37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан
Маргааш нь Ян Кай хаалгыг нь хөнгөхөн тогших чимээнээр сэрлээ.
Түүнийг орноосоо мөлхөн босож хаалгаа онгойлгох үед гадаа хэн ч байсангүй. Гэвч тэртээ хол нэгэн танил дүрс хурдхан зугтаж явах нь харагдав.
Энэ Ли Юнь Тянь байлаа!
[Энэ залуу юу сэдээд байна?]
Гайхширсан Ян Кай босгон дээр нь нэгэн захиа тавьсныг анзаарах хүртлээ юу бодохоо мэдсэнгүй. Захиаг нээгээд доторхыг нь уншаад тэр инээх үү, уйлах уу гэдгээ ч ойлгосонгүй.
Захиан дээр хэдхэн үг бичсэн байсан бөгөөд тэдгээр нь цусаар бичигдсэн байлаа.
"Хүндэт Номын ах аа, уулзалгүй уджээ. Номын ах минь энэхүү дүүгийнхээ хүслийг биелүүлэх өгөөмөр сэтгэл гарган Хар Салхит ойд хүрэлцэн ирнэ гэж найдаж байна."
Эдгээр үгс тод улаан өнгөтэй байсан бөгөөд цусаар бичигдсэн гэдэгт ямар ч эргэлзээ байсангүй. Тэр зүгээр л тахианы цус уу, эсвэл хүний цус уу гэдгийг нь л мэдээгүй юм; гэхдээ Ян Кай энэ нь Сү Мү-гийн цус биш гэдэгт бүрэн итгэлтэй байлаа.
Ар талд нь дахин нэг мөр үг байх бөгөөд эдгээр нь эхний зурвасаас хавьгүй бүдүүлэг, доромжилсон өнгө аястай байв.
"Зүрх чинь хүрвэл, хүрээд ир!"
Энэ хэдхэн үг бичсэн хүнийх нь асар их бардам занг илтгэх бөгөөд үүний зэрэгцээ түүний туйлын их үзэн ядалтыг тодорхой харуулж, өдөөн хатгалтын шинжийг агуулж байлаа.
Сү Мү, Ян Кай урилгаас нь татгалзчих байх гэж айсандаа л ард нь ийнхүү өдөөн хатгах зорилгоор нэмэлт өгүүлбэр бичсэн байх. Залуу хүмүүс ихэвчлэн халуун цустай байдаг бөгөөд Сү Мү үүнийг хэдийнэ олон удаа туршиж үзсэн байв. Тэр үүнд бүр дасчихсан бөгөөд өөртөө ашигтайгаар эргүүлэх тал дээр маш туршлагатай нэгэн байлаа.
Гаран дахь цустай захидлаа базаж хаяад Ян Кай толгой сэгсрэв.
Сү Мү-гийн өдөөн хатгалтыг Ян Кай нэг их ноцтойгоор хүлээж авсангүй. Магадгүй Сү Мү түүн рүү үнэхээр л ямар нэгэн өс хонзон санасан байж болох ч, Ян Кай өөр байлаа; түүний сэтгэлгээ өөр, зорилго нь өөр байв.
Иймэрхүү жижиг сажиг асуудлуудыг Ян Кай зөвхөн өөрийнхөө хөгжлийг хэмжих, бэлтгэлдээ туслах боломж гэж л хүлээж авдаг байлаа.
Хэдийгээр тэр болон Сү Мү хоёрын эхний хэдэн уулзалт таагүй байсан ч, сүүлд түүнтэй байнга харьцсаныхаа дүнд Ян Кай Сү Мү-г үнэндээ тийм ч муу хүн биш болохыг олж мэдсэн юм. Түүнд зүгээр л ганган хээнцэр, бардам зангийн маш том асуудал байв.
Хэрэв чи иймэрхүү хүнтэй сайн харилцаа тогтоож чадвал, тэд чамтай маш сайн харьцах болно. Харин дайсагналцвал, тэд яг л ялзарсан яс дээрх өттэй адил болж, чамд эцэс төгсгөлгүй төвөг удах болно.
Сүүлийн хэдэн өдөр тэр Сү Мү-гийн бүлгийн барааг ч олж харсангүй; тэд түүнээс нуугдаж байсан байх. Яагаад тэд гэнэтхэн түүнтэй дахин тулалдахыг хүсэж, тулааны дуудлагын бичиг өгөхөөр гүйж ирснийг тэр мэдсэнгүй.
Уг нь Ян Кай Сү Мү-д нэг их анхаарал хандуулахыг хүсээгүй ч өдөр тутмын шүүрдэх ажлаа хийж байхдаа уг тулааны талаар бодож, тийшээ явахаар шийдлээ.
Сү Мү бол эргэлзээгүйгээр өчүүхэн хүн байсан бөгөөд сургуулийн тулаанд дуудах дүрмийг үл тоомсорлож, оронд нь захидал ашиглан тулааны дуудлагаа илгээжээ.
Тэр тулаанаа сургуулийн дүрмийн дагуу ганцаарчилсан тулаан биш, бүлгийн тулаан болгохыг зорьсон байх.
Сонгосон байршил нь ч олон асуулт дагуулж байв. Хар Салхит ой нь Хар Салхит уулсын бэлд байрладаг нарс модтой ой бөгөөд хүнийг нуун дарагдуулах, устгахад маш тохиромжтой газар байлаа.
Хэдийгээр Сү Мү-тэй нийлдэг бүлэг хүмүүсийн тоо тийм ч олон биш байсан ч, зөвхөн Сү Мү л Биеийг хатуужуулах есдүгээр шатанд хүрсэн байв.
Ли Юнь Тянь Биеийг хатуужуулах долоодугаар шатанд , харин бусад нь тав эсвэл зургаадугаар шатанд байлаа.
Ян Кай ялж чадах эсэхээ мэдээгүй ч одоогийн өсөлт хөгжилтөө бүрэн ойлгохын тулд түүнд үнэхээр жинхэнэ тулаан хэрэгтэй байв. Өндөр Тэнгэр Асрын шавь нарын ихэвчлэн хийдэг тиймэрхүү тулаан биш!
Одоогоор, Сү Мү Хар Салхит ой руу хөтлөх Өндөр Тэнгэр Асрын зам дээр биечлэн хүлээж байсан бөгөөд нэг ч хүн отолтод нуугдаагүй байв. Тэр тэнд баатарлагаар зогсох бөгөөд түүнээс эрч хүчээр дүүрэн уур амьсгал ялгарна.
Хэдэн шөнийн өмнөх бүтэлгүйтлээ, бүрэн ухаан алдсан ичгэвтэр байдлаа бодох бүрд Сү Мү-гийн царай маш муухай болж байлаа. Тэр шөнө тэр юу болсныг ч мэдээгүй бөгөөд түүнтэй хамт Ян Кайн жижигхэн модон овоохой руу ирсэн бүх Номын ах, дүүс нь гэнэтхэн л ухаан алдан унацгаасан.
Энэ нь дэндүү гэнэтийн бас нууцлаг явдал байсан юм.
Маргааш өглөө нь л тэд арайхийн сэрцгээжээ. Хэдийгээр зун байсан бөгөөд гадаа унтах нь тэдэнд ямар ч хор хөнөөл учруулахгүй ч тэнд шумуул маш их байсан юм.
Сэрэх үедээ бүгд биеэрээ дүүрэн хэдэн зуун товруу үүссэн мэт мэдрэгдэж байв; тэднийг зүүдэндээ умбаж байх хооронд хэмжээлшгүй олон шумуул хазаж, цусыг нь сорсон байлаа.
Дараагийн хэд хоногт Сү Мү-гийн бүлгийнхэн бүгд хэвтэрт орж, маш ихээр сульдсан байдалтай байв.
Тэднийг эдгэрсний дараа Сү Мү-гийн хамгаалалтад орсон бүх шавь нар Өндөр Тэнгэр Асраас зугтжээ. Хэрвээ тэд Ян Кайтай дайсагналцаж дийлэхгүй юм бол, зугтаж яагаад болохгүй гэж?
Өчигдөр Ли Юнь Тянийг анхныхаа тулааны техникийг сурсан гэдгийг дуулаад Сү Мү-гийн өшөө авах гал дахин дүрэлзэж эхлэв. Тиймээс тэр Ли Юнь Тянийг явуулж, Ян Кайд Хар Салхит ойд болох тулааны дуудлага өгүүлэхээр илгээжээ.
Энэ тулааныг яагаад Өндөр Тэнгэр Асарт хийгээгүй шалтгаан нь Сү Мү, Ли Юнь Тяньд нэг их итгэлгүй байсантай холбоотой юм. Хэрэв Ли Юнь Тянь дахин нэг удаа Ян Кайд өрөвдмөөр ялагдвал, хүмүүс үзэхээр цугларах болно.
Сургуулийн дүрэм чөтгөр рүүгээ тонилог, учир нь тэр зөвхөн Ян Кайг гахай шиг харагдтал нь зодохыг л хүсэж байлаа. Хэрэв тэр доторх энэ бухимдлаа гаргаж чадахгүй бол үнэхээр л галзуурахаар байв.
Түүнийг ийнхүү бодож байтал Ли Юнь Тянь яаран гүйж ирлээ.
"Өгчихсөн үү?" Сү Мү нүдэндээ догшин гэрэл гийгүүлсээр асуув.
"Тхх."
"Сайн байна, тэгвэл тэр новш ирэхийг хүлээцгээе."
Тэд хүлээсээр байлаа , маш удаан хүлээсэн ч Ян Кай үзэгдсэнгүй. Сү Мү-гийн царайд тэвчээргүй байдал илэрч, нааш цааш холхиж байснаа эцэст нь: "Тэр новш энд ирэх зориггүй юм байх даа?" гэж асуулаа.
Түүнийг харааж байтал Ли Юнь Тянь гэнэтхэн хашхирлаа. "Сү эзэнтэн, хэн нэгэн наашаа алхаж байна."
Аан? Түүний дотор палхийв, учир нь тэр Ян Кайг үнэхээр л үхлээ эрээд хүрээд ирлээ гэж бодсон юм. Гэвч харвал, нааш алхаж буй хүн Ян Кай биш байлаа.
"Сү эзэнтэн, тэд Шуургат Асрын хүмүүс байна." Ойртож буй бүлгийг үргэлжлүүлэн ажиглах зуураа Ли Юнь Тянь мэдэгдээд: "Бас ахлагч нь Чэн Шао Фэн бололтой!" гэлээ.
"Чэн Шао Фэн ээ?" Сү Мү-гийн царай хүйтэрч, ирж буй бүлэг рүү толгойгоо эргүүлэн харав. Тэр үнэхээр Шуургат Асрын Чэн Шао Фэн байх бөгөөд хэсэг бүлэг хүмүүсийг дагуулан Сү Мү рүү бардам гэгч нь ойртон ирж байв.
"Сү эзэнтэн, та алхах зуураа тэднээс зайлсхийхийг хүсэж байна уу?" гэж Ли Юнь Тянь эргэлзэнгүйгээр асуув, учир нь Сү Мү болон тэрхүү Чэн Шао Фэн хоёрын хооронд өнгөрсөн түүх бий гэдгийг тэр мэдэж байлаа.
Тэд хоёулаа Биеийг хатуужуулах шатны оргилд хүрсэн бясалгагчид байсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд олон удаа зам нийлж, хоёуланд нь бараг ижил хэмжээний ялалт, ялагдал оногдож байсан юм. Хэрэв тэд яг одоо тааралдвал гарцаагүй бага зэрэг үл ойлголцол үүсэх байв.
"Зайлсхийх ээ? Бид яагаад тэднээс зайлсхийх ёстой гэж?!" Сү Мү хүйтнээр хариулаад. "Энэ ноёнг түүний төлөө зам тавьж өгөхөөр тэр тийм ямар эрхтэй амьтан бэ?" гэлээ.
Ли Юнь Тянь хариу хэлсэнгүй, учир нь энэ асуудал энэ хоёрын хувьд нэр төртэй холбоотой зүйл гэдгийг тэр мэдэж байлаа.
Сү Мү маш бардам хүн байсан тул яаж ч өөр нэгний төлөө замаа тавьж өгөх билээ? Гэвч эсрэг талын хүмүүсийн тоо цөөн биш байсан тул, хэрэв тэд үнэхээр тулалдаж эхэлвэл тэдний тал хохирол амсах байв.
Тэднийг ярьж байх хооронд Чэн Шао Фэн тэднийг холоос хэдийнэ олж харсан бөгөөд түүний царай тэр даруй баяр хөөртэй болж, ардаа дагаж яваа хүмүүстээ ямар нэгэн зүйл хэллээ. Тэдний хурд илт нэмэгдэв.
Удалгүй хоёр тал өөд өөдөөсөө тулгарлаа. Хэдийгээр Сү Мү-гийн бүлэг Хар Салхит ой руу хөтлөх замыг эзэлж байсан ч, энэ зам нь Шуургат Асар болон Цуст Тулааны Бүлгэмийн оршин суугаа газар руу хөтөлдөг дөрвөн замын уулзвар байв. Энэ нь мөн Өндөр Тэнгэр Асар болон түүний төрөл бүрийн барилгууд руу хүрэх замаар үргэлжилдэг байлаа.
Сү Мү-гийн бүлгийн зогсож буй байрлал нь Чэн Шао Фэнгийн замыг хааж байгаатай яг ижил байв.
"Миний замыг хааж зогсож зүрхэлдэг хэн байдаг билээ гэсэн чинь Сү Мү байсан юм уу!" Гэж алхан ирээд Чэн Шао Фэн Сү Мү-г хэмжих зуураа үл тоомсорлонгуйгээр доош харав. Түүний дуу хоолой бага зэрэг өдөөн хатгасан шинжтэй байлаа.
Сү Мү зүгээр л нүдээ эргэлдүүлээд жадны иш шиг цэх нуруутайгаар тэндээ зогссоор байв. Түүнд түүнтэй зууралдах ч сэтгэл байсангүй.
Ийнхүү илт үл тоомсорлосон нь Чэн Шао Фэнг бага зэрэг дургүйцэхэд хүргэв.
"хи, хи, хи, Чэн ахаа, тэд чамайг үл тоомсорлож байх шиг байна."
Нэгэн уянгалаг хоолой сонсогдов, сонсоход таатай ч нэг л хязгааргүй задгай мэдрэмж төрүүлж байлаа.
Дуу гарсан зүг рүү хартал Сү Мү, Чэн Шао Фэнгийн ард зогсож буй нэгэн дур булаам залуухан охиныг олж харав. Энэхүү залуу бүсгүй ягаан мөрөө бага зэрэг ил гаргасан сул хүрэм өмссөн байх бөгөөд шаазан хүүхэлдэй шиг үзэсгэлэнтэй уур амьсгал ялгаруулна.
Түүний банзал нь өгзгийг нь арайхийн халхалж, сарных нь хагасыг ил гаргасан байх бөгөөд цагаан хөл нь ил гарч, хаш шиг хөл нь модон шаахайд орсон байлаа. Жижигхэн бөгөөд чамин эрдэнэс шиг гялалзсан хуруунууд нь сэтгэл татам хос нүдтэй нь төгс хоршино.