16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат
Дараагийн шатанд гарах дөхсөнөө мэдээд Ян Кай маш ихээр баярлав. Учир нь тэрээр Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд хүрэхийн тулд бүтэн гурван жилийг зарцуулсан шүү дээ. Гэтэл энэ номыг олж авсан хоёр дахь өдрөө л тэр шат ахисан бөгөөд одоо дахиад л шат ахих гэж байна. Энэхүү бэлтгэлийн хурд Ян Кайг хүртэл бага зэрэг айлгаж байлаа.
Биеийг хатуужуулах судрыг бясалгах нь маш их тэвчээр, тамир тэнхээ шаарддаг. Тиймээс Ян Кай бясалгалынхаа дараа амарч, алдагдсан эрч хүчээ аажмаар нөхөж авав. Эрч хүчээ нөхөж авсныхаа дараа тэрээр үлдсэн жаахан хоолноосоо идээд, эмийн ургамлын хайгуулаа үргэлжлүүллээ.
Өчигдөр тэрээр өөрт нь хэрэгтэй ургамлууд ургаж магадгүй гэж санасан бүх газруудаараа явсан. Харин өнөөдөр тэр зөвхөн азандаа л найдах хэрэгтэй боллоо. Аз болоход эдгээр ургамлын үнэ цэн тийм ч өндөр биш тул өнөөдөр олох магадлал өндөр хэвээр байв.
Бүтэн өдрийн хайгуулын дараа Ян Кай нийт далан найман төрлийн ургамал, мөн хоёр ширхэг Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг олжээ. Энэ удаад тэр утлагын савыг ажиллуулахад шаардлагатай ургамлуудыг эцэст нь нэг олсон хэдий ч, тоо хэмжээ нь хангалтгүй хэвээр байв.
Цаг хугацаа өнгөрч, удалгүй харанхуй нөмөрлөө. Ян Кай хараахан унтаагүй байсан бөгөөд энэ нь тэр ядраагүйдээ биш, харин хэтэрхий их өлссөндөө унтаж чадахгүй байсантай холбоотой байв.
Уг нь тэрээр зэрлэг амьтан агнана гэж төлөвлөж байсан ч, ганц ч туулай олж харсангүй. Харамсалтай нь, тэр ердөө л хумсны толион чинээ маш исгэлэн хэдэн жимс л олсон юм. Тэдгээрийг идэж дуусах үед нь өлсгөлөн нь бүр ч илүү нэмэгдэх шиг болов.
[Аах! Ийм зүйл болно гэдгийг мэдсэн бол би арай илүү будааны боов авчрахгүй яав даа!] хэмээн Ян Кай харамсан бодлоо. Энэ зэлүүд нутагт ямар ч мухлаг байхгүй, тэгэхээр тэр хаанаас хоол олох билээ?
Энэхүү өлсгөлөн үнэхээр зовлонтой байлаа. Тэгтэл Ян Кай алсад галын гэрэл сүүтэгнэхийг олж харав. Тэр даруй түүний эрч хүч сэргэж, босоод тэр зүг рүү алхлаа.
Ойн гүнд гал асааж зүрхэлсэн эдгээр хүмүүс нэг бол тэнэгүүд, эсвэл юунаас ч айхгүй тийм хүмүүс байх ёстой. Энэ удаад эдгээр хүмүүс хоёр дахь төрөлд нь багтаж байв.
Түүнийг ойртож очиход галын дэргэд байсан нэгэн хүн: "Хэн бэ!" хэмээн аянга мэт чангаар дуугарав.
Тэр мөчид Ян Кайн булчин чангарч, нуруугаар нь хүйт оргиод явчихав. Галын дэргэдэх хоёр хүн маш сонор сэрэмжтэй байлаа. Нэг нь өндөр, нөгөө нь намхан байв.
Өндөр нь хүдэр бадриун биетэй бөгөөд нумандаа сум онилон, Ян Кай руу чиглүүлсэн байв. Харин нөгөөх нь арван нэг орчим насны жаал хүү бөгөөд нүд нь гялалзаж, айсан шинж өчүүхэн төдий ч үгүй байлаа. Энэ хүү гартаа бас нэг нум барьсан байх бөгөөд мөн л сум онилсон байсан ч, нум нь хавьгүй жижиг байв.
Хэдийгээр Ян Кай хоёр сумны өөдөөс харж байсан ч түүнд хариу үйлдэл үзүүлэх өчүүхэн төдий ч санаа байсангүй. Тэрээр эргэн тойрноо харж, тэдний заналхийлэл юу ч биш мэт аашиллаа.
"Тайвшир даа. Би ууланд зүгээр л эмийн ургамал түүхээр орж ирсэн юм" гэж Ян Кай яаран хэлэв.
Үүнийг сонсоод өнөөх хоёр хүн бие бие рүүгээ харлаа. Хүдэр эр нум сумаа алгуурхан доошлууллаа. Тэгээд тэр жаал хүүд тайвшрах дохио өгөөд инээж: "Галын гэрэлд зэрлэг араатан татагдаад хүрээд ирлээ гэж бодсон чинь зүгээр л хуурамч түгшүүр байж ээ" гэлээ.
"Уучлаарай, намайг уучлаарай" хэмээн Ян Кай бага зэрэг ичэнгүйрэн инээж хэлэв.
Духаа илээд, хүдэр эр Ян Кай руу даллаж: "Нааш ир, шөнө хүйтэн байдаг юм. Энд ганцаараа амьд үлдэх амаргүй шүү" гэв.
Үүнийг сонсоод Ян Кай ойртож очоод галын дэргэд суулаа. Түүний хажууд суух хүдэр эр Ян Кай руу тасралтгүй харж байсан бөгөөд түүний туранхай, яс арьс болсон биеийг хараад өрөвдөхгүй байж чадсангүй.
Хамт сууж байгаа хүмүүс хоорондоо ярилцах нь зүйн хэрэг билээ. Энэ ярианаас Ян Кай эдгээр аав хүү хоёр уулын бэлд амьдардаг бөгөөд энд ан хийж амьдралаа залгуулахаар ирснийг олж мэдэв. Тэд баян биш ч хоол унд, хувцас хунараар дутахгүй амьдардаг байв. Хүү хэдийгээр залуу ч ан хийхдээ хэдийнэ туршлагажсан нэгэн байв.
Тэрээр аавтайгаа хамт Хар Салхит уулс руу олон удаа ан хийхээр ирж байжээ. Тиймээс тэдний уулын тухай мэдлэг Ян Кайгаас хавьгүй илүү байв.
Ян Кай ч бас тэдэнд өөрийнхөө талаар товчхон ярьж өгөв. Өөрийгөө Өндөр Тэнгэр Асрын шавь гэдгийг хэлэхэд хүдэр эр ихэд гайхширчээ. Харин жаал хүү Ян Кайг улам бүр сонирхож, хар нүдээрээ түүн рүү тасралтгүй ширтэж байлаа.
Хүдэр эр уулга алдан: "Миний хүү ч бас бясалгагч болохыг хүсдэг байсан. Гэвч авьяас чадвар нь дутсан болохоор тэнцээгүй юм. Тиймээс тэр та нар шиг хүмүүсийг үнэхээр шүтэн биширдэг" гэлээ.
Энэ үг Ян Кайд өнгөрсөн гурван жил болон туулсан туршлагаа эргэн санахад хүргэв. Энэ нь түүний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн төдийгүй, хүүгийн толгойг өөрийн эрхгүй хайрлан зөөлөн илэхэд хүргэлээ.
Түүнийг дөнгөж үг хэлэх гэтэл, Ян Кайн ходоод гэнэтхэн чангаар хоржигнон дуугарч тасалдуулав. Жаал хүү гөлрөн харснаа гэнэт чангаар инээж, уутнаасаа хатаасан хүнс гаргаж ирээд Ян Кайд өглөө.
Энэ нь түүний сэтгэлийг дахин нэг удаа хөдөлгөсөн ч тэр авсангүй. Ян Кай хүдэр эр рүү харахад тэрээр инээмсэглэж: "Ид дээ. Чи өнөөдөр юу ч идээгүй бололтой" гэв.
Энэ удаад Ян Кай татгалзсангүй, өгсөн хүнсийг нь хурдхан шиг ховдоглож орхив.
Дахиад бага зэрэг хуучилсны дараа тэд гурвуулаа галын дэргэд унтахаар хэвтлээ. Хэдийгээр Ян Кай хэт бөх унтаж зүрхлээгүй бөгөөд хэрэв ямар нэгэн аюул аав хүү хоёрт ойртвол хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байв. Тэрээр үүнийг өмнө нь хүнс өгсөн ачийг нь хариулж байна гэж үзжээ.
Аз болоход шөнө тайван өнгөрч, юу ч болсонгүй.
Өглөө болоход Ян Кай аав хүү хоёрыг сэрэхийг нь хүлээлгүй чимээгүйхэн яваад өгөв. Гэхдээ явахаасаа өмнө тэр өнгөрсөн шөнийн ачид талархсанаа илэрхийлж хоёр эмийн ургамал үлдээлээ.
Хэрвээ энэ хоёр ургамлыг нухаж жижиглэвэл шарх анагаах үйлчилгээтэй байв. Тэд үргэлж ууланд байдаг тул эдгээр ургамлууд аав хүү хоёрт гарцаагүй хэрэг болох байлаа.
Дорно зүгээс мандах нил ягаан Чи-ний хэмжээ нэмэгдэхийн хэрээр Ян Кай Биеийг хатуужуулах судрыг хагас цагийн турш бясалгалаа. Бясалгалаа дуусгах үедээ Ян Кай нил ягаан Чи-г гүнзгийгээр амьсгалахад түүний дотоод судлууд гэнэт хүчтэй чичирхийллээ. Түүний биеэр дулаахан мэдрэмж төрж, дотоод судал дахь эрчим нь тасралтгүй хуйларч байв.
Биеийг хатуужуулах тавдугаар шат! Түүний зөн совин зөв байжээ, тэр өнөөдөр үнэхээр шат ахилаа. Хагас цаг бясалгасны дараа тэр үнэхээр дараагийн шат руугаа орчихлоо!
Ян Кай туйлын их баяртай байсан бөгөөд өөрийн биен дэх Алтан араг ясанд хязгааргүй их талархаж байлаа.
Хэдийгээр бардам Алтан араг ясыг олж аваад удаагүй байгаа ч тэрээр түүний болон Биеийг хатуужуулах судрын ачаар хоёр ч удаа шат ахилаа. Энэ хурдтай зүйрлэх зүйл үнэхээр байсангүй.
Түүгээр ч барахгүй энэ нь нэлээд хэдэн хязгаарлалтын дор хийсэн бясалгал байв. Хэрэв тэр үргэлж бясалгах боломжтой байсан бол, ямар хурдад хүрэх байсан бол оо?
Энэ бодол нь Ян Кайг хэлэх үггүй болгож байлаа. Эцсийн эцэст Биеийг хатуужуулах шат нь жинхэнэ тулаанч болохын ердөө л суурь нь юм шүү дээ. Эхэн үеийн шатуудад бясалгахад амархан байдаг бол, түвшин дээшлэх тусам бясалгахад улам л хэцүү болдог.
Түргэхэн амралт авсныхаа дараа Ян Кай эмийн ургамлаа үргэлжлүүлэн хайлаа.
Өнөөдөр тэрээр дахин нэлээд сайн олзтой байв. Арваад төрлийн ургамал цуглуулж, бас нэг тарган туулай барьж авсан нь хоолны асуудлыг нь шийдлээ.
Энэ нь түүний уулын аяллын гурав дахь өдөр байсан бөгөөд тэрээр арван бээрийн аюулгүй бүсийн төгсгөлд хүрээд байв. Үүнээс цааш Ян Кай орохыг зүрхэлсэнгүй, учир нь түүний одоогийн хүч чадлаар түүнд олдох ганц сонголт нь тэндэх араатнуудын хоол болох явдал байлаа.
Тэр хэдийгээр хэт гүн рүү ороогүй ч, түүний олз нэлээд сайн байлаа. Тэр хориод төрлийн ургамал цуглуулсан бөгөөд өмнөх хоёр өдрийг нь оруулж тооцвол дөчөөд төрлийн ургамал болсон нь түүний энэхүү аяллыг маш үр дүнтэй болгож байлаа. Харамсалтай нь, түүнд хэрэгтэй байсан гол хоёр ургамлын тоо хэмжээ нь маш бага байв.
Гурван өдрийн дотор дөчин төрлийн ургамал олно гэдэг нь бага зүйл биш байлаа.
Хэдийгээр тэд бүгд Энгийн зэрэглэлийн, доод түвшний ургамлууд байсан ч тэр тэдгээрийг багагүй хувь нэмрийн оноогоор солих боломжтойг ойлгож байв. Гэхдээ энэ нь түүний бясалгах хугацааг маш ихээр хорогдуулсан тул ашиг тусаасаа илүү хор хохиролтой байлаа.