Гэгээнтэн түвшний усны шид ашиглаж чадаж байгаа бол өөрөөрөө бахархах нь зөв шүү дээ."

"Үүнд найдахгүйгээр, бүтээлч байдлаа ашиглавал бүр ч хүчтэй ид шидийг зохиож болохыг би ойлгосон."

Рокси толгойг минь илээд гашуун инээмсэглэл тодруулав.

"Рүдэй. Би чадах бүхнээ хийсэн ч, одоогийн түвшиндээ чамд зааж чадахгүй шиг бололттой."

"Тийм биш ээ. Багш надад олон зүйл өгсөн."

"Тэгж хэлж байвал би сэтгэл хангалуун байна... Аан, тийм."

Рокси нөмрөгнийхөө халаасыг ухаж, туузаар боосон нэгэн зүйлийг гаргаж ирэв.

"Төгсөлтийн баяр хүргэе. Бэлдэх цаг гарсангүй, үүнийг аваад сэтгэлээ засаарай."

"Энэ чинь...?"

"Мигурдын Сахиус. Хэрэв хэзээ нэгэн цагт дайсагнасан чөтгөртэй таарвал миний нэрийг хэлээд үүнийг үзүүлээрэй. Магадгүй... ойлголцох ч юм билүү."

"Би үүнийг нандигнан хадгалах болно."

"Зүгээр л боломж шүү дээ. Хэт их найдах хэрэггүй."

Рокси эцэст нь инээмсэглээд, явах зүг рүүгээ эргэв.

Хэзээ нулимс минь урсаж эхэлснийг ч мэдсэнгүй.

Тэр надад үнэхээр ихийг өгчээ.

Мэдлэг, туршлага, арга барил...

Хэрэв түүнтэй уулзаагүй бол, шидийн сурах бичгээ атгаад л үр дүнгүй хичээллэж суух байсан биз.

Түүнээс ч чухал нь, тэр намайг гадагш гаргасан юм.

Гадаад ертөнц рүү.

Зөвхөн энэ л хангалттай.

Рокси намайг гадагш гаргаж ирсэн.

Энэ үйл явдал маш чухал утга учиртай.

Рокси энэ тосгонд ердөө хоёрхон жил л байсан.

Бусадтай харилцаж чаддаггүй байсан Рокси.

Чөтгөрийн угсаатан болохоор тосгоныхны хандах хандлага ч тааруу байсан нь ойлгомжтой.

Намайг ертөнцтэй танилцуулсан хүн бол Паул ч биш, Зенит ч биш, харин Рокси байлаа. Энэ бол маш чухал утга учир юм.

Тэр намайг зүгээр л тосгоны гадна гаргасан.

Гэвч хаалгаар алхаж гарах гэсэн бодол минь зүрх сэтгэлд сүүдэр мэт үлдэж байсан юм.

Тэгтэл тэр үүнийг эдгээчихлээ.

Зүгээр л тосгоноор дайран өнгөрөхдөө.

Миний зүрх сэтгэл харанхуйн гүнээс чөлөөлөгдөж, тайвширсан.

Тэр намайг илүү сайн хүн болгох гэсэн санаа зорилгогүй байсан.

Гэхдээ зүрхэнд минь байсан сүүдрийг үргээсэн нь маргашгүй үнэн.

Биднийг бороонд нордог өчигдөр би хаалгаар дахин нэг алхам гарсан.

Тэнд зөвхөн газар л байсан.

Эгэл жирийн газар.

Би одоо чичрэхээ больсон.

Би эцэст нь гадаа алхаж чаддаг боллоо.

Тэр өөр хэн ч хийж байгаагүй зүйлийг хийсэн.

Миний өмнөх амьдралын эцэг эх, ах дүүс минь ч үүнийг хийж чадаагүй.

Харин тэр хийсэн.

Намайг зэмлэж буруутгахгүйгээр, зориг хайрлах хариуцлагыг тэр үүрсэн.

Тэр миний айдсыг мэдээгүй гэдгийг би мэдэж байна. Тиймээс миний төлөө үүнийг хийгээгүй.

Тэр өөрийнхөө төлөө л хийсэн.

Би үүнийг ч мэднэ.

Гэсэн ч би түүнийг хүндэлсээр байна.

Би энэ бяцхан охиныг хүндэлж байна.

Түүний дүрс алга болох хүртэл хүндэтгэхээ зүрхэндээ тангараглав.

Гарт минь Роксигийн бэлэглэсэн таяг болон сахиус байлаа.

Түүний зааж өгсөн олон мэдлэг ч бас.

Гэнэт нэг зүйл санаанд оров.

Роксигоос хулгайлсан угаагаагүй дотоож нь одоо ч миний өрөөнд байгаа.

Намайг уучлаарай.

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8