34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг
Санни шаварт сунаж унаад, амьсгаагаа арай ядан дарж байлаа. Түүний чихэнд Хараалын намуухан дуу цуурайтав.
[Таны сүүдэр улам хүчирхэг боллоо.]
Тэр даруйд бие нь өчүүхэн ч гэсэн өөрчлөгдсөнийг мэдэрлээ. Булчин нь яльгүй чангарах шиг, хараа нь арай тодрох шиг, арьс нь үл мэдэг жигдэрсэн мэт. Өөрчлөлт маш бага байсан ч илт мэдрэгдэж байв.
"Сая юу болсон вэ?"
Түүнд нэг таамаг төрсөн бөгөөд шалгахад амархан байлаа. Санни Бичээсийг дуудав.
[Сүүдрийн хэлтэрхий : 14/1000]
Өмнө нь түүнд ердөө л арван хоёр ширхэг энэ нууцлаг сүүдрийн хэлтэрхий байсан бөгөөд цаашид яаж олддог нь тодорхойгүй байв. Харин одоо энэ үйл явц автоматаар явагддаг бололтой: дайснаа устгахад л тэдний сүүдрийн нэг хэсгийг шингээж, өөрийн цөмөө бэхжүүлдэг аж.
Түүнээс гадна, авдаг хэлтэрхийн тоо нь алсан дайснуудын тоотой шууд хамааралтай биш байв. Бага зэрэг бодсоны эцэст Санни урьдчилсан дүгнэлтэд хүрлээ. Идэвхгүй сүнсний цөмтэй дайснаас нэг хэлтэрхий, Сэрсэн цөмтэйгээс хоёр хэлтэрхий авдаг бололтой. Гэхдээ зөвхөн өөрийн гараар ядаж л шууд утгаараа ялсан дайснууд л тооцогдоно.
Уулын Хааны авгалдай, Идэвхгүй араатан байсан тул нэг сүүдрийн хэлтэрхий өгсөн. Туршлагатай боолын наймаачин, Идэвхгүй хүн дахиад нэг.
Харин Уулын Хаан өөрөө Сэрсэн Тирант байсан, өөрөөр хэлбэл таван Сэрсэн цөмтэй. Тус бүр нь Саннид хоёр хэлтэрхий өгсөн тул нийтдээ арван хоёр болсон. Харин одоо, Хуягт Сэгээр хооллогчийг устгаснаар арван дөрөв болжээ.
Сонирхолтой нь, Сэжигтэй боол, Эрдэмтэн, Баатар нарын үхлээс тэр юу ч аваагүй. Хэдий тэд Саннигийн зохиосон хорон явуулгын үр дүнд амиа алдсан ч гэсэн. Тэгэхээр дайсныг өөрийн хоёр гараар дуусгаж байж л түүний сүүдрийг шингээж чадна бололтой.
За яах вэ… эсвэл эртний үхсэн бурхан дуудсан ч болох байх.
Энэ үйл явц нь жирийн Сэрэгсэд хэрхэн хүчээ нэмдэгтэй тун төстэй, ганц ялгаа нь сүнсний хэлтэрхий гарган авч, хэрэглэдэг шат дамжлагыг алгасч, шууд шингээлт хийдэг явдал байв. Энэ нь сүүдрийн хэлтэрхийг хадгалах боломжгүй, улмаар худалдах, солилцох ч боломжгүй гэсэн үг.
Даалгавар биелүүлсний шагнал, үйлчилгээ үзүүлсний хөлс, олз зарж авах байдлаар тэднийг олж авах боломж Саннид байхгүй. Хэрвээ тэр хүчирхэгжихийг хүсвэл ганцхан зам үлдэж — тулалдаж дараа нь алах.
"Тэгэхээр надад тайван амьдрал гэж байхгүй бололтой."
Өмнө нь Санни дор хаяж харьцангуй аюул багатай зам сонгох боломжтой гэж боддог байлаа. Олон Сэрэгчид хэзээ ч Хүмүүсийн цайзын хилийг орхилгүй, Хар дарсан зүүдний мангасуудтай нүүр тулалгүйгээр, Зүүдний ертөнцөд бодит ертөнцөд хийдэг шигээ элдэв ажил хийж амьдардаг.
Тэдний авдаг төлбөр нь сүнсний хэлтэрхий, нэгэн зэрэг хүний дэвшлийн түлш бөгөөд Цайз доторх бүх нийтийн мөнгөн тэмдэгт. Санни хэзээ ч тийм амьдралыг зорьж байгаагүй ч, бүр сонголт ч үгүй байх нь багагүй уур хүргэм байв.
Гэхдээ сайн тал ч байлаа. Сүнсний хэлтэрхий ашиглан цөмөө бэхжүүлэх шаардлагагүй учраас, олсон бүхнээ санаа зоволтгүй, хүссэнээрээ зарцуулж чадна. Эцсийн эцэст, дайснаа устгаад сүүдрийн хэлтэрхий шингээсэн ч, сүнсний хэлтэрхий нь байрандаа үлдэж, цаашид хэрэгтэй зүйлтэйгээ солиход бэлэн байдаг.
Өөрөөр хэлбэл, орлого олох, зарцуулах тал дээр тэр бусдаас хоёр дахин үр ашигтай гэсэн үг. Энэ бол өчүүхэн давуу тал огт биш.
Түүнээс гадна, Сүүдрийн Цөм гэдэг асуудал байлаа…
Санни болон түүний сүүдэр хоёул энэ цөмтэй холбогдсон тул, цөмийг бэхжүүлэх нь зөвхөн Саннигийн хүчийг нэмээд зогсохгүй, сүүдрийг нь ч мөн хүчирхэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, үүнийг ашиглан өөрийгөө илүү дэмжвэл бодит нөлөө нь давхардаж, хоёр дахин өснө. Тиймээс авсан сүүдрийн хэлтэрхий бүрээр Санни жирийн Сэрэгч сүнсний хэлтэрхий ашигласнаас хоёр дахин их ашиг хүртэнэ.
"Дажгүй шүү. Бүр дажгүй!"
Мэдээж, хэрвээ тэр амьд үлдэж, ирээдүйтэй болох боломж олдвол шүү дээ.
Санни сууж өндийгөөд, нүдээ гүйлгэн өөрийн Дурсамжуудыг тайлбарласан бичээсүүдийг олж харлаа. Цэнхэр сэлэм… Эцэст нь зэвсэгтэй болсон гэж үү?
Дурсамж : [Цэнхэр сэлэм]
Дурсамжийн зэрэг : Сэрсэн
Дурсамжийн төрөл : Зэвсэг
Дурсамжийн тайлбар : [Энэ мартагдсан эрэг дээр, зөвхөн ган л бүхнийг санадаг.]
"Хмм. Сонирхолтой л юм."
Тайлбар нь олигтой мэдээ өгөөгүй ч сонирхол татахуйц байв.
Санни шинэ зэвсгээ дуудахад, гар дээр нь хурц, хөнгөн сэлэм шууд л бий болов. Баруун гартаа барихад тохирсон бариултай, нийт урт нь бараг нэг метр. Ир нь шулуун, нэг талдаа иртэй, өнцөгт хурц үзүүрээр төгсөнө. Цэнхэр гангаар давхарласан хээтэй сайхан давтмал байдлаар дархлагдсан бөгөөд гангийн гүн дотор цагаан оч гялалзаж байв. Хөндлөн хаалт нь энгийн, бараг л гар хамгаалахгүй.
Хэрвээ Санни хүйтэн зэвсгийн талаар мэдлэгтэй байсан бол үүнийг Тан Дао гэж нэрлэх байлаа. Гэвч тэр тийм зүйлсийн талаар юу ч мэдэхгүй тул, ганц л зүйлийг ойлгож байв. Нэг иртэй учраас хатгах гэхээсээ илүү огтлох, цавчихад зориулагдсан, мөн бариул нь хоёр гараар барихад хангалттай урт.
Мөн… сэлэм үнэхээр гоё харагдаж байлаа.
Тэр сүүдрээ дуудаж, Цэнхэр сэлмийг ороолгоход ган нь даруй хөхөвтөр хар өнгөтэй болж, цагаан очнууд тархав. Яг л одоор дүүрэн шөнийн тэнгэр шиг.
Санни босоод сэлмээ хэд хэд эргүүлж, жинг нь мэдрэв. Хурц ир нь агаарыг зүсэхэд исгэрэх чимээ гарна.
"За, одоо л би жинхэнэ Сэрэгч шиг харагдаж эхэллээ."
Дараа нь тэр хуягт сэгээр хооллогчийн цогцос руу харж, царайгаа ярвайлгав. За даа… энэ хэсэг таатай байхгүй нь тодорхой биз.
Хэсэг хугацааны дараа хагарсан хуягийг эвдэж, зөөлөн ягаан махнаас нь хэдэн хэсэг огтолж чадлаа. Мөн араатны цээжнээс гэрэлт болор буюу сүнсний хэлтэрхийг авахаа мартсангүй.
Тэр итгэл багатайгаар хэлтэрхийг шингээхийг оролдож, яаж хийх ёстойг нь саналаа. Төсөөлснөөр нь… юу ч болсонгүй.
"Надад шууд нөлөө байхгүй эд юм байна."
Мөрөө хавчаад, Санни хар далайн замгаар сүлжиж хийсэн түр зуурын үүргэвчиндээ болор, мах хоёрыг хийж, нарыг ширтэв.
Өдөр дөнгөж эхэлж байлаа. Тэнгис буцаж ирэхээс өмнө алсад харагдах толгодод хүрэх боломж түүнд байсаар. Гэвч сэгээр хооллогчтой тулалдахдаа зүүн хөлөө нэлээд гэмтээсэн тул алхах нь өмнөх шигээ амар биш болжээ. Тэр шүдээ зуун, доголон алхаж эхлэв.
Цаг өнгөрсөөр. Хөхрөлт, шархаасаа болоод, бас болгоомжлол нь нэмэгдсэн тул түүний хурд эрс удаашрав. Тэр хөлсөө урсган, алхам бүрт өвдөлт мэдэрч, шүдээ тачигнуулна. Үүн дээр нэмээд, шүрэн ой руу гүнзгийрэх тусам замууд улам ээдрээтэй, будлиантай болж байв. Сүүдрийн тусламжтай ч гэсэн байн байн буцаж эргэхээс өөр аргагүй болж, зөв чиглэлээ олоход хэцүү байлаа.
"Новш, новш, новш…"
Юу ч өөрчлөгдөхгүй бол Санни зорьсон газраа хүрч амжихгүй. Өөрөөр хэлбэл, буцаж ирэх далайд бут ниргүүлж үхнэ гэсэн үг.
Үхлийн тухай бодохыг өөртөө зөвшөөрөлгүй, тэр илүү хурдан алхахыг оролдлоо. Гэхдээ яарах боломжгүй, буруу эргэлт хийх бүрт үнэтэй минутууд алдагдана. Тиймээс замаа маш нямбай сонгох хэрэгтэй. Үүн дээр нэмээд, дахин нэг отолтыг анзааралгүй өнгөрөөвөл шууд л амиа алдана.
"Хараал ид!"
Тэр яг л цөхрөх гэж байтал, сүүдэр нь гэнэт нэг зүйлийг олж харав. Энэ нь Санниг агшин зуур балмагдуулав.
Замын цаадах хэдэн эргэлтийн цаана шүрнүүд сарниж, жижигхэн цоорхой талбай үүсжээ. Тэр талбайн голд… хэн нэгэн шавар дундуур алхаж байв.
Саннигийн харсан хамгийн эхний зүйл бол цайвар арьс… маш их цайвар арьс.
Өндөр, туранхай тэр охин далайн замгаар хийсэн түр зуурын банзал, болхи хөхний даруулгаас өөр юм өмсөөгүй байлаа. Гэхдээ түүнд огтхон ч төвөгтэй санагдахгүй бололтой. Тайван царайтайгаар зогсож, арагш харлаа. Салхи түүний богино мөнгөлөг үсээр наадна.
Тэр бол Өөрчлөгдөж буй Од, Нефис байв.
Нэг гартаа тэр этгээд, алтан өнгөтэй олсны үзүүрийг атгаж байлаа.
Харин олсны төгсгөлд, Кассия буюу сохор охин болгоомжтой түүнийг дагаж байлаа.