22-р бүлэг : Цогцоснуудын булан
Сэтгэл хангалуун байдалтайгаар тэрээр хийх ёстой зүйлээ дуусгаж, Санни танхимын ганцаардсан буланд буцаж очлоо. Түүнийг инээд дүүрсэн, жигшсэн, өрөвдөлтэй харцаар энд тэндээс харж байлаа. Хэн ч түүнтэй ойрхон байхыг хүсэхгүй байв. Тэр ч бас хэн нэгний асуудал болохыг хүсээгүй тул энэ нь түүнд таатай байв.
Гэхдээ тэдний хариу үйлдэл арай хэтэрхий биш үү? Тэр халдварт өвчин тээгч биш шүү дээ. За, харин Хараал бол тэгж хэлэх зүйл биш. Гэвч энд байгаа хүн бүр үүнийг мэддэг байх ёстой байсан.
Тэгээд тэр олон хүнээс холдон урд сандлын буланд очлоо. Гэхдээ түүнтэй адил өөр нэгэн охин урт сандал нөгөө булан дээр ганцаараа сууж байв. Яагаад ч юм Нойрсогчид түүн рүү дөхөж очихыг хүсэхгүй байлаа. Санни түүн рүү харав.
Тэр нам гүм охин зөөлөн, ичимхий бас маш үзэсгэлэнтэй байв. Дэгжин хувцас нь үнэтэй биш боловч цэмцгэр, сайхан зохицсон. Цайвар шаргал үстэй, том цэнхэр нүдтэй, гоёмсог царай нь яах аргагүй цэцэг шиг хөөрхөн Порсель хүүхэлдэй шиг харагдана.
Тэр хачирхалтай гэмээр сэтгэл татам байлаа.
Гэхдээ ямар нэгэн юм буруу санагдав. Санни хөмсгөө зангидсан ч яг юу тэр охинд таагүй мэдрэмж төрүүлж байгааг олж чадсангүй. Удаан бодсоны эцэст түүний хоосон, илэрхийлэлгүй харц нь Уулын хааныг санагдуулж байсныг ойлгов.
Гэнэтийн мэдрэмжээрээ Санни охинг сохор гэдгийг ойлгов. Ойрын хэдэн секунд тэр тайвшрах хэрэгтэй болов.
'Ямар харамсалтай юм бэ.'
Жаахан гунигтайгаар тэр урт сандалны нөгөө үзүүрт суугаад анхааралтай ажиглав.
Хэрвээ охин Хар дарсан зүүдний өмнө хараагүй байсан бол Анхны хар дарсан зүүдэндээ амьд үлдэх боломжгүй байсан. Тэгэхээр Үнэлгээний дараа хараагаа алдсан гэсэн үг.
Энэ бол түүний Дутагдал.
Гэнэт Санни маш эмзэглэсэн мэдрэмж төрөв. Сэтгэлээр унасан хүйтэн мэдрэмж цээжээр нь тархав.
'Миний Дутагдал ч их хэцүү гэж бодож байлаа.'
Тэр охин ямар ч Аспектийн чадвартай байсан хамаагүй, хараагүй байх нь амьд үлдэх магадлалыг бараг тэг болгодог. Хараагүй хүн зүүдний ертөнцөд Идэвхгүй сүнсний цөмтэй амьдрах боломжгүй. Зарим талаараа охин аль хэдийн үхсэн мэт байлаа.
Тэр хөл дээрээ алхаж байгаа цогцос мэт байв.
Маш их гуниг мэдэрсэн Санни өөр тийш харав. Тэрээр Нойрсогчдыг ажиглаж эхлэв. Одоо тэр яагаад хүмүүс энэ булангаас хол байгааг ойлгов. Учир нь энэ охиныг хүрээлээд үл үзэгдэх хэдий ч бараг л гарт баригдах үхлийн аура мэдрэгдэж байлаа.
Нойрсогчид ихэвчлэн мухар сүсэггүй байдаг ч энэ охины хажууд байх хэнд ч тухгүй санагдаж магадгүй.
Энэ мэдлэгтэйгээр Санни гэнэтхэн зааланд байх залуу хүмүүсийн дунд үүссэн зүй тогтлыг олж анзаарав. Байгалийн шинжээрээ тэд бүгдээрээ өөрийнхөө шинж чанартай адил хүмүүстэй ойр байхыг оролдож байв.
Танхимын тайзны ойролцоо нэг хоёр жижиг бүлэг байлаа. Эдгээр бүлгийн хүмүүс өөрсдийгөө итгэлтэй, тайван, бэлэн байдалтайгаар илэрхийлнэ. Тэд бол Өв залгамжлагчид буюу төрөхөөсөө л Хараалд бэлдэгдсэн, амьд гарах өндөр магадлалтай хүмүүс. Тэдний дундаас Кастер онцгой харагдав.
Түүний хажууд үнэтэй хувцастай олон залуус байв. Тэд сэтгэл хөдөлсөн, жаахан сандарсан боловч тансаг амьдралд өссөн баячууд. Тэдний сургууль, хувийн багш нар сайн байсан тул амьд гарах боломж нь муу биш.
Дараа нь олонх дунд давхаргын хүүхдүүд байв. Тэд маш сайн боловсролтой, зарим нь хувийн дасгалжуулагчтай байж болох ч амьд гарахын тулд их хичээл зүтгэл, аз хэрэгтэй. Засгийн газар сургуульд амьд үлдэхэд хэрэгтэй мэдлэг чадваруудыг хүүхдүүдэд цогцлуулахын тулд их хэмжээний төсөв гаргадаг. Ингэснээр тэднийг потенциалтай Нойрсогчид болоход нөлөөлдөг.
Магадгүй тэдний зарим нь нэмэлт хувийн бэлтгэл авсан байж магадгүй. Амьд үлдэхийн тулд эдгээр Нойрсогчид ямар ч үнээр хамаагүй бэлтгэлд оролцддог. Гэхдээ заримдаа аз их чухал нөлөө үзүүлдэг хэдий ч энэ тэдэнд боломжгүй зүйл биш. Тэд сандруу бас түгшсэн байлаа.
Хамгийн сүүлд нь Санни ба хараагүй охин. Тэднийг бусад Нойрсогчид цогцос л гэж харж байлаа. Тэдэнд амьд гарах магадлал бараг байхгүй.
'Ямар сэтгэл татам юм бэ.'
Ингэж л залуу Сэрэгсэд өөрсдийгөө санаандгүйгээр ангилсан байв. Энэ дүрмээс цорын ганц гажсан нь мөнгөн үстэй охин байсан бөгөөд тэр бусдаас зайтай, ганцаараа зогсож, агаарт нэвт шингэсэн түгшүүр, сандаргааг үл тоомсорлон, нүдээ аниад хананд налж, хөгжим сонссоор байлаа.
Гэвч аль бүлэгт хамаарагдах, ямар түвшний бэлтгэлтэй байхаас үл хамааран бүгд хүлээсээр ядарч байв.
'Энэ хараал идсэн элсэлтийн ёслол хэзээ эхлэх юм бол?' гэж Санни ууртай бодов.
Түүний бодолд хариулах мэт, хар хөх дүрэмт хувцастай өндөр эр тайзан дээр гарч ирлээ. Тэр зүгээр нэг өндөр биш, бараг үлэмж биетэн шахуу байв. Санни бүр түүний ээж нь баавгайтай нүгэл үйлдсэн байж магадгүй гэж хүртэл бодов…
Мэдээж боломжгүй хэрэг. Хараал гарч ирэхээс өмнө баавгайнууд устаж үгүй болсон. Гэхдээ тэр нэг удаа номон дээрээс зургууд харж байсан бөгөөд ер нь л төстэй санагджээ.
'Тэгвэл баавгай шиг Хар дарсан зүүдний амьтантай үйлдсэн байх нь.'
Үлэмж эр өргөн мөртэй, булчинлаг биетэй, сайхан хүрэн сахалтай байв. Нүд нь тайван, нухацтай. Тайзны гол хүрээд, Нойрсогчид руу удаан гэгч нь харлаа. Түүний харц түүний буланд хүрэхэд Санни гэнэт түгшив.
'Өө… Тэр телепатик чадвартай биш байгаасай. Тэгэхгүй бол ээжийнхээ өмнөөс намайг хоёр гарнаас минь салгаж мэднэ шүү.'
Тэр эр Саннид төдийлөн анхаарал хандуулсангүй, харцаа олон түмний урд эгнээ рүү буцаав. Эцэст нь гүн, цуурайтсан хоолойгоор хэлэв:
"Би бол Сэрэгч Рок. Нойрсогсод минь, Академид тавтай морилно уу."
Хэн ч дуугарсангүй, бүгд чимээгүй сонсож байлаа.
"Нэг сар ч хүрэхгүй хугацааны дараа та нар Зүүдний ертөнц рүү дуудагдана. Зарим нь өөрсдийгөө хангалттай бэлтгэгдсэн гэж бодож магадгүй. Та нар эндүүрч байна. Хараал бол хэрцгий, зальтай. Сэрсэн хүмүүс өөрсдийгөө хэт үнэлж эхлэх мөчид л үхдэг. Би та нар шиг тоо томшгүй олон Сэрэгсэд амиа алдаж байхыг харсан. Мөн туршлагатай Мастерууд ч адилхан үхсэн. Бүр Гэгээнтнүүд ч амьд үлдэнэ гэсэн баталгаагүй."
'Урам өгсөнд баярлалаа' гэж Санни ёжтойгоор бодов.
"Дараагийн дөрвөн долоо хоногт бид та нарын амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Та нар дэлхийн хамгийн шилдэг багш нараас сургалт авна. Гэхдээ тэдний алдар нэрэнд бүү хууртагд. Эцэст нь, Зүүдний ертөнцөөс амьд буцаж ирэх эсэх нь ганцхан хүнээс хамаарна. Амьд үлдэх хариуцлага зөвхөн таны, зөвхөн таны гарт бий."
Өв залгамжлагчидаас бусад Нойрсогчид бие бие рүүгээ айдас нэмэгдсэн харцаар харцгаав. Сэрэгч Рок үргэлжлүүлэн:
"Та нар одоо хүүхэд биш. Харамсалтай нь, хүүхэд байх ёстой. Гэвч Хараал өөрөөр шийдсэн. Та нар анхны Хар дарсан зүүдийг туулсан, тиймээс ямар байдгийг аль хэдийн мэднэ. Эцэг эх, багш, найз нөхөд чинь одоо та нарт тусалж чадахгүй…"
'Тийм хүмүүсийн нэр надаа удаан хугацаанд сонсогдоогүй'
Рокийн үгийг сонсож суухдаа Санни өөрийгөө бага зэрэг гадуурхагдсан мэт мэдрэв. Түүний хувьд энэ бүхэн аль хэдийн мэддэг, хуучны яриа байлаа. Гэсэн ч тэр багшийн зорилгыг ойлгож байв. Залуу Нойрсогчдийг айлгах хэрэгтэй. Учир нь айдас л тэднийг амьд байлгаж чадах цорын ганц зүйл.
Эцэст нь яриа гол сэдэвтээ орлоо. Сэрэгч Рок түр азнаж, сонсож байсан хүүхдүүдэд үгсээ шингээх хэдэн хором өгөөд, товчхон дохин үргэлжлүүлэв:
"Одоо бид Хар дарсан зүүд болон Зүүдний ертөнцний ялгааны тухай ярилцана…"