5-р бүлэг : Тасарсан гинжнүүд
[Та Идэвхгүй араатан, Уулын хааны авгалдайг устгалаа.]
Санни амьсгаадан өвдөг дээрээ сөхөрч унав. Бүх бие нь махны машинд ороод гарч ирсэн мэт санагдана. Асар их адреналин хүртэл өвдөлт, туйлдал хоёрыг нь бүрэн дарж чадсангүй. Гэсэн ч тэр догдолж байлаа. Авгалдайг алсны дараах сэтгэл ханамж нь дэндүү их байсан тул тэр Дурсамж аваагүйдээ ч урам хугарсангүй. Дурсамж бол зүүдний ертөнцийн оршин суугчийн мөн чанараас урган гарсан онцгой эд зүйл буюу ялалт байгуулсан Сэрэгсдэд хараалын зүгээс хааяа олгогддог шагнал юм.
Шидэт илд эсвэл хуяг дуулга яг одоо маш хэрэгтэй байв. Хараал ид, бүр дулаахан цув түүнд хангалтай байх байлаа.
'Гурван секунд. Өөртөө гурван секунд амсхийхийг зөвшөөр' гэж Санни бодов.
Эцсийн эцэст, хар дарсан зүүд дуусаагүй л байлаа.
Хэдэн хормын дараа тэр өөрийгөө хүчээр дайчлан сэргээж, нөхцөл байдлыг ажиглахаар эргэн тойрноо харлаа.
Авгалдай үхсэн. Энэ бол сайхан хэрэг. Гэвч Санни хараал идсэн гинжээр түүнтэй одоо ч холбогдсон хэвээр байв. Үхэл үзсэн юм шиг цонхийсон сэжигтэй боол болон эрдэмтэн хоёр авгалдайг ороосон гинжийг тайлж, гурвууланд нь ядаж багахан хөдөлгөөн хийх эрх олгох гэж оролдож байлаа.
Цаана талд хэрчигдсэн цогцос, тасарсан махны ширхэгүүд газраар нэг хөглөрнө. Нэлээд олон боол алагджээ. Зарим нь яаж ийгээд мултарч, одоо зугтан одож байв.
'Тэнэгүүд. Тэд өөрсдийгөө л сүйрэл рүү түлхэж байна.'
Удалгүй нэг зүйл тодорхой болов. Гинж аль нэг үедээ хоёр хэсэг болж тасарсан байжээ. Тиймээс л Санни сандарсан боолууд олноороо чирэгдэх үед гэнэт сулран унжсан байж. Хэрвээ гавнууд нь ийм нарийн төвөгтэй түгжээтэй биш байсан бол тэр одоо өөрийгөө суллахыг оролдож болох байлаа. Гэвч гав бүр тодорхой нэг гинжний холбоосонд бэхлэгдсэн тул, онгойлголгүйгээр хэн ч хаашаа ч явж чадахгүй.
Тирант магадгүй Уулын Хаан түүдгийн хурц гэрэлд халхлагдан харагдахгүй байв. Гэсэн ч Санни чулуун дундуур тархах үл ялиг чичиргээ, мөн үхэж амжаагүй боолуудын цөхрөнгөө барсан хашхираанаас түүний хөдөлгөөнийг мэдэрч байлаа. Ууртай архиралт, орилолт ч сонсогдоно. Зарим цэргүүд амьд үлдэж, аймшигт мангастай сүүлчийн хүчээрээ тулалдаж байгааг илтгэнэ.
Гэхдээ түүний анхаарлыг хамгийн их татсан зүйл бол хэдэн хэсэг болон тархаж, сэг болсон хүмүүсийн цогцос хөдөлж эхэлсэн явдал байлаа.
“Дахиад л авгалдайнууд уу?” гээд түүний нүд томров.
Нэг нэгээрээ, дахиад дөрвөн цогцос аажмаар босож ирэв. Бүгд анхны амьтнаас дутахааргүй жигшмээр, бас адилхан аюултай харагдана. Хамгийн ойр нь Саннигаас хэдхэн метрийн зайд байв.
'Чөтгөр алгад!' гэж тэр бодоод, дараа нь сулхан:
'Би энэ новшийн зүүднээс сэрмээр байна.' гэж нүдээ анин бодов.
Хачин товшиж буй чимээ агаарыг дүүргэхэд, араатнуудын нэг нь гурван боол руу толгойгоо эргүүлж, соёогоо тачигнатал зууж орхив. Сэжиг бүхий боол хойш бөгсөөрөө газар унан, залбирал амандаа шивнэнэ. Эрдэмтэн боол бол зүгээр л хөшөө мэт хөшчихөв. Харин Санни зэвсэг болгож ашиглах юм хайж, нүдээрээ газрыг самнана. Гэвч ширхэг чулуу ч олдсонгүй. Уур хилэнгээр дүүрсэн тэрээр гинжний нэг хэсгийг гарынхаа үеэр ороон, нударгаа өргөлөө.
"Хүрээд ир, царай муутай новш минь!”
Авгалдай аймшигтай хурдтайгаар, сарвуу, соёогоор цэвэр айдас дагуулан дайрч ирэв. Саннид хариу үйлдэл үзүүлэх секундын зай ч өгсөнгүй. Гэвч тэр ямар нэг юм хийхээс өмнө, шаламгай нэгэн дүрс хажуугаар нь гялсхийн өнгөрч, хурц илд агаарт цахив. Нэг цавчилтаар толгой нь таслагдсан мангас эв дүйгүй газар луу тас хийн унав.
Санни нүдээ анивчив.
'Саяных юу байв аа?'
Мангартаж орхисон Санни аажмаар толгойгоо зүүн тийш эргүүлэн харлаа. Тэнд эр зориг дүүрэн, баатарлаг төрхтэйгээр, урьд нь түүнд ус өгч байсан царайлаг залуу цэрэг зогсож байв. Тэр тайван, өөртөө итгэлтэй харагдахын зэрэгцээ жаахан ширүүн өнгө аяс мэдрэгдэнэ. Арьсан хуяг дээр нь тоос ч үгүй, цус ч үгүй байлаа.
'Тэр… мундаг юм аа' гэж Санни бодоод гэнэт өөрийгөө зэмлэв.
'Үгүй ээ! Худлаа хэлбэр гаргаж л байна! Тиймээ, зүгээр л маягтай гар!'
Цэрэг богинохон толгой дохин, үлдсэн гурван авгалдайн өөд урагшлав. Гэвч хэд алхсаны дараа гэнэт эргэж, Санни руу удаанаар ширтэв. Тэгээд нэг огцом хөдөлгөөнөөр бүснээсээ нэг юм авч, түүн рүү шидэв.
“Өөрсдийгөө аварцгаа!”
Ингээд тэр мангасуудтай тулалдахаар алга болов.
Санни рефлексээрээ нисэн ирсэн зүйлийг тосож аваад, цэргийг холдохыг нь харж зогсов. Дараа нь доош харж, гартаа чанга атгасан зүйлээ ажиглалаа.
Тэр бол нэг үзүүртээ шулуун нугалаатай, богино нарийн төмөр саваа байв.
'Түлхүүр. Энэ чинь түлхүүр байна.'
Зүрх нь улам хурдан цохилж эхлэв.
'Гавны түлхүүр байна!'
Залуу цэрэг авгалдайнуудтай ширүүн тулалдаж эхэлж буйг сүүлчийн удаа харчихаад, Санни нэг өвдөг дээрээ сөхөрч, гаваа эргүүлэн барьж, түлхүүр шургуулж болох байрлал олохоор оролдов. Мэдэхгүй цоожоо ойлгоход хэд хэдэн оролдлого хэрэг болсон ч эцэст нь чаг гэсэн таатай дуу гарч, тэр гэнэт чөлөөтэй боллоо.
Хүйтэн салхи цус болсон бугуйг нь илбэхэд Санни тэднийг үрж, нүдэнд нь харанхуй гялбаа тодорсон инээмсэглэл тодруулав.
'Чи одоохондоо хүлээж бай.'
Хэсэгхэн хоромд хүчирхийлэл, өшөө авалтын дүр зургууд толгойг нь дүүргэв.
“Хүү минь! Наашаа!"
Сэжиг бүхий боол гараа даллаж, анхаарлыг нь татах гэж оролдож байлаа. Санни түүнийг зүгээр л орхиод явах талаар түр бодсон ч дараа нь болиод, далайд дусал нэмэр гэдгийг санав.
Түүнчлэн, өмнө нь ална гэж сүрдүүлж, ер нь таагүй зан гаргасан ч гэлээ, гавтай боолыг орхих нь түүнд эвгүй санагдав. Ялангуяа түүнийг суллахад ямар ч зардал гарахгүй юм чинь.
Тэр яаран очиж, хоёр боолын гавыг хурдхан онгойлгов. Сэжиг бүхий боол сулмагцаа Санниг түлхэн холдуулж босоод, солиотой хүн шиг инээж, жижигхэн баярын бүжиг хийв.
“Аа! Эцэст нь эрх чөлөө! Бурхад бидэн рүү инээж байна! Бурхны минь аврал”
'Бурхан биш би чамайг аварсан шүү дээ' гэж Санни сэжигтэй боол руу муухай харав.
Эрдэмтэн илүү даруухан байлаа. Тэр талархан Саннигийн мөрийг чанга атгаж, түүнд талархал дэвшүүлэн инээмсэглээд, тулаан болж буй зүг рүү түгшүүртэй харцаар харав..
Залуу цэрэг гурван авгалдайн хоёрыг нь аль хэдийн цааш харуулчихсан байв. Гурав дахь нь нэг гараа алдсан ч өрсөлдөгчөө тас татан урах гэж зүтгэсээр л. Залуу цэрэг түүнийг тойрон, төрөлхийн дайчны уян налархай хөдөлгөөнөөр бүжиглэж буй мэт байлаа.
“Юу хүлээгээд байгаа юм?! Энэ газраас зайлцгаая!”
Сэжиг бүхий боол гүйх гэсэн ч эрдэмтэн түүнийг барьж зогсоов.
“Найз минь, би…”
“Хэрвээ дахиад хэнд ч хэрэггүй зөвлөгөө өгөх гэвэл, бурхдаар тангараглая, би толгойг чинь хага цохино шүү!”
Хоёр боол бие биеэ илт дайсагнан ширтлээ. Хэсэг хормын дараа эрдэмтэн харцаа буулгаж, санаа алдав.
“Хэрвээ одоо зугтвал, бид гарцаагүй үхнэ.”
“Яагаад?!”
Ахмад боол зүгээр л өндөр түүдгийг заалаа.
“Учир нь тэр галгүй бол бид үүр цайхаас өмнө хөлдөж үхнэ. Нар мандахаас өмнө зугтах нь өөрийнхөө амийг хорлохтой адил.”
Санни юу ч хэлсэнгүй. Эрдэмтний ярьсан зүйл зөв гэдгийг тэр авгалдайг боомилж алах үедээ аль хэдийн ойлгочихсон байлаа . Уулын Хаан хэчнээн аймшигтай байсан ч, энэ хүйтэн амьдын тамд түүдэг гал л тэдний цорын ганц амьдралын найдвар байв.
Талийгаач өргөн мөртэй боолын хэлсэнтэй яг адил. Тэднийг алахад хүн хэрэггүй, уул өөрөө боломж олдвол алж чадна.
“Тэгээд яах юм бэ?! Тэр мангасанд идүүлж байснаас зугтаж яваад хөлдөж үхсэн нь дээр! Тэгээд ч… ахх… тийм юм болж хувирмааргүй байна!”
Сэжиг бүхий боол зориг гаргаж байгаа мэт аашлавч, хоолойд нь итгэл найдвар байсангүй. Тэр чулуун тавцанг хүрээлсэн харанхуйг нэг харчихаад, дагжин чичирч, арагш нэг алхав.
Энэ үед гурав дахь авгалдай аль хэдийн үхсэн, харин залуу цэрэг харагдахгүй байв. Магадгүй түүдгийн нөгөө талын тулалдаанд нэгдсэн биз. Уулын хажуу талын чулуун тавцан дээр гурван боолыг зүгээр л үлдээчихэв.
Эрдэмтэн хоолойгоо заслаа.
“Мангас аль хэдийн алсан хүмүүсээрээ цадсан байж мэднэ. Эзэнт гүрнийхэн түүнийг дийлж ч магадгүй, эсвэл үргээж ч мэднэ. Ямартай ч энд үлдвэл, өчүүхэн ч гэсэн амьд гарах боломж байна. Харин зугтвал мөхөл рүүгээ өөрсдөө үсэрч байна гэсэн үг.”
“Тэгвэл бид яах юм бэ?”
Эрдэмтнээс ялгаатай нь, Санни Уулын Хаан цөөхөн хүн алаад сэтгэл ханан гэдэгт огт итгэсэнгүй. Бас жирийн хүмүүс, бүр Сэрэгсэд байсан ч тиранттай тулалдаад ялна гэдэгт ч бас итгэсэнгүй.
Тийм тулаанаас ялах нь байтугай, амьд үлдэх нь бараг боломжгүй.
Гэхдээ амьд үлдэхийг хүсвэл, тэр новшийг яаж ийгээд зайлуулах хэрэгтэй.
“Ойроос очиж харъя.”
Сэжиг бүхий боол Санниг солиотой хүн харж байгаа мэт ширтэв.
“Чи галзуурчихсан юм уу? Тэр аймшигт араатанд ойртох гээ юу?!”
Санни түүнийг хоосон харцаар ширтээд, мөрөө хавчаад, догширч буй мангасын зүг алхлаа.