45-р бүлэг : Инээх дуу
Сүүлийн хэд хоногт шингээсэн Сүүдрийн хэлтэрхийнүүдийн ачаар Саннигийн Сүүдрийн удирдлагын хүрээ бага зэрэг нэмэгдсэн байлаа. Гэвч Шүрэн ойн гүн рүү нэвтрэн тандахад одоохондоо хангалтгүй хэвээр. Тэр хоёр том мангас аль зүгт явж байгааг бүдүүн тоймоор мэдэрч чадсан юм.
Тэд баруун тийш явж байв.
Энэ мэдээллийг Нефист хэлсний дараа Саннид хийх зүйл бараг үлдсэнгүй.
Эцэст нь тэр зүгээр л амрахаар шийдэв. Маргааш нь бэрхшээл, аюулаар дүүрэн өдөр байх нь тодорхой тул биеэ аль болох сайн сэргээх нь түүний ашиг сонирхолд нийцнэ.
Хэсэг хугацааны дараа Санни нуруугаараа хэвтэн, саарал тэнгэр ширтэж байлаа. Касси түүний хажууд сууж, бодолд автан суусан харагдана. Харин Нефис бясалгал хийж байгаа мэт ядаж л Саннид тэгж харагдсан. Үнэндээ унтаж ч байсан байж мэднэ.
Хэсэг хугацааны дараа Касси түүн рүү хандан:
“Санни?”
Тэр толгойгоо эргүүлэв.
“Тийм?”
Сохор охин эргэлзэв.
“Бид… бид үнэхээр гэртээ харьж чадна гэж чи бодож байна уу?”
Санни түүн рүү хяламхийж, хөмсгөө зангидлаа. Хэдэн хоромын дараа тэр эргэж, дахин тэнгэр ширтэн:
“Тэгэлгүй яах вэ.”
Касси инээмсэглэв.
“Үнэхээр тэгж бодож байна уу? Яагаад?”
Эдгээр асуултууд чинь юу болоод байна аа?
Тэр санаа алдаад, үгээ болгоомжтой сонгов.
“Тэрнээс болоод.”
Тэр Нефисийн зүг заалаа. Касси харахгүй ч, чулуун тавцан дээр өөр хүн байгаагүй тул хэнд хандаж байгааг ойлгох нь илт.
“Би ч бас амархан үхэх хүн биш. Үнэнийг хэлэхэд, Зүүдний ертөнцөөр чамайг хамгаалж явах Нойрсогчдын багийн хувьд биднээс илүүг чи олж чадахгүй байсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Хэрвээ хэн нэгэн амьд үлдэж чадна гэвэл тэр нь бид. Тиймээс тийм ээ, буцах магадлал маань нэлээд өндөр гэж бодож байна.”
Касси гэнэт инээд алдав.
“Чи өөрийгөө арай дэндүү өндөрөөр үнэлээд байгаа юм биш үү? Чи чинь бараг сүүл мушгисан шүү дээ!”
Санни мөрөө хавчив.
“Тэр бол зүгээр л ухаантай хүн надад нам жим байхыг зөвлөсөн болохоор л тэр. Үгүй бол би илүү дээгүүр бичигдэх байсан.”
Тэгээд инээмсэглэн нэмж хэлэв:
“Ядаж л…сүүлээс нь гурав дахь!”
Касси тэсэлгүй инээв. Түүний уянгалаг инээдний авиа Саннигийн сэтгэлийг нэг л агшинд хөнгөлөв. Зүүдний ертөнцөд ирснээс хойш ийм дуу сонсоогүй билээ. Энэ там шиг газар ч гэсэн хүмүүс өчүүхэн ч болов баяр хөөрөө хадгалж чаддаг нь сайхан санагдав.
Бодох нь ээ, тэр Кассигийн инээж байгааг анх удаа л сонсож байна. Академид байхдаа тэр үргэлж дүнсгэр, гунигтай харагддаг байсан.
Инээд намжсаны дараа Кассигийн царай аажмаар гунигтай болов. Хэсэг хоромын дараа тэр асуув:
“Чи гэрийнхнээсээ юуг нь хамгийн их санадаг вэ?”
Санни бодох гэж оролдсон ч, юу ч олсонгүй. Бодит ертөнцөд өөрт нь “гэр” гэж нэрлэх газар байсан эсэхэд ч эргэлзэв. Урьд нь түрээсэлж байсан жижиг өрөө нь борооноос хоргодох түр зуурын орогнох газар л байлаа. Ер нь бодит ертөнцөд түүний амьдрал ч тийм сайхан байгаагүй.
Эцэст нь тэр:
“Нэг их санаад байх юм алга.”
гэж хэлэв.
Касси гайхав.
“Үнэхээр үү? Гэр бүлээ ч санадаггүй гэж үү?”
Санни инээмсэглэв.
“Надад гэр бүл байхгүй. За… нэг охин дүү хаа нэгтээ байдаг л байх. Гэхдээ бид олон жил уулзаагүй.”
“Аан…”
Сохор охин дуугүй болов. Хэдэн секундын дараа намуухан хэлэв:
“Би харин гэрийнхнээ л хамгийн ихээр санадаг.”
Түүний хоолойд гуниг, хүсэн тэмүүлэл тодхон сонсогдов. Санни юу хэлэхээ мэдэхгүй, дуугүй байлаа.
“Ээж, аав хоёр маань одоо надад их санаа зовж байгаа байх даа. Үгүй ээ… санаа зовж ч чадахгүй байх. Намайг аль хэдийн нас барсан гэж бодож байгаа байх.”
Санни түүн рүү хараад санаа алдав.
“Чи тэдэнд үнэхээр их хайртай юм байна.”
Касси гайхсан маягтай түүн рүү эргэв.
“Мэдээж. Энэ чинь хэвийн зүйл биз дээ?”
Санни саарал тэнгэр ширтэв. Салхи борооны үнэр авчирна.
Хэсэг хугацааны дараа тэр намуухан:
“Мэдэхгүй л юм байна.”
гэж хэлэв.
***
Орой нь Нефис Саннигаар дахин мянган удаа цавчуулах дасгал хийлгэв. Дараа нь тэд сэгээр хооллогчийн сүүлчийн хатаасан махыг идээд, Кассиг хэн нэг нь үргэлж харж байхын тулд ээлжлэн унтлаа.
Аз болоход, шөнө юу ч болсонгүй.
Өглөө болоход хар тэнгис ухарч, тэд аварга хөшөөг орхиход бэлдэв. Нефис хамгийн түрүүнд доош буув. Буухаасаа өмнө тэр хэдэн үг хэлэв:
“Өнөөдөр өмнөхөөс өөр байна. Шүрэн ойгоор тэнүүчилж байгаа Сэгээр хооллогчид илүү олон болсон. Бид отолт хийх ч, заримтай нь мөргөлдөхөөс зайлсхийж чадахгүй байж магадгүй.”
Тэр Санни рүү харлаа.
“Хэрвээ ямар нэгэн юм болбол, чиний үүрэг бол Кассиг авч зугтах. Сэгээр хооллогч багтаж чадахгүй нарийн хонгилуудаар ухарч болно. Хэрвээ бид салчихвал, чи өөрсдөө өндөр цэг рүү яв. Намайг бүү хүлээ. Ойлгов уу?”
Санни хүндхэн царайтайгаар толгой дохив. Нефис ч мөн адил.
“Сайн байна. Цаг алдах эрхгүй. Явцгаая.”
Тэгээд тэр доош бууж эхлэв. Нефис хорь гаруй метр доош буусны дараа бэхлэлт олж, хүлээлээ. Алтан олсоор Санни Кассиг доош буулгав. Дээш авирахтай адил, тэд ээлжлэн сохор охинд тусаллаа. Аз болоход, доош буух нь хавьгүй амар байв.
Удалгүй тэд газарт хүрэв.
Шүрэн ойд ормогц гурвуулаа яаран урагшлав. Сүүдэр нь урд явж, мангас болон хамгийн тохиромжтой замыг тандаж байлаа. Гэсэн ч ахиц удаан, эмх замбараагүй байв. Тэд сэгээр хооллогчдийн бүлгүүдээс зайлсхийхийн тулд байнга чиглэлээ сольж, мухар хонгилд орж, бүр заримдаа зорьсон газраасаа улам холдож байлаа.
Тагнуул, чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Саннигийн тархи аажмаар буцалж эхлэв.
Гэвч нэг мөчид зайлшгүй тулалдахаас өөр аргагүй байдал үүслээ.
Ардаас нь томоохон бүлэг сэгээр хооллогчид хөөж, урд хоёр нь зам хааж байв. Аль аль нь Нойрсогчдыг хараахан анзаараагүй байсан ч, өөр эргэх хонгил байхгүй тул энэ нь цаг хугацааны л асуудал байлаа.
Нефис хэдэн секундын турш боломжуудаа тунгаав. Түүний царайд хөмсөг зангидсан байдал тодров. Эцэст нь тэр:
“Хоёрхон байвал, дийлж чадна.”
гэж хэлэв.
Санни нүдэндээ эргэлзээ тээсэн хэвээр түүн рүү харлаа.
“Гэхдээ отолт бэлдэх цаг байхгүй."
Нэгэн зэрэг хоёр сэгээр хооллогчидтой тулалдах нь яаж боломжтойг тэр төсөөлж ч чадсангүй. Нефис хэчнээн сайн багш байсан ч, Санни ердөө ганцхан өдөр л илд барьж сургуулилт хийсэн. Нэг сэгээр хооллогчтой ганцаараа тулалдах ч эрсдэлтэй байлаа.
Өөрчлөгдөж буй Од биеэ хөдөлгөнө.
“Бараг өмнөхтэй адилхан. Би эхэлж дайрна. Чи сүүдэрт нуугдаж дагаад, тэд эргэх үед нэгийг нь дуусга. Дараа нь нөгөөг нь хамтдаа устгана.”
Энэ төлөвлөгөө бүхэлдээ Нефис хоёр сэгээр хооллогчийн зэрэг дайралтыг тэсвэрлэж чадна гэсэн таамаг дээр тулгуурлаж байв. Санни түүний чадварт биширдэг ч, энэ боломжтой эсэхэд эргэлзэж байлаа. Нефис үхэх магадлал асар өндөр.
Тэр Кассигийн анхны зөнд Нефис байгаагүйг санав.
Гэхдээ өөр яах билээ?
Санни шүдээ зуун:
“За.” гэж хэлэв.
Хэсэг зуурын дараа Нефис илдээ дуудан гаргалаа.
Тэгээд урагш алхав.