12-р бүлэг : Цусны үнэр
Тэр том асуудал яг одоо доош харж, Саннигийн харцнаас зайлсхийж байлаа. Гар нь сэлэмнийхээ бариул дээр амарсан хэвээр. Урьдын адил Санни Баатрын төгс хэлбэртэй толгойд яг юу эргэлдэж байгааг огтхон ч тааж чадсангүй.
Тэр тодорхойгүй байдал Санниг улам түгшээж байв.
Эцэст нь нэлээд хугацааны дараа залуу цэрэг ам нээлээ.
"Надад ганцхан асуулт байна."
Санни, Эрдэмтэн хоёр амьсгаагаа даран түүн рүү ширтэв.
"Тэгээд?"
"Чи нөгөө хоёрынхоо амийг аврахын тулд нэг нь золиослогдох ёстой гэж хэлсэн. Яагаад заавал тэр гэж? Миний харж байгаагаар бол чи булш руугаа ороход илүү ойрхон байна шүү дээ."
'Ёстой гоё асуулт! Би ч бас асуух гэж байлаа.'
Санни хөгшин боол руу харж, ёжилсон инээмсэглэлээ арайхийн дарж байв. Гэвч харамсалтай нь Эрдэмтэн аль хэдийн хариугаа бэлдсэн байлаа.
"Эхний дайралтаас өмнө ч тэр ахмадын чинь ташуураас болж цус алдаж байсан. Дайралтын үеэр өөр нэг боолын цусанд шалба норсон. Өмсөж буй нөмрөгнийх нь өмнөх эзэн үхэх үедээ цусаар дүүрсэн байсан. Энэ хүү аль хэдийн цусны үнэр хангалттай ханхлуулж байгаа. Түүнийг амьд байлгах нь биднийг аюулд оруулна. Тийм учраас л энэ хамгийн тохиромжтой сонголт."
Саннигийн инээмсэглэл нүүрэнд нь хүрэлгүй унтарч орхив.
'Чиний том тархи болон чамайг хараал идээсэй!'
Эрдэмтний тайлбар аймшигтай гэмээр логиктой байлаа. Баатар анхааралтай сонсож, үг бүрийн дараа царай нь улам барайж байв. Эцэст нь тэр Санни руу харж, нүдэнд нь аюултай гэрэл гялсхийлээ.
"Тэр ч үнэн л дээ."
Саннигийн ам нь хатаж, нуруугаар нь хүйтэн хөлс урсахыг мэдэрлээ. Тэр биеэ чангалан, ямар ч мөчид хөдлөхөд бэлэн болов…
Гэвч яг тэр агшинд Баатар инээмсэглэв.
"Чиний логик бараг няцаашгүй юм" гэж тэр сэлмээ сугалаад хэлэв.
"Гэхдээ чи нэг зүйлийг тооцоолоогүй байна."
Эрдэмтэн өөрийн айдсыг нуун хөмсгөө өргөв.
"Тэр нь юу гэж?"
Залуу цэрэг түүн рүү эргэж харахад инээмсэглэл нь алга болжээ. Одоо түүнээс бараг гараар баригдахуйц зузаан алах хүсэл цацарч байв.
"Би таныг хэн гэдгийг мэднэ, Эрхэм язгууртан минь. Таны юу хийж явсан, яаж боол болсон чинь ч надад тодорхой. Та...бишээ чиний үйлдсэн жигшмээр гэмт хэргүүдийн аль нэг нь л хангалттай надад чамайг алах хүсэл төрүүлнэ. Тиймээс та хоёр дундаас хэн нэгэн золиослогдох ёстой гэвэл… тэр нь чи л байх болно."
Эрдэмтний нүд томров.
"Гэхдээ… гэхдээ цусны үнэр!"
"Тэрэнд санаа зоволтгүй. Чиний цус хүүгийн үлдэгдэл үнэрийг дарахуйц хангалттай асгарна."
Бүх зүйл хэтэрхий хурдан өрнөж, Саннид бараг хариу үйлдэл үзүүлэх зав ч олдсонгүй. Баатар хүнийх гэж хэлэхэд бэрх хурдтайгаар урагш дайрлаа. Агшин зуурын дараа Эрдэмтэн газарт орилон хэвтэж байв. Залуу цэргийн сэлэмний хавтгай ир нэг цохилтоор хөлийг нь хугалжээ. Сэргэх зав ч өгөлгүй Баатар нөгөө хөлийг нь гишгэн дарж, яс хагарах жихүүдэс хүрэм дуу тодхон сонсогдов. Орилолт нь уйлсан чарлаан болон хувирлаа.
Ингээд л Эрдэмтэн аль хэдийн дууссан байв.
Баатрын энэ хэрцгийлэл нь түүний ердийн тайван, цэгцтэй төрхөөс нь тэс өөр байсан тул Саннигийн судсаар гүйх цус хөлдөх шиг болов. Энэ бол… үнэхээр аймшигтай байлаа.
Цэрэг түүн рүү тайван харснаа, яг л юу ч болоогүй мэт намуухан хоолойгоор хэлэв.
"Эндээ намайг хүлээж бай."
Тэгээд тэр хөгшин боолыг шүүрэн авч, зам дагуу доош чирсээр, удалгүй хадны цаагуур алга болов. Хэдэн минутын дараа салхи дундуур аймшигт хашхираан цуурайтав.
Санни ганцаараа үлдэж, дагжин чичирч байлаа.
'Новш гэж! Энэ чинь… арай л хэрцгий байна!'
Эрдэмтний төгсгөл ингэтлээ гэнэтийн, бас хэрцгий байна гэж тэр төсөөлөөгүй билээ.
Хэсэг хугацааны дараа Баатар эргэж ирэв. Хачирхалтай нь тэр юу ч болоогүй мэт аашилна. Харин энэ л хэвийн байдал нь Санниг хамгийн ихээр айлгаж байлаа.
Эрдэмтний үүргэвчийг нэгжиж, түлээний ихэнхийг шидэн хаясныхаа дараа залуу цэрэг цүнхийг мөрөндөө үүрээд, боол хүү рүү хайхрамжгүй эргэж харав.
"Явцгаая. Яарах хэрэгтэй."
Юу хэлэхээ мэдэхгүй Санни толгой дохин, урагш алхав.
Одоо тэд хоёулханаа үлджээ.
Энэ тэнэг хэдий ч, гэнэт Санни өөрийгөө ихэд ганцаардсан мэт мэдэрлээ.
Чулуун замаар явах нь уулын хананд авирахаас хавьгүй амар байлаа. Саннид бүр дэмий бодол бодох зав олдоно. Нэг л сонин хачин мэдрэмж түүнийг нөмрөв… ямар нэгэн байдлаар энэ хар дарсан зүүдний төгсгөл, ямар ч хэлбэртэй байлаа гэсэн, одоо тийм ч хол биш мэт санагдаж эхэлсэн юм.
Тэд хэсэг хугацаанд чимээгүй алхсаны дараа Баатар ам нээлээ.
"Ийм зүйл болсонд өөрийгөө битгий буруутга. Энэ чиний буруу биш. Шийдвэрийг би л гаргасан, зөвхөн миний шийдвэр байсан."
Залуу цэрэг хэдэн алхмын өмнө явж байсан тул Санни түүний царайг харж чадсангүй.
"Түүнээс гадна, хэрвээ чи тэр хүний хийсэн нүглүүдийг мэдсэн бол… үнэндээ мэдэхгүй байсан нь дээр. Түүнийг алсан минь шударга ёсны үйлдэл байсан гэдэгт зүгээр итгэ."
'Аль нь илүү гэмшиж байгаа бол оо, бид хоёрын.'
Энэ хүмүүс… дандаа өөрсдийнхөө хийсэн зүйлийг зөвтгөх гэж оролддог, хамгийн бузар муухай зүйлсийг хийж байхдаа ч гэсэн “бид зөв хүмүүс” гэсэн хуурмаг төсөөллөө хадгалах гэж үхэн хатан зүтгэдэг. Санни энэ хоёр нүүрт занг жигшиж байлаа.
Хариу сонсоогүй Баатар намуухан инээв.
"Чи ярих дургүй юм аа даа? За яах вэ, ойлгож байна. Чимээгүй байх чинь үнэ цэнтэй шүү дээ."
Түүнээс хойш тэд дахиж ярьсангүй. Хоёул өөр өөрийн бодолд автан алхсаар байв.
***
Нар жаргаж, ертөнцийг улаан хүрэн өнгийн сая сая сүүдрээр будаж байлаа. Ийм өндөрт агаар цэвэр, сэрүүн бөгөөд час улаан гэрлийн цацрагууд түүнийг сүлбэх мэт. Доор нь уулын хажуугаар хүрэн улаан үүлсийн тэнгис аажмаар урсан өнгөрнө. Хөх тэнгэрт одод, сар аажмаар ил гарч эхэлжээ.
Үнэхээр үзэсгэлэнтэй байв.
Гэвч Саннигийн толгойд ганцхан л бодол эргэлдэж байлаа. Нар бүрэн жаргавал ямар их хүйтэн болох бол оо гэж.
Тэрнээс өмнө Баатар хоргодох газар олж чаджээ. Замын ойролцоо, өндөр хаднуудын цаана уулын хажуу руу сунан орсон нарийн ан цав байв. Салхинаас далд байгаадаа баярлан тэд тийш орж үзээд, жижигхэн, сайн нуугдсан агуйд хүрч очлоо.
Санни түлээ задлахаар хөдөлтөл Баатар толгой сэгсрэн зогсоов.
"Өнөөдөр гал түлэхгүй хононо. Араатан бидэнтэй хэт ойрхон байна."
Дулаан галгүй хонох таатай биш ч ядаж л агуй дотор хөлдөж үхэхгүй. Ямартай ч өөр сонголт байсан ч дэндүү аймшигтай байлаа.
Санни сууж, нуруугаа агуйн хананд налав. Баатар түүний өөдөөс суун, бодлогошрон доош ширтэнэ.
Түүний байдал их л сонин харагдаж байв. Ядаж л өнөөдөр анх удаа буудалласныхаа дараа сэлмээ арчилж тордохоо мартсанаас нь энэ илт харагдана.
Удалгүй нар бүрэн жаргаж, жижигхэн агуй нь түнэр харанхуй болов. Санни мэдээж харах чадвараа алдаагүй, харин Баатар одоо бүрэн хараагүй болсон байлаа.
Харанхуйд түүний царай эрхэмсэг, яагаад ч юм гунигтай харагдана. Санни унтахыг хүсэлгүй, түүнийг ажиглан харсаар байв.
Хэсэг хугацааны дараа Баатар гэнэт нам гүм хоолойгоор хэлэв.
"Сонин шүү. Би ихэвчлэн бүрэн харанхуйд ч хүний оршихуйг мэдэрч чаддаг. Харин чамайг бол огт мэдрэхгүй юм. Яг л чи сүүдрийн нэг хэсэг юм шиг."
Чимээгүй байдал л түүнд хариу өгсөн тул тэр инээмсэглэв.
"Чи унтчихсан уу?"
Түүний асуулт харанхуйд цуурайтав. Яаралтай үед л, тэр ч байтугай цөөн үгээр л Баатартай ярьж байсан Санни одоо тэдний хооронд нэг л сонин дотно уур амьсгал үүссэнийг мэдэрлээ. Магадгүй харанхуй түүнд зориг өгсөн байх.
Түүнээс гадна, ярих шалтаг ч түүнд байлаа.
"Яасан? Намайг унтахыг хүлээж байгаад алах гэж байна уу? Эсвэл өглөө нэгмөсөн гүйцээх үү?"