64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх
“Би таая. Та нар түүнийг алахыг хүсэж байгаа биз дээ…”
Нефис энгийн үеийнхээ адил үл уншигдах харцаар түүн рүү ширтсээр байв. Хэсэг хугацааны дараа Санни инээд алдан, итгэж ядсан мэт толгой сэгсрэв.
"Чи үнэхээр солиотой юм аа. Тэр чинь… Сэрсэн чөтгөр шүү дээ. Санаж байна уу? Бид зүгээр л Нойрсогчид!"
Тэгээд хөмсгөө атируулан толгойгоо маажив.
"Тү...түр хүлээ. Бид өмнө нь яг ийм яриа хийж байсан юм шиг санагдахгүй байна уу? Яагаад ингэтлээ танил сонсогдоод байна?"
Касси хоёуланг нь харж байснаа, соёлтойгоор хоолойгоо засан:
"Үнэндээ, та нар анхны хуягт центурионыг дайрахаар шийдэхийн яг өмнө бараг үгчлэн ижил зүйл хэлж байсан."
Санни инээв.
"Тийм ээ! Яг тэр! Тэгээд яаж дууссан билээ? Би бараг амиа алдах шахсан шүү дээ!"
Нефис хайхрамжгүй мөрөө хавчив.
"Гэхдээ чи амьд үлдсэн биз дээ?"
Санни ам ангайсан чигтээ хөшив. Түүний хэлсэн үгний увайгүй шулуунд цочирдсон тул хэсэг хугацаанд хариу хэлж чадсангүй. Эцэст нь л дуугарч чадлаа.
"Энэ гол асуудал биш!"
Касси зөөлөн гараа найзынхаа мөрөн дээр тавиад шивнэн хэлэв.
"Неф! Тэгж хэлэх чинь тийм ч сайхан сонсогдохгүй байна."
Өөрчлөгдөж буй Одын царай бага зэрэг улайв. Хараагаа өөр тийш хандуулан, тээнэгэлзэж байгаад:
"Миний хэлэх гэсэн нь… аа… эцэст нь бид ялсан биз дээ? Тэр бол авах ёстой эрсдэл байсан, бас үр дүнгээ өгсөн. Түүнээс хойш бид илүү хүчтэй болсон."
Хуягт Чөтгөртэй тулалдах нь аль хэдийн зайлшгүй болсон мэт Саннид санагдаж байв. Гэхдээ тэр зүгээр л зарчмын үүднээс эсэргүүцлээ зогсоож чадсангүй.
"Гэхдээ тэр чинь… асар том! Тийм өндөр юм чинь сэлмээрээ хатгах ч боломжгүй! Тэгээд яах юм? Тэр новшийг ‘манай түвшин рүү жаахан доошлооч’ гээд эелдгээр гуйх уу?"
Нефис хөмсгөө зангидан, түүн рүү таагүй харцаар харав.
"Тэр бол зүгээр л нэг…"
"…Сэрсэн чөтгөр, би мэдэж байна!"
Санни санаа алдаад дахин толгой сэгсрэв. Чулуу ханатай ярьж байгаа мэт л санагдана.
Өөрчлөгдөж буй Одын сэтгэл санаа түүнд одоо ч оньсого хэвээр. Тэр гялалзсан гадна төрхийн цаана гүн харанхуй худаг нуугдаж байдгийг аль эрт ойлгосон. Хэн ч ингэтлээ өөрийгөө шахаж, ийм ихийг тэсэж, ийм хол явдаггүй… хэрвээ өөрийнх нь доторх чөтгөрүүд араас нь хөөж байгаагүй бол. Үүнийг Санни өөрийн туршлагаас мэднэ.
Нефис түүний таньж мэдсэн хэн бүхнээс хол тасархай урагш явж байгааг бодоход, түүний доторх чөтгөрүүд бүр ч аймшигтай нь тодорхой. Ядаж л тэр аймшигт Хуягт Чөтгөрөөс хавьгүй илүү. Гэхдээ Санни түүнийг ямар нэгэн зүйлээс зугтаж явааг ойлгож байсан ч, яг ямар зорилгод ингэтлээ улайран тэмүүлж байгааг нь огт мэдэхгүй байлаа.
Яагаад тэр тэр хараал идсэн хүмүүсийн Цайзыг олохын төлөө ингэтлээ зүтгээд байгаа юм бэ? Бүр Саннигаас ч илүү. Бодит ертөнцөд эргэж очоод, ертөнц өөрт нь өртэй бүх шагналыг хүчээр ч болтугай авч салгах гэсэн түүний хүслэн жирийн хүмүүсийг айж үхтэл нь цочроохоор хүчтэй. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийхээс татгалзах зүйл түүнд бараг байгаагүй.
Гэхдээ тэр бүхэн амьд байж л утгатай. Харин Нефисийн хувьд, амьдралаасаа ч илүү утгатай зорилго байгаа мэт. Өөрөөр яагаад тэр ингэтлээ эрсдэлд дуртай байх билээ? Санни тийм логикийг ойлгож чадсангүй. Энэ бол ухаангүй, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн зүйл! Амьдралаас илүү чухал зүйл гэж юу байдаг юм бэ? Үхчихвэл хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх ч боломжгүй шүү дээ.
Тэр Нефисийн нүд рүү эгцлэн харж хэлэв:
“Бид хуягт центурионтой тулалдахаар зөвшөөрөхдөө өөр сонголтгүй байсан. Шууд утгаараа тэр чулуутай хамт хавчигдсан байлаа. Харин одоо яах вэ? Үнсэн булшийг тойрч гарах сонголт бидэнд байхгүй гэж үү?”
Тэр хэсэг ширтэж байснаа, ердөө л ингэж хэлэв:
“Баруун тийш явах цорын ганц зам нь тэр.”
Санни инээв.
“Тэр бол үнэн. Үүнийг бол хүлээн зөвшөөрнө.”
Инээд нь намдмагц, Санни нүднийхээ буланг арчаад:
“За. За. Боллоо. Логиктой сонсогдож байна. Гэхдээ нэг зүйлийг надаас итгэлтэйгээр сонс. Хуягт Чөтгөрийг үнэхээр харсан цорын ганц хүн нь би… бид түүнийг шууд тулалдаанд ялж чадахгүй.”
Нефис хөмсгөө атирууллаа.
“Тэгээд?”
Санни гараа дэлгэв.
“Буруугаар ойлгож болохгүй. Тийм ээ, бид түүнийг дийлэхгүй. Гэхдээ…”
Түүний нүүрэнд харанхуй инээмсэглэл тодров.
“Энэ нь түүнийг алах боломжгүй гэсэн үг биш.”
Өөрчлөгдөж буй Од хэсэг бодсоны эцэст, нэг хөмсгөө өргөн асуув.
“Чамд төлөвлөгөө байна уу?”
Санни толгой сэгсрэв.
“Одоохондоо үгүй. Бүрэн биш. Нэг шөнө унтчаад бодъё. Гэхдээ нэг зүйлийг бол би яг таг мэдэж байна.”
Тэр баруун зүг рүү харлаа. Хуягт Чөтгөрийн түгшүүр төрүүлэм, араатанлаг царай нь санаанд нь тодорч байв. Дараах нам гүмийн дунд Касси толгойгоо түүн рүү эргүүлэн, сониучирхан асуулаа.
"Юу тэр вэ?"
Санни анивчив.
“Аа? Өө, тийм. Үнэндээ их энгийн. Сэгээр хооллогчид болон центурионуудаас ялгаатай нь тэр зүйл нэлээд ухаантай бололтой. Харин ухаантай байна гэдэг нь… хууртагдаж чадна аа гэсэн үг.”
***
Тэд үхсэн аварга далайн амьтны нурууны дотор дахин нэгэн тайван шөнийг өнгөрүүлэв. Тэдний өмнөх отог буудлуудтай харьцуулахад, энэ нь магадгүй хамгийн аюулгүй нь байлаа. Яснаас бүрдсэн ч гэсэн, дөрвөн талаасаа хананд хүрээлэгдсэн байх нь тодорхой нэг тайвшралыг төрүүлдэг.
Харанхуй тэнгисийн гадаргад хэдхэн метрийн зайтай, салхи шуурга, давалгаанд ил задгай, хад асга ба шүрэн овоон дээр унтах нь тийм ч амар тайван байгаагүй.
Санни бүр Нефист хэсэг хугацаанд эндээ үлдье гэж санал болгоё ч гэж бодов. Хэдэн долоо хоног, шаардлагатай бол хэдэн сар ч хамаагүй. Ойр орчмыг аажмаар судалж, мангас агнаж, хүчирхэгжиж болох байлаа.
Хэдэн зуун сүнсний хэлтэрхий, сүүдрийн хэлтэрхий шингээгээд, олон арван Дурсамжаар зэвсэглэж, магадгүй дахиад хэдэн Сүүдрийн хувилбар ч олж чадвал… тэр үед Хуягт Чөтгөр лүү дайрвал ялалтандаа илүү итгэлтэй байхсан.
Гэвч удалгүй тэр энэ бодол буруу гэдгийг ойлгов.
Мартагдсан Эрэг бол аюултай, урьдчилан таашгүй газар. Одоогоор тэд азтай байж, аюулуудыг даван туулж ирсэн ч нөхцөл байдал гэнэт л эргэхэд дэндүү амархан.
Азгүй нэгхэн мөч хангалттай. Нэг буруу эргэлт, нэг таагүй учрал, дийлж хүрэхгүй тооны дайсан… тэгээд л бүх зүйл төгсөнө. Энэ бол тэд өдөр бүр тулалддаг жирийн аймшигт мангасуудын тухайд л шүү дээ.
Харин Шүрэн ойд үүнээс ч аймшигтай нууцууд, оршихуйгууд нуугдаж байсан. Тэр байтугай, харанхуй гүн тэнгисийн төсөөлөшгүй аймшгуудыг дурсаад ч яах вэ.
Тэд энд өнгөрүүлэх өдөр бүр үхэлтэй, зайлшгүй зүйл тохиолдох магадлалыг нэмэгдүүлж байлаа. Амьд үлдэх хамгийн сайн найдвар нь Хуягт Чөтгөртэй аль болох хурдан нүүр тулах явдал.
Магадгүй түүнийг ялсны дараа, амласан цайзын өндөр ханануудыг тэд эцэст нь харж чадах байх.
Санни шөнөжин хөрвөөж, аварга биет мангасыг бодон, түүнийг алах санааны дөнгөж соёолж буй үрэнд хэлбэр өгөхийг оролдсоор байв.
Үүр цайхын алдад л тэр унтаж чадсан ч… хагас цагийн дараа Касси мөрийг нь зөөлөн сэгсрэн сэрээв.
Санни анивчиж, хараагүй охиныг будилсан харцаар ширтэв.
"Юу болов?"
Касси Нефис рүү дохио зангаагаар дуудаж, ойртохыг хүсэв. Дараа нь царай нь бага зэрэг цонхийж, зориг гарган:
"Би дахиад нэг зөн үзлээ. Хуягт Чөтгөрийн тухай зөн…"