1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин
"Ийм огтхон ч аймар биш Аймшгийн байшинд орж үзэж байгаа минь анхны тохиолдол байхаа."
"Тоног хэрэгслүүд нь хэтэрхий хиймэл юм, би ерөөсөө айсангүй. Харин ч бүр инээдтэй санагдчихлаа."
"Бидэн шиг материалистуудад угаасаа айх зүйл байхгүй ээ! Сүнс гэж байдаггүй юм!"
"ингэж Хэлмээргүй байгаа ч, би та нарт хэлсэн биз дээ. Буудалдаа л үлддэг байж; онлайнаар тоглож байсан тоглоомныхоо дараагийн үе рүү ороход ганцхан алхам дутуу байсан юм сан."
Баруун Жюжян хотын Аймшгийн байшингийн үүдэнд зогсох хэсэг оюутнууд ийнхүү урамгүйхэн бувтналдсаар мотоциклээ унаад одов. Аймшгийн байшингийнхаа сурталчилгааны хуудсыг барин зогсох Чэнь Гө үүнийг хараад урам хугарсан байдалтай толгой сэгсэрлээ.
Айлгах урлаг бол угтаа ур чадвар шаарддаг зүйл хэдий ч, аймшгийн кинонууд ихээр гарах болсноор орчин үеийн хүмүүсийн айдаст автах босго өндөрссөн билээ. Тиймдээ ч Аймшгийн байшинд орох нь өөрийнхөө арын хашаагаар салхилахтай адилхан энгийн зүйл болжээ.
"Дарга аа!"
Түүний ард нэгэн эмэгтэй хүний цовоо дуу хадлаа. Чэнь Гө эргэж хартал, сувилагчийн хувцастай, туранхай 'зомби' Аймшгийн байшингаас ууртай нь аргагүй гүйж гарч ирэх нь тэр.
"Юу болоо вэ, бяцхан Вань?" Зомбигийн нэрийг Шюй Вань гэдэг бөгөөд тэрээр Аймшгийн байшинд түр хугацаагаар хөлсөөр ажиллаж буй жүжигчдийн нэг юм.
"Саяны тэр хэдэн танхай амьтад намайг оролдохыг завдсан!" гэж охин шүдээ зуун, гараа чанга атгангаа ууртай нь аргагүй хэлэв.
[Зүгээр л надад гомдоллох гэсэн байж...]
"Ямар аймаар юм бэ; зомбиг хүртэл тайван байлгахгүй юм аа." Даргын хувьд мэдээж Чэнь Гө, бяцхан Ванийн талд байлаа.
"Дараа нь би соёл амралтын хүрээлэнгийн менежерээр хяналтын камерын бичлэгийг гаргуулж шалгуулъя."
"Тэгэх шаардлагагүй ээ. Тэднийг ямар санаатай байгааг ойлгонгуутаа л тэр хүүгийн нүүр рүү нь дэлсээд авсан." Шюй Вань хувцасныхаа зах руу үсэрсэн цусны толбыг заагаад, нэлээд бахархсан байдалтайгаар, "Хараа, энэ хиймэл цус биш шүү" хэмээв.
"Сайн байна, маш сайн, охин хүн өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй." Чэнь Гө магнайдаа хурсан хүйтэн хөлсөө арчив. Тэрээр жаргаж буй нар руу харангаа, "Өнөөдөртөө үүгээр дуусгах цаг болсон бололтой. Өөр үйлчлүүлэгч ирэхгүй биз, тиймээс өнөөдөр эрт тарж болно гэдгийг бусдадаа очоод хэлээдхээрэй" гэлээ.
Гэвч зомбины нүүр будалттай охин хөдлөх гэж яарахгүй байгааг тэр анзаарав.
"Өөр ямар нэгэн зүйл болоо юу?"
"Дарга аа..." Шюй Вань хэсэг тээнэгэлзсэнээ халааснаасаа хоёр дугтуйг аажмаар гаргаж ирэв. "Энэ бол Тао Мин, Шяо Вэй хоёрын ажлаас гарах өргөдөл. Та тэдэнд маш сайн дарга байсан болохоор өөрсдөө нүүр тулан өгөхөөс ичээд надаар дамжууллаа."
"Тэд гарч байгаа хэрэг үү?" Чэнь Гө илэрхий зүйлийг лавлан асуугаад захидлыг авлаа. Тэгээд нэмж, "Хүн бүхэнд өөрсдийн гэсэн мөрөөдөл бий шүү дээ, яах вэ дээ. бяцхан Вань, өөр зүйлгүй бол чи одоо явж болно оо" гэлээ.
"Ойлголоо, би эхлээд очоод нүүр будалтаа арилгалаа шүү."
Хөөрхөн бяцхан зомбиг явсны дараа Чэнь Гө чимээгүйхэн тамхи асаалаа. Хагас жилийн өмнө түүний эцэг эх нь учир битүүлгээр сураггүй алга болох үедээ зөвхөн энэ Аймшгийн байшинг л түүнд үлдээсэн юм.
Тэднийхээ дурсгалыг мөнхөд хадгалахын тулд Чэнь Гө өдрийн ажлаасаа гарч, энэхүү Аймшгийн байшинг удирдах ажилд бүх анхаарлаа хандуулах болсон билээ.
Даанч, цаг үе өөрчлөгдөж байв. Өвөрмөц чиглэл хэдий ч Аймшгийн байшингуудын дунд өрсөлдөөн маш их байсан бөгөөд хязгаарлагдмал талууд ч олон байв. Аливаа нэгэн аймшгийн үзүүлбэр эхний удаадаа айлгаж чадах ч дахин үзэхэд айлгах чанараа алддаг байсан тул тасралтгүй шинэчлэл хийхийн тулд асар их нөөц бололцоо болон хөрөнгө мөнгө шаарддаг байлаа.
Хэдэн долоо хоногийн өмнөөс эхлэн Аймшгийн байшин алдагдалд орж эхэлсэн ба өдрийн тасалбарын борлуулалтын орлого нь цахилгаан, усны зардлаа арай ядан нөхөж байв.
"Би одоо хэр удаан тэсэж чадах юм бол доо."
Тамхиа унтраагаад, Чэнь Гөг Аймшгийн байшин руу буцаж орохоор бэлтгэж байтал "Шинэ зуун" цэцэрлэгт хүрээлэнгийн дүрэмт хувцас өмссөн дунд эргэм насны эрэгтэй түүн рүү алхан ирж явав. Түүнийг харангуутаа Чэнь Гө муур харсан хулгана шиг л хурдан хурдан алхаж эхэллээ.
"Чи намайг хараагүй юм шиг царайлж чадна гэж бодоо юу?" Дунд эргэм насны эрэгтэй Чэнь Гөгийн мөрнөөс чанга атгалаа. "Өнөөдөр бид хоёрт гарцаагүй ярилцах зүйл байна. Чи түрээс болон ашиглалтын зардлаа төлөлгүй аль хэдийн хоёр сар боллоо. Дээд удирдлагууд энийг зохицуул гээд намайг шавдуулж байна, тиймээс мөнгөө төлөөрэй!"
"Шюй авга аа, би төлөхийг хүсэхгүй байгаа юм биш ээ, үнэхээр надад өгөх мөнгө байхгүй байна. Дахиад ганцхан сар хүлээж болохгүй юм уу?"
"Өнгөрсөн сард ч чи яг ингэж л хэлсэн шүү дээ!"
"Амлаж байна, энэ үнэхээр сүүлийн удаа!" гэж Чэнь Гө чин сэтгэлээсээ амлав.
"Хүмүүсийн сонирхол аль хэдийн Аймшгийн байшингаас холдсон. Намайг сонс, ингээд зөрүүдлээд байх хэрэггүй." Шюй авга хэмээх тэр эрэгтэй Чэнь Гөгийн гарт байгаа ажлаас халагдах өргөдлийг хараад, түүний мөрөн дээрх атгалтаа аажмаар суллав. "Чи залуу хүн байна; өөр салбарт цоо шинээр эхлэх боломж чамд байсаар атал яах гэж өөрийгөө ингэж зовоогоод байгаа юм бэ?"
"Шюй авга, таныг миний л төлөө санаа зовж байгааг би мэднэ ээ. Гэхдээ энэ Аймшгийн байшин миний хувьд шал өөр утга учиртай юм шүү. Эцэг эхийнхээ үлдээсэн сүүлчийн дурсамжийг орхих хүсэл надад одоогоор алга" гэж Чэнь Гө бусад хүн сонсчих вий гэсэн мэт намуухан дуугаар хэлэв.
Соёл амралтын хүрээлэнгийн менежерийн хувьд тэрээр Чэнь Гөгийн эцэг эхийн алга болсон хэргийг сайн мэддэг байлаа. Тэр шууд хариулсангүй. Хэдэн секундийн дараа тэрээр санаа алдаад, "Ойлголоо, чиний юу мэдэрч байгааг би ойлгож байна. Би чиний өмнөөс удирдлагуудтай ярилцаж, дахин хэдэн долоо хоногийн хугацаа олж өгөхийг бүх чадлаараа хичээе" гэлээ.
"Баярлалаа, Шюй авга аа!"
"Надад талархах болоогүй байна, тасалбарын борлуулалтаа нэмэгдүүлж чадах эсэхээ л сайн бодсон нь дээр шүү, үгүй бол төгсгөл нь яг адилхан л байх болно."
Цэцэрлэгт хүрээлэнгийн менежерийг үдэн гаргаж өгснийхөө дараа Чэнь Гө Аймшгийн байшиндаа буцан ирж, тоног төхөөрөмжөө шалгах, эд зүйлсээ засаж янзлах, цэвэрлэгээ хийх зэрэг өдөр тутмынхаа ажилд оров.
"Засварын өрөөнд байгаа хиймэл цус бараг дуусаж байна; шинээр худалдаж авах хэрэгтэй юм байна.
"Хэрвээ энэ хонгилыг хажуу тийш нь бага зэрэг налуу болгоод өгчихвөл үйлчлүүлэгчдийг айлгах төгс харагдахгүй өнцөг үүсэх нь дээ.
"Өө үгүй ээ, энэ хүүхэлдэй аль хэдийн эвдэрчихэж; дараа нь засах хэрэгтэй .
"Новш гэж! Өнгөрсөн долоо хоногт суурилуулсан гэрлийн чийдэн яачихсан юм бэ? Хэн хулгайлаад явчихав аа‽"
Хөндлөнгийн хүний нүдээр бол тэр Аймшгийн байшингийн эзэн, нэг төрлийн залуу энтрепренёр боловч, үүнийг ажиллуулахын ард ямар их бэрхшээл тулгардаг болохыг зөвхөн Чэнь Гө өөрөө л маш сайн ойлгож байв.
Аймшгийн байшингууд бол нэг төрлийн зугаа цэнгэл юм. Аймшигтай орчинд орсон хүний бие болоод сэтгэл зүйн байдал дээд цэгтээ тултал хурцдаж, харин тэрхүү түгшүүр арилах үедээ тайвширч, сэтгэл ханамжийн мэдрэмж төрүүлдэг; энэ нь нэг талаараа массаж хийлгэхтэй л адил зүйл билээ.
Үүний зэрэгцээ, ихэнх Аймшгийн байшингууд нэг л хэвийн арга зальтай байв. Энэ бизнесийн хамгийн үр дүнтэй арга бол үргэлж шинэ үйлчлүүлэгчдийг татахын тулд нүүдэллэж байх явдал юм. Чэнь Гөгийнх шиг нэг газартаа суурин байдаг Аймшгийн байшин олон хүнийг татахын тулд маш их алдартай байх ёстой, үгүй бол тэд удаан оршин тогтнож чадахгүй. Түүнийг өнөөг хүртэл тэсэж үлдсэн явдал нь өөрөө нэгэн төрлийн гайхамшиг байлаа.
Сүйдсэн хүүхэлдэйг чирч явсаар Чэнь Гө засварын өрөөнд оров. Тэрээр коллежид Тоглоомын дизайн чиглэлээр суралцаж байсан бөгөөд Аймшгийн байшинд ашиглагддаг техник хэрэгсэл, занга зэргийг бүгдийг нь өөрөө зохион бүтээж, хийсэн юм. Оёх, дахин будах зэргийг багтаасан энэ засварын үйл явц нь маш уйтгартай бөгөөд нэгэн хэвийн давтагдмал ажил байв.
"Нөгөө хиймэл цус дутуу байсаар л байна. Зөв санаж байгаа бол мансарданд бага зэрэг нөөц байх ёстой доо." Аймшгийн байшин гурван давхарт хуваагддаг бөгөөд нэг болон хоёрдугаар давхрыг аймшгийн үзүүлбэрүүддээ зориулсан бол гуравдугаар давхар нь агуулах юм.
Модон хаалгыг түлхэж онгойлгоход модны үртэс, тоосонцрын цаана Чэнь Гөгийн эцэг эхийн Аймшгийн байшинг ажиллуулж байх үедээ үлдээсэн төрөл бүрийн материал, хэрэггүй болсон эд зүйлс харагдана.
Өнгөрсөнтэйгээ нүүр тулахыг хүсдэггүй байсан тул Чэнь Гө энэ газар руу ховорхон гарч ирдэг байв.
"Одоо бодоод байх нь ээ, бараг хагас жил болчхож."
Төрөл бүрийн эд зүйлсийг хараад Чэнь Гөд бага нас нь бодогдов. Тэр үед тэдний гэр бүл явуулын Аймшгийн байшин ажиллуулдаг байсан бөгөөд тэрээр эцэг эхийнхээ хамтаар улс орноороо аялах боломж олддог байв. Хоёр том хүн завгүй байх үедээ Чэнь Гөг тайзны ард төрөл бүрийн сүнснүүдтэй хамт ганцааранг нь үлдээдэг байсан бөгөөд ингэснээр түүний ер бусын гэмээр зориг бага наснаасаа л хурцлагджээ.
Эцсийн эцэст, түүнтэй чацуу найзууд нь угсардаг тоглоом, эвлүүлдэг зургаар тоглож байхад тэр хиймэл хүний толгой барьчихсан гүйж явдаг байсан шүү дээ.
"Энэ бүхэн миний хувьд нандин дурсамжууд."
Чэнь Гө ямар ч зорилгогүйгээр дэмий холхиж байгаад эцэг эхээс нь үлдсэн хэдэн зүйлийг хадгалж байсан модон хайрцагны дэргэд ирснээ анзаарав.
Дотор нь хар гар утас болон бүдүүлэг хийцтэй нэгэн хүүхэлдэй байлаа. Энэхүү хүүхэлдэй нь Чэнь Гөгийн багадаа хийсэн хамгийн анхны тоглоом байсан ч, харин тэр утасны талаар юу ч санахгүй байв. Энэ хоёр эд зүйлийг хөдөө байдаг орхигдсон эмнэлгээс олсон бөгөөд Чэнь Гөгийн эцэг эх шөнө дөлөөр яах гэж тийшээ явсан бэ гэдэг талаар цагдаа нар хүртэл түүнд тодорхой хариу өгч чадаагүй юм.
"Та хоёр минь хаанбайнагаа юм болдоо?"
Чэнь Гө хүүхэлдэйг аваад булцгар хацрыг нь чимхэв. Тэгээд санаа алдаад, өөртөө хандан, "Би нөгөө хиймэл цусаа олсон нь дээр байх аа. Хэрвээ би энэ зогсонги улирлыг давж гарч чадахгүй бол үнэхээр л энэ Аймшгийн байшинтайгаа салах ёс гүйцэтгэхээс өөр аргагүй болох нь" гэлээ.
Чэнь Гө өөртэйгөө ярьж байсан ч түүнийг ингэж хэлэх үед хайрцаг дотор чимээгүйхэн байсан хар утас гэнэтхэн бүдэг, хүйтэн гэрэл цацруулан аслаа.
"Юу болоод байна аа? Миний мэдэхгүй шинэ технологи уу, эсвэл ер бусын үзэгдэл үү?" Хэрэв энэ явдал өөр хүнд тохиолдсон бол магадгүй маш их айдастайгаар хашхиран ухаангүй гүйж гарах байсан биз. Гэвч үүнтэй харьцуулахад Чэнь Гөгийн хариу үйлдэл хавьгүй тайван байв. Тэрээр утсыг авч, илүү ойроос ажиглалаа.
"Их хачин юм. Би өмнө нь энэ утсыг зуу гаруй удаа асаах гэж оролдсон ч огт болохгүй байсан юм сан, өнөөдөр яагаад өөрөө асчихдаг байна аа? Энэ утсыг аав ээж хоёрын минь алга болсон газраас олсон, магадгүй тэд намайг хэцүү байдалд орсныг мэдээд туслахаар холбоо барьж байгаа юм болов уу?"
Чэнь Гө утасны дэлгэцийн түгжээг тайлахад хар дэвсгэртэй дэлгэцэн дээр нь ганцхан ашиглаж болохуйц аппликэйшн байлаа. Түүний дүрс нь Аймшгийн байшингийн хэлбэртэй байв.
"Байз... Энэ их танил харагдаад байх чинь, миний өөрийн Аймшгийн байшингийн урд хаалгатай яг адилхан юм байна!"
Чэнь Гө хөмсөг зангидан уг аппликэйшн дээр дартал, дэлгэцэн дээр цусаар бичсэн мэт нэгэн эгнээ үсгүүд гарч ирэв: Энэ хорвоо дээр сүнс байдагт чи итгэдэг үү?
Бодитоор авч үзвэл энэ бол метафизикийн философийн асуулт байв; Чэнь Гө шиг инженерийн чиглэлээр суралцаж байсан оюутны хувьд үүнд хариулах бараг л боломжгүй байлаа.
"Байх ёстой доо," гэж Чэнь Гө өөртөө бувтнав, хэдэн секундын дараа дэлгэцэн дээр шинэ өгүүлбэр гарч ирлээ.
"Таны юунд итгэдэг вэ гэдэг чинь л хариулт юм. Энэ мөчөөс эхлэн та Аймшгийн байшингийн шинэ эзнээр албан ёсоор томилогдож байна.
Мэдээж, энэ бол баярлахаар сайхан зүйл биш. Зааварчилгаа дуусахаас өмнө миний сүүлчийн зөвлөгөөг дагаарай: амиа хорлох бол хамгийн хулчгар үйлдэл бөгөөд амьд үлдэхийн тулд бүх чадлаараа хичээгээрэй!"
"Юу гэнэ ээ? Гэхдээ энэ ихэмсэг ярианы хэв маяг миний аавтай их төстэй байх чинь."
Чэнь Гө аппликэйшн руу дахин дартал шинэ цонх гарч ирэв.
Баруун Жюжяний Аймшгийн байшин
Төлөв байдал: Хаалгаа барихад ойрхон
Сайн Нэр хүнд: Тэг
Өдрийн үйлчлүүлэгчийн тоо: Дөрөв
Сард ирэх үйлчлүүлэгчийн тоо: Арав
Миний Сүнс болон Чөтгөрүүдийн баг: Байхгүй
Миний эд зүйлсийн агуулах: Байхгүй
Нээгдсэн амжилт: Байхгүй
Одоогоор ашиглах боломжтой үзвэрүүд [Тайзны засал]:
Амьд үхдэлүүдийн шөнө – Аймшигтай муу тоног хэрэгсэл, сургалтгүй жүжигчид, ямар ч унших сонирхрлгүй, утга учиргүй зохиол. Айлгах түвшин: 0 Од
Минхүнь [Сүнсний хурим] – Амьд ертөнцөд салж хагацсан хосууд, сүнсний ертөнцөд үүрд мөнх холбогдоно; нэгэн булшинд орж, үхэл дотроос аз жаргалыг хайна. Айлгах түвшин: 0.5 Од
Нээх боломжтой үзүүлбэрүүд:
Шөнө дундын аллага – Сэтгэцийн өвчтэй аюултай өвчтөн орхигдсон байранд сэлгүүцнэ. Гарны оронд хайч, модон алхтай тэрээр яг таны байгаа өрөөний гадна тэнүүчилж байгаа. Айлгах түвшин: 1 Од
Гуравдугаар тасаг – Энэхүү хаягдсан эмнэлгийн барилгаас шөнө бүр тайлбарлахын аргагүй чимээ гардаг. Сонины сурвалжлагчийн хувьд танд энэ харанхуй нууцыг судлах даалгавар өгөгдөнө. Айлгах түвшин: 3 Од
Сүнстэй шарил зөөх тэрэг – Авс ачсан шарил зөөх тэргэн дотор байх ба хэрэв та нэг цагийн дотор зугтаж чадахгүй бол тэрэгний дотор үүрд үлдэх болно. Айлгах түвшин: 2 Од
Өдөр тутмын даалгавар:
Аймшгийн байшингаас өгөх өдөр тутмын даалгавруудыг биелүүлснээр илүү олон аймшгийн үзүүлбэрүүдийг нээх боломжтой. Шагнал нь даалгаврын хүнд хөнгөний түвшнээс хамаарна.
Аймшгийн байшинг хөгжүүлэх нөхцөл:
• Сард ирэх үйлчлүүлэгчдийн тоо 100-с давах.
• Сайн нэр хүнд 60 хувиас дээш байх.
(3 удаа байшингаа сайжруулсны дараа Аймшгийн байшин маш том төөрдөг байгууламж болон шинэчлэгдэнэ.)
Хараалт хүрд : (Аймшгийн байшингийн үйлчлүүлэгчдээс үүсэх Айдсын оноог зарцуулан хүрд эргүүлнэ):
Үхэл амьдралыг хүн өөрөө шийддэггүй; аз, эз хоёр ганцхан алхмын л зайтай байдаг. Энэхүү хүрдэнд таны насыг уртасгах Сүнслэг жимс байхаас гадна, үзэн ядалтад идэгдсэн аймшигтай Хорон сүнс ч бий!
Бусад функцууд: Одоогоор нээгдээгүй байна