2-р бүлэг : Боолын цуваа
Санни уулын тухай зүүдэлж байлаа.
Хавцал шиг, ганцаардмал тэр уулын хурц оргил бусад уулс дундаас дээгүүр сүндэрлэн, харанхуй шөний тэнгэрийг ирмэгүүдээрээ зүсэх нь холгүй байлаа. Гэрэлтсэн сар түүний хажуу талыг сүүдэр мэт хөх цайвар гэрлээр бүрхэж орчныг улам үзэсгэлэнтэй болгож байв.
Уулын нэг налуу дээр хуучин замын үлдэгдэл хаднаас зууралдан үлджээ. Цасны цагаан бүрхүүлний цаана элэгдэж хуучирсан чулуун хавтан хэсэг хэсгээрээ харагдана. Замын баруун талд эгц өндөр хад аюулгүй цайз мэт сүндэрлэж, зүүн талд нь хязгааргүй гүн ховил мэт хоосон орон зай оршин байлаа. Хүчтэй салхи уул руу дахин дахин цохилж, шивнээн дундаа хашхиран дуугарна.
Гэнэтхэн л сар далайн ирмэгийн цаана живж, нар баруунаас мандан, тэнгэрийг туулснаа зүүн талд уусан алга болов. Цасан ширхэгүүд газраас хөвөн мэт дэгдэн үсэрч үүлний цагаан тэврэлтэнд шигдэн орцгооно. Санни цаг хугацаа урвуугаа урсаж байгааг дөнгөж саяхан анзаарав.
Хоромхон хугацаанд зуун зуун жил нүдэн дээр нь урсан өнгөрөв. Цас хайлж хуучны зам ил гарч ирэв. Гэтэл Саннигийн ар нуруугаар хүйт даасан нь хүний яс хуучин зам дээр цөөнгүй байсан юм. Хэсэгхэн хугацааны дараа яс алга болсон бөгөөд түүний оронд боолуудын цуваа олс сүлжилдэн уулын оройгоор ухасхийн уруудаж эхэллээ.
Цаг хугацаа удааширч, зогсож, дахин энгийн хэмнэлдээ орлоо.
[Шалгуулагч минь! Хар дарсан зүүдний Хараалд тавтай морил. Анхны Сорилтондоо бэлдээрэй…]
‘Юу вэ… энэ юу вэ?’
Нэг алхам. Өөр нэг алхам. Дахиад хэдэн алхам.
Цус алдсан хөлөөс нь давхар давхар өвдөлт тархаж, Санни даарч ихэд чичрэнэ. Элэгдэж хуучирсан нимгэн хувцас салхины зуух шахам ширүүн хүчийг дааж чадалгүй адарсан байлаа. Түүний гар нь хамаг их өвдөлтийн үүсвэр байв. Төмөр гаванд гинжлэгдэн муудаж гэмтсэн арьсанд нь мөс шиг хүйтэн метал цохих бүрт ирвэгнэх өвдөлт хүчтэй мэдрэгдэнэ.
‘Энэ юу гээч нөхцөл байдал вэ?!’
Санни дээш доош харж, зам дагуу урт гинж эргэлдэж, үүнд олон арван түүн шиг сүүмийсэн харцтай боолууд бага зэрэг завсар зайтайгаар холбогдон алхаж байхыг олж харлаа. Түүний урд талд өргөн мөртэй, цусархаг нуруутай нэгэн эр аажмаар алхана. Араас нь, хурдан, санаа зовсон нүдтэй сэжигтэй залуу дуугүйхэн өөр хэлээр хараал хэлэхдээ, Санни ойлгож чадаагүй ч нэг тийм утга учиртай үгсийг шивнэнэ. Явах замд хааяа хааяадаа эртний хуяг өмссөн морьтой цэргүүд боолуудаар заналхийлсэн харцтай өнгөрнө.
Ямар ч талын хувьд энэ нөхцөл байдал маш муу байлаа.
Гэвч Санни айдаст автах бус харин ч илүү гайхан эргэлзсэн байв. Анхны Хар дарсан зүүдэнд орсон шалгуулагчид ихэнхдээ зохицуулалттай, боломжтой нөхцөл байдалтай таарах учиртай. Тэд давуу эрхтэй бүлгэм эсвэл баатарлаг багт орж, шаардлагатай зэвсэг хэрэгслээр хангагдан тэмцэх боломж олгодог.
Энд харин тэнцвэргүй, хүчгүй боол болж, сул биеэр нь гинж холбоостой, аль хэдийнээ хагас үхсэн байдалтай эхлэх нь санаанд багтамгүй хэрэг байв.
Гэхдээ Хар дарсан зүүдний сорилт тэнцвэрийн тухай чухалчлан үздэг. Хөгшин цагдаагийн хэлсэнчлэн, эдгээр нь цаазын ял бүтээдэггүй, зөвхөн сорилтуудыг л бэлддэг. Тиймээс Санни энэ муу эхлэлд эсрэгээр нь хүчтэй урамшуулал авна гэж дотроо битүүхэн найдаж байлаа. Ядаж хүчирхэг Аспект авах байх.
‘За яах вэ… яаж хийх юм бол доо?’
Бага насандаа уншиж байсан алдарт вебтүүнүүдийг санан, Санни төвлөрч, “үзүүлэлт”, “миний талаар”, “мэдээлэл” зэрэг үгсийг бодлоо. Үнэхээр төвлөрөх мөчид агаарт туяа цацруулсан улаан бичиг бүхий үсэгнүүд гарч ирэв. Тэр хоцрогдсон бичгийг мэдэхгүй ч утга учир нь ойлгомжтой байв.
Тэр хурдахан Аспектыг нь илэрхийлсэн бичгийг олж харсан ч сүүлдээ тайван байдлаа алдав.
‘Юу?! Ямар новш нь вэ?!’
Нэр : Санлесс
Жинхэнэ нэр : —
Зэрэг : Шалгуулагч
Сүнсний цөм : Идэвхгүй
Дурсамжууд : —
Сүүдрийн хувилбар : —
Шинж чанарууд : [Хувь тавилантай], [Бурхны тэмдэг], [Сүүдрийн хүүхэд]
Аспект : [Сүмийн боол]
Аспектын тайлбар : [Боол гэдэг нь дурьдахаар ч олигтой чадвар, авьяасгүй, өрөвдмөөр амьтан. Харин сүмийн боол бол яг адилхан, зүгээр л ховор төрөл нь.]
Юу ч хэлж чадалгүй, Санни Бичээс рүү ширтэн зогсож, өөрийгөө эндүүрч харж байгаа байлгүй гэж итгэхийг хичээв. Тэр ийм их азгүй байж таарахгүй биз дээ… тийм ээ?
‘Ямар ч хэрэггүй Аспект гэж байхгүй ч гэх шиг! Муу хөгшин төгзөг’
Энэ бодол толгойд нь орж ирмэгц алхмын хэмнэл нь алдагдаж, бүдрэн унаж ядан, биеийн жингээрээ гинжээ татчихав. Тэр даруйд араас нь яваа сэжиг бүхий эр хашхирлаа.
“Новшийн зулбасга! Явж буй замаа хараач!”
Санни зөвхөн өөрт нь л харагддаг бичээсийг яаран замхруулж, тэнцвэрээ сэргээхийг оролдов. Хормын дараа дахин жигд алхаж эхэлсэн ч санамсаргүйгээр гинжийг ахин нэг удаа татлаа. Саннигийн ар талын залуу :
“Муу жижигхэн новш минь! Ална шүү!”
Саннигийн урд явж байсан өргөн мөртэй эр толгойгоо ч эргүүлэлгүй инээмсэглэснээ:
“Яах гэж? Энэ сул дорой амьтан нар мандахаас өмнө үхчихнэ. Уул өөрөө түүнийг алчихна.”
Хэдэн хормын дараа нэмж :
“Бас уул намайг ч, чамайг ч ямар ч өршөөлгүй ална. Зүгээр л жоохон хожуу. Ийм хүйтэн рүү биднийг хүчээр чирч оруулж байгаа Эзэнт гүрний юу бодож явдгийг би үнэхээр ойлгохгүй юм.”
Сэжиг бүхий эр амьсгаадан:
“Өөрийгөө л хичээ, тэнэг минь! Би бол амьд үлдэх төлөвлөгөөтэй!”
Санни чимээгүйхэн толгой сэгсэрч, дахин бүдрэхгүй байхаар анхаарлаа төвлөрүүлэв.
‘Ямар сайхан хослол вэ.’
Гэтэл гэнэт арай хойноос гурав дахь дуу ярианд оролцов. Энэ дуу зөөлөн, боловсон сонсогдоно.
“Жилийн энэ үед энэ уулын даваа ихэвчлэн дулаахан байдаг юм. Бид зүгээр л аймшигтай азгүйдэлтэй нүүр тулсан хэрэг. Бас энэ хүүд гар хүрэхээс татгалзахыг би зөвлөе.”
“Яагаад?”
Санни толгойгоо яльгүй эргүүлэн, чагнав.
“Чи наад хоёр цэхрээрээ арьсан дээрх тэмдгийг нь хараагүй гэж үү? Тэр бидэн шиг өр, гэмт хэрэг эсвэл золгүй явдлаас болж боол болсон нэгэн биш. Тэр боол болох хувь заяатай төрсөн. Тодруулбал, сүмийн боол. Тун саяхан Эзэнт гүрэн Сүүдрийн Бурхны сүүлчийн сүмийг устгасан. Энэ хүү энд ирсний учир нь энэ байх.”
Өргөн мөртэй эр арагш нь харлаа.
“Тэгээд яах юм? Хагас мартагдсан, сул дорой бурхнаас бид яагаад айх ёстой гэж? Тэр өөрийнхөө сүмүүдийг ч хамгаалж чадсангүй шдээ.”
“Эзэнт гүрнийг хүчирхэг Дайны Бурхан ивээдэг. Тийм болохоор хэдэн сүм шатаахаас айхгүй байлгүй. Харин бид энд хэнээр ч, юугаар ч хамгаалагдаагүй цөхрөнгөө баран алхацгааж байна. Чи үнэхээр нэг бурхныг уурлуулах эрсдэлийг хүлээх үү?”
Өргөн мөртэй эр дуугарсангүй, зүгээр л гуншив.
Төд удалгүй тэдний яриаг гоёмсог цагаан морь унасан залуу цэрэг таслав. Энгийн арьсан хуяг өмсөж, жад, богино сэлмээр зэвсэглэсэн тэрээр сүр жавхаатай, язгууртан мэт харагдана. Санниг багагүй цочроосон нь тэр новш үнэхээр царайлаг байлаа. Хэрвээ энэ түүхэн жүжиг байсан бол, тэр цэрэг гарцаагүй эрэгтэй гол дүр нь байх байв.
“Энд юу болоод байна?”
Түүний дуу хоолойд онцын түрэмгийлэл байсангүй, харин бүр санаа зовсон өнгө анзаарагдана. Бүгд тээнэгэлзэн дуугүй болоход, зөөлөн хоолойтой боол хариулав.
“Юу ч биш ээ, ноёнтоон. Бид зүгээр л ядарч, даарсан юм. Ялангуяа тэр бяцхан найз маань. Энэ аялал ийм насны хүнд үнэхээр хэцүү байх.”
Цэрэг Санниг өрөвдсөн харцаар ширтэв.
‘Яах гээд ширтээд байгаа юм бэ? Чи надаас нээх их ах биш шүү дээ!’ гэж Санни дотроо бодов.
Мэдээж тэр үүнийг чангаар хэлсэнгүй.
Цэрэг санаа алдаад, бүснээсээ хөөрөг шиг жижиг сав гарган Санни руу сунгав.
“Тэсээд л бай, жаал минь. Удахгүй шөнөдөө зогсоно. Одоохондоо, май, ус уу.”
‘Жаал гэнэ үү? Би жаал гэж үү?!’
Ядуу амьдрал мөн тэжээлийн дутагдлаас болж туранхай, намхан биетэй болсон учраас хүмүүс Санниг байнга өөрөөс нь дүү хүн гэж андуурдаг байв. Ихэнхдээ тэр үүнийг өөртөө ашигтайгаар эргэлзэлгүй хэрэглэдэг ч, энэ удаа яагаад ч юм “жаал” гэж дуудуулах нь дургүйг нь хүргэв.
Гэсэн ч тэр үнэхээр цангасан байлаа. Тэр усны савыг авах гэж гараа сарвайж байтал агаарт ташуур исгэрч, гэнэт л бүх бие нь өвдөлтөөр дүүрэв. Санни бүдрэн, дахин гинжийг татаж, ард нь явсан сэжиг бүхий боолыг хамаг мэддэг хараалаа урсгахад хүргэлээ.
Цэргийн цаанаас нь өөр нэг ахимаг, илт ууртай нэгэн цэрэг морио зогсоов. Саннигийн нуруун дээрх хувцсыг нь зүсэж, цус гаргасан ташуур түүнийх байв. Тэр боолууд руу огтхон ч харсангүй, харин залуу хамтрагчаа дорд үзсэн харцаар нэвт сүлбэв.
“Чи юу хийж байна гэж бодоов?”
Залуу цэргийн царай барайв.
“Би зүгээр л энэ хүүд ус өгье гэж…”
“Тэр бусадтайгаа хамт буудаллах үедээ усаа авна!”
“Гэхдээ…”
“Амаа тат! Энэ боолууд чиний найзууд биш. Ойлгов уу? Эд нар бүр хүн ч биш. Хэрэв чи хүн шиг харьцвал, өөрсдийгөө хэн нэгэн юм байна гэж төсөөлж өөр зан гаргаж эхэлдэг юм.”
Залуу цэрэг Санни руу нэг харснаа, толгойгоо доошлуулж, усны саваа бүсэндээ буцаан хийв.
“Боолуудтай дахиж найзалж байгаад баригдвал, шинэков оо, дараагийн удаа нуруугаа ташуурдуулах хүн нь чи болно гэдгийг санаарай!”
Үгнийхээ баталгаа болгож ахмад цэрэг ташуураа агаарт дахин исгэртэл ороолгоод, заналхийлэл, уур хилэн цацруулан давхиж одов. Санни түүнийг далдуур хорсол дүүрэн харцаар үдлээ.
‘Яаж гэдгийг нь мэдэхгүй ч, түрүүлж үхэхийг чинь би харна.’
Дараа нь тэр толгойгоо эргүүлж, толгой гудайлган хоцорч яваа залуу цэргийн зүг харлаа.
‘Харин чи… дараагийнх нь байх болно.’