24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг
Нярав Мэн толгойгоо өргөөд Ян Кайн царайнаас хүлээлт болон түгшүүрийг хоёуланг нь олж харлаа. Тэр ч бас өөрийн эрхгүй болгоомжлох аж. Тэрээр цүнхийг зөөлөн бөгөөд аяархан нээж, доторх зүйл рүү нь нүдээ онийлгон харав.
Энэ нь аяганы хэртэй хэмжээтэй, хар улаан өнгөтэй, яг л мөөг эсвэл мөөгөнцөр шиг хэлбэртэй юм байлаа. Энэ үнэхээр л тэнгэр, газрын аураг өөртөө шингээсэн мэт ер бусын харагдаж байв.
Хм... хмхм... Нярав Мэн өөрийн эрхгүй хэд хэд ханиалгав.
Ян Кай түүн рүү сандрангуй хараад: "Энэ ямар зүйл юм бэ?" хэмээн асуулаа.
Нярав Мэн түүн рүү хачирхан хараад, хариулахын оронд: "Чи үүнийг хаанаас олсон юм?" гэж сөргүүлэн асуув.
"Уулан дахь нэгэн агуйгаас. Тэнд бас үүнийг хамгаалж байсан Нэгдүгээр зэрэглэлийн Чөтгөрийн араатан байсан юм. Гэхдээ би түүнд алуулчихалгүй, харин ч өөрөө түүнийг алчихсан болохоор үүнийг аваад ирлээ" гэв.
Нярав Мэнгийн зүрх амаар нь гарах шахаж: "Чи Чөтгөрийн араатантай таарсан гэнэ ээ? Би чамд аюулгүй бүсээс хэтэрч болохгүй гэж хэлээгүй бил үү?" гэлээ.
"Би аюулгүй бүсээс хэтрээгүй ээ. Хар Салхит уулын аюулгүй бүсэд яагаад тэр байсныг би өөрөө ч мэдэхгүй байна" гэж Ян Кай гомдоллосон өнгөөр хариулав.
Нярав Мэн санаа алдлаа; иймэрхүү л зүйл болсон байх гэж тэр бодож байв. Гагцхүү энэ хүүгийн хүч чадлаар Чөтгөрийн араатныг, тэр байтугай Нэгдүгээр зэрэглэлийнх байсан ч ялна гэдэг дэндүү хэцүү даваа байсан байх даа гэхээс л тэр эмээж байлаа.
[Энэ хөөрхий амьтан, ийм балчир насандаа Хар Салхит уулсанд ердөө гуравхан өдөр болохдоо хэлж баршгүй их зовлон бэрхшээл туулж дээ. Тэгээд энэ бүх хөдөлмөр нь түүнд ердөө арван зургаахан хувь нэмрийн оноо авчирсан байх юм. Тэр бүр амиа алдах шахсан Нэгдүгээр зэрэглэлийн Чөтгөрийн араатантай хүртэл таарсан байна. Хэрэв түүнд энэ зүйл нь... энэ зүйл нь ердөө л... аах, энэ арай л муухай юм, дэндүү муу юм.]
[Ямартай ч, энэ өвгөн сайн үйл хийх нь ховор доо, үүнийг зүгээр л үйлийн үрийнхээ өрийг дарж байна л гэж бодъё.]
Нярав Мэнгийн царай хэрхэн хувирч байгааг хараад, мөн юу ч дуугарахгүй байсанд Ян Кай бага зэрэг сандрав. Түүнийг дахин асуухын даваан дээр Нярав Мэн цайны гүцээ авч балгалснаа, инээмсэглэх аядаж: "Муу золиг минь, чиний аз уг нь тийм ч муу биш юм байна шүү!" гэлээ.
Үүнийг сонсмогц Ян Кайн зүрхэн дэх түгшүүр тэр даруй сарнин алга болов. Тэр энэ зүйлийг ямар ч үнэ цэнгүй хог байж таараад шившиг болох вий гэхээс л айж байсан юм.
"Нярав аа, энэ яг юу юм бэ? Хэдэн хувь нэмрийн оноо хүрэх бол?" хэмээн Ян Кай хүлээлт дүүрэн хоёр гараа үрчин асуулаа.
"Өө......... энэ зүйлийг Цусны мөөг гэдэг юм! Ховор төрлийн эмийн орц бөгөөд Энгийн........" Тэрээр үгээ хэлж дуусаагүй байхдаа Ян Кайн урам нь хугарч буй царайг хараад яаран өөрийгөө засаж. "Үгүй ээ, үгүй, үгүй, энэ бол Газрын зэрэглэлийн, Доод түвшний ургамал. Мм, энэ үнэхээр Газрын зэрэглэлийн доод түвшнийх! Яг тийм!" гэв.
Ийм баттай өнгө аясаар хэлсэн тул Нярав Мэн бараг өөрөө өөрийгөө үнэн хэлж байна гэж хуурахад хүрч байлаа.
"Газрын зэрэглэлийн, доод түвшний гэнэ ээ?" Ян Кай ихэд баярлан гайхширч: "Нярав Мэн, та буруу хараагүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" гэв.
Царайгаа төв болгоод Нярав Мэн: "Чи тоглож байгаа байлгүй. Энэ өвгөн амьдралдаа олон ч эмэгтэй хүнийг шалгаж..... ххэ, биш ээ... олон ч ургамлыг шалгаж үзсэн хүн. Миний энэ туршлагатай, мэдлэгтэй нүд яаж буруу харах юм бэ?" гэж хариуллаа.
"Үүнийг хэдэн хувь нэмрийн оноогоор сольж болох вэ?" Ян Кайд зөвхөн энэ л сонин байв.
"Хорь гээд тооцчихъё."
"Ямар бага юм бэ." Ян Кайн урам бага зэрэг хугарлаа. Хэдийгээр зэрэглэл нь тийм ч өндөр биш ч, тэр ядаж л хориос дөчин оноо хүрэх байх гэж бодож байсан юм.
"Бага биш ээ, хүү минь." Нярав дотроо өөрийгөө түүнд хэдийнэ хэтэрхий ихийг өгчихлөө гэж бодож байв. Тэгээд тэр үүнийгээ зөвтгөх сайхан шалтаг олж: "Чиний олсон энэ Цусны мөөг Газрын зэрэглэлийн доод түвшний ургамал мөн хэдий ч, хэмжээ нь хэтэрхий жижиг, бас тийм ч олон жил ургаагүй байна. Тиймээс л хорин хувь нэмрийн оноо хүрч байгаа юм" гэлээ.
"Аан..." Ян Кай сөргөж маргалгүйгээр зөвшөөрөн: "Тэгвэл хорин оноо л байг" гэв.
Толгой дохин Нярав Мэн уг оноог бүртгэлийн дэвтэртээ дахин тэмдэглэж авлаа.
Энэ удаагийн уулын аялал түүний Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг болон Үхлийн бүсийн модны өвс олох зорилгыг нь хэдийнэ биелүүлжээ. Үүнээс гадна түүнд гучин зургаан хувь нэмрийн оноо авчирлаа. Хэрэв өмнө нь байсан оноогоо нэмбэл тэр нийтдээ дөчин найман хувь нэмрийн оноотой болсон байв. Ян Кай түр зуур ч болов өөрийгөө баян, хүчирхэг болсон мэтээр мэдэрлээ.
Хэдийгээр ууланд явсан нь түүнд түүсэн ургамлуудаас багагүй хувь нэмрийн оноо авчирсан ч, энэ нь бясалгах үнэт цагийг нь үрж, саатуулсан байв. Мөн түүнд ургамал олоход багагүй аз шаардагдсан бөгөөд аялал тэр чигтээ түүнийг маш ихээр ядраасан байлаа. Ян Кай аргагүй байдалд орохгүй л бол дахин ингэхгүй гэж шийдэв.
(орч: юун бясалгах цагаа үрсэн гэж... өглөө болгон ердөө 30-хан минут л бясалгах хэрэгтэй шүү дээ, тэгээд ч ууланд байхдаа бясалгалаа зүгээр л амжуулаад байсан биз дээ ххэ...)
Түүний хувь нэмрийн оноо цуглуулж буй шалтгаан нь бясалгалд нь тус болох явдал байв. Хувь нэмрийн оноо болон бясалгал хоёрын дундаас Ян Кай аль нь илүү чухал болохыг сайн мэдэж байлаа; тэр шуналаас болж зорилгоосоо хазайсангүй.
Одоо тэр Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцгийг хангалттай хэмжээгээр цуглуулсан байв. Агуйгаас тэр гучаас дөчин ширхгийг олсон шүү дээ. Гэвч Үхлийн бүсийн модны өвс маш бага байлаа. Түүнд ердөө таваас зургаан ширхэг л байв. Хэрэв тэр эдгээрээр үнэхээр бясалгахыг хүсвэл Хувь нэмрийн танхимаас оноогоороо хэдийг солих шаардлагатай болно; тэр үүнд хэдийнэ бэлтгэлтэй байлаа.
Төлөвлөгөөгөө бодонгоо Ян Кай: "Нярав Мэн, надад арван ширхэг Үхлийн бүсийн модны өвс өгнө үү" гэлээ.
Өвгөн Мэн Ян Кай руу хараад түүнд эдгээр ургамлууд яагаад хэрэгтэй болсныг гайхсан ч юу ч асуусангүй. Тэр зүгээр л суугаад: "Арван ширхэг Энгийн зэрэглэлийн доод түвшний ургамал, арван хувь нэмрийн оноо болно. Чи үнэхээр авахдаа итгэлтэй байна уу?" гэв.
Ян Кай сэжиглэнгуйгээр хөмсгөө зангидаад: "Энэ чинь буруу байна. Та саяхан хоёр ургамлыг нэг оноогоор солино гээгүй бил үү?" хэмээн асуулаа.
"Авах үнэ бол авах үнэ, харин зарах үнэ бол зарах үнэ шүү дээ. Эд чинь ижилхэн биш." Нярав Мэнгийн инээмсэглэл бүр тодорч; жинхэнэ худалдаачин хүний шинж чанар нь цухуйж эхлэв.
Уурласан Ян Кай Нярав Мэнгийн нүүрлүү заагаад: "Та бусдаас хямд үнээр авч байгаад дундаас нь ашиг унагахыг хичээж байна шүү дээ. Ингэж ашиг хонжоо хайх нь дэндүү увайгүй хэрэг. Та өөрийнхөө хүн чанарыг нохойнд хаяад өгчихсөн юм уу?" гэлээ.
Гараа савчин Нярав Мэн хариулахдаа: "Би ашиг олохыг хүсээд байгаа юм биш ээ, эдгээр үнийг Гол Тэнхимээс тогтоож өгдөг юм. Энэ нь надад ямар ч хамаагүй.
Хувь нэмрийн танхим дахь бүх үнэ ханш надад падгүй; энэ өвгөн зөвхөн авах, зарахыг л хариуцдаг. Гол Тэнхим өөрөөр яаж та нар шиг гурван мянган шавийг тэжээнэ гэж бодоо вэ?" гэв.
Ян Кай балмагдлаа, учир нь түүний үгэнд ортой зүйл байв. Эцсийн эцэст энэ бол бизнес, Өндөр Тэнгэр Асар ямар нэгэн байдлаар ашиг олохгүйгээр яаж Гол Тэнхим дахь гурван мянган шавь амьд үлдэх билээ? Хэдийгээр үүнийг ашиг хонжоо хайсан хэрэг гэж хардаж болох ч, эцсийн дүндээ хэн ч чамайг үүнийг ав гэж хүчлээгүй. Хэн ч хүчлээгүй шүү дээ.
"Тэгээд, чи Үхлийн бүсийн модны өвсөө авмаар л байна уу?" Ян Кайн өвдөлтөөр дүүрэн царайг хараад Нярав Мэнгийн сэтгэл санаа сэргэв.
"Авна аа" гэж Ян Кай шүдээ зуун мэдэгдэв. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр энэ ургамлыг ашиглах хэрэгтэй болох бөгөөд ууланд гарч хайхгүй гэж шийдсэн тул түүнд худалдаж авахаас өөр сонголт байсангүй.
Эргэж хараад Нярав Мэн арын өрөө рүү орж, удалгүй Үхлийн бүсийн модны өвсийг авч гарч ирлээ. Ян Кай ургамлын тоог тоолох зуур Нярав Мэн гүйлгээг тэмдэглэж авав.
Хмм! Ийм том алдагдал хүлээснийхээ дараа Ян Кай эргэж хараад танхимаас баргар царайлсаар шууд л гарч одов.
"Цаг завтай үедээ дахин ирж байгаарай" хэмээн Нярав Мэн араас нь халуун дулаанаар дуудлаа.
[Байнга ирж чамд шулуулах гэнэ ээ!] Ян Кай эцэст нь Мэнгийн хоч хаанаас гаралтай болохыг ойлгов.
Ганц, хоёр алхаад л Ян Кай гадагшаа гарч яаран гүйлээ. Гарах замд нь нэгэн хүн яаран орж ирсэн бөгөөд тэд бараг л мөргөлдөх шахав.
Энэ хоёр хүний хариу үйлдэл нэлээд хурдан байсан тул Ян Кай тэр даруй зогсож, нөгөө хүн ч мөн адил зогслоо. Ян Кайн хамарт чихэрлэг бөгөөд тааламжтай үнэр сэнгэнээд явчихав.
Толгойгоо өргөөд Ян Кай сар мэт тунгалаг хоёр нүд өөр рүү нь ширтэж байхыг харсан ч, царайг нь тод харж чадсангүй. Учир нь тэр хүн нүүрээ гивлүүрээр халхалсан байв.
Энэ бол эмэгтэй хүн байлаа. Хэдийгээр царайг нь харж чадаагүй ч арьсных нь байдлаас дүгнэхэд тэр нэг их хөгшин биш бололтой. Тэр магадгүй түүний Номын эгч байх.
Толгой дохин уучлалт гуйгаад Ян Кай биеэ хажуу тийш болгож; түүнийг түрүүлж орохыг дохилоо.
Эсрэг талын хүн сатаарсан мэт харагдсанаа гэнэт час улаан болчихов. Үүнийг хараад тэрээр өөрийнхөө харцыг ч бас бурууллаа.
Түүний улайсан царайг хараад Ян Кай энэ Номын эгчийг нэлээд ичимхий хүн байна гэдгийг ойлгов. Түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд тэр хурдхан шиг харцаа бурууллаа.
Шя Нин Чан ичсэндээ бараг л үхэх шахаж байлаа.
Тэр Хувь нэмрийн танхимын үүдэнд Ян Кайтай таарна чинээ огтхон ч төсөөлөөгүй байв. Түүний царайг хармагцаа тэр тэр даруй өөрийнхөө....... талаар бодож.
Бас түүний........ талаар эргэн саналаа.
Гэнэтхэн түүний царай улайж, биеийнх нь халуун нэмэгдэв. Тэр толгойгоо ч өргөх зориггүйгээр яаран танхим руу орлоо.
Энэ дүр зургийг харах бага зэрэг инээдтэй байв, учир нь ийм ичимхий эмэгтэйчүүд нэлээд ховор шүү дээ. Хэдийгээр Өндөр Тэнгэр Асарт олон эмэгтэй шавь нар байдаг ч, тэд тулааны урлагаар хичээллэдэг тул энгийн хүмүүсээс илүү нээлттэй байдаг. Зүгээр л хүний нүүр рүү хараад улайчихдаг түүнтэй адил хүн гивлүүр зүүх нь гайхах зүйл биш байлаа.
[Тэр Номын эгч нэлээд хөөрхөн юм... гэхдээ түүний биеийн үнэр яагаад ийм танил санагдаад байна аа? Би өмнө нь түүнтэй хаана таарч байсан юм бол?]