34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал
Хэсэгхэн зуур алхсаны дараа Ян Кайн өмнө нэгэн асар том хавцал гарч ирэв; энэ нь шууд утгаараа тэнгэр газрыг зааглан сунаж тогтсон байлаа. Хүчит салхи түүнийг угтаж буй мэт өөдөөс нь үлээж, бараг л унагаачих дөхөв.
Эргэж хараад, толгойгоо өргөн Ян Кай урагш гөлрөн зогслоо.
[Яагаад энд байдаг билээ?] Түүний өмнөх хавцал мянган метр өргөн бөгөөд бараг л ёроолгүй мэт харагдана; энэ бол Өндөр Тэнгэр Асрын хамгийн нууцлаг бөгөөд аюултай газруудын нэг болох Хориотой Луугийн хавцал байлаа!
[Одоо бодоод байхад, энэ хавцлын оршин тогтнол өөрөө маш хачирхалтай юм...]
Учир нь Өндөр Тэнгэр Асар уулархаг бүсэд бус, харин тэгш тал газар байрладаг байв. Хэдийгээр үүнийг уулын хавцал гэж нэрлэдэг ч, Хориотой Луугийн хавцлыг дэлхийн гадарга дээрх асар том цав гэж нэрлэх нь илүү тохиромжтой байлаа. Зүгээр л энэ цав арай л дэндүү том байсан хэрэг.
Хориотой Луугийн хавцал бол Өндөр Тэнгэр Асрын бүх хориотой газруудаас хамгийн ихээр хориглогдсон газар байв! Учир нь тийшээ нэвтэрмэгц догшин салхи салхилдаг. Ганцхан хором л хайхрамжгүй хандвал хальтирч унан, үхэл рүүгээ нисэх эрсдэлтэй байлаа.
Энэ газар мөн цөлөгдсөн эсвэл урвагч шавь нарыг илгээдэг газар байв. Өнгөрсөн хэдэн зуун жилийн хугацаанд, ямар нэгэн шавь уучлашгүй үйлдэл гаргах бүрд тэдэнд хэдэн өдрийн хүнс өгч Хориотой Луугийн хавцал руу цөлдөг байжээ.
Энэ нь Ян Кайг маш ихээр гайхшруулдаг байлаа. Хэрвээ шавь үнэхээр уучлашгүй хэрэг хийсэн бол, тэднийг цөлөхийн оронд шууд цаазаар авах нь дээр биш гэж үү? Тэдэнд жаахан хүнс өгөөд тэнд орхих нь үхэлтэй л ижил зүйл шүү дээ.
Мэдээжийн хэрэг, урвагч шавь нарыг цөлдөг газар байхаас гадна, энэ нь дурлалт хосуудын амиа хорлох хамгийн эхний сонголт байлаа.
Өндөр Тэнгэр Асарт иймэрхүү олон түүхүүд хөвөрдөг байв. Эдгээр түүхүүд гарцаагүй нулимс цийлэгнүүлж, зүрх шимшрүүлэм байдаг. Тэдгээр нь хайрт нь нас барсны дараа Хориотой Луугийн хавцалд ирж амиа хорлосон дурлалт хосуудын тухай түүхүүд байлаа.
Сургууль дотор эрэгтэй шавь бүр охидын араас гүйхдээ эдгээр түүхүүдээс нэг юмуу хоёрыг ярьж өгдөг байв. Хэрвээ тэдгээр үзэсгэлэнт охидыг уйлуулж чадвал, тэд уйлж буй бүсгүйчүүдийг өргөн бөгөөд, дулаан энгэртээ тэвэрч тайвшруулдаг байлаа.
Эдгээр зүрх шимшрүүлэм түүхүүд хэр олон зүрх сэтгэлийг догдлуулсныг хэн ч мэдэхгүй ч, эдгээр нь хайр дурлалын араас хөөцөлдөж буй эрэгтэй шавь нарын зүрхэнд хадгалагдсаар байдаг байв!
Ян Кай Хориотой Луугийн хавцлын талаарх өөрийн мэдэх мэдээллээ тархиндаа дахин нэг тунгаан бодлоо. Тэрээр алгуурхан хэдэн алхам урагшилж, эргэлзэнгүйгээр урагш ширтэв.
[Яагаад энэ дотор "Ян" шинжтэй Чи байдаг билээ? Түүгээр ч барахгүй энэ цээжин дахь хариу үйлдэл нь өмнөх бүх хариу үйлдлүүдээс өөр байна. Энэ удаад маш хүчтэй нягтаршилтай "Ян" Чи байгааг илтгэж байгаа бөгөөд тэр нь тэр доороос аажмаар дээш хөвөн гарч ирж байна.]
Хэдийгээр тэр энэ газрын хажууд зогсож байсан ч, Ян Кай задгай агаараас бага зэрэг дулаахан мэдрэмжийг мэдэрч чадаж байлаа.
Энэхүү дулаан мэдрэмж нь нарнаас ирээгүй бөгөөд нарны Ян энергиэс хэд дахин илүү цэвэр байв.
Хэсэг зуур бодсоны эцэст Ян Кай энергийн энэхүү нягтралын шалтгааныг үл тоомсорлон газар суугаад уг энергийг хичээнгүйлэн шингээж эхлэхээр шийдэв. Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгахад, тухайн газар дахь "Ян" Чи хэдий чинээ нягт байна, төдий чинээ хурдан бясалгаж чадах байв.
Түүний одоогийн Юань Чи-гийн хэмжээ маш бага байсан тул Жинхэнэ Ян нууц урлагийнх нь дамжуулах хурд ч бас удаан байлаа, гэвч энэ их "Ян" Чи түүнд тусална гэвэл; түүний хурд үлэмж хэмжээгээр нэмэгдэх ёстой байв.
Нар хэдийнэ жаргаж, орой болсон байсан бөгөөд нарны "Ян" Чи байхгүй байсан ч, Ян Кай өөрийнх нь үр ашиг сүүлийн хэдэн өдрийнхөөс хавьгүй өндөр байгааг мэдэрч чадаж байв.
Бясалгасаар, тэр санаандгүй байдлаар бүхэл бүтэн шөнийг ардаа орхижээ. Дараагийн өглөө нь л Ян Кай нүдээ нээж, өөрийнхөө ахиц дэвшлийг шалгалаа.
"Ян" Чи-тэй бясалгах болон "Ян" Чи-гүйгээр бясалгах хоёр үнэхээр өөр байлаа. Хэдийгээр тэр өмнө нь нарны гэрэл дор бэлтгэл хийж байсан ч, тэрхүү өчүүхэн бага Юань Чи-г бий болгохын тулд түүнд бүтэн гурван өдөр шаардагдсан шүү дээ. Гэтэл ганцхан шөнийн бясалгалаар тэр хэдийнэ гурван өдрийнхтэй тэнцэхүйц үр дүнд хүрсэн байв; ийм үр дүн түүнийг үнэхээр хэлэх үггүй болгов.
Түүний доторх Юань Чи-гийн хэмжээ ч бас нэмэгдсэн байв; энэ нь цаашид шуурганд өртсөн анивчих дөл шиг байхаа больжээ.
Мөн Юань Чи-гийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор түүнийг удирдах хяналт нь ч сайжирсан байв.
Шинэ өдөр эхэлж байсан тул Ян Кай цааш үргэлжлүүлэлгүй харин босож, хагас цагийн турш Биеийг хатуужуулах судрын бэлтгэлээ хийв.
Хориотой Луугийн хавцлын хажууд Ян Кай маш ихээр хөлөрлөө. Хэдийгээр тэр шөнөжингөө бэлтгэл хийсэн ч тэрээр их хэмжээний тамир тэнхээ зарцуулаагүй бөгөөд түүний оюуны хүч эрч хүчээр бялхаж байв.
Биеийг хатуужуулах судрын бэлтгэлээ дуусгасны дараа тэр хурдхан шиг өдөр тутмынхаа шүүрдэх ажлыг хийхээр явлаа. Үүний дараа тэрээр Хориотой Луугийн хавцал руугаа буцаад яаран (баяртайгаар үсрэн) ирэв.
Тэрээр Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг болон Үхлийн бүсийн модны өвсний нөөцөө бараг дуусгасан тул утлагын сав түр хугацаанд ашиглах боломжгүй болсон байлаа. Энэ нь түүнд бэлтгэл хийх ганцхан л сонголт үлдээсэн юм.
Уг нь Ян Кай Сү Мү-гийн бүлгийг хайж олоод тэднийг тулаанд дуудахыг хүссэн ч, маш хачирхалтай зүйл тохиолджээ. Тэр шөнөөс хойш Сү Мү-гийн бүлгийн хүмүүс агаарт замхарсан мэт алга болж, Өндөр Тэнгэр Асарт дахин хэзээ ч харагдахаа больсон байв.
Хэдийгээр Ян Кайд тэдэнтэй холбоотой зарим нэг асуудал байсан ч, энэ нь туйлын их үзэн ядалт, өшөө авах сэдэл рүү хөтлөх хэмжээний зүйл биш байлаа. Мөн тэр тэднийг тулалдахаар хайж байсан нь зөвхөн бага зэрэг зугаацаж, өөрийнхөө өсөлт хөгжилтийг баталгаажуулах гэсэн л хэрэг байв. Тиймээс тэр тэдний шөнийн дайралтад нэг их гомдож, уурлаагүй юм.
Хэрвээ тэр дээрэлхүүлбэл, хангалттай хүчтэй болох үедээ л тэднийг хариу цохиж, дахиж хэзээ ч түүнийг дээрэлхэх тухай бодол төрөхөөргүй болтол нь зовооно.
Хүнийг хийсгэхээр хүчтэй, тэсгэм хүйтэн салхийг үл тоомсорлон Хориотой Луугийн хавцлын дэргэд суугаад, Ян Кай нүдээ анин анхаарлаа төвлөрүүллээ. Алгуурхнаар, түүний дотоод судал дахь Юань Чи оргилон, эргэлдэж эхлэв.
Түүний Юань Чи-гийн эргэлт нь яг л нэгэн нууцлаг дотоод хүчийг татаж гаргаж байгаа мэт санагдана. Энэ нь түүний биеийн бүх нүх сүвийг нээгдэхэд хүргэж, агаар дахь "Ян" Чи-г яг л амттай загасны үнэр авсан муужгай шиг бие рүүгээ сорон авч байлаа.
Түүний хамаг бие нь яг л халуун усанд орж байгаа мэт халж, Ян Кайд маш тухтай мэдрэмж төрүүлж байв.
Хоёр өдөр нүд ирмэхийн зуурт өнгөрч, Ян Кайн хөдөлмөр маш өгөөжтэй байлаа.
Энэхүү хоёр өдрийн бясалгалын дараа Ян Кайн доторх Юань Чи асар ихээр тэлсэн байв. Мөн энэхүү Юань Чи дотор бадарч буй Ян энергийн жижигхэн бөмбөлөг байлаа.
Энэ бол Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгасны тод шинж чанар юм. Түүний доторх Юань Чи нь Ян энергийг шингээж өссөн тул, аяндаа Ян шинж чанартай болох нь гарцаагүй байлаа.