28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн
Ли Юнь Тянийн ийм асуулттай нүүр тулаад Ян Кай юу ч дуугарсангүй.
Өөрийгөө зөв таасан байна гэж бодоод Ли Юнь Тянь нүүр дүүрэн инээмсэглэж: "Санаа зовох хэрэггүй ээ, Номын ах аа. Бидний хүч чадал ойролцоо байх ёстой тул хэн нь ялж, хэн нь ялагдах нь тодорхойгүй шүү дээ. Хэрэв санамсаргүй байдлаар энэ дүү нь ялж, Номын ах та ялагдвал, таны хохирлыг би төлөх болно" гэв.
"Чи үнэнээсээ хэлж байна уу?" гэж Ян Кай асуув, энэ нь нэлээд гэнэтийн зүйл байлаа.
"Эрхэм хүний үг бол ам тангараг!" хэмээн Ли Юнь Тянь чангаар хашхирав.
Уг нь тэр Ян Кайг амжилттай дөнгөлөө гэж бодоод, тулааны байрлалаа хэдийнэ авсан байв. Сү Мү-г ойр хавьд нуугдаж байгааг тэр мэдэж байсан бөгөөд хэрэв Ян Кайд сайн сургамж өгч чадвал тэрээр нэр хүндээ асар ихээр өсгөх боломжтой байлаа.
Гэвч Ян Кай зүгээр л хөмсгөө зангидсан нь Ли Юнь Тянийг уурлуулан, эцэг эхийг нь хараах шахахад хүргэв. [Энэ Номын ах хэтэрхий ядаргаатай, бас яг л авгай нар шиг юм. Жоу Хү яаж ийм хүнд ялагддаг байна аа?]
"Номын ах аа, танд өөр асуух зүйл байна уу?" Ли Юнь Тянь бухимдсандаа бараг л дэлбэрэх дөхөж байв.
"Өө, би чамтай туршлага солилцмоор байгаа ч, өчигдөр хэн нэгэн намайг хэдийнэ тулаанд дуудсан тул харамсалтай нь боломжгүй байна. Хэрвээ чи үнэхээр надтай хэдэн мэх солилцохыг хүсэж байвал дахин хэд хоног хүлээх хэрэгтэй дээ."
[Чөтгөр аваг!] Ли Юнь Тянь бараг л амьсгалж чадахгүй болж, яаран хариулахдаа: "Номын ах аа, сүүлийн хэдэн өдөр хэн ч намайг тулаанд дуудаагүй тул та намайг дуудаж болно шүү дээ. Өндөр Тэнгэр Асрын бүх шавь нарт хэд хоног тутамд хэн нэгнийг тулаанд дуудах боломж олддоггүй бил үү?" гэлээ.
"Ийм учиртай байж ээ!" Үүнийг сая л ухаарсан Ян Кай чангаар инээгээд: "Номын дүү минь, өнгөрсөн хэдэн жилийн турш үргэлж би л бусдад дуудагддаг байсан болохоор энэ дүрмийг таг мартчихаж."
Алгуурхан амьсгаа гаргахдаа Ли Юнь Тянь дотор нь буцалж буй бүх уур хилэнгээ нулимаад хаячихыг хүсэж байлаа. Хэсэг хугацааны дараа тэрээр: "Тэгэхээр Номын ах аа, хоёулаа одоо туршлага солилцож болох уу?" гэж асуув.
Ян Кайд дахиад л асуух зүйл байлаа: "Номын дүү, хэрвээ би үнэхээр ялагдвал чи надад хувь нэмрийн оноо төлнө гэдэгтээ итгэлтэй байна уу?"
"Төлнө өө! Би гарцаагүй төлөх болно, түүгээр ч зогсохгүй би танд арав дахин нугалж төлнө!" гэж тэрээр шүдээ зуун хэлэв.
Толгой сэгсрэн Ян Кай: "Би чамд итгэхгүй байна. Чи эхлээд надад хувь нэмрийн оноогоо төлөхгүй л бол би итгэхгүй" гэж хариуллаа.
"Би яаж танд өгөх юм бэ?" Ли Юнь Тянь баргар царайлан хариулав, учир нь хувь нэмрийн оноог хөндлөнгийн хүн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэдэг байв. Энэ нь зүгээр л халааслаад явж байгаад бусдад өгчихдөг зүйл биш шүү дээ. Энэ Номын ах яагаад ийм өчүүхэн зантай байдаг байна аа? Тэр өөрийг нь хэлсэндээ хүрэхгүй гэж бодоод байгаа хэрэг үү?
"Надад нэг өөр арга байна." Ли Юнь Тянь руу нууцлаг инээмсэглээд, Ян Кай түүнийг ойртохыг дохиж чихэнд нь шивнэлээ.
Ли Юнь Тянийн царай хэд хэдэн өнгөөр солигдож, энэ Ян Кайн ухаан үнэхээр овжин болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Тэр үнэхээр ийм шийдэл олж сэтгэж чадна гэж үү.
"Номын дүү, хэрвээ чи үүнийг боломжгүй гэж үзэж байгаа бол зүгээр дээ. Энэ нь би чамд итгэхгүй байгаадаа биш, зүгээр л..." хэмээн Ян Кай цааргалсан дүр эсгэж дараагийн үгээ хэлэхээс түдгэлзэв.
Ли Юнь Тянь түүний юу хүсэж байгааг ойлгохгүй байсан ч өөрийнхөө төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд буулт хийхээс өөр аргагүй байв. Ингээд тэр: "Энэ нь ямар нэгэн гарзгүй тул Номын ах минь та хүлээж байгаарай. Намайг тэр зүйлийг олоод иртэл хүлээгээрэй. Би дороо л хүрээд ирнэ!" гэлээ.
Ингэж хэлэх зуураа тэр хэдийнэ гүйн оджээ.
Түүний холдсоор буй нурууг хараад Ян Кай өрөвдсөндөө санаа алдав; энэ дэлхий дээр өөрсдийгөө зодуулахаар сайн дураараа ирдэг хүмүүс байдаг л юм байна. Түүний хүсэлтэд татгалзсаны дараа тэр хүн ямар нэгэн зүйл авахаар явлаа; үнэхээр хачирхалтай залуу юм.
Аз болоход, энэ нь түүний хэрэгцээг түр зууртаа хангаж чадсан. Гагцхүү энэ аргыг зөвхөн нэг л удаа ашиглах боломжтой бөгөөд дараагийн удаа үүнийг дахин ашиглах боломжгүй болох байв.
Хэсэг хугацаанд бодсоны эцэст Ян Кай дотроо өөрийгөө зэмлэв. Өнөөх Номын дүүгийн ямар их цөхөрсөн байсныг санах үед, тэр юу ч хүссэн бай тэрээр зөвшөөрөх байсан нь тодорхой байлаа.
Нэг хэсэг хүмүүстэй хамт нуугдаж байсан Сү Мү Ян Кайд анзаарагдахааргүй хол байлаа. Уг нь тэр Ли Юнь Тянь болон Ян Кай хоёрыг ярилцаж эхлэхийг хараад зүрх нь баяртайгаар догдолж байсан юм. Сайхан үзүүлбэр үзэж сонирхохоор тухлан суух гэтэл Ли Юнь Тянь яаран сандран гүйгээд явчихсан нь Сү Мү-г гайхширалд орууллаа.
[Энэ төлөвлөгөөнд байгаагүй шүү дээ! Энэ Ли Юнь Тянь чинь юу сэдээд байна аа?]
Эргэлзээгээр дүүрсэн Сү Мү тэр даруй хэн нэгэнд Ли Юнь Тянийг тосож очоод нөхцөл байдлыг асууж мэдэхийг тушаав.
Арван таван минутын дараа өнөөх хүн буцаж ирээд түүнд шивнэлээ: "Сү эзэнтэн, Ли Юнь Тянь Ян Кайг үнэхээр өчүүхэн зантай хүн байна, эхлээд Хувь нэмрийн танхим руу очиж түүнд төлөх хэдэн ургамал авчир гэж хэлсэн гэнэ. Тэгвэл л туршлага солилцохыг зөвшөөрнө гэсэн байна."
"Хэтэрхий өчүүхэн юм биш үү?" хэмээн Сү Мү мэл гайхан хэлээд, "Ян Кай ердөө л Сорилтын шавь шүү дээ, тэгэхээр хэрвээ тэр ялагдвал ганцхан хувь нэмрийн оноо л алдана. Тэгтэл яагаад түүнийг арван ургамлаар нөхөн төлбөржүүлэх хэрэгтэй гэж?"
Өнөөх хүн: "Ли Юнь Тянь өөрөө үүнийг эхлүүлчихсэн юм билээ, тэр түүнд арав дахин нугалж төлнө гэж хэлсэн болохоор..." хэмээн хариулав.
"Аан? Аргагүй юм байна..." Сү Мү-гийн царай улам барайж, "Март даа. Ян Кай л энэ сургамжийг авч байвал арван ургамал ч дүүрч" гэлээ.
Арван ургамал нь ойролцоогоор арван хувь нэмрийн оноотой тэнцэнэ. Ийм өчүүхэн хэмжээний оноо Сү Мү-гийн нүдэнд юу ч биш байлаа.
Бүгд нөхцөл байдлыг ойлгосон тул тэдэнд тулааныг тэвчээртэйгээр хүлээх л үлдлээ.
Хагас цаг өнгөрч, Ян Кай шүүрдэх ажлаа бараг л дуусгаж байв. Удалгүй Ян Кай нэгэн улайсан, ядарсан царай ойртон гүйж ирэхийг харав; энэ нь Ли Юнь Тянь байлаа. Ли Юнь Тянь Хувь нэмрийн танхим хүртэлх зай хэт хол байсанд биш, харин унтаж байсан Нярав Мэнд гомдоллож байлаа, учир нь тэр л ийм их цаг алдуулахад хүргэсэн юм. Маш удаан хашхирч, хаалгыг нь нүдсэний эцэст сая л нэг Өвгөн сэржээ.
Нярав Мэнгийн чихэрлэг зүүдийг нь үймүүлсэн тул түүний уур нь маш амархан хүрэхээр байв. Нярав Мэнд өөрт нь сургамж өгөх боломж ч олголгүйгээр Ли Юнь Тянь хурдхан шиг арван ширхэг Энгийн зэрэглэлийн доод түвшний ургамал худалдан авсан бөгөөд энэ нь түүнд хорин хувь нэмрийн онооны үнэтэй тусжээ.
Ли Юнь Тянь маш их ууртай байлаа! Тэрээр энэ алдагдлынхаа хүүг Ян Кайн биенээс буцааж авна гэж хатуу шийдсэн байв.
Буцаж ирэхэд нь Ян Кай яваагүйг тэр харав. Тэрээр шүүрээ гартаа барьсаар түүнийг хүлээгээд зогсож байлаа.
Хоёр гурван алхмын зайд ирээд Ли Юнь Тянь амьсгаадан Ян Кай руу ухасхийв. Ургамлуудыг гаргаж ирээд амьсгаагаа даран байж: "Энд байна. Номын ах аа, та шалгаад үз дээ" гэлээ.
"Хэхэ, шаардлагагүй дээ." уужуу сэтгэлтэн мэт дүр эсгэн Ян Кай ургамлуудыг тоололгүйгээр авч, шүүртэйгээ хамт газарт тавив.
"Номын ах аа, одоо бид туршлага солилцож болох уу?" гэж Ли Юнь Тянь асуулаа.
"Болно оо, болно. Үнэндээ, Номын дүү чи ингэж их хичээх шаардлагагүй байсан юм. Хэрвээ чи зүгээр л асуусан бол энэ ах нь дуртайяа зөвшөөрөх байлаа шүү дээ." Ян Кай хөгжилтэйгөөр инээмсэглэв.
Ли Юнь Тянь уурандаа бараг л Буддатай уулзаж, тэнгэрт хоёр Будда, Нирваанд гурван Будда, хамтдаа амьдардаг дөрвөн Буддатай уулзах шахав.
(Орч: Үхтлээ уурлах гэсэн утга бүхий Хятад хэлц).
[Чи л өөрөө ургамал нэхээ биз дээ, чи л надад итгээгүй биз дээ, тэгээд чи л намайг тийм хол явуулаа биз дээ. Энэ бүх хичээл зүтгэл анхнаасаа л огт шаардлагагүй байсан юм гэж үү?!]
Гэвч тэр үүнийг түр хойш тавьж, гүнзгий амьсгаа аван сэтгэлээ тайвшруулахыг сонголоо. Өнөөдөр, энэ тулаан эхлэх л юм бол тэр Ян Кайд жинхэнэ утгаар нь сургамж өгөх болно.
"Номын дүү, хоёулаа эхлэх үү?" гэж Ян Кай Ли Юнь Тянийн саналыг асуув.
"Тэгье." Түүний сэтгэл нь сэргэж; Ли Юнь Тянь хариулаад хоёр гараа урдаа зангидан хүндэтгэл үзүүлэв. "Надад хэдэн мэх зааж өгнө үү, Номын ах аа!"
"Би тэгж зүрхлэхгүй ээ!" хэмээн Ян Кай даруухнаар инээмсэглэв.
Хэн нь ч одоо байгаа бясалгалын түвшингээ ил харуулахыг хүссэнгүй бас зүрхэлсэнгүй, Ли Юнь Тянь Ян Кайг айлгаад зугтаалгачихна гэж айж байсан бол, Ян Кай нууцаа хадгалахыг хүсэж байв. Өөр өөрсдийн бодолтойгоор тэдний тулаан эхэллээ.
Өчигдрийн Жоу Хү-гийн алдааг харсан, бас зүрх нь үзэн ядалтаар дүүрсэн Ли Юнь Тянь яаж өршөөлтэй хандаж чадах билээ? Тэрээр энэхүү Номын ахаа Аянгын хурдаар унагана гэж бодон бэлтгэж байлаа.
Аянга цахилах мэт хурдан цохилтуудын үеэр эргэн тойрны агаар хүртэл түгшүүрээр дүүрэв. Бие биенийхээ дайралтаас бултаж, Ян Кай болон Ли Юнь Тянь нар хэдийнэ нударга зөрүүлж эхэлсэн байв.
Ли Юнь Тянийн зүрх үзэн ядалтаар дүүрэн байсан ч, түүний нударгад ямар ч жинхэнэ хүч нь орсонгүй. Гэвч түүний цуваа цохилтууд нь нэгээсээ нөгөө рүүгээ улам бүр хурдасч, улам нарийвчлалтай болж байлаа.
Ян Кай сандарсангүй, харин ч тайван хэвээр байв. Сүүлийн хэдэн өдөр хийсэн бясалгалынх нь үр дүн гарч эхэлж байлаа. Тэрээр зөвхөн Өндөр Тэнгэр Асрын үндсэн ур чадвар болон өшиглөлтийг л ашиглан тулалдаж байв.
Хэд хэдэн мэх солилцсоны дараа Ли Юнь Тянь айж эхэллээ. Түүний өрсөлдөгчөөс асар их эрчим цацарч байсан бөгөөд энэ нь түүний тэнцвэрийг алдагдуулж, хэд хэдэн алхам ухрахад хүргэв. Түүгээр ч барахгүй, түүний хийсэн цохилт бүр нь яг л хад мөргөж байгаа мэт санагдаж, бүхэл бүтэн гарыг нь бадайруулж байлаа.