39-р бүлэг : Тулаан!
Сү Мү, Чэн Шао Фэн рүү хорсолтой нүдээр буцаан ширтэв. Тэр нүдээ ч цавчилгүйгээр: “Чэн Шао Фэн! Хэрэв чи энэ эзэнтнийг өнөөдөр алахгүй л юм бол энэ эзэнтэн үүнийг чинь хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй шүү!” гэж хэлээд нулимав!
“Чиний амнаас том үг гарсаар л байх шив!” Чэн Шао Фэнд үлдсэн байсан өчүүхэн төдий гэмшлийн мэдрэмж нь одоо уур хилэнд нь дарагдаж, тэрээр гартаа байсан чулуугаа доош нь хэрцгийгээр буулгав.
Энэ удаад, хэрэв энэ чулуу Сү Мү-гийн толгой дээр бууж тэр үхдэггүй юм аа гэхэд, ядаж л хүнд бэртэх нь гарцаагүй байлаа.
“Сү залуу эзэнтээн!” Ли Юнь Тянь болон бусад нь газарт хэвтэн толгойгоо хамгаалах зуураа аргагүйдэн хашхирч, тэд Шуургат асрын шавь нарт биеэ хэрцгийгээр өшиглүүлэх хувь тавилантайгаа эвлэрсэн байв.
Ху Мэй Эрийн нүдэнд гайхшралын оч гялсхийж, түүний зүрх өөрийн эрхгүй хүчтэй цохилж эхлэв. Энэ нь зөвхөн доод түвшний шавь нарын хоорондын үл ойлголцол байсан боловч нэг шавь нь нөгөөгийнхөө тархийг бяцлах нь шал өөр хэрэг байлаа, тэрээр байдал ийм хэмжээнд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан юм.
Хэрвээ Сү Мү өөрийнхөө статустайгаа яг энд үнэхээр л үхэх юм бол Өндөр Тэнгэр Асар болон Шуургат асар хоёр хоорондоо эвлэршгүй дайснууд болох байв.
Хүн бүрийн бодол өөр байсан ч тэд бүгд Чэн Шао Фэнгийн гартай чулуунд төвлөрч байлаа.
Тэд чулууг Сү Мү-гийн нүүр рүү аажмаар ойртохыг харж байтал гэнэтхэн маш нарийхан гар урагш сунаж чулууны замыг хаав. Тэр гар тийм ч хүчтэй харагдахгүй байсан бөгөөд дунджаас ч туранхай харагдаж байсан ч чулууны үзүүр тэр гартай мөргөлдөхөд гарыг нь яран онгойлгож, цус олгойдон гарав.
Тэрхүү гар чулууны замыг хааснаар Сү Мү үүнээс цааш ямар нэгэн хохирол амсахгүй байхыг баталгаажуулсан юм.
Энэхүү үхлийн аюултай цохилт зогссоноор Ли Юнь Тянь болон бусад хүмүүсийн түгшсэн зүрх тэр даруй тайвширч, урт амьсгаа авлаа.
Тэд ийм эгзэгтэй мөчид тэрхүү чулууг хэн зогсоож чадсаныг харахыг хүссэндээ сандран толгойгоо өргөв. Гэвч тэд тэр хүний царайг хараад тэдний царай цочрол, ичгүүрийн байдалтай болов.
“Номын ах Ян?” Ли Юнь Тянь уулга алдлаа, учир нь тэр тэдний аврагч нь үнэн хэрэгтээ Ян Кай байсан гэдэг нь бүх боломжуудаас хэзээ ч төсөөлөхгүй нь байсан юм; тэр бол тэдний өмнө нь бүлэглэн зодохоор төлөвлөж байсан хүн шүү дээ. Тэр мөчид Ли Юнь Тянь нүүрээ ч харуулах аргагүй болтлоо ичиж байлаа.
Шуугиан хурдан намжиж, Шуургат асрын шавь нар өшиглөхөө зогсоосон бөгөөд хохирогчид болох Өндөр Тэнгэр Асрын шавь нар энэ боломжийг ашиглан сэргэж байв.
Хажууд нь зогсож байсан Ху Мэй Эрийн жижигхэн ам ангайсан хэвээр байлаа. Тэр Ян Кай руу ширтэхдээ бага зэрэг цочирдсон байв. Энэхүү туранхай биетэй залуугийн гараас цус олгойдож байсан ч түүний хөмсөг нь ч атираагүй, өвдөлтөөс болж царай нь ч хувираагүй байгааг тэр анзаарав. Эсрэгээрээ түүний царайнд догдлол, хүлээлтийн шинж тэмдэг илэрч, гялалзсан хос нүдэнд нь догшин гялбаа тодорч байлаа.
Яагаад гэдгийг мэдэхгүй ч Ху Мэй Эрд энэ хүн аюултай гэсэн мэдрэмж гэнэт төрөв.
тог тог...........тог тог........
Түүний хуруунуудыг даган газарт дуслах гүн улаан цус, үүссэн чимээгүй байдлыг эвдэнэ.
Чэн Шао Фэнгийн анхаарал Ян Кайд бүрэн төвлөрч, тэр хүйтнээр: “Чи Өндөр Тэнгэр Асрын шавь юм уу?” гэж асуулаа.
“Тийм ээ” Ян Кай толгой дохихын сацуу, өнөөх танил хатгуулах өвдөлтүүд нь түүнийг улам бүр өдөөж, бүх биеийнх нь цусыг догдлолоор буцалгаж байлаа – тэрээр тулалдахын хүслэн болж, адреналины огцом өсөлтөө дарахыг оролдох зуураа тэвчээр нь алдарч байв.
“Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа чиний зорилго юу вэ?” Чэн Шао Фэн дээрэнгүй өнгөөр ярихад, Шуургат асрын бусад шавь нар бардам инээмсэглэж, Ли Юнь Тянь болон бусад хүмүүсийг аажмаар бүсэлж, урхидаж эхлэв.
“Бусдын хэрэг гэнэ ээ?” Ян Кай залхуутайгаар жуумалзан: “Би өөрийгөө Өндөр Тэнгэр Асрын шавь гэж хэдийнэ хэлсэн, тэгэхээр үүнийг яаж хөндлөнгийн оролцоо гэж үзэх юм бэ? Тэр нь тооцогдохгүй байлаа ч гэсэн, тэд намайг Номын ах гэж дууддаг юм” гэлээ.
“Сайн байна, дахиад нэг нь өөрийгөө хүргээд ирлээ.” Чэн Шао Фэн чангаар инээгээд: “Лаози ч гэсэн та нар шиг Өндөр Тэнгэр Асрын шавь нарыг харж тэвчихгүй байх!” гэв.
(орч: Лаози бол Хятадын гүн ухаантан, Даогийн сургаалыг үндэслэгч юм. Тэрээр бусдад тусалдаг, сул доройг ивээдэг энх тайванч хүн бөгөөд ирээдүйн улс төрчдөд түүн шиг байхыг уриалсан байдаг. Гэвч Чэн Шаогийн хэлж буйгаар энэ өрөвдмөөр байдал нь Лаозид хүртэл өрөвдөх сэтгэл төрүүлэхээр байна гэсэн утгатай.)
“Хурдан яваач, Номын ах Ян!” Газарт мөлхөн байж Ли Юнь Тянь чангаар хашхирч: “Тэдэнд дэндүү олон хүн байгаа учраас та тэдний өрсөлдөгч биш ээ, хурдан зугтаа......”
Ли Юнь Тянь үнэхээр азгүй байлаа, учир нь түүний одоогийн байрлал Шуургат асрын шавь нартай илүү ойр байв. Түүнийг ийнхүү шуугиан тарьж байх хооронд уйтгарласан Шуургат асрын нэгэн шавь алхаж ирээд хүзүүн дээр нь цохиж түүнийг дуугүй болгов.
Чэн Шао Фэн, Ян Кай хоёр үг солилцох зуураа тэд зөвхөн үгээрээ биш, бас тэр чулуугаар ч тэрсэлдэж байлаа. Чэн Шао Фэн бүх хүчээ шавхан хичээсэн ч, тэр чулуу яг л гар ургасан мэт Ян Кайн гарт наалдсан байв.
Чэн Шао Фэн хэдийнэ Анхдагч Элементийн шатанд хүрсэн байхад түүний өмнө зогсож буй хүн туранхай, өндөр байлаа;
жирийн нэг салхи л түүнийг хийсгэж чадахаар байсан бөгөөд дээрээс нь Өндөр Тэнгэр Асрын энэ шавь зөвхөн Биеийг хатуужуулах шатанд байсан тул ийм хүн түүнийг ялах ямар ч боломжгүй байв. Энэ нь түүний уур хилэнг бадраалаа.
Тэр даруй тэрээр чулуунаас гараа салгаад: “Миний өмнөөс энэ мууг зодоод өг!” гэж хашхирав.
Үүнийг сонссон Шуургат асрын шавь нар Ян Кай руу дайрлаа. Тэр даруй Ян Кай биеэ хөдөлгөж, цусаар будагдсан улаан чулуугаа атгасан хэвээр ойр байсан Шуургат асрын нэгэн шавь руу шидлээ.
Юу ч байсан Ян Кайн нударга зэвсэгтэй тэнцэхгүй ч, тэр зөвхөн чулуу барьсан байсан ч энэ нь жирийн нударгаас хавьгүй хүчтэй байв.
Энэ боломжийг ашиглан Шуургат асрын шавь Ян Кайд хүрч амжаагүй байхдаа тэрхүү чулуунд толгой руугаа хүчтэй цохиулав. Чулуу түүний толгойг хагалж, улаан махыг нь ил гаргахад тэр газарт уналаа.
Хэдийгээр тэр нэг хүнийг цохиж унагаасан ч Ян Кай үүгээр зогссонгүй. Үнэн хэрэгтээ түүний хөдөлгөөн улам бүр хурц, хурдан болж байв. Яг л туулай руу дайрч буй шонхор шиг, тэрээр Шуургат асрын өөр нэгэн шавь дээр мөн л ижил зүйлийг хийлээ.
Ян Кайн цохилтууд маш ширүүн, аргууд нь хэрцгий байсан бөгөөд энэ нь хэний ч төсөөлж байснаас хавьгүй илүү байв.
Хоромхон зуурт тэрээр Шуургат асрын дөрвөн шавьтай тооцоо бодож амжлаа. Энэ хооронд өнөөх чулуу бутарч хэдэн хэсэг болжээ. Дахин нэг нударгаа далайхад чулууны хэлтэрхийнүүд яг л нууц зэвсэг мэт нягт, шигүүгээр бүх зүг рүү нисэн одов.
Нүүрээ дарсан Шуургат асрын шавь нарын дундаас өрөвдөлтэй хашхираан сонсогдож эхлэв, учир нь цөөнгүй хүмүүс бэртэж, өвдсөндөө ёолж, хашхирч байлаа.
Энэ боломжийг ашиглан Ян Кай дахин хоёр удаа өшиглөж, хоёр шавийг нисгэсэн боловч үлдсэн хүмүүсийн дайралтад аажмаар дарагдаж эхлэв.
Шуургат асрын шавь нарын тоо цөөн биш байсан бөгөөд Ян Кай хэдэн хүнийг унагаасан ч, дөрвөн зүгээс ирэх дайснуудын эсрэг зогсох нь хэцүүхэн байлаа.
Пинг панг пинг панг хийн цохилтууд мөргөлдөхөд Ян Кай бүдрэх мэт болох боловч Шуургат асрын дахин хэд хэдэн шавь унаж, тэдний бие улаан гал мэт халуу оргин шатаж байв.
Ян Кайн бясалгасан Жинхэнэ Ян нууц урлаг тэр мөчид эцэст нь өөрийн хүч чадлаа харуулсан нь энэ байлаа. Түүний бүх нударга, өшиглөлт нь “Ян” Чи-гээр бүрхэгдсэн байсан тул Биеийг хатуужуулах зургаа, долоодугаар шатанд байгаа тэд яаж эсэргүүцэж чадах билээ?
Түүгээр ч зогсохгүй, эдгээр нь Ян шингэнийг ч ашиглаагүй ердийн цохилтууд байв. Хэрэв тэр Ян шингэнийг ашигласан бол Ян Кайн хүч үүнээс ч илүү хүчтэй байх байлаа. Зүгээр л сүүлийн хэдэн өдөр тэр ганцхан дусал Ян шингэн бүрдүүлсэн болохоор түүнийгээ яаж энд ашиглаж зүрхлэх билээ?
Ян Кайд ялагдсан Шуургат асрын шавь нарын тоо цөөн биш байсан ч түүнд ч бас амар байсангүй. Эцсийн эцэст тэр зөвхөн Биеийг хатуужуулах долоодугаар шатанд байсан шүү дээ. Түүгээр ч барахгүй тэрээр ямар ч биеийн хөдөлгөөний тулааны техникийг хараахан эзэмшээгүй байв. Тэр энэ олон хүмүүсийн өөдөөс бороо мэт асгарах дайралтаас яаж бүрэн бултаж чадах билээ?
Ян Кайн духны хажуугаар цус урсаж, энэ дүр зураг түүний гар, хөл дээр ч мөн давтагдаж, бүх биеэр нь хөхөрсөн ул мөр гарчээ. Гэвч эдгээр гэмтлүүд нь Ян Кайн тулалдах чадварт нөлөөлж чадаагүйгээр үл барам, түүнийг довтлоход улам бүр хэцүү болгож, цохилтуудыг нь илүү хэрцгий болгож байв.
Түүний яснаас дулаахан мэдрэмж тархаж, Ян Кайд хязгааргүй их хүч чадлыг өгч байлаа. Энэхүү дулаан мэдрэмжтэй хамт түүний хүч чадал нөхөгдөөд зогсохгүй, довтолгоог нь бага зэрэг хүчтэй болгож, хурдыг нь огцом нэмэгдүүлж байв.
Ян Кай үнэндээ Алтан араг ясны цаадах нууцыг мэддэггүй байсан ч түүнийг гэмтэх бүрд, шархдах бүрд энэ нь Алтан араг ясны эдгээх нөлөөг идэвхжүүлдэг байлаа. Иймээс гэмтэл, өвдөлт нь түүнийг улам л хүчирхэг болгож байсан юм.
Ажиглаж байсан Ху Мэй Эр дахин дахин гайхалтай дүр зурагтай тулгарсаар байсан бөгөөд түүний интоорын өнгөт жижигхэн уруул хаагдах ч сөхөөгүй байлаа.
Уг нь тэрээр Өндөр Тэнгэр Асрын энэ шавийг маш хурдан ялагдаж, Чэн Шао Фэнгийн хүмүүст хэрцгийгээр зодуулна гэж бодож байсан юм. Гэвч одоогийн тулааны үр дүн түүний таамаглаж байснаас эрс өөр байв;
Шуургат асрын талаас бараг арваад шавь унасан байсан бөгөөд чулуунд цохиулж ухаан алдсан эхний хэдэн хүнийг эс тооцвол үлдсэн нь бүгд газарт хэвтэн өвдөлтдөө тийчлэн хөрвөөж байлаа. Тэдний арьснаас уур савсаж, гал шиг улаан өнгөтэй болсон байв.
Энэ хүн тулалдаандаа Юань Чи ашиглаж байна гэж үү? Ху Мэй Эр зүйрлэшгүй ихээр цочирдов, учир нь Биеийг хатуужуулах шатанд байгаа хүмүүс Юань Чи-гээ ашиглах тусам тэр нь багасдаг; Биеийг хатуужуулах шатанд үүнийгээ нөхөн сэргээх нь дэндүү хэцүү байдаг юм.
Энэ нь өөрийнхөө булшийг ухаж байгаатай яг ижил зүйл байсан бөгөөд түүний одоогийн үйлдэл нь ирээдүйнх нь хөгжилд сөргөөр нөлөөлнө гэдгээс тэр айхгүй байна гэж үү?