11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно
Гэнэт Өндөр Тэнгэр Асрын шавь олны дунд гарч ирээд, тэднийг тойрон алхав. Түүний царай алгуурхан тохуурхсан, их зантай байдалтай болж хувирлаа.
Гэвч өнөөх хоёр Хань эр тийм ч амар дооглуулчих хүмүүс биш байсан тул хөмсгөө зангидан: "Муу жаал минь, нааш цааш тойрч алхаад энэ ахынхаа толгойг эргүүлчихлээ. Чи ч бас ингэж толгойгоо эргүүлмээр байна уу?" гэв.
Залуу зүгээр л ёжтойгоор инээвхийллээ. Тэр хоёр эрийн өмнө зогсоод, 'хордуулсан' гэх хүнийг ажиглан: "Царай чинь маш цонхигор байна. Чиний уусан хор тийм ч энгийн зүйл биш бололтой" хэмээн дуугарлаа.
"Мэдээж үгүй байлгүй яахав" гэж тэр хилэнтэйгээр хариулаад: "Хэрвээ энгийн байсан бол, би яах гэж дүүтэйгээ хамт эмчид очихын оронд энд байх билээ. Бид энэ эзний харгис дотоод сэтгэл, үнэн төрхийг нь илчлэхээр энд байна! Хэн ч дахиж түүний мухлагаас юм худалдаж авч, бидэн шиг бүү зовоосой гэж найдаж байна!" гэлээ.
Энэ үг Эзэн Хө-гийн царайг цонхийлгов, учир нь тэр энэ хоёр эрийн зорилго чухам юу болохыг ойлгохгүй байлаа. Хэрэв зүгээр л мөнгө салгах гэсэн бол тэр ойлгох байв, гэхдээ тэдний сэдэл маш ойлгомжгүй, нууцлаг байлаа.
Түүнийг ийн бодлогошрон зогсох зуур Ян Кай аяархан: "Хө авга аа, та ойрын хугацаанд хэн нэгнийг гомдоосон юм биш биз?" гэж асуулаа.
Эзэн Хө сайтар бодсоны эцэст өрөвдмөөр дуугаар: "Хэнийг ч гомдоогоогүй дээ" гэв.
"Тэгвэл танай будааны мухлаг хэн нэгний мөнгө олох замд нь саад болсон юм болов уу?"
Ян Кай залуу хэдий ч олон зүйлийг үзэж туулсан нэгэн байв. Тиймээс энэ бодол огт үндэслэлгүй зүйл биш байлаа.
"Энэ чинь зүгээр л амьдралаа залгуулах гэсэн өчүүхэн ажил шүү дээ, би яаж бусдын орлогод саад болох билээ?"
[Ямар хачин юм бэ!] Газар ширтэн Ян Кай гүн бодолд автсан ч, учрыг нь олж чадахгүй л байв.
Тэгтэл Өндөр Тэнгэр Асрын шавь ёжтойгоор инээвхийлээд өнөөх хоёр эр рүү гэнэтхэн дайралт хийв. Тэд сандран: "Харж байна уу, бидэнрүү дайрж байна!" хэмээн хашхиралдлаа.
Гэвч энэхүү гэнэтийн дайралт нь яг л хортой алимны харласан доторхыг нээх мэт тэдний үнэн төрхийг илчлэн харуулах нь тэр.
(орч: Хүний жинхэнэ дүр төрхийг илчлэх гэсэн утгатай зүйр үг)
Энэхүү үйлдэл эргэн тойрны хүмүүсийг ихэд гайхшруулав. Хордсон гэж байсан өнөөх Хань эр гэнэтийн дайралтаас цочин нударгаа зангидаж, галзуу мэт үсэрч дэвхцэн бултаж гарлаа. Ийнхүү үсэрч харайх зуурт түүний хордсон гэх жүжиг нь бүрэн илчлэгдэв.
Ингэж хүчтэй хөдөлснөөр түүний урьд нь цонхигор байсан царай нь улаа бутран, өнгөлөг бөгөөд цоо эрүүл болж хувирлаа.
Үүнийг харсан олон нийт дуу алдав. Тэд энэхүү гэнэтийн өөрчлөлтөд маш их цочирдсон нь илт байлаа.
"Хордуулсан гэнэ шүү." Сү Мү хоёр Хань эр рүү харан тохуурхсан өнгөөр: "Ямар гайхалтай ур чадвар вэ. Би та нарыг хүндэлж байна, үнэхээр биширч байна" гэлээ.
Хоёр эрийн царай тэр даруй цонхийв. Нөгөө хордсон эр цайж цонхийх нь байтугай, огтхон ч хордоогүй мэт харагдаж байлаа.
Эргэн тойрны хүмүүс ч бас тэднийг дургүйцэн шуугилдаж эхлэв. Тэд тэнэг биш учраас нөхцөл байдлыг яаж ойлгохгүй байх билээ? Хүмүүс энэ эрчүүд ямар сэдэлтэй байсныг мэдээгүй ч, Эзэн Хө-гийн будааны мухлагийг ингэж гүтгэх нь увайгүй хэрэг байлаа. Аз болоход Өндөр Тэнгэр Асрын шавь үнэнийг илчилж өгсөн юм.
Улам олон хүн тэр хоёр эрийг зэвүүцэн жигшиж, харин өнөөх залууг магтан сайшааж эхлэв. Энэ залуу уг нь хүмүүст таалагдахаар нэгэн биш байсан ч энэ явдлын дараа түүний нэр хүнд тэнгэрт тултал өсөв.
Энэ хооронд Ян Кай тэднийг бүгдээрээ жүжиглэж байгаа гэсэн хардлагаа дотроо баталгаажуулж байлаа. Тэд нэр хүнд олохын тулд мууг дарж, сул доройг хамгаалдаг эрхэм баатар хүний жүжиг тавьж байжээ!
Хэрэв тэр тэднийг бүүр өмнөхөн нарийн гудамжинд хамтдаа байхыг нь хараагүй бол, тэр өөрөө ч гэсэн тэдэнд үнэнээсээ итгэх байсан биз.
[Гэхдээ тэд яагаад ийм их хүчин чармайлт гаргах болов?]
Өнөөх хоёр Хань эр гүтгэлгээ цааш үргэлжлүүлж чадахааргүй болов. Залуу руу ширүүнээр гөлрөн: "Муу жаал, чи хэн болоод миний дүүгийн хэрэгт хөндлөнгөөс оролцоод байгаа юм!" хэмээн асуулаа.
Тэр дэгжин гэгч нь эргэж хараад, их зантайгаар: "Би бол Өндөр Тэнгэр Асрын Сү Мү байна!" гэж хариулав.
Энэ үгийг сонсоод нөгөө хоёрын нэг нь айсан дүр үзүүлж: "Өндөр Тэнгэр Асрын шавь байх нь аргагүй юм байна. Энд луу нуугдаж байжээ. Өнөөдөр бид хоёр ялагдлаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэв хувь заяа зөвшөөрвөл, дахин уулзана гэж найдаж байна!" гэлээ.
Энэ өгүүлбэр нь яг л урьдчилан бэлтгэсэн мэт санагдсан тул Ян Кайн инээд хүрч байв.
Сү Мү зүгээр л хүйтнээр инээж: "Сайн яваарай, би та нарыг үдэхгүй шүү!" гэв.
Нөхцөл байдал ийм болсон бөгөөд хэрвээ Ян Кайн сэжиглэж байсанчлан энэ үнэхээр санамсаргүй хэрэг биш л бол нөгөө хоёр эр яваад өгнө, харин 'Сү Мү' үзэгчдийн, ялангуяа Эзэн Хө-гийн магтаал талархлыг хүлээх болно.
Гэвч Ян Кай Эзэн Хө-г хууртагдаасай гэж хүссэнгүй. Тэр хоёр эрийг явахаас өмнө тэр хурдан гэгч нь: "Та нар тэднийг ингээд явуулчихаж болохгүй, тэд хэтэрхий өөдгүй юм. Өнөөдрийн бай нь Хө-гийн будааны мухлаг байсан, гэхдээ бид тэднийг хашрааж өгөхгүй бол, маргааш тэд Лю Ши-гийн Хувцасны дэлгүүр эсвэл Жян Ши-гийн Хүнсний дэлгүүрийг онилж магадгүй шүү дээ" гэж хэлэв.
Үүнийг сонссон цугларсан олны ихэнх нь түүний хэлснийг зөв болохыг анзаарахгүй байж чадсангүй. Тэд ийм өөдгүй муу хүмүүсийг яаж ингэж амархан явуулж чадах билээ? Хэрэв өнөөдөр тэднийг тавиад явуулчихвал маргааш тэд өөр мухлагийг онилж, сүйрүүлэх болно. Хэрэв тийм зүйл болбол, тэд Эзэн Хө шиг азтай байж чадахгүй байж мэднэ.
Үүнийг бодоод хүмүүс өнөөх хоёр Хань эрийн урдах замыг хааж эхлэв.
Ян Кай зогсож байсан газраасаа Сү Мү-гийн нүдэн дэх сандралыг тодхон харж чадаж байв. Энэ нь Сү Мү-г дуугарсан хүнийг буюу Ян Кайг хайж олоход хүргэв. Харин нөгөө хоёр эр хоорондоо харц солилцоод, нүүрний хувирлаа хурдан гэгч нь засаж авав.
Ян Кай инээвхийлэн нэмж: " Номын ахаа, сайн үйлсийг эхлүүлсэн бол эцсийг нь үз гэдэг үг байдаг даа. Будда баруун зүг рүү явсан шиг, хоёулаа нийлээд энэ хоёр гэмт хэрэгтнийг барьж авбал ямар вэ?" гэв.
Ян Кайн туранхай, сул дорой биеийг хараад Сү Мү бухимдсандаа тэсэлгүй: "Хэн чиний номын ах байдаг юм?" хэмээн зандрав.
Ян Кай хариуд нь: "Би ч бас Өндөр Тэнгэр Асрын шавь байна. Би гурван жилийн өмнө шинээр элсэж орж ирсэн юм" гэлээ.
Тэр үнэхээр л номын дүү нь байсанд Сү Мү хэлэх үггүй болов.
"За ингээд олон үг нуршилгүйгээр." Ян Кай урагш алхан гарч ирээд: "Энэ дэлхий даяар шударга ёс хамгаас чухал байдаг. Хүн бас баатарлаг байх ёстой, тиймээс номын ах минь, зөвхөн намайг ганцаараа энэ гавьяаг хүртэхийг чи зөвшөөрч болохгүй шүү. Хоёулаа нийлж энэ хоёр хулчгар эрийг барьж, Эзэн Хө-д шударга ёсыг тогтоож өгөхын зэрэгцээ Хар Чавганы тосгонд ч бас тусалъя" гэж хэлэв.
Энэ үгний дараа эргэн тойрны хүмүүс алга ташиж эхэллээ. Энэ үг Сү Мү-г түгшүүрээр дүүргэв, учир нь тэр яг л энэ үл таних шавьд чирэгдээд далайн дээрэмчний хөлөг онгоцон дээр гарчихсан мэт мэдрэмж төрж байв. Тэр зугтахыг хүссэн ч, тэгэх боломжгүй болжээ.
Өнөөх хоёр эр ч бас Сү Мү-гээс заавар, тусламж, дэмжлэг хүссэн харцаар тасралтгүй ширтэж байлаа. Тэдэн рүү хараад, Сү Мү тэдний төлөө юу ч хийж чадсангүй.
"Ах аа, явцгаая!" Сү Мү-гийн мөрнөөс татаад, Ян Кай урагш ухасхийв.
[Энэ одоо юу вэ!] Сү Мү бараг л уйлах шахаж, энэ номын дүү гэнэт хаанаас гараад ирсэн юм бол гэж гайхаж байлаа.
[Энэ үнэхээр миний төлөвлөгөөг баллаж орхилоо!] Гэвч хэдийнэ ийм байдалд хүрсэн тул Сү Мү урагш дайрахаас өөр аргагүй болов. Тэр тэднийг барьж авахаар бэлтгэхийн зэрэгцээ, зугтах боломж хай гэж тэдэнд дохио өгч байв.
Хоёр эр толгой дохисон ч, Ян Кай тэдний харц солилцохыг харж, тэдний юу хийх гэж байгааг тааварлалаа.
Тэрээр Эзэн Хө-г дахин хууртагдах вий гэж санаа зовж байсан тул нэмэлт сэрэмжлүүлэг болгон: "Найзууд аа, хөрш мухлагийн эзэд ээ, битгий зүгээр л хараад зогсоорой. Бид хоёрт ирж туслаач!" хэмээн хашхирав.
Үүнийг сонсоод Эзэн Хө ч бас туслахаар очлоо. Будааны мухлагийн залуус гартаа хоосон даавуун уут барьсаар нэгдлээ. Эзэн Хө өмнө нь энэ хоёр эрд доромжлуулсан тул, тэд өшөөгөө авахыг хүсэх нь мэдээжийн хэрэг байв.
Эзэн Хө-г хөдлөхийг харсан олон нийт зүгээр харж зогсож чадалгүй, бүгд л өнөөх хоёр эрийг барьж авахаар тал талаас нь шавцгаав.
Өмнө нь тэр хоёр эр огтхон ч санаа зовоогүй юм шиг байсан ч, энэ дүр зургийг хараад тэдний царай цонхийлоо. Ингээд тэд сандран: "Нүүр рүү битгий цохиорой!" хэмээн хашхирч, нүүрээ хамгаалан газарт атиралдан хэвтэцгээв.