20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь
Академийн цогцолбор дахь Нойрсогчдийн байрлах хэсэг харьцангуй жижиг, Академийн өмнөд талд байрлаж, дөрвөн талаасаа бэлтгэлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн байв.
Энэ нь сайжруулсан материал ашиглан барьсан, намхан, орчин үеийн барилга. Академийн ихэнх барилгуудын адил, ихэнх хэсэг нь газрын доор нуугдаж, дээрээ ердөө хоёр орчим давхар л ил гарсан байлаа. Цагаан, өө сэвгүй хайлшин хананууд, өргөн цонхнуудтай энэ барилга зун цагт эргэн тойрны ногоон байгууламжтайгаа эсрэгцэн үнэхээр үзэсгэлэнтэй харагдах нь гарцаагүй.
Дотор нь уужим бас гэрэл сайтай. Санни мөнгөлөг үст охины хамт том танхимд оров. Тэнд ойролцоогоор зуу орчим залуу эрэгтэй, эмэгтэй тэдэнтэй адил “азгүй цагтаа” сэрсэн Нойрсогчид аль хэдийн цугларч, элсэлтийн ёслол эхлэхийг хүлээж байлаа. Ихэнх нь түгшсэн, сандралтай атлаа догдолсон харагдана.
Академийн логистик нь удирдлагуудын хувьд байнгын толгойн өвдөлт байв. Учир нь Хараал хүмүүсд “халдварлах” хэмнэл нь үргэлж эмх замбараагүй. Нойрсогчдыг нэгэн ижил хуваарьтай, стандартчилсан сургалтад багтаах ямар ч боломжгүй: зарим нь Зүүдний ертөнц рүү орохоосоо өмнө бүтэн жил бэлдэх хугацаатай, зарим нь хэдхэн сар, харин заримд нь ердөө хэдхэн өдөр л ноогдоно.
Тиймээс эдгээр элсэлтийн ёслолууд шинэ жил эхлээд сар бүр, харин өвлийн туйл ойртох тусам долоо хоног бүр зохион байгуулагддаг байв. Танхимд байгаа Нойрсогчдын зарим нь хэдэн өдрөөр хүлээсэн бол, харин Санни аз таарч, товлосон ёслолоос хэдхэн цагийн өмнө Академид хүргэгдсэн байлаа.
Танхимд ормогцоо тэр хоёр зүйлийг ойлгов.
Нэгдүгээрт, энд байгаа хүмүүс бүгд цэмцгэр хувцастай, чемодан, спорт цүнх, ядаж л үүргэвч барьж, хувийн эд зүйлээ авчирсан байв. Тэд гэрээсээ, магадгүй гэр бүлийнхнийхээ үдэлттэйгээр, сайтар бэлтгэгдэн ирсэн нь илт. Тиймээс хоосон гартай, цагдаагийн олгосон энгийн хувцастай ирсэн Санни, мөнгөн үст охин хоёр түүний бодсон шиг “жирийн” биш, харин ч нүдэнд тусах хачин жигтэй ялгарал байжээ.
‘Тийм дээ. Уг нь ингэх ёстой юм байж.’
Хоёрдугаарт, Мастер Жет өөрийгөө Сэрэгсдийн жишгээр дундажаас доогуур гэж хэлэхдээ хэт даруухан байгаагүй нь тодорхой болов. Эдгээр залуус дөнгөж замаа эхэлж байгаа ч, гадаад төрх нь нүд гялбам. Бүгд царайлаг, сайхан, эрүүл чийрэг байдал цацруулж байлаа.
Санни шүлсээ залгина.
‘Гэхдээ… ямар ч байсан тэдний хэн нь ч Жеттэй дүйцэхгүй юм шиг. Тэр төгс пропорцтой биш байж магадгүй, гэхдээ… мэдэхгүй ээ… түүнд нэг “байгаа нь мэдрэгддэг” оршихуй бий. Тэр өрөөнд орж ирэхэд сүүдэр улам гүнзгийрч, агаарын хэм хэдэн градусаар унах шиг болдог.’
Энэ нь Нойрсогч ба Мастер хоёрын ялгаа юу?
Гэвч эдгээр бодол нь зайлшгүй ирэх зүйлийг хойшлуулж буй оролдлого төдий байв. Санни өөрийг нь юу хүлээж байгааг аль хэдийн мэдэж байсан.
Учир нь тэр худлаа ярьж чаддаггүй, харин энд байгаа догдолсон залуус хувцас, хүйс, гадаад төрхөөс үл хамааран нэг л зүйлийг хийхийг хүсэж байлаа.
Ярих.
Тэд бүгд бусад Нойрсогчтой ярилцахыг хүсэж байв. Хар дарсан зүүднийхээ талаар, удахгүй хийх Зүүдний ертөнцдөх аялалаа, дунд нь орших бүхнийг хэлэлцэхийг хүснэ. Асуухыг хүснэ бас асуултанд хариулахыг ч хүснэ. Чухал сэдвээр ч бай, тэнэг чалчих ч бай, ямар нэг юм яримаар байгаа нь ил байв.
Хүн бүр хуваалцахыг хүсэж байлаа.
‘Энэ чинь жинхэнэ хар дарсан зүүд!’ гэж Санни дотроо сандран, айдаст автлаа.
‘Би ч сүйрчээ!’
Тэгээд харуусалтайгаар шийдэмгий зан гарган, шүдээ зуугаад аажуухан амьсгалаа гаргав.
‘Үүнийг зүгээр л шалгалтын үргэлжлэл гэж бод. Харанхуй уулыг давж гарсан юм чинь, үүнийг ч бас давна.’
Тэр баатруудтай тулгарч, муу санаатнуудтай байлдаж, мангасуудтай учирч, бүр бурхадтай ч нүүр тулж байсан. Тэгээд одоо хэдэн өсвөр насныхнаас айх гэж үү?
…Гэхдээ тэр өсвөр насныхан ямар аймшигтай байж болдгийг дутуу үнэлжээ.
Хагас цагийн дараа өрөөн доторх бараг бүх хүн түүнийг жигшиж үзэн яддаг болсон байв.
Хэдхэн ярианы дараа л Санни бузар амтай, жигшүүртэй, садар новш гэсэн нэр хүндийг олж авчээ. Энэ нэр хоч хурдан тогтворжив. Түүнийг хэд хэдэн удаа алгадаж, нэг удаа бүр цохисон байлаа. Мөн тэр өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар хэдэн шинэ “нээлт” хийв. Үнэндээ гүн дотроо тэр бүдүүлэг, ихэмсэг, бас багагүй тачаангуй нэгэн бололтой.
Ярианууд ерөнхийдөө ингэж өрнөнө:
"Энд хэчнээн олон залуус байна аа. Чи тэдний хэд нь Зүүдний ертөнцөөс эргэж ирэх бол гэж бодож байна? Хэд нь үхэх бол? Харин бидний амьд үлдэх магадлал ямар вэ?"
"Мэдэхгүй ээ, гэхдээ чам шиг онгирсон тэнэг хамгийн түрүүнд үхнэ гэдэгт бол итгэлтэй байна!"
Эсвэл:
"Би Хар дарсан зүүдэндээ бүр хуяг төрлийн Дурсамж авсан. Шидэт нөмрөг л дөө. Үзэх үү?"
"Үнэндээ бол… чамайг нөмрөггүйгээр харах нь илүү сонирхолтой санагдаж байна…"
Эсвэл:
"Тэгээд тэр адгийн шаарнууд цогцсуудыг тоноод эхэлсэн. Аймшигтай! Бүр гутлыг нь хүртэл авсан! Ямар гаж донтон нь үхсэн хүний гутлыг авдаг байна аа?"
"Би нэг удаа нэг хүнийг алчхаад гутлыг нь авсан. Дажгүй гутал байсан."
"…Юу гэнэ ээ? Чи ганц хос гутлын төлөө хүн алсан юм уу?"
"Мэдээж үгүй! Өөр шалтгаан ч байсан. Бас нөмрөгийг нь авсан."
Дахин л гадуурхагдсан Санни эцэст нь ганцаараа үлдэв. Хүмүүс түүнээс илт холдож, зайлсхийж байлаа. Тэр огтхон ч сандарсангүй, нам гүм булан олж очоод зогсож, хэн ч түүнтэй дахиж ярихыг хүсэхгүй болсондоо бүр баяртай байв. Нүүр нь өвдөж, хамраас нь цус дусалж байлаа. Бүлгээс гадуурхагдана гэдэг түүнд шинэ зүйл биш ч, ямар ч байсан сэтгэлд нь хорсолт үлдсээр.
Гэсэн ч тэр инээмсэглэж байв.
Учир нь бүх Нойрсогчийг өөрийнхөө эсрэг эргүүлэх явцдаа Санни нэгэн амин чухал зүйлийг олж мэдсэн юм.
Тэр Дутагдалаа хэрхэн удирдаж болдгийг сурчээ.
Түүнээс асуулт асуувал дуугүй байж чаддаггүй. Мөн худлаа ярьж ч чаддаггүй. Гэвч олон удаагийн туршилтын эцэст Санни бага зэрэг дадлага хийснээр, үнэн яг ямар хэлбэрээр “гарч ирэх”-д нөлөөлж болдгийг ойлгосон байв.
Энэ нь ингэж ажиллана. Асуулт ирмэгц түүний оюун санаанд автоматаар үнэн хариулт төрнө. Үүний дараа Дутагдал түүнийг тэр хариултыг чангаар хэлэхэд албадна. Хэрвээ дуугарахаас татгалзвал дотоод даралт хуримтлагдаж, улмаар нэвт хатгах өвдөлт бий болно. Дуугүй байх тусам өвдөлт улам ихэснэ. Эцэст нь тэр бууж өгч, үнэнийг илчлэхээс өөр аргагүйд хүрнэ.
Гэхдээ асуулт хүлээн авсан мөчөөс өвдөлтөд бууж өгөх хүртэлх тэр богино завсар хариултын хэлбэрийг өөрчилж болдог байв. Анхны бодлоосоо хэт их хазайх тусам дахин л даралт, дараа нь өвдөлт нэмэгдэнэ. Үнэн хэвээрээ байх ёстой, гэхдээ заавал тийм шулуухан, ил тод байх албагүй.
Жишээ нь, хэрвээ Мастер Жет түүнийг дахин ширтэж байгааг нь бариад “Юу харж байгаа юм?” гэж асуусан бол, Санни өөрийгөө эвгүй байдалд оруулахын оронд бага зэрэг өвдөлтийг тэсээд зүгээр л:
“Таныг.”
гэж хэлж чадна.
Энэ нь мөн л үнэн. Гэхдээ үр дүн нь тэс өөр байх байлаа.
Буланд нуугдан зогсож байхдаа Санни бусад Нойрсогчдийг ажиглан, зальтай инээмсэглэв.
'Сайн байна. Маш сайн байна. Үүнтэй бол би ажиллаж чадна!'
Эцсийн эцэст, хүнийг мэхлэхийн тулд заавал худлаа ярих шаардлагагүй. Заримдаа үнэн өөрөө мэхлэлтэнд хамгийн тохиромжтой түүхий эд болдог.
Хэрвээ тодорхой нэг овжин, зальтай ухаантай хамт хэрэглэвэл, үнэн гэдэг худал шигээ төөрөгдүүлж чадна. Жишээ нь, өмнөх яриануудын нэгэнд Санни нэг удаа үхсэн хүний гутлыг хулгайлж байсан гэдгээ хүлээсэн. Нөгөө залуу цочирдон, ганц хос гутлын төлөө үнэхээр хүн алсан юм уу гэж асуусан.
Дутагдалын албадсан хариулт нь өөр шалтгаан байсан, бас тэр хүний нөмрөгийг авсан гэсэн үг байв.
Үнэн хэрэгтээ тэр туршлагатай боолын наймаачныг алсан жинхэнэ шалтгаан нь хэдхэн цагийн өмнө Саннийг ташуурдаж зодсонтой нь холбоотой. Түүнчлэн тэр хүн аль хэдийн үхлийн ирмэг дээр байжээ. Нөмрөг нь аллагатай огт хамаагүй. Гэвч хариултын хэлбэр нь яг л холбоотой мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.
Ингээд хоёр тусдаа үнэн өгүүлбэр нийлээд худалтай адил нөлөө үзүүлжээ.
Энэ бол ердөө энгийн жишээ. Маш их хичээл зүтгэл, эрчимтэй бодол шаардвал Санни өөр төрлийн тархи угаах үнэнүүдийг ч бүтээж чадна. Асар хэцүү, маш их эрсдэлтэй ч гэсэн боломжтой.
Түүнд ердөө л жаахан аз хэрэгтэй байв.
Одоо онолоо бодит байдал дээр турших цаг иржээ.
Санни өөрийнхөө гол зорилгыг мартсангүй. Хэн ч түүний Жинхэнэ Нэрийг хэзээ ч мэдэх ёсгүй. Үүний тулд тэр энэ барилга доторх хамгийн өрөвдөлтэй, хамгийн сул дорой хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Хэзээ ч эерэг үнэлгээ авахгүй, бүр тэнгэрлэг Аспект байтугай Жинхэнэ Нэр ч авах боломжгүй нэгэн мэт харагдах ёстой.
Гэвч энэ нь худал болох тул шууд очоод хэлчих боломжгүй.
Тэгвэл яаж бусдад өөрийгөө хүчирхэг Аспектгүй, Хараалтай холбоотой гайхалтай амжилт огт байхгүй гэдэгт итгүүлэх вэ?
Түүний харц Нойрсогчдийн нэгэн бүлэг дээр тусав. Тэнд тав, зургаан хүн өндөр нуруутай, өөртөө итгэлтэй нэгэн залуугийн эргэн тойронд цугларчээ.
Тэр залуу бор үстэй, дөлгөөн, царайлаг төрхтэй. Нүд нь ногоон, найрсаг хошигнолын өнгө аяс шингэсэн байв. Биеийн байрлал, галбир, анхааралтай харц нь түүнийг хатуу ширүүн бэлтгэл сургуулилалт туулсныг илтгэнэ. Түүний бүх л төрх язгууртан шинж, хүч чадлыг илэрхийлж байлаа.
Яг тэр мөчид хамтрагчдынх нь нэг гайхширсан өнгөөр:
"Дэвшсэн гэж үү? Чи Дэвшсэн Аспект авсан юм уу? Тэгвэл… тэгвэл чиний үнэлгээ ямар байсан юм бэ?!" гэж асуув.
Залуу даруухнаар инээмсэглээд:
"Өө. Маш сайн л байсан даа" гэж хариулав.
Санни санамсаргүй таарсан мэт тэдний өмнө зогсов. Хариултыг нь сонсоод хөмсгөө зангидан, тэр залууг дорд үзсэн харцаар ширтлээ.
Тэгээд туйлын гайхшрал дүүрэн хоолойгоор:
"Дэвшсэн, “маш сайн” гэнэ үү? Тэгээд л болоо юу? Юу нь тийм чухал гэж?"