30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь
орч: Гарчиг нь Ян Кайн хувь тавилан өөрчлөгдсөнийг илтгэсэн Хятад хэлц үг юм.
Маргааш нь, хэсэг бүлэг шавь нар бясалгахаар цугларчээ. Хэдийгээр ажил нь маш их ядаргаатай байсан ч, тэд инээлдэж хөхрөлдөн, баяр хөөртэйгөөр хийж байлаа. Гэнэт хэн нэгэн тодорхой нэгэн зүг рүү заан: "Сү... Сү эзэнтээн..." хэмээн дуудав.
"Яасан?" гэж Сү Мү эргэлзэнгүй асуулаа.
"Тэр үнэхээр хүрээд ирлээ."
"Хэн ирсэн гэж?" Бага зэрэг тэвчээргүйтсэн Сү Мү тэр хүний заасан зүг рүү харлаа. Тэнд Ян Кай шүүрээ барьчихсан, тэдний зүг нүүр дүүрэн инээмсэглэсээр алхаж явахыг тэр харав.
Бүгдийнх нь царай барайлаа.
"Өглөөний мэнд, Номын ах, эгч дүү нар аа. Та нар бүгд өглөө эртлэн бясалгадаг үнэхээр хөдөлмөрч хүмүүс юм аа" хэмээн Ян Кай хүн бүртэй мэндлээд, Жоу Хү болон Ли Юнь Тянь нар руу зориуд харлаа. Тэд хоёулаа улайсан царайлан хойш ухрав. Ян Кайн нударгын хүчийг санах үед тэдний хамаг биеийн шар үс босож байлаа.
"Чи энд яах гэж ирсэн юм?" Сү Мү бага зэрэг санаа зовж байв. Хэдийгээр тэр Ян Кайн зорилгыг хэдийнэ мэдэж байсан ч асуув. Эцсийн эцэст, тэр өчигдөрхөн л ам нээж, Ян Кайг хашрааж өгнө гэж бүгдэд батлан амласан шүү дээ.
"Мэдээж хэрэг тулаанд дуудах гэж л ирлээ." Ян Кайн инээмсэглэл юутай ч зүйрлэшгүй дүүрэн байх бөгөөд түүний харц цугларсан олныг нэгд нэгэнгүй гүйлгэн харав. Тэрээр эелдгээр: "Сүүлийн хэдэн өдөр аль Номын дүү нь тулаанд дуудагдаагүй байгаа билээ? Энэ Номын ахдаа хүч чадлаа сорихыг зөвшөөрнө үү" хэмээн асуув.
Өндөр Тэнгэр Асрын Үндсэн сургуулийн дүрэмд шавь нар тулаанаас зугтаж, татгалзах ёсгүй гэж заасан байдаг! Хэрэв зөрчвөл сургуулиас хөөгдөх болно.
Энэ дүрмээс болоод Сү Мү-гийн доорх хүмүүс Ян Кайгаас үхтлээ айж байлаа. Өрсөлдөгч нь тулаанд дуудсан л бол, хэрэв тэд сүүлийн таван өдрийн дотор хэн нэгэнтэй тулалдаагүй бол үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байв. Энэ нь тэд зодуулна гэдгээ мэдэж байсан ч, шүдээ зуугаад хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй гэсэн үг байлаа.
Тэр өдөр Жан Сан тулаанд дуудагдав. Ян Кай сэтгэл хангалуун алхан одоход, Сү Мү түүнийг харааж зүхсээр ард нь хоцорлоо.
Маргааш нь Ян Кай дахин ирэхэд энэ удаад Ли Ши тулаанд дуудагдав. Дахин нэг удаа ялалт байгуулсныхаа дараа тэрээр сэтгэл хангалуун явахад Сү Мү Ян Кайг тасралтгүй сүрдүүлсэн боловч ямар ч нэмэр болсонгүй.
Гурав дахь өдөр нь Ян Кай дахин ирлээ, энэ удаад Ван Ү азгүйтэж, тулааны шагналд нь хавдсан царай, цустай хамартай хоцров. Дахин нэг удаа Ян Кай сэтгэл хангалуун буцаж, харин ард нь Сү Мү гашуун дурсамжтайгаа хоцорлоо.
Дөрөв дэх удаагаа Ян Кайг ирэхэд Сү Мү ч бас сургамж авсан байлаа. Сү Мү цаашид Ян Кайг харааж сүрдүүлэхээ больсон бөгөөд энэ Номын ах Ян түүний сүрдүүлгээс огтхон ч айхгүй байгааг тэр мэдэж байсан тул ямар ч нэмэргүйг ойлгожээ.
Сү Мү түүн рүү зөвхөн хурцаар ширтэж, яс, сүнсийг нь нэвтлэх мэт үзэн ядалт өвөрлөж байлаа.
Иймэрхүү урам хугармаар тамлалыг тэвчиж чадалгүй Сү Мү-гийн дор байсан хүмүүс аажмаар бууж өгч, холдож эхлэв.
Энэ бол Ян Кайн зүгээс илт дээрэлхэж буй хэрэг байв. Өндөр Тэнгэр Асарт өч төчнөөн Энгийн шавь нар байсаар байтал тэр зориуд Сү Мү-гийн доор байдаг шавь нарыг дуудахаар ирж байв. Тэрээр өшөөгөө авахаар энд ирж байгаа нь маш тодорхой байлаа. Түүгээр ч зогсохгүй энэ бүлгийн хүмүүсийн тоо цөөн биш байсан тул тэр үргэлж тулаанд дуудах хэн нэгнийг олж, өөртөө ашигтай үр дүн гаргаж чаддаг байв.
Сүүлийн хэдэн өдөр Ян Кай нэлээдгүй шуугиан тарьжээ. Тэр ердөө л дорд Сорилтын шавь байсан хэдий ч, үнэхээр л хөрвөөж буй давсалсан загас мэт байж, бүгдийн анхаарлыг өөртөө татаж чадсан юм. Тэр Жоу Хү-г ялснаас хойш бусад хүмүүс амархан ялж, эсвэл удирдаж чадахааргүй нэгэн болж өөрчлөгджээ.
Өдөр бүр тэр шавь нарыг тулаанд дуудаж, тухай бүрд нь ялдаг болов. Сү Мү хүртэл хариу үйлдэл үзүүлж чадахаа больсон гэх цуурхал тарж байлаа. Гэвч хүмүүсийн толгойд нэгэн асуулт урган гарч байв.
[Сү Мү гэж ямар хүн билээ? Тэр чинь хүчирхэг түшиг тулгууртай хүн шүү дээ. Ийм зүйл яаж тохиолдох боломжтой байгаа юм бэ?]
Түүн шиг хүн хүртэл Ян Кайд юу ч хийж чадахгүй байхад, Энгийн шавь нар яаж ч чадах билээ? Үүний үр дүнд, ямар ч шавь Ян Кайг тулаанд дуудаж зүрхэлсэнгүй. Сургуульд элсээд гурван жил болж, Сорилтын шавь болтлоо буурсан энэ хүн амархан өдөж болох нэгэн биш гэдгийг мэдэхгүй хүн нэг ч байсангүй.
Энэ мэдээ олон шавь нарын дунд тархах тусам олон хүн Ян Кайн бясалгалын түвшинг тааварлаж эхлэв. Зарим нь түүнийг Биеийг хатуужуулах дөрөвдүгээр шатанд байгаа гэж таамагласан бол, зарим нь Биеийг хатуужуулах тавдугаар шат, бүр зарим нь Биеийг хатуужуулах наймдугаар шатанд хүрсэн байх гэж таамаглаж байлаа. Эцсийн эцэст тэрээр Биеийг хатуужуулах долоодугаар шатны бясалгагч Ли Юнь Тянийг ялсан шүү дээ.
Гэвч хэн ч байсан, Ян Кайн жинхэнэ бясалгалын түвшинг хэн ч мэдсэнгүй.
Зөвхөн Шя Нин Чан л мэдэж байлаа! Сүүлийн хэдэн өдөр Ян Кайг хэн нэгнийг тулаанд дуудах бүрд тэр үргэлж тэнд сэмхэн ажиглаж байсан юм. Өөрийнхөө төрөлхийн авьяас болон бясалгалын хүчээр тэр Ян Кайн жинхэнэ түвшинг харж чаддаг байв.
Гэвч Шя Нин Чан түүний жинхэнэ бясалгалыг харж чадаж байсан болохоор тэр түүнээс айж эхэллээ.
Энэ Номын дүү нь Ли Юнь Тянийг ялах үедээ ердөө л Биеийг хатуужуулах тавдугаар шатанд байсан юм. Гэтэл ердөө дөрөвхөн хоног өнгөрөхөд тэр Биеийг хатуужуулах зургаадугаар шат руу дэвшчихсэн байлаа.
[Тэр яг яаж бясалгадаг байна аа?] Тэр өөрөө хүртэл онцгой бие махбодтой байж, Биеийг хатуужуулах шатанд бясалгаж байхдаа багагүй хэмжээний эмийн үрэл ашигласан байтал түүн шиг ийм хурдан байгаагүй юм.
Гайхширсан Шя Нин Чан Ян Кайг хэрхэн бясалгадгийг нь судлахаар түүнийг сэмхэн дагаж мөшгөжээ. Гэсэн хэдий ч хаана ч харсан, хаашаа ч явсан тэр уг нууцыг тайлж чадаагүй бөгөөд ямар ч ер бусын зүйл олж харсангүй. Тэр зүгээр л хэд нударгалж, хөлөөрөө өшиглөөд л хамаг биеэ хөлсөндөө хутгалдан ядрааж байв.
Шя Нин Чан Өндөр Тэнгэр Асрын үндсэн техникүүд яаж түүнийг ийм хүчирхэг болгож чадаж байгааг ойлгосонгүй. Тэдгээр нь бүр нарийн төвөгтэй техникүүд ч биш байсан шүү дээ.
Сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн мөрдлөгийнхөө эцэст Шя Нин Чан юу ч олж мэдсэнгүй. Хэдийгээр Ян Кайд ямар нэгэн далд нууц байгаа гэдгийг тэр мэдэрч байсан ч, үргэлжлүүлэн судлах зориг түүнд байсангүй. Учир нь залуу охин хүн хэн нэгнийг байнга сэмхэн ширтэх нь нэр хүндэд үл нийцэх үйлдэл бөгөөд, тэр тусмаа хагас нүцгэн байдаг залууг ширтэх нь бүр ч эвгүй байлаа.
Шя Нин Чан харах бүрдээ час улаан болж, хязгааргүй ихээр ичиж байв. Энэ хүн бэлтгэл хийх бүрдээ яг л өөрийнхөө ёрдойсон хавиргыг бусдад гайхуулах нь сайн зүйл мэт цамцаа тайлж орхидог байлаа.
"Гэхдээ, тэр өмнөхөөсөө илүү чийрэгжиж, илүү булчинлаг болсон юм шиг байна." Түүнийг анх чармай нүцгэн байхыг нь харж байснаа эргэн санаад, Шя Нин Чан өөрийн эрхгүй харьцуулан бодов. Харьцуулж дуусаад түүний царай дахин час улаан болчихлоо.
Энэ хооронд Ян Кай сүүлийн хэдэн өдөр хэн нэгэнд ажиглагдаж байгаагаа огтхон ч анзаарсангүй. Өдөр бүр тэр өөрт оноогдсон газраа шүүрдэж, дараа нь Сү Мү-гийн бүлгийг хайж олоод тэднийг тулаанд дууддаг байв. Үүний дараа тэр овоохойдоо буцаж ирээд бэлтгэлээ эхлүүлнэ. Энэ нь олон дахин давтагдсан уйтгартай ажил байсан ч бас маш өгөөжтэй байлаа.
Утлагын савны нөлөө нь онцгой их байсан бөгөөд өглөө болгоны Биеийг хатуужуулах судрын бэлтгэлтэй нь нийлснээр түүнд өчигдөр Биеийг хатуужуулах зургаадугаар шатанд орох боломжийг олгосон байлаа. Энэ нь түүний бие дэх байгалийн энергийг улам нягтруулж, тогтвортой болгожээ.
Дахин нэг алхам, ганцхан алхам хийхэд л тэр Биеийг хатуужуулах долоодугаар шатанд хөл тавих байв. Энэ шатанд хүрснээр тэр өөрийн гэсэн Юань Чи-г гаргах боломжтой болно; хэдийгээр гаргаж чадах хэмжээ нь тийм ч их биш байх ч, энэ нь Юань Чи хэвээр л байх болно. Мөн тэр өөрийн гэсэн Юань Чи-г гаргаж чадвал тулааны ур чадваруудыг бясалгаж эхлэх боломжтой. Тэр үед түүний дайралт нь зөвхөн хөлний өшиглөлт, Шаолин нударгаар хязгаарлагдахаа болино.
Биеийг хатуужуулах долоогоос есдүгээр шат бол хүний Юань Чи хөгжиж, мөн Юань Чи нь бясалгагчийн дотоод судлаар дамжин гүйж, тэднийг төгс эзэмших шатанд хүргэдэг үе байлаа. Хүний Юань Чи бүрэлдэж эхлэх энэ шатанд л үүнд хүрэх боломжтой бөгөөд, дараа нь чи үүнийг ашиглан тэнгэр газрын гүүрийг нээж, улмаар Биеийг хатуужуулах хил хязгаараас салж дараагийн шат руу шилжих ёстой байв.
Ян Кайн энэхүү бясалгал нь яг л амь насаараа тоглож байгаатай адил байлаа. Өдөр бүр тэр өөрийнхөө өсөлт хөгжил өмнөх өдрүүдээсээ давж гарч байгааг мэдэрч байв; энэ нь маш тод мэдрэмж байлаа.
Өнөөдөр Ян Кай эцэст нь утлагын савны үнэрийн нөлөөн дор нударгаа дасгалжуулах боломжтой болсон ч, тэсвэрлэх хугацаа нь тийм ч урт байсангүй. Харин өглөөгүүр Биеийг хатуужуулах судрыг бясалгах нь түүнд илүү хялбар болж, өдөр ирэх тусам сайжирсаар байв.
Хэрвээ энэ байдал хэвээр үргэлжилбэл тэрээр үнэхээр өсөж дэвшин, улам хүчирхэгжинэ гэдэгтээ Ян Кай итгэлтэй байлаа.
Гэвч Ян Кай эвгүй байдалд ороод байлаа, учир нь түүний Үхлийн бүсийн модны өвсний нөөц дуусаж, Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг нь хэдийгээр гамтай ашигласан ч бас л барагдаж байв.
Сүүлийн хэдэн өдөр Ян Кай ургамлаа гамтай хэрэглэсэн ч хурдан дууссаар байв. Хэрэглэж л байгаа хойно зайлшгүй дуусах нь тодорхой шүү дээ.
Өөр ямар ч аргагүй болсон Ян Кай Хувь нэмрийн танхим руу явж, үлдсэн бүх хувь нэмрийн оноогоо эдгээр ургамлыг худалдаж авахад зарцуулахаас өөр сонголтгүй боллоо.