13-р бүлэг : Харж л байгаарай
Үнэн илчлэгдэхэд, тэнд байсан хүмүүсийн толгойд ямар нэгэн зүйл зурсхийх мэт болов. Олон хүн өөрийн эрхгүй Сү Мү рүү эргэж, нүдэндээ итгэж ядсан харцаар ширтэцгээлээ.
[Ийм учиртай байж ээ!] Ян Кай таамаглал нь зөв байсанд сэтгэл хангалуун байлаа. Сү Мү-д үнэхээр далд санаа байжээ. Хэдийгээр тэр үүнийг ашиг хонжоо эсвэл нэр хүндтэй холбоотой байх гэж бодож байсан ч, энэ нь үнэндээ түүний өөрийнх нь тачаангуй хүсэлтэй холбоотой гэж огтхон ч төсөөлсөнгүй.
Тэрээр Эзэн Хө-гийн охинтой таарч байсан бөгөөд охин хэдийгээр ухаан алдам үзэсгэлэнтэй биш ч гэлээ, яг л урлагийн бүтээл шиг нэгэн байлаа. Булиглам сайхан бие галбир, ялдам зөөлөн царай, гуалиг нарийн бэлхүүс нь түүнийг арван дөрөвхөн настай хэдий ч бүхэл бүтэн тосгоны хамгийн үзэсгэлэнтэй охин болгоход хангалттай байв.
Ийм балчир охин харамсалтай нь Сү Мү-гийн хараанд өртөж, ийм их хэрэг төвөг , чирэгдэл үүсгэхэд хүрчээ.
"Ямар гээчийн утгагүй хог шиг юм яриад байгаа юм!" Сү Мү-гийн царай улаан лооль шиг улайж, үнэнийг үгүйсгэхийг оролдов.
Өнөөх эр ёжтойгоор инээвхийлэн үргэлжлүүлж: "Би огтхон ч худлаа яриагүй. Хэдийгээр бид хоёрт алдаа дутагдал байж, зарим нэг хууль бус зүйл хийж байсан ч, Эзэн Хө-г гүтгэж, будааг нь хордуулна гэдэг нь бидний хэзээ ч хийхгүй зүйл.
Хүмүүс ээ, бусдын амьдралыг сүйрүүлнэ гэдэг нь миний өөрийн амьдралыг сүйрүүлсэнтэй адил гэдгийг та бүхэн мэдэх ёстой. Тэгээд би яаж амьдрах юм бэ? Энэ бүхнийг энэ муу жаал л турхирсан юм шүү дээ" гэлээ.
Энэ үгс нь инээд хүрэм үнэнээсээ байсан тул хүн бүр инээлдэж эхлэв.
Ян Кай яг цагийг нь олон: "Энэ бүхэн дууссаны дараа тэр та хоёрт хэдийг өгнө гэж амласан бэ?" хэмээн асуув.
"Тавин хоёр мөнгөн зоос!" гэж өнөөх эр хариуллаа.
"Тавин хоёр гэнэ ээ, маш их байна" хэмээн Ян Кай толгой дохин аяархан хэлэв.
Энэ ярианы дундуур Эзэн Хө бүгдийг анхааралтай сонсож байлаа. Энэ нь түүнд нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгуулсан бөгөөд тэрээр Сү Мү рүү эргэж, уур хилэнтэйгээр: "Чи муу өөдгүй амьтан.
Чи миний охиныг өөрийн болгохын тулд ийм бохир арга хэрэглэж зүрхэлнэ гэнэ ээ. Аз болоход охин минь нүдтэй тулдаа чиний үнэн төрхийг олж харжээ.
Аа, Өндөр Тэнгэр Асарт яаж ийм ялзарсан шавь байж болдог байна аа? Чи Сургуулийнхаа сайн нэрийг гутааж байна. Чи бол өнгөцхөн бас амин хувиа хичээсэн амьтан! Ян Кай хүүгээс тэс өөр! Би чиний эцэг эхийн өмнөөс ичиж байна!" гэлээ.
Эргэн тойрны худалдаачид ч бас Сү Мү-гийн энэ увайгүй үйлдэлд улам бүр дургүйцэж, зэвүүцэж эхлэв.
Сү Мү-гийн царай ув улаан болсон бөгөөд тэрээр дахиж хэзээ ч Хар Чавганы тосгонд буцаж ирж чадахгүй гэдгээ мэдэж байв; учир нь түүний баг хууларч, үнэн дүр төрх нь илчлэгдсэн билээ.
Тэгээд энэ бүх золгүй явдлын эх үүсвэр нь түүний өмнө зогсож байв... энэ шавь! Хэрэв тэр байгаагүй бол тэрээр Эзэн Хө-гийн талархлыг хүлээж, нэр хүндээ өсгөх байлаа. Энэ нь түүнд охины хайрыг татахад хамаагүй хялбар болгох байсан юм.
Гэвч энэ бүх төлөвлөгөө нь талаар болов. Тэрээр ямар ч нэр хүнд олж авч чадаагүйгээр барахгүй, Өндөр Тэнгэр Асрын шавь гэдгээрээ өмнө нь олж авсан байсан нэр хүндээ ч алдчихлаа.
Энэ байдалд орсон ч Сү Мү царайгаа нухацтай болгон Ян Кай руу эргээд: "номын дүү минь, чамайг хэн гэдэг вэ?" хэмээн асуулаа.
"Таа л даа!" гэж Ян Кай нүдээ ирмэн хариулав.
Сү Мү гүнзгий амьсгаа аваад: "Хэдийгээр чи өөрийгөө нуухыг хүссэн ч, би олж мэдэж чадна аа. Чи манай Сургуульд ороод аль хэдийн гурван жил болсон мөртлөө Энгийн шавь ч болоогүй байна! Энэ нь чамайг Сорилтын шавь гэдгийг илтгэж байгаа бөгөөд бүхэл бүтэн Сургууль даяар ийм хүн хуруу дарам цөөхөн байдаг. Чамайг олох маш амархан байх болно" гэлээ.
Тэрээр үгээ хэлж дуусгаад тэр даруй эргэж харан яваад өгөв. Эцсийн эцэст түүнд бага ч болов хүч чадал байлаа. Замыг нь хаасан хүмүүсийг тэрээр хоёр тийш нь түлхэж, саадгүйгээр ууртай нь аргагүй дэвхцэн одов.
Түүнийг явсны дараа л хүмүүс өнөөх хоёр Хань эрийг дөнгөж саналаа. Гэхдээ тэд хааччихсан бэ? Ямар ч ул мөр байсангүй, учир нь Ян Кай, Сү Мү хоёрыг маргалдаж байх хойгуур тэд хулгайч шиг сэмхэн зугтчихсан байв.
Энэхүү будлиан эцэст нь нэг юм шийдэгдлээ. Ян Кай, Сү Мү-гийн заль мэхийг илчилж, худалдаачдын сайшаалыг хүртэв, ялангуяа Эзэн Хө түүнд гүнээ талархсан тул тэрээр сэтгэл хангалуун байлаа.
Өнөөх үйлчлэгч залуу ч бас Ян Кай руу бишрэн ширтэж байв.
Цугларсан олон тарсны дараа Эзэн Хө-гийн эхнэр ч бас гарч ирэв. Тэрээр Ян Кайн гараас атган, харах тусам түүнд улам бүр таалагдаж байлаа.
Харин эсрэгээрээ, Эзэн Хө санаа зовнилоор дүүрэн байв: "Ян хүү минь, чи өнөөдөр Сү Мү-г гомдоочихлоо. Ирээдүйд энэ нь чамд эцэс төгсгөлгүй гай зовлон авчрах вий гэхээс би айж байна."
Энэ явдлын дараа Эзэн Хө Ян Кайтай илүү дотноор харилцах болжээ.
"Айна гэж үү?" Ян Кай зүгээр л инээмсэглэв. "Тулааны урлагийн Сургуульд өөрийн гэсэн дүрэм журам бий, тиймээс тэр намайг үхтэл минь үзэн яддаг байлаа ч юу ч хийж чадахгүй."
"Тийм байсан ч, чи болгоомжтой байх хэрэгтэй шүү, хүү минь. Хэрэв энэ хэрэгт оролцсоноосоо болоод чи ямар нэгэн золгүй явдалд өртвөл энэ авга ах нь маш их санаа зовох болно."
"Би болгоомжтой байх болно оо" хэмээн тэр тэднийг тайвшрууллаа.
Ян Кай , Хө-гийн гэр бүлийнхэнд тусламжийн гар сунгасанд нь маш их талархаж байлаа. Тэд бүр түүнийг оройн хоолонд үлдэхийг шаардсан бөгөөд Ян Кай уг нь үлдэхийг хүссэн ч, эзэгтэйн аашаас болоод айгаад зугтчихав.
"Ян Кай хүү минь, чиний эцэг эх хаана байдаг вэ? Чи хаана амьдардаг юм? Чи эхнэр авсан уу?"
Үүнийг харвал эзэгтэй түүний хадам эх болохыг их хүссэн нь тодорхой байлаа. Үүнийг мэдсэн Ян Кай хурдхан шиг яваад өгөв.
Явахдаа тэрээр нэг уут цагаан будаа авч явсан бөгөөд энэ нь 20 мөнгөн зоосоор авч чадах хэмжээнээс хавьгүй илүү байв. Ингээд Ян Кай бүтэн сарын турш хоол хүнсэндээ санаа зовох шаардлагагүй боллоо.
Уг нь Ян Кай буцах замд нь Сү Мү өөрийг нь отож байгаад дайрах вий гэж санаа зовж байв. Учир нь Сү Мү гаднаа гэм зэмгүй харагддаг ч дотроо бол хорон муу, зальхай могой шиг хүн байсан тул энэ нь боломжгүй зүйл биш байлаа. Гэхдээ Ян Кайг буцаж ирэхэд Сү Мү огт үзэгдсэнгүй.
Тэр үүнийг сайтар тунгаан бодлоо, тэр дайраагүй нь зөв сонголт байжээ. Хэдийгээр шавь нарын хоорондын тулаан ихэвчлэн үхлээр төгсдөг ч, сургууль бусдыг шаардлагагүйгээр хөнөөхийг зөвшөөрдөггүй байв. Товчхондоо, хэрэв Сү Мү Сургууль руу буцах замд түүн рүү дайрсан бол, энэ хэрэг задарсан үед тэр ч бас өөрөө сүйрэх байлаа.
Хэрэв тэр Ян Кайтай тооцоо бодохыг хүсвэл гарцаагүй түүнийг дуудаж тулалдах бөгөөд үүгээрээ ч нэлээд шуугиан дэгдээх нь лавтай. Ян Кайн хэн болохыг мэдэх тал дээр бол, тэр үүнийг олж чадна гэдэгт ямар ч эргэлзээ байсангүй. Өндөр Тэнгэр Асарт Сү Мү жаахан л сураг тавихад түүний хэн болохыг аяндаа л мэдэх болно.
Сү Мү-гийн жинхэнэ хүч чадал ямар байхыг Ян Кай бүрэн баталж чадахгүй байсан ч, тэр гарцаагүй Биеийг хатуужуулах шатны оргил хэсэгт яваа гэдэг нь тодорхой байв. Ганцхан асуудал нь, тэр Сү Мү-г яг хэддүгээр шатанд байгааг нь мэдэхгүй байлаа.
[Би бясалгах тал дээрээ илүү анхаарах хэрэгтэй байна] Үгүй бол Ян Кай үнэхээр Өндөр Тэнгэр Асарт цаашид үлдэж чадахгүй нь тодорхой.
Үүнийг мэдсэн Ян Кай хурдхан шиг овоохой руугаа буцаж бэлтгэлээ хийхээр явлаа.
Энэ цагт тэрээр Биеийг хатуужуулах судрыг бясалгах боломжгүй байсан ч, Сургуулиас олгосон үндсэн техникүүдийг давтах боломжтой байв. Эдгээр үндсэн техникүүд нь Биеийг хатуужуулах үндэс суурийг тавьж, өөрийн махбодиос давсан оюун санааны төвлөрөлд хүргэх зорилготой байлаа. Энэ нь л гол зорилго байв.
(орч: Энэ нь "Чи"-гийн талаар ярьж байна)
Ян Кайн өмнө нь ашигласан Шаолиний урлаг болон хөлийн ташуу цохилт нь бүгд түүний суурь бэлтгэл дээр тулгуурласан байв.
Хэрэв ийм суурь байгаагүй бол тэдгээр чадварыг жинхэнэ тулааны урлаг гэж үзэх боломжгүй юм. Тэдгээр нь зөвхөн хүн бүрийн сурах ёстой хамгийн энгийн үндсэн техникүүд л гэж тооцогдох байв.
Ян Кайн овоохойн зүүн талд нэгэн модон хүн байлаа. Үүнийг зуун жилийн настай модоор Ян Кай өөрөө бэлтгэл хийх зориулалтаар урласан юм. Түүн дээр жижиг хонхорхойнууд дүүрэн байх бөгөөд цусны толбо ч үзэгдэнэ. Энэ бүхэн нь Ян Кайн олон өдрийн цуцалтгүй бэлтгэлийн үр дүнд бий болжээ.
Байрлалаа аваад Ян Кай модон хүнийг цохиж эхлэв. Тэрээр цохилт бүрдээ хамаг хүчээ шингээж, модон хүнийг зогсолтгүй балбалаа. Модон хүнийг цохих үед пэн, пэн хийх чимээ гарна. Гэвч хэдэн удаа цохисны дараа түүнд ямар нэг зүйл өөр болсон мэт санагдав.
Энэ нь түүний өөрийнх нь нударга, хөл урьдынхаас илүү хүчтэй болсон нь тод мэдрэгдэж байлаа. Цохилт болон түүнээс гарах чимээ зэргээс үзэхэд өмнөхтэй харьцуулашгүй илүү хүчтэй, илүү тогтвортой болсон байв.
Мөн цаг өнгөрөх тусам түүний яснууд бадайрч, дулаацаж эхлэв. Энэ нь тэрээр дотоод судлуудаа идэвхжүүлж, өөрийн "Чи"-ний мэдрэмжээ нэмэгдүүлж байгааг тодорхой илтгэж байлаа.
Биеийг хатуужуулах дөрөвдүгээр шатанд хүрснээр "Чи"-г мэдрэх мэдрэмж төрж, дотоод судлыг улам бүр хөгжүүлж, дотоод эрчмийг илүү тод мэдрэх боломжийг олгодог. Энэхүү дулаахан мэдрэмж нь Ян Кайн дотоод судал хөгжиж буйн шинж тэмдэг байв.