Ажилгүй эрийн дахин төрөлт

9-р бүлэг : Гэр бүлийн яаралтай хурал

Зенит жирэмсэн болсон гэдгээ мэдэгдлээ. Удахгүй би дүүтэй болно.

Манайх бүл нэмж байна. Ёстой гайхалтай, Рүди-чан!!

Зенит энэ хэдэн жилд энэ асуудлаар их шаналж явсан. Урьд нь ахиад хүүхэдтэй болж чадахгүй юм болов уу гэж санаа алдан эргэлздэг байлаа. Харин сар орчмын өмнөөс бие нь өөрчлөгдөж эхэлсэн. Амархан ядрана, дотор муухайрна, бөөлжих зэрэг жирэмсний жирийн шинжүүд илэрчээ. Өмнөх мэдрэмжээ санаж байсан болохоор эмчид үзүүлтэл жирэмсэн гэж оношилсон. Ер нь бол онош алдаагүй.

Грейратын гэр бүл энэ мэдээг сонсоод баяр хөөрөөр дүүрэв.

Хүү болвол ингэж нэрлэнэ, охин болвол тэгнэ гээд л. Хүүхдийн өрөөг яаж бэлдэх, Рүдигийн хуучин хувцсыг яаж хэрэглэх гээд яриа тасрахгүй.

Тэр өдөр гэр дүүрэн инээд цалгисан юм. Би ч үнэндээ баяртай байлаа. Охин дүүтэй болбол зүгээр гэж бодсоноо хэлсэн. Өмнөх амьдралдаа эрэгтэй дүү минь миний хамгийн эрхэм зүйлийг (бейсболын цохиураар) сүйтгэчихсэн болохоор тэр.

Тэгтэл…

Сар гаруйн дараа дахиад нэг асуудал босч ирэв.

Үйлчлэгч Лилиа жирэмсэн болсон нь ил болов.

"Уучлаарай, би жирэмсэн."

Гэрийнхэн цугласан үед Лилиа ингэж товчхон зарлав.

Тэр агшинд Грейратын гэр бүлээрээ царцчих шиг болов.

(Хэнтэй...?)

Ийм эвгүй нам гүмд хэн ч асууж чадсангүй.

Гэхдээ хүн бүр дотроо нэгийг тааж байлаа. Лилиа бол ажилсаг, хичээнгүй. Цалингийнхаа ихэнхийг гэр лүүгээ явуулна. Тосгоны асуудлыг шийдэхээр Паултай хамт гадуур их явдаг, харин эмнэлэгт туслахаар тосгонд үлддэг Зенитээс тэс өөр. Ажлаас өөр үед бараг л гэрээс гардаггүй. Хэн нэгэнтэй дотно болсон гэх сураг ч байсангүй.

Тэгэхээр танихгүй хүнтэй... гэж үү?

Гэхдээ би нэг зүйлийг мэдэж байлаа.

Зенит жирэмсэн болсноос хойш Паул бэлгийн харилцаагаа зогсоохоос өөр аргагүй болсон. Тэгээд тэсэхээ болиод шөнөөр Лилиагийн өрөө рүү сэм ордог байсныг би харсан.

Хэрвээ би гэнэн хүүхэд байсан бол тэднийг хөзөр тоглож байна гэж бодох байсан биз.

Харамсалтай нь, үнэнг нь мэдэж байсан. Тэр хоёр аавын эзгүйд биш, харин ээж эзгүй үед тэгдэг байв.

Ядаж жаахан болгоомжтой байж болох л байсан. Өмнө нь нэг хоёр хүн ингэж хэлж байсныг санаж байна уу?

"Залуусаа!! 'Хичээвэл бүтнэ' гэдэг үг сайхан л даа. Гэхдээ жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэйг ч бас сануулдаг юм шүү!!"

Царай нь ногоон болтлоо хувирсан Паулд энэ үгсийг хэлж өгөхсөн гэж үнэхээр их хүсэж байна.

Гэхдээ энэ ертөнцөд жирэмслэлтээс хамгаалах арга гэж байдаг эсэхийг нь ч би сайн мэдэхгүй юм.

Мэдээж, энэ асуудлыг дэлгэж, гэр бүлээ бутаргах бодол надад алга.

Ер нь бол, гэрийн үйлчлэгчтэй нэр холбогдсон хүнийг би хэзээ ч уучилдаггүй. Гэвч Силфигийн асуудал дээр Паул надад их тус хүргэсэн болохоор энэ удаад л өршөөе.

Нэрд гарсан эрчүүдэд хэцүү л дээ. Тийм болохоор хэрэв сэжигтэн болбол би түүнийг өмгөөлж, баталгаа нь болж өгнө өө. Ийм шийдвэр гаргачихаад, Паулд санаа зоволтгүй гэсэн утгаар нүдээрээ дохив.

Гэтэл яг тэр мөчид Зенит Паулыг сэжигтэй гэгч нь ширтэж байлаа.

Санамсаргүй байдлаар бид хоёулаа Паулыг ширтэж байв.

"У-уучлаарай. Э-энэ магадгүй... минийх..."

Энэ нөхөр ч амархан бууж өгөх юм аа.

Ямар өрөвдөлтэй юм... Үгүй ээ, үнэнч эрийг магтах хэрэгтэй. Тэр үргэлж гэр бүлээ цуглуулж байгаад надад эр хүний ёс суртахууныг заах дуртай:

"Үнэнч бай"

"Эр хүн шиг бай"

"Эмэгтэйчүүдийг хамгаал"

"Итгэлийг нь бүү алд" гэх мэтээр.

Тийм болохоор л тэр үнэнээс өөр юм хэлж чаддаггүй байх. Энэ нь ч сайн хэрэг биш гэж үү? Түүний энэ зан надад таалагддаг.

(Гэхдээ нөхцөл байдал тун эвгүй боллоо доо...)

Би Зенитийг харангаа ийн бодов. Түүний ард Хання(Hannya) баг дүрэлзэх шиг л боллоо.

Ингээд л Лилиаг оролцуулаад бид гэр бүлийн яаралтай хурлаа эхлүүлэв.

—

Чимээгүй байдлыг Зенит хамгийн түрүүнд эвдэв.

Тэр яриаг эхлүүллээ.

"За тэгээд, одоо яах гэж байна?"

Миний харж байгаагаар Зенит тун ч тайван байна.

Тэр араар тавьсан нөхрөө ганц алгадсанаас өөрөөр сүржигнэж, орилж хашхирсангүй.

Паулын хацар дээр улаан алганы мөр тодхон харагдана.

"Эзэгтэйг төрөх хүртэл тусалчихаад энэ ажлаасаа гарахыг минь зөвшөөрнө үү."

Ийнхүү хариулсан хүн бол Лилиа байв. Тэр ч бас тун тайван харагдана. Магадгүй энэ ертөнцөд ийм зүйл элбэг тохиолддог байх. Эзэн нь үйлчлэгчтэйгээ амрагийн харьцаа үүсгээд, асуудал гарангуут тэр эмэгтэй нь гэрээс явдаг байх...

Хмм.

Ер нь бол ийм эмгэнэлт түүх надад сонирхолтой санагдах байсан ч, одоогийн уур амьсгал ямар ч хөдөлгөөн хийх боломж олгохгүй нь. Яагаад гэвэл би өөрийгөө барьж байна. Паулаас ялгаатай нь шүү дээ.

Дашрамд хэлэхэд, Паул өнцөгт шигдээд суучихсан байв.

Эцэг хүний нэр төр гэж юу байсан юм бол оо?

"Тэгээд хүүхдийн тухайд яах вэ?"

"Би Федоад төрчихөөд, төрөлх нутагтаа очиж өсгөх бодолтой байна."

"Чиний төрсөн нутаг өмнө зүгт байдаг билүү?"

"Тийм ээ."

"Төрснийхөө дараа бие чинь ихэд сульдана, тийм хол замыг туулж дийлэх болов уу даа?"

".........Магадгүй л юм. Гэхдээ надад очих өөр газар алга."

Федоа нь Асурагийн хойд хэсэгт байрладаг.

Миний мэдэхийн, Асура Хаант Улсын өмнөд хэсгийн хотууд руу морин тэргээр хүрэхэд л бүтэн сар зарцуулна. Ганц сар ч бай, Асурагийн аюулгүй байдал, цаг агаар харьцангуй таатай тул тэргээр явахад тийм ч хүндрэлтэй биш. Гэвч энэ бол жирийн аялагчдад л хамаатай зүйл.

Лилиад мөнгө алга. Мөнгөгүй бол алхахаас өөр замгүй.

Хэрэв Грейратын гэр бүл замын зардал гаргаж өглөө ч, тэргээр явлаа гээд аюул багасахгүй.

Дөнгөж төрсөн эх хүн ганцаараа аянд гарна гэдэг... Хэрэв би муу санаатай нэгэн байсан бол түүнтэй таарвал яах байсан бол?

Мэдээж би түүнийг тононо. Энэ чинь "намайг дээрэмдээч" гэж гуйж байгаагаас ялгаа алга. Хүүхдийг нь барьцаалж, эхийг нь хорьж, хамаг мөнгө эд зүйлийг нь дээрэмдэнэ. Дээр нь энд боолчлолын систем байдаг бололтой, эх хүүхэд хоёрыг зараад дуусгах нь гарцаагүй.

Асура нь дэлхийн хамгийн аюулгүй газар байлаа ч муу хүмүүс байхгүй гэсэн үг биш. Тэр халдлагад өртөх магадлал тун өндөр.

Зенит зөв хэлж байна. Биеийн хүчний асуудал байна. Лилиа тэсвэрлэлээ гэхэд хүүхэд нь яах бол?

Нярай хүүхэд бүтэн сарын аялалыг даах болов уу?

Боломжгүй биз дээ?

Мэдээж Лилиа ухаан алдаж унах юм бол хүүхэд нь ч дагаад сүйрнэ. Өвдлөө гэхэд эмч дуудах нөөц бололцоо байхгүй тул эцэст нь бүгд дуусна.

Нярай хүүхдээ тэвэрсэн Лилиа цасан шуурганд ухаан алдан унаж буй дүр зураг нүдэнд минь харагдах шиг л боллоо.

Би Лилиаг тийм байдлаар үхэхийг хүсэхгүй байна.

"Гэхдээ хонгор минь, энэ чинь үнэхээр..."

"Дуугүй бай!!"

Паул ээрч мууран эсэргүүцэх гэж оролдсон ч Зенитийн тас хориглох үгний өмнө хүүхэд шиг л булан руу агшин хумигдав.

Энэ асуудалд түүнд үг хэлэх эрх алга. Хмм. Паул аль хэдийн тооцооноос хасагдсан бололтой.

"............"

Зенит зовлонтойгоор хумсаа мэрнэ. Эргэлзэж байгаа бололтой.

Тэр Лилиаг алах хэмжээнд үзэн яддаггүй.

Үнэндээ тэдний харилцаа маш сайн. Зургаан жилийн турш айл гэрийн ажлыг хамтдаа нугалж ирсэн, бүр сайн найзууд гэж хэлж болохоор хүмүүс.

Хэрэв Лилиагийн гэдсэн дэх хүүхэд Паулынх биш байсан бол...

Хэрэв Лилиа гудамжинд хүчиндүүлж, улмаар жирэмсэн болсон бол Зенит гарцаагүй... үгүй ээ, бүр хүчээр хамгаалж, хүүхдийг нь энд өсгөх байсан биз. Ярианы өрнөлөөс харахад энэ ертөнцөд үр хөндөх тухай ойлголт огт байдаггүй бололтой.

Зенитийн сэтгэлд хоёр өөр бодол зөрчилдөж байгаа нь илт. Лилиад хайртай хайр, бас өөрийг нь хуурсанд гомдох гомдол.

Зенит гомдолдоо автаж, бүхнийг орхиогүйд нь би үнэхээр биширч байна. Хэрэв би байсан бол атаархалдаа хөтлөгдөөд л түүнийг хөөгөөд явуулах байсан биз.

Зенит тайван байж чадаж байгаа нь Лилиагийн хандлагатай холбоотой биз ээ. Лилиа өөрийгөө өмгөөлж хамгаалахыг оролдохгүй, харин ч бүх хариуцлагыг өөрөө үүрэхээр шийджээ. Өөрийнх нь итгэлийг алдсан, үргэлж зүтгэж ирсэн гэр бүлийнхээ өмнө бүх хариуцлагыг хүлээхээр шийдсэн хэрэг.

Гэхдээ миний бодлоор бол хариуцлага хүлээх ёстой хүн нь Паул байх ёстой. Лилиа бүх бурууг өөр дээрээ авах нь шударга бус.

Ийм аймшигтай байдлаар салах ёс гүйцэтгэж болохгүй.

Би Лилиад туслахаар шийдлээ. Тэр надад маш их халамж тавьж ирсэн. Бид хоёр тийм ч их ярилцаж байгаагүй, тэр ч надтай ховорхон дуугардаг ч гэлээ, намайг үргэлж сайн харж ханддаг байсан юм.

Миний бие илдний бэлтгэл хийж хөлсөндөө нэвт норсон үед алчуур бэлдээд зогсож байдаг. Бороонд норчихсон ирэхэд халуун ус бэлдэнэ. Хүйтэн шөнөөр хөнжил авчирч өгнө. Номоо тавиур дээр нь хураахаа мартчихвал тэр даруйд нь нямбай гэгч нь хураачихдаг байв.

Тэгээд хамгийн чухал нь.

Хамгийн чухал, үнэхээр чухал зүйл бол.

Тэр Ариун эд зүйлийг минь мэддэг атлаа нууцалж ирсэн.

Тийм ээ, Лилиа үүнийг мэднэ.

Тэр үед би Силфиг хүү гэж бодож байсан юм. Гадаа бороо орж байлаа. Би өрөөндөө ургамал судлалын нэвтэрхий толийг ээдрээтэй бодолтойгоор уншиж суув. Тэр үед Лилиа орж ирээд цэвэрлэгээ хийж эхэлсэн. Би номондоо хэт автсандаа Лилиаг Ариун эд зүйлийн минь нууц орогнох газар ойрхон цэвэрлэгээ хийж байсныг анзаараагүй. Гэтэл түүнийг харсан үед аль хэдийн оройтсон байлаа. Лилиагийн гар Ариун эдийг барьчихсан байсан юм.

Би цочирдож орхив. Хорин жилийн турш NEET амьдралдаа өрөөгөө эмх замбараагүй орхиж, хажууд хэн нэгэн байгаа эсэхийг огт тоодоггүй байсан нь үнэн л дээ. Бүр компьютерын дэлгэц дээр [Эротик зураг] гэсэн нэртэй хавтас хүртэл байсан юм. Магадгүй тийм болохоор л миний нуух арга барил зэвэрчихсэн бололтой. Гэхдээ л ийм амархан олдоно гэж зүүдлээ ч үгүй. Үнэхээр л хичээж нуусан юмсан... "Үйлчлэгч" гэдэг чинь ийм аймшигтай амьтан байдаг хэрэг үү?

Зүрх сэтгэл минь үйрэн унах шиг болж, толгойноос цус минь зугтах шиг л болов.

Шулмын ан эхэллээ.

Лилиа "Энэ чинь юу вэ?" гэв.

Би "Ю-ю-ю-ю-юу юм бэ, т-т-т-тэр чинь" гэж сандарч мэгдэв.

Лилиа: "Үнэр нь ч гэж..."

Би: "Гү... Наа чинь гүнждийн тосны үнэр байж магадгүй ээ?"

Лилиа: "Хэнийх юм?"

Би: "......Уучлаарай, энэ Роксигийнх" гэж хариулав.

Лилиа: "Үүнийг угаасан нь дээр байх."

Би: "Үүнийг яаж угаах юм бэ!!"

Лилиа Ариун эдийг Ариун Дагшин Газар (нуух газар) луу нь буцаагаад хийчихэв.

Тэгээд чичрэн суух намайг орхиод, өрөөнөөс гарч одлоо.

Тэр шөнө би гэр бүлийн цуглаанд бэлдэж байв.

Гэвч юу ч болсонгүй.

Шөнөжин чичирч хонов. Гэтэл хоёр дахь өдрийн өглөө болтол юу ч болсонгүй.

Тэр хэнд ч хэлээгүй байв.

Би энэ ачийг заавал хариулна аа.

"Ээж ээ, би хоёр дүүтэй болох гэж байхад яагаад уур амьсгал ийм хүнд байгаа юм бэ?"

Би хүүхэд шиг л царайлах хэрэгтэй.

Лилиа жирэмсэн болсон. Энэ чинь гайхалтай, гэр бүлийн гишүүд маань нэмэгдэж байна. Та нар яагаад уурлаад байгаа юм бэ?

Би энэ мэдрэмж дээрээ тулгуурлан яриаг өөрчлөхийг оролдов.

"Учир нь аав Лилиа хоёр хориотой зүйл хийсэн болохоор тэр" гэж Зенит санаа алдан хариулав. Түүний дуу хоолойнд ёроолгүй уур хилэн цухалзана. Гэхдээ тэр уур нь Лилиад чиглээгүй байв. Зенит өөрөө ч үүнийг маш сайн мэдэж байлаа.

Хэн нь хамгийн их буруутай вэ?

"Тийм байж болно оо. Гэхдээ Лилиа аавыг эсэргүүцэж чадах уу?"

"Юу гэсэн үг вэ?"

За, Паулд шударга бус байсан ч гэсэн, энэ нүхээ өөрөө л ухсан юм чинь. Бүх бурууг өөр дээрээ л ав даа.

Уучлаарай, Силфигийн талаар тусалсан хариу түр хүлээх хэрэгтэй болох нь.

"Би мэдэж байна аа. Аав Лилиагийн сул талыг атгачихсан байсан."

"Ай? Үнэхээр үү!?"

Зенит миний худлаа зохиосон зүйлд итгэсэн бололтой, гайхсан харцаар Лилиа руу эргэж харав.

Лилиа ямагт л нүүрний хувиралгүй байдаг ч, энэ удаад ямар нэгэн зүйл бодсон бололтой хөмсгөө бага зэрэг зангидав. Түүнд үнэхээр сул тал байгаа юм болов уу? Гэхдээ харахад л сул тал нь баригдсан хүн нь Паул байх шиг л харагдах юм...

Яахав дээ. Ингэсэн нь ч дээр биз.

"Саяхан би бие засах гэж яваад Лилиагийн өрөөний хажуугаар өнгөрөхдөө аавыг... 'Хэрэв чи тэр зүйл ил болоосой гэж хүсэхгүй байгаа бол дуулгавартай байж хөлөө дэлгэсэн чинь дээр' гэж хэлэхийг сонссон юм."

"Юу!! Рүди, чи чинь юу яриад байгаа юм бэ..."

"Чи хараал идсэн амаа хамхи!!"

Зенитийн тасхийсэн хашхираан Паулын үгийг тасалдууллаа.

"Лилиа, түүний хэлсэн үнэн үү?"

"Үгүй ээ, тийм зүйл..."

Лилиа ямар нэгэн зүйл хэлэх гэсэн ч харц нь тогтворгүй байлаа.

Тэр дотроо юм бодож байгаа бололтой. Магадгүй тэд үнэхээр тийм тоглоом тоглосон ч байж мэдэх юм.

"Үнэн л юм байна, чи өөрөө ам нээж чадахгүй байгаа юм чинь..."

Зенит Лилиагийн байр байдлыг хараад өөрийнхөөрөө дүгнэлт хийв.

Паул болсон явдалд цочирдсондоо нүд нь бүлтэгнэж, ам нь ангайсан чигээрээ юу ч дуугарч чадахгүй, яг л алтан загас шиг болжээ.

Сайн байна. Одоо эцсийн цохилтыг өгөх л үлдлээ.

"Ээж ээ. Миний бодлоор Лилиа буруугүй юм шиг санагдана."

"Тийм ээ."

"Аав л буруутай."

".........Тийм ээ."

"Аав буруутай байтал Лилиа шийтгүүлнэ гэдэг чинь дэндүү утгагүй зүйл биш гэж үү."

"............Тийм ээ."

Хариу үйлдэл нь хангалтгүй байна... Бас жаахан нэмэх хэрэгтэй.

"Би Силфитэй цагийг өнгөрөөхөд үнэхээр аз жаргалтай байдаг болохоор дүү нар маань ч гэсэн өөрсдийнхөө үеийн найз нөхөдтэй байвал зүгээр юм шиг санагдана."

"......Тийм ээ."

"Бас ээж ээ. Миний хувьд тэд хоёулаа л миний дүү нар шүү дээ."

"............Ойлголоо. Заза, би ч Рүдиг ялж чадахгүй юм байна."

Зенит гүнзгий амьсгаа авав.

Та ч надад их ажил удах юм даа, ээж ээ.

"Лилиа, манай гэрт үлд. Чи аль хэдийн манай гэр бүлийн нэг хэсэг болсон!! Би чамайг зүгээр л явуулана гэж санасны ч хэрэггүй!!"

Тэр ийнхүү шийдвэрээ гаргав.

Паул нүдээ бүлтэгнүүлэн гайхаж, Лилиа уруулаа гараараа даран нулимс мэлмэрүүлж байлаа.

Ийнхүү энэ асуудал нэг тийшээ болж өндөрлөв.

—

Ингээд л бүх бурууг Паулын нуруун дээр тохож, асуудал намжив.

Эцэст нь Зенит Паулыг яг л нядлах гэж буй гахай харж байгаа мэт ширтэх аж.

Зарим хүмүүсийн хувьд энэ нь шагнал ч байж болох ч, миний хувьд энэ харцнаас нь болоод дотор арзас хийгээд явчихав.

Зенит тэр харцаа хадгалсан чигээрээ ганцаараа өрөө рүүгээ эргэн оров.

Лилиа уйлж байлаа. Тэр урьдын адил хувиршгүй төрхтэй ч, нүднээс нь нулимс тасралтгүй урсана.

Паул мөрөн дээр нь тэврэх үү, яах уу гэж эргэлзэж байв.

За яах вэ, энэ "залуу"-гийн асуудлыг өөрт нь үлдээе.

Би Зенитийн араас унтлагын өрөө рүү нь явлаа. Хэрэв энэ явдлаас болж Зенит Паулаас салах юм бол энэ бас л том асуудал болно.

Би хаалгыг нь тогштол Зенит шууд л гарч ирэв.

"Ээж ээ, саяны хэлсэн зүйлс бүгд худлаа байсан юм. Аавыг битгий үзэн ядаарай."

Би ямар ч оршилгүйгээр шуудхан хэллээ.

Зенит хэсэг зуур цэл хөхөрсөн мэт гайхан зогссоноо, удалгүй гашуун инээмсэглэл тодруулан миний толгойг илэв.

"Ойлголоо. Би ер нь тийм муу эр хүнд сэтгэл алдарна гэж санасангүй. Тэр тэнэг, бас эмэгтэйчүүдэд хорхойтой нэгэн болохоор ийм юм болж магадгүй гэж дотроо бэлдэж л байсан юм. Гэхдээ гэнэт ийм юм болохоор нь л цочирдчихлоо."

"...Аав эмэгтэйчүүдэд тийм их дуртай юм уу?"

Би юу ч мэдээгүй царайлан асуулаа.

"Тийм ээ. Сүүлийн үед ч гайгүй болсон л доо, гэхдээ урьд нь бол юу болох нь хамаагүй л байдаг байсан. Магадгүй Рүдид ах эсвэл эгч байхыг ч үгүйсгэхгүй."

Түүнийг ярих тусам миний толгойг илж буй гар нь улам чангарч, атгалт нь хүчтэй болсоор байлаа.

"Рүди чи лав иймэрхүү хүн болж болохгүй шүү, ойлгов уу?"

Тэр миний толгойг хүчтэй үрж, үгүй ээ, бүр атгаж эхэллээ... түүний гар улам л чангарсаар...

"Силфид муухай хандаж болохгүй шүү, за юу?"

"Ёоё, өвдөж байна, мэдээж ээж ээ, ёоё~"

Цаашдаа яаж амьдрах ёстойдоо би хатуухан сануулга авч байгаа мэт санагдав.

Гэхдээ одоо бүх зүйл зүгээр болсон бололтой. Цаашид юу болох нь Паулын хичээл зүтгэлээс л хамаарна.

Гэсэн ч манай гэрийн эзэн ч дээ, үнэхээр л хөдөлгөөнтэй нэгэн юм даа.

Хоёр дахь боломж гэж байхгүй шүү, эрхэм ээ.

Хоёр дахь өдөр.

Илдний бэлтгэл туйлын хатуу ширүүн байлаа.

Би ээжийг тайвшруулж тусалсан юм чинь, уураа надад гаргахгүй байж болохгүй гэж үү?

—

*Лилиагийн харах өнцгөөс*

Шулуухан хэлэхэд.

Энэ жирэмслэлт бол миний л буруу. Учир нь би Паулыг өөрөө өдөөн хатгаснаа мэдэж байгаа.

Энэ гэрт ирэхдээ би огтхон ч ийм төлөвлөгөөгүй байсан. Гэвч шөнө бүр тэдний хүнд хүнд амьсгалах чимээг сонсож, шөнийн явдлын үнэр шингэсэн өрөөг нь цэвэрлэх бүрд миний доторх хүсэл тачаал хуримтлагдсаар ирсэн юм.

Эхэндээ би өөрөө л аргалдаг байлаа.

Гэвч хашаанд Паулыг өдөр бүр илдний бэлтгэл хийхийг харах бүрд биеийн минь гүн дэх унтраашгүй гал улам л дүрэлзэх болов.

Түүнийг бэлтгэл хийхийг харах бүрдээ би анхны удаагаа боддог.

Тэр үед би хавьгүй залуу байж, бэлтгэлийн зааланд л болсон явдал. Тэр хүн нь мэдээж Паул байсан бөгөөд шөнө дунд хүчээр намайг эзэмдсэн. Түүнийг үзэн ядаагүй ч, тийм ч дуртай байгаагүй. Анхны удаа гэдэг тийм ч романтик байгаагүй болохоор би тэр даруйдаа л уйлсан.

Гэвч тэр явдлын дараахан л тарган түшмэдүүд гарч ирсэн.

Паулыг тэднээс дээр юм байна гэж бодсон цагаас хойш би тэр явдлыг нэг их тоохоо больсон доо...

Паулыг шинээр зарц авах гэж байгааг сонсоод, би тэр цаг мөчийг л өөртөө ашигтайгаар эргүүлэхээр төлөвлөж байлаа.

Тэр үеэс хойш огт хараагүй Паул одоо ёстой эршүүд эр болжээ.

Нэгэн цагийн гэнэн жаал ор мөргүй алга болж, оронд нь ширүүн, хатуу төрхтэй эр хүн босоод ирсэн мэт.

Ийм хүний дэргэд би бүтэн зургаан жилийг тэсэж өнгөрүүлсэн байх нь.

Анхандаа Паул над руу огт сээтэгнэж байсангүй.

Тэр хэвээрээ байсан бол миний доторх хүсэл ч аяндаа намжих байсан биз.

Гэтэл хааяа нэг хэтрүүлсэн үйлдэл, ёс зүйгүй хандлага нь доторх галыг минь дахин асаачихдаг байлаа.

Тэсэж чадна, чаддаг ч гэлээ яг л ирэн дээр тэнцвэрээ барьж яваа мэт байснаа мэдэрдэг байсан.

Зенит жирэмсэн болсон тэр мөчид тэр тэнцвэр нурсан.

Паулын хүсэл тачаалыг далимдуулж, би өөрөө түүнийг өрөөндөө татсан…

Тиймээс бүх буруу надад бий. Жирэмсэн болсон минь ч миний шийтгэл. Хүсэлдээ дийлдэж, Зенитийг хуурсныхаа төлөөх шийтгэл.

Гэвч намайг уучилсан.

Рүдеүс намайг уучилсан.

Тэр ухаантай хүү болсон бүхнийг яг таг ойлгож, ярианы урсгалыг гартаа оруулаад, бүр төгс урхи хүртэл бэлдсэн.

Яг л өмнө нь ийм зүйлтэй тулгарч байсан мэт тайван…

Аймшигтай… Үгүй, ингэж бодож болохгүй.

Би Рүдеүсээс үргэлж эмээж, санаатайгаар зайлсхийдэг байсан.

Рүдеүс үнэхээр сэргэлэн. Намайг зугтаж байгааг анзаараагүй байх учиргүй. Гэсэн ч тэр намайг аварсан. Өөрт нь ямар санагдаж байсныг үл тоон шүү.

Өөрийнхөө мэдрэмжээс илүү энэ хүүхдийг аврахыг сонгосон.

Түүнийг аймшигтай гэж бодож, зугтаж явсандаа нүүр улайх шиг.

Тэр бол миний аврагч. Хүндлэхээс өөр аргагүй хүн.

Үхэн үхтлээ хүндэтгэж, зүтгэнэ. Үгүй… өмнө нь дорд үзэж байснаа бодоход ганц миний хүч хүрэхгүй ч байж мэднэ.

Тийм ээ.

Хэрвээ энэ хүүхэд эрүүл саруул өсөж торнивол…

Би энэ хүүхдийг Рүдеүсийн дагуул болгоно.

Түүнийг Рүдеүс эзэнтэнд үйлчлүүлнэ.

—

*Рүдеүсийн харах өнцгөөс*

Дараагийн хэдэн сард онц гойд зүйл болсонгүй.

Силфигийн ахиц нүдэнд илт. Дуугүй Шившлэгийг дунд шат хүртэл ашиглаж сурчээ. Мөн нарийн хяналтыг ч аажмаар эзэмшиж байна.

Харин миний Илдний ур чадвар төдийлөн урагшилсангүй.

Ахиж байгаа нь мэдэгдэнэ, гэвч Паулын биед нэг ч сорви үлдээж чадахгүй болохоор бодит ахиц мэдрэгдэхгүй юм.

Мөн Лилиагийн хандлага зөөлөрсөн бололтой. Урьд нь намайг байнга болгоомжилж хардаг байсан. Яах вэ, багаасаа л шидээ шур шур хийлгэн цацдаг хүүхдээс болгоомжлох нь аргагүй биз.

Царайны хувиралгүй хэвээр боловч үг, үйлдэл нь намайг ихэд хүндэлж байгааг илтгэнэ. Энэ мэдрэмж таатай ч Паулын байр суурийг ганхуулах тул үүнийгээ зохих хэмжээнд нь барихыг хүсэж байна.

Ямартай ч тэр явдлын дараа Лилиа надтай бага зэрэг ярилцаж эхэлсэн юм.

Голчлон Паулын тухай.

Лилиа үнэндээ нэг дожод илдний урлаг суралцаж байжээ.

Тэр үед Паул авьяастай байсан ч бэлтгэл хийх дургүй нэгэн байж. Ихэвчлэн бэлтгэлээ таслан хотоор тэнэдэг байв. Тэгээд нэгэн шөнө унтаж байхад нь Паул гэнэт дайрч, Лилиагийн онгон биеийг эзэмдсэн аж. Паул хэрэг илчлэгдэхээс айгаад зугтаж одсон санж.

Тэр болсон явдлыг надад илэн далангүй ярьж өглөө.

Лилиагийн яриаг сонсох тусам Паулын нэр хүнд миний нүдэн дээр унаж байлаа.

Хүчин, дээр нь гэр бүлээс гадуурх харилцаа. Паул ч дээ, жинхэнэ новш юм даа.

Гэхдээ Паулын зан чанар тийм ч муу хүн биш л дээ. Хүүхэд шиг эрх дураараа, эмэгтэйчүүдийн эх хүний зөн совин, асран халамжлах сэтгэлийг нь өөрийн эрхгүй татдаг төрлийн хүн. Эцэг хүний үүргээ биелүүлэх гэж хичээдэг. Гэвч тэвчээр муутай, санаанд орсноо шууд л хийж байдаг, яав ч муу хүн биш ээ.

"Яасан бэ, яагаад намайг ширтээд байгаа юм? Аав шигээ мундаг болохыг хүсээ юу?"

Илдний бэлтгэлийн үеэр Паулыг харж байхад тэр надаас ингэж асуув.

Энэ эр ч үргэлж л хошигнож явах юм.

"Гэр бүлээс гадуурх харилцаанаас болж амьдралаа сүйрүүлэх шахсан эр хүн мундаг гэж үү?"

"Өө..."

Паул царай нь барайгаад ирэв. Тэр царайг нь хараад би өөрийгөө болгоомжтой байх ёстойг санууллаа.

Би өөрөө ч гэсэн гэнэн цайлган төрлийнх. Охид над дээр булаацалдахгүй л бол хэрэг төвөгт орооцолдохгүй. Ер нь тиймэрхүү асуудал үүсгэхээс зайлсхийдэг төрлийн хүн л дээ.

"За за, энэ удаагийнх сургамж болоод үлдэг. Гэхдээ ээжээс өөр хүнд гар хүрэхээ болиорой."

"Л... Лилиа бол зүгээр биз дээ?"

Энэ хүн ч хангалттай зовоогүй бололтой.

"Дараагийн удаа ээж юу ч хэлэлгүй төрсөн нутаг руугаа явж магадгүй шүү..."

"Өө..."

Хоёр эмэгтэйгээр хүрээлүүлчихээд, энэ хүн чинь бүр гурвуулаа амьдрахыг хүсээд байгаа юм уу? Үзэсгэлэнт эхнэр, хүссэн үедээ эрхэлж болох үйлчлэгчтэй байж, хөдөө тосгонд хүүдээ илд зааж, тансаг амьдралаар амьдрах гээд л.

Хөөе хөөе, энэ чинь хүмүүсийн атаархлыг хэтэрхий их төрүүлж байна. Энэ чинь хамгийн сайхан төгсгөлүүдийн нэг биш гэж үү?

Яг л нэгэн новел шиг, Луиза, Табита хоёуланг нь эзэмдчихээд зүгээр үлддэг шиг үү?

Би энэ гэнэн зангаа орхиод, түүнээс суралцах хэрэгтэй юм болов уу...?

Үгүй, үгүй. Тайвшир. Тэр гэр бүлийн цуглаан, тэр үед Зенитийн над руу харсан харц...

Тийм харцаар ширтүүлэхийг хүсэж байна гэж үү?

Нэг эхнэртэй байхад л хангалттай.

"Адилхан эр хүний хувьд ойлгож байгаа биз дээ?"

Паул одоо ч үүнийгээ зүтгэсээр л. Би ойлгож байна, гэхдээ санал нийлэхгүй нь.

"Зургаан настай хүүдээ юуг нь ойлгуулах гээд байгаа юм?"

"Чи Силфи рүү шүлсээ гоожуулаад л байгаа биз дээ. Тэр охин том болоод лав сайхан бүсгүй болно доо."

Үүнтэй л санал нийлэхээс өөр аргагүй.

"Тийм байх аа. Одоо ч гэсэн маш хөөрхөн."

"Ойлгоход амархан байна уу?"

"Тийм ээ."

Паул бол нэг талаараа бүтэхгүй нөхөр ч, бид хоёрын яриа амар нийлдэг байв.

Гаднаа хүүхэд шиг харагдавч, миний сэтгэхүй дөчин настай NEET-ийнх. Жинхэнэ бүтэхгүй нөхөр гэвэл би л байна.

Зөвхөн тоглоомын ертөнцөд л гэхгүй, би охидод дуртай, мэдээж харем ч сонирхдог. Миний мөн чанар ч Паулын эмэгтэйчүүдэд дуртай зантай адилхан байж магадгүй.

Энэ мэдрэмж Силфиг хүчээр хувцасгүй болгосны дараа Паултай хийсэн ярианы дараа төрсөн юм.

Тэр явдлаас хойш Паул өөрөө идэвхтэй харилцаж, илүү нээлттэй болсон мэт санагддаг. Би өөрийнхөө сул талыг харуулсан болохоор тэрээр хатуу эцгийн дүр эсгэхээ больсон, өөрөөр хэлбэл тэр ч бас хүмүүжжээ.

"Хэхэ..."

Гэнэт Паулын мушилзахыг анзаарав.

Тэр намайг биш, миний ар талыг харж байлаа. Эргээд хартал Силфи тэнд зогсож байв. Тэр манайд тэр бүр ирээд байдаггүй юм.

Анхааралтай ажиглавал, тэр нүүр нь улайчихсан бага зэрэг сандарч байх шиг.

Миний түрүүний хэлснийг сонсчихсон бололтой.

"Хөөе, түүнд сонсогдохоор дахиад нэг хэлээд өгөөч~"

Паулын шоглох ч гэж дээ, сонгодог арга шүү.

Би хамраараа инээд алдав. Үнэхээр л, та ойлгохгүй юм даа.

Паул зарим тал дээрээ одоо ч гэнэн хэвээрээ.

Зүрх сэтгэлээсээ гарсан үг байлаа ч, хэтэрхий олон сонсвол дасаж, тэр догдлол нь суларчихдаг юм. Хүн өөрийгөө их бүрхэг нэгэн мэт байлгаж байгаад, хааяа нэг жинхэнэ сэтгэлийн үгээ хэлэх нь илүү үр дүнтэй.

Хааяа л байх хэрэгтэй. Хоёр дахь удаагаа бол болохгүй.

Тиймээс би зүгээр л инээмсэглээд Силфи рүү гараараа даллав.

Бас Силфи дөнгөж зургаатай. Энэ талаар ярихад арван жилээр эрт байна.

Хөөрхөн гэж магтаад л, байнга эрхлүүлээд байвал сайн бүсгүй болохгүй шүү дээ.

Миний эгч үүний тод жишээ.

"Т-тэр чинь... Рүдеүс ч бас... бас л догь, тийм ээ?"

"Тийм гэж үү? Баярлалаа, Сильфи."

Би бүдэгхэн инээмсэглээд (өөрийнхөө бодлоор) гялалзсан шүдээ гарган харуулав.

Силфи бол хүмүүстэй харьцахдаа үнэхээр гарамгай юм. Намайг бишрэн ширтэх тэр харцыг нь хараад бараг л үнэн гэж итгэх шахлаа. Силфиг хөөрхөн гэж магтаж байгаа маань үнэн ч, сэтгэлд минь ямар нэгэн романтик мэдрэмж огтхон ч алга.

Наад зах нь одоохондоо бол шүү дээ.

"За тэгвэл аав аа, бид явлаа."

"Өвсөн дээр битгий түлхэж унагаарай!"

Хэн тэгдэг юм. Би чинь та биш шүү дээ.

"Ээж!! Аав -----"

"Аа, больё, боль...!!"

Өнөөдөр ч бас манай гэр бүлд амар амгалан өдөр тохиож байна.

—

Хэсэг хугацааны дараа Зенит төрөх дөхөж, өвдөлт нь эхэллээ.

Тэр үед үнэхээр хэцүү байв. Учир нь хүүхэд нь хөндлөн байрлалтай байсан юм.

Лилиа ч бас хөдөлж чадахгүй байсан тул тосгоны эх баригчийг дуудахаас өөр аргагүй боллоо. Гэвч тэр хөгшин эмэгтэйд ч гэсэн ямар ч гарц байсангүй.

Зенитийн төрөлт тун хүнд байлаа.

Удаан хугацаанд үргэлжилсэн өвдөлтийн улмаас эх, хүүхэд хоёулаа аюултай байдалд орчихов.

Лилиа бүхий л мэдлэг чадвараа дайчлан сандарч байлаа. Би ч мөн чадах бүхнээ хийж, Анагаах Ид Шидийг тасралтгүй ашиглан туслахыг хичээнэ.

Бидний хичээл зүтгэлийн хүчинд төрөлт амжилттай боллоо.

Хүүхэд энэ ертөнцөд ямар ч асуудалгүй мэндэлж, чангаар уйлах нь сонсогдов.

Охин байлаа. Охин дүү. Ашгүй, эрэгтэй дүү биш байж.

Биднийг санаа амарч байх тэр агшинд Лилиа ч бас төрөхийн шинж тэмдэг илэрч эхлэв.

Бүгд ядарч, тайвширсан байсан тэр мөч байлаа.

Дутуу төрөлт гэх үг зүрхэнд минь хатгаж байв.

Гэвч энэ удаад эх баригч амжилттай ажиллалаа. Хөндлөн байрлалтай төрөлтийг тун эвгүйхэн зохицуулсан ч, дутуу төрөлт дээр бол туршлагатай бололтой. Нас бол туршлага гэдэг ч аргагүй юм даа.

Би эх баригчийн хэлснээр хөдөлнө. Айж сандарсан Паулын өгзөг рүү нь өшиглөж байгаад Лилиаг миний өрөө рүү оруулууллаа. Тэр хооронд нь би ид шид ашиглан халуун ус бэлдэж, цэвэрхэн даавуу цуглуулах гэж чадах бүхнээ хийгээд эх баригч дээр эргэн ирэв.

Үлдсэнийг нь эх баригчид даатгалаа.

Хүүхдээ төрөх үед Лилиа хайр дүүрэн хоолойгоор Паулын нэрийг дуудлаа.

Хөлс нь цувсан Паул түүний гараас чанга атгаж байв.

Дөнгөж төрсөн хүүхэд Зенитийн охиноос жижигхэн байсан ч, энэ хүүхэд ч бас эрүүл саруул уйлж байлаа.

Энэ ч бас охин байв.

Хоёулаа охин. Хоёулаа эгч дүүс.

"Хоёулаа охин гэж үү?" Паул ийнхүү хэлээд тэнэг юм шиг инээлээ.

Тэнэг эцгийн царай. Энэ илэрхийллийг би хоёр дахь удаагаа харж байна.

Бодоод байх нь ээ, Паул үнэхээр өрөвдөлтэй юм. Эцсийн эцэст, манай гэрийн эмэгтэйчүүдийн бүлэг хоёр дахин томроод байдаг. Энэ нөхцөлд гэрт хэний байр суурь хамгийн бага байх бол?

Магадгүй үйлчлэгчтэйгээ завхайрч, хүүхэдтэй болсон эцэг хүн л байх даа.

Сайн ах байхыг л хичээж явна, гэхдээ Паулыг хэн хүндлэх билээ дээ, лав л үгүй болов уу.

Зенитийн охин Норн.

Лилиагийн охин Айша.

Тэднийг ийм нэрээр нэрлэсэн аж.

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8