28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл
Өдрүүд нүд ирмэхийн зуур өнгөрч байлаа.
Саннид Зүүдний ертөнц рүү явахаар бэлдэх ердөө дөрвөн долоо хоног л байсан тул алдах ганц ч минут байгаагүй. Тэр өөрийгөө хайрлалгүй, бие сэтгэлээ дээд хязгаарт нь тултал шахаж, энэ богино хугацаанд аль болох их мэдлэг, чадвар шингээхийг хичээж байв.
Өдөртөө тэр Жулиус багштай хамт суралцаж, соёл иргэншлээс ангид нөхцөлд хэрхэн амьд үлдэх, өөрийгөө яаж арчлахыг аажмаар сурч байлаа. Хичээлүүд нь гал асаах энгийн аргуудаас эхлээд, одон орны чиг баримжаа гэх мэт илүү нууцлаг, гүнзгий сэдвүүдийг хамарна.
Одон орны чиг баримжаа яагаад ийм хэцүү юм бэ?
Учир нь Зүүдний ертөнцийн оддын байрлал тогтвортой биш байв. Бүс нутаг бүр өөр өөр од, оддын бөөгнөрөлтэй, тэр ч бүү хэл сарны тоо нь хүртэл харилцан адилгүй. Нар нэг ижил мэт харагдавч, түүний хөдөлгөөн, ааш аяг нь туйлын тааварлашгүй.
Гэсэн ч хангалттай мэдлэгтэй байвал, тэнгэрийг ажиглан судалж, улмаар өөрийн байршлыг тодорхойлох арга замууд байдаг.
Эдгээр хичээлийн ихэнх нь уг нь сургуулийн стандарт хөтөлбөрт багтдаг, Нойрсогчдын ихэнх нь аль хэдийн мэддэг зүйлс гэлцдэг. Гэхдээ сурах бичгээс унших, бодит Сэрэгчээс шууд заалгах хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай.
Жулиус багш аливааг тайлбарлахдаа үргэлж маш гүнзгий ордог зуршилтай. Цаг их авдаг энэ дадлынх нь ачаар Санни зөвхөн "юу" гэдгийг биш, олонтоо “яагаад" гэдгийг ойлгож эхэлсэн. Зүүдний ертөнцийн хүрээлэн орчны суурь зарчмуудын талаар ингэж бүдэг бадаг ойлголттой болсноор, ямар ч нөхцөлд ядаж бэлтгэлтэй тулгарах чадвар түүнд сууж байлаа.
Анхандаа огт хэрэггүй гэж бодож байсан мөхсөн хэлнүүдийн хичээл хүртэл төсөөлж байснаас нь хавьгүй сонирхолтой болж хувирсан. Үүний гол шалтгаан нь энэ бүхэн Хараалтай шууд холбоотой байсанд оршино. Эцсийн эцэст, Хараал хүн төрөлхтөнтэй яг тэдгээр мөхсөн хэлнүүдийн нэгээр харилцдаг шүү дээ.
Хэлийг нь мэддэг болсноор, Хараалын янз бүрийн тайлбар, тэмдэглэлүүдийг илүү нарийн ойлгох боломжтой байв. Хамгийн энгийн жишээ гэвэл Нефисийн Жинхэнэ нэр, “Өөрчлөгдөж буй Од”. Үгчилбэл буруу биш ч, жинхэнэ утгыг нь бүрэн илэрхийлж чаддаггүй орчуулга байлаа.
Бичээсийн хэлний дүрмийг ойлгосноор, илүү зөв утга нь “Өөрчлөлтийн Од” гэдэг нь амархан харагдана. Түүнээс гадна “өөрчлөлт” гэсэн утгатай хэд хэдэн өөр бичээс байдаг бөгөөд тус бүр нь өөр өнгө аяс, далд утгатай. Яг аль бичээсийг нь ашигласнаас хамаараад, энэ нэр “Сүйрлийн Од” эсвэл “Гай зовлонгийн Од” гэсэн утгыг ч агуулж болох байв.
Үгийн өчүүхэн өөрчлөлт, өнгө аясын ялгаа бодит амьдрал дээр асар том зөрүү үүсгэж чадна.
Урьд нь хэзээ ч нухацтай суралцаж байгаагүй Саннид асар их онолын мэдлэг шингээх үйл явц хачин, бие бачууруулж, туйлын ядраадаг мэт санагдана.
Гэхдээ нөгөө талаар, энэ нь сэтгэл догдлуулам байлаа. Эцсийн эцэст, мэдлэг гэдэг бол зөвхөн давуу эрхт хүмүүсийн хүртдэг зүйл. Тэр мэдлэг дээрх ноёрхол л тэднийг эрх мэдэлтэй байр сууринд нь байлгаж, тэгш бус байдлын харгис тойргийг бий болгодог.
Ядуу хүмүүс суралцах боломжгүй. Харин чанартай боловсролгүй бол ядуурлаас гарах ямар ч зам үгүй.
Энэ бүхний хамгийн хачирхалтай нь Санни одоо тэдгээр давуу эрхт нарын нэг болсон явдал байв. Тэр ч бүү хэл, нийгмийн шатлалын оройд нь хүрсэн. Тэр зөвхөн хязгааргүй мэдлэгт нэвтрэх эрхтэй болоод зогсохгүй, хоол унд, орон байр гэх мэт гол хэрэгцээг нь хүртэл засгийн газар бүрэн хангаж, өөрийгөө Сэрэгч болгон хөгжүүлэх ганцхан зорилгод бүх анхаарлаа төвлөрүүлэх боломж олгожээ.
Хэрвээ түүнд цаг байсан бол, энэ гэнэтийн өөрчлөлт түүнийг гүн ухааны эргэлзээнд живүүлэх байсан биз.
Гэвч цаг түүнд байгаагүй. Учир нь Жулиус өнжөөд нэг удаа заавал практик хичээл хийлгэдэг байв. Заримыг нь виртуал бодит орчинд явуулсан ч, заавал бүрэн шингээлттэй, бие махбодын мэдрэмжийг нэмэгдүүлсэн төхөөрөмж ашиглуулна. Үүний үр дүнд Санни ясандаа тултал ядарч, бүрэн туйлддаг байлаа.
Сайн тал нь гэвэл ийм их хөдөлгөөн, дээр нь анхны Хар дарсан зүүдийг давсны дараа дахин цутгагдсан шинэ бие махбодтой нь хавсарснаар, Санни амьдралдаа байгаагүй сайн хэлбэрт оржээ. Байлдааны тусгай бэлтгэл хийгээгүй ч гэсэн, түүний хүч, тэсвэр, шаламгай байдал нүдэн дээр илт сайжирч байв.
Ерөнхийдөө, анхны Хар дарсан зүүдийг давсны дараах энэ хачирхалтай “дахин төрөлт” нь түүний биеийн төрөлх нөөц бололцоог дээд хязгаарт нь хүргэсэн байлаа. Хүний биеийн оргил түвшинд ч бас.
Гэхдээ тэр нөөцийг бодит хүч чадал болгох эсэх нь зөвхөн өөрөөс нь хөлс, зүтгэл, мөн асар их шаргуу хөдөлмөрөөс хамаарах байв.
Зэрлэг байгальд амьд үлдэх аргуудын практик хэрэглээ түүнд биеийнхээ нөөц бололцоог бодитоор ашиглах боломж олгож байлаа.
Үүгээр ч зогсохгүй, Санни бусад Нойрсогчдын талаар нууцаар мэдээлэл цуглуулж, Сүүдрийн удирдлагаа шөнө бүр давтан бэлтгэдэг байв.
Түүний сүүдэр хангалттай бие даасан болж, шууд хяналтгүйгээр тагнуулын даалгаварт явуулж болохуйц болсон байлаа. Тэр энд тэнд сэмхэн шурган, яриа чагнаж, Нойрсогчид өөрсдийн Аспектын Чадвараа харуулах ёстой хичээлүүдийг нууцаар ажиглана.
Тэгээд Санни оройн хоолоо идэж дуусаад өрөөндөө буцаж ирэхэд, сүүдэр нь эргэн ирж, өдрийн турш харж сонссон бүхнээ илтгэж өгнө.
Гэхдээ энэ зохион байгуулалтын ганц асуудал нь сүүдэр нь гаднаа ёжтой, дээрэнгүй харагддаг ч, үнэндээ нэлээд гэнэн болох нь илэрсэн явдал байв. Тэр хүний ертөнц хэрхэн ажилладгийг төдийлөн ойлгодоггүй тул, ашигтай мэдээлэл ба утгагүй хов живийг ялгаж салгахдаа байнга алддаг байлаа.
Иймээс ихэнхдээ Санни чухал нууцын оронд огт хэрэггүй юм эсвэл сонирхолгүй яриа л хүлээж авна.
Ингэж л тэр Нойрсогчдын төвд романтик уур амьсгал ноёрхож байгааг мэдсэн юм. Эцсийн эцэст, газар доор ойрхон байрласан, дээр нь үхлийн аюул толгой дээрээ дүүжилсэн зуу гаруй сайхан залуус байхад, тийм зүйл гарах нь аргагүй. Олонх нь амьдрал богино, яг одоо амьдрах хэрэгтэй гэж үзэж байв. Аюул ойртсон сүүдэрт хүсэл тэмүүлэл цэцэглэн дэлгэрч байлаа.
Мэдээж хэрэг, Санни энэ бүх гайхамшигаас бүрэн гадуур үлдсэн.
Нэгдүгээрт, тэр аль хэдийн өөрийгөө тааламжгүй галзуу мэт харагдахаар байр суурьтай болгосон.
Хоёрдугаарт, хичээл, бэлтгэлээс өөр юманд зарцуулах цаг түүнд огт байсангүй.
Гуравдугаарт, тэр хэн нэгэнд хэт ойртохоос болгоомжилж байлаа. Учир нь ямар нэг нөхцөл байдал үүсээд, Жинхэнэ Нэрээ задруулахад хүрэх вий гэж айж байсан юм.
Мэдээлэл цуглуулж, янз бүрийн Аспектын Чадварын цар хүрээ, нарийн ширийнийг аажмаар ойлгож авахаас гадна мөн бага хэмжээгээр Дутагдалыг ч. Санни Сүүдрийн Удирдлагыг туршиж, судалсаар байв.
Үр дүн маш сайхан байлаа.
Тэр тун удалгүй сүүдэр нь зөвхөн өөрийнх нь биеийг бус, янз бүрийн эд зүйлсийг ч хүчирхэгжүүлж чаддагийг олж мэдсэн. Хэрвээ сүүдэр нь зэвсгийг ороовол, тэр зэвсэг илүү хүчтэй цохилт өгч, илүү их хохирол учруулна. Харин хуяг дуулгад шингэвэл, тэр нь илүү бат бөх болж, эвдрэхэд хэцүү болдог байв.
Тэрхүү сайжруулалт нь ч бага биш, ойролцоогоор анхны үзүүлэлтээс хоёр дахин их байлаа.
Ерөнхийдөө, энэ чадварыг зөв ашиглаж чадвал, Санни Нойрсогчдын дунд жинхэнэ хүчирхэг этгээд болж чадна. Олон тулааны Аспект илүү хурд, илүү их гэмтэл өгдөг. Зарим нь илүү хамгаалалт, бат бэх байдлыг хангадаг. Гэхдээ Сүүдрийн боол шиг ингэж бүх талын, уян хатан чадвар бараг байгаагүй.
Дээр нь Сүүдрийн хараа, Сүүдрийн алхалт, Сүүдрийн тагнуул зэрэг нэмэлт ашиг тусуудыг тооцвол энэ Аспект үнэхээр итгэмээргүй байлаа.
Ингэсээр өдөр хоногууд нэг нэгээрээ өнгөрч, аажмаар долоо хоногууд болон хувирна.
Санни өөрөө ч анзаарах завдалгүй байтал, өвлийн туйл аль хэдийн ирчихсэн байв.