36-р бүлэг : Аюул
Хэдэн секундын дараа Фөн ах амьсгаагаа дарсныхаа дараа хуруугаа өргөөд угаалгын өрөө рүү сулхнаар зааж, "Толь..." гэлээ.
Хамгийн энгийн байж болох энэ үг Чэнь Гөгийн царайг хувиргаж орхив. Фөн ахыг орон дээр хэвтүүлснийхээ дараа тэр угаалгын өрөө рүү яваад орлоо. Ханан дээрх толь хагарч, шилний хэлтэрхийнүүд шалаар нэг тарсан байв.
Өмнө нь Хө Санийг ухаан алдсаны дараа Чэнь Гө Аймшгийн байшингийн бүх толийг хар даавуугаар бүтээсэн байсан юм. Түүнээс хойш ямар ч осол гараагүй бөгөөд шинэ үзвэр нээгдэх үед тэр илүү сонор сэрэмжтэй байх ёстой байсан ч тэгж чадаагүй. Тэр энэ осолд тодорхой хэмжээгээр буруутай байв.
Аливаа зугаа цэнгээний газрын хувьд, аюулгүй байдлын шаардлага хангадаггүй гэсэн цуу ярианд өртөх л юм бол бизнес нь гарцаагүй хэцүүдэх бөгөөд Чэнь Гө энэхүү аймшигт үнэнийг маш сайн ухамсарлаж байлаа. Тэр шалан дээрээс нэг хэлтэрхийг авч, түүн дотор ойх өөрийнхөө тусгалыг хараад, "Би энэ зүйлтэй аль болох хурдан тооцоо бодох хэрэгтэй!" хэмээн өөртөө амлалаа.
Хүмүүсийн адил сүнснүүд хүртэл сайн, муугаараа ялгагддаг. Толин доторх мангас бол гарцаагүй муу ёрынх байсан; Чэнь Гө үүнд итгэлтэй байв. Тэр нь уг чанараасаа л түрэмгий бөгөөд ямар нэгэн аймшигтай нууц хадгалж байж магадгүй байлаа. Хө Санийн ухаан алдсан хэрэг болон Фөн ахад тохиолдсон явдал Чэнь Гөд аюулын дохио өгч, түүнд дарамт мэдрүүлж эхлэв.
Толийг хар даавуугаар бүтээх нь байнгын шийдэл биш байлаа. Толин доторх зүйл Аймшгийн байшингийн өргөжилтөд хурдацтайгаар саад тотгор болж байв. Хагарсан толийг эс тооцвол, угаалгын өрөөнд өөр сэжигтэй зүйл байсангүй. Чэнь Гө гарахынхаа өмнө өрөөг гүйлгэж нэг харлаа.
Гавал хагалагчийн алхаа атгасан чигтээ тэр Фөн ахын хажууд суув. "Түрүүн юу болсон талаар надад хэлж өгч болох уу?"
Хэдэн минут амарсаны дараа Фөн ахын амьсгал эцэст нь нэг жигдэрсэн боловч, түүний царай аймшигтай цонхигор хэвээр л байлаа. "Би тайлбарлаж чадахгүй байх аа."
"Санаа зоволтгүй ээ, зүгээр л санаж байгаагаа л хэлчих." Чэнь Гө , Фөн ахыг чимээгүйхэн шинжин харлаа. Энэ залуу шууд ухаан алдчихдаг Хө Саниас өөр байв; түүний сэтгэл зүйн тэсвэр хатуужил Хө Санийхаас хамаагүй өндөр байгаа нь илт бөгөөд энэ нь ядаж л түүнд эсэргүүцэл үзүүлснээр нь батлагдаж байлаа.
Фөн ах орон дээр суухыг оролдсон бөгөөд нүдэнд нь айдас эргэлдсээр л байв. "Тэр үед би танай ажилчдын нэгэнд хөөгдөөд энэ өрөөнд орж нуугдсан юм. Эхэндээ бүх зүйл зүгээр байсан ч, сүүлдээ миний нэрийг хэн нэгэн дуудахыг би сонссож эхэлсэн."
"Хэн нэгэн чиний жинхэнэ нэрээр дуудсан гэнэ ээ?"
"Яг ч тийм биш ээ; намайг дуудаад байх шиг санагдсан." Фөн ах толгойгоо маажив. "Чимээ гарч байсан эх үүсвэр нь энэ өрөөн дотор байсан бөгөөд хаанаас гараад байгааг нь олох гэж би нэлээд удсан."
Энэ үед түүний нүдэн дэх айдас улам гүнзгийрлээ. "Тэр хоолой угаалгын өрөөний толин дотроос гарч байсан. Ямар нэг юм хэлээд байсан ч, би сайн ойлгож чадаагүй. Миний мэдэж байгаа ганц зүйл гэвэл тэр надтай ямар нэгэн байдлаар холбоотой байсан."
"Тэгээд цааш нь?" Фөн ахын амнаас гарсан үг бүрийг Чэнь Гө цээжилж авлаа; энэ нь толин доторх мангастай нүүр тулахад нь маш үнэтэй мэдээлэл болох байв.
"Тэгээд би толины өмнө зогсоод, яг юу болоод байгааг ойлгохыг хичээсэн. Хананаас толийг нь салгаж авах гэтэл миний гар түүнд хүрэх үед чихний хажууд дуугарах хоолой гэнэт чангарсан. Миний ухаан санаа самуурч эхэлсэн бөгөөд ямар нэгэн шалтгаанаар толинд ойсон миний тусгал өөрчлөгдөж эхэлсэн." Фөн ахын нүд угаалгын өрөө рүү байн байн хяламхийх бөгөөд хэзээ мөдгүй тэндээс мангас үсрэн гарч ирэх вий гэхээс айж байлаа. "Би толины өмнө зогсож байсан ч, толин доторх тусгал нь би биш байсан. Ердийн үед бол би айх байсан байх, гэхдээ дараа нь болсон зүйлийг бодох төдийд л одоо ч гэсэн миний нуруугаар хүйт даадаг."
"Юу болсон юм бэ?"
Фөн ах ноцтойгоор, "Тэр үед надад ямар ч айдас, түгшүүр төрөөгүй. Бүх зүйл энгийн байж болох хамгийн дээд хязгаартаа байгаа мэт л байсан. Би толь руу дөхөж эхэлсэн бөгөөд миний царай толины гадаргууд ойртох үед нөгөө 'би'-гийн царай ч бас дөхөж ирэхийг би харсан. Над руу ширтэж байсан тэр царай минийх мөн байсан ч, ямар нэг шалтгаанаар маш танихгүй, харь санагдсан.
Хэрэв та намайг яагаад гэдгийг нь хэлээд өгөөч гэвэл би үнэхээр хэлж чадахгүй, гэхдээ над руу буцаад ширтэж байсан тэр царай минийх биш юм шиг тийм л мэдрэмж байсан. Тархинаас ямар ч тушаал өгөөгүй байтал гар минь өргөгдөж байгааг би нүднийхээ булангаар харж байлаа. Гараа толины гадаргуу дээр наах үед яг л би толь руу мөлхөж орохыг хичээж байгаа юм шиг, эсвэл... үгүй ээ, тийм биш, би толин дотор түгжигдчихээд гадагшаа гарахыг хичээж байгаа юм шиг л мэдрэгдсэн."
Хар дарсан зүүдний даалгаврын үеэр Чэнь Гө ч бас яг ийм зүйлийг туулсан билээ. Бичлэгээ эргүүлж үзэхэд, түүний бие үнэхээр л толь руу аажмаар дөхөж очсон байсан юм. "Тэгээд чи яаж байгаад энэ байдлаас мултарч чадсан юм бэ?"
"Толины л ач шүү дээ." Энэ хариулт Чэнь Гөгийн гайхшралыг төрүүлэв. "Тэр үед бие минь миний хяналтаас гарчихсан мэт мэдрэгдэж байтал, толины тусгалаар миний ард нэг даавуун хүүхэлдэй хэвтэж байхыг би олж харсан юм."
"Даавуун хүүхэлдэй гэнэ ээ?"
"Тийм ээ, бусад өрөөнүүдэд хэвтэж байсан хүүхэлдэйнүүдтэй төстэй. Дэлгэсэн алганы чинээ хэмжээтэй, бас нүүрэндээ оёмол сахалтай байсан." Фөн ах гараараа хэмжээг нь зааж үзүүлэв. "Хүүхэлдэй гэнэт гарч ирснээс болоод миний тархинд аюулын дохио хангинаж, айдас яг л түймэр шиг миний биеэр тархсан. Тэр үед миний толгойд ганцхан л бодол байсан—зугтах. Гэвч бие маань миний тушаалыг дагахаас татгалзаж; оюун ухаан, бие махбод хоёр минь хоорондоо тэмцэлдэж эхэлсэн."
Фөн ах үүнийг маш тайван өнгөөр дүрслэн ярьсан боловч, энэ нь хэр зэрэг аюултай байсныг Чэнь Гө төсөөлж чадаж байлаа.
"Үүний дараа хоёрдугаар давхраас Хө Санийн орилох нь сонсогдсон. Энэ нь шившлэгийг эвдэж, намайг салгасан бололтой." Фөн ахын нүдэн дэх айдас бага зэрэг замхарчээ. "Би маш их айсан болохоор миний хамгийн эхний зөн совин бол хамгийн ойр байсан модон сандлыг шүүрч аваад толь руу савчуулах л байлаа. Танай Аймшгийн байшингийн уур амьсгал үнэхээр аймшигтай, бодит байсан тул би өөрийгөө цэцэрлэгт хүрээлэнгийн үзвэр дотор байгаагаа ч бүрэн мартчихсан байсан."
Энэ үед Фөн ах гэнэт нэг зүйл санах шиг болж Чэнь Гө рүү уучлал эрэн инээмсэглэв. "Миний танд хэлсэн бүхэн үнэн шүү; ямар ч дэгсдүүлсэн зүйл байхгүй. Толийг шинээр солих төлбөрийг би бүрэн төлөх болно оо."
"Тэгэх шаардлагагүй дээ; би зүгээр л чамайг эсэн мэнд байгаад баяртай байна." Чэнь Гө босоод, нүдээрээ өрөөг гүйлгэн харлаа. "Дашрамд хэлэхэд, чиний харсан тэр хүүхэлдэй одоо хаана байна?"
Фөн ах хариулахаасаа өмнө хэсэг тээнэгэлзэв. "Би түүнийг орны доогуур өшиглөчихсөнөө санаж байх шиг байна. Тэр бас л танай эд хэрэглэлүүдийн нэг байх, тийм үү? Уучлаарай."
Чэнь Гө доош явган сууж, тоостой гутлын мөр гарсан хүүхэлдэйг орны доороос гаргаж ирэв. Тэр биен дээрх тоосыг нь гөвөөд, "Чи энэ хүүхэлдэйд талархах хэрэгтэй шүү; тэр л чамайг аварсан байна" гэлээ.
"Хүүхэлдэй намайг аварсан гэнэ ээ? Та тэгж хэлж байгаа бол... Баярлалаа, тэгээд би одоо явж болох уу?" Фөн ах өөрийн эрхгүй хойш ухарсан бөгөөд царай нь нэлээд цайсан байв. Тэр энэ Аймшгийн байшингийн эзнээс цацрах хачирхалтай мэдрэмжийг мэдэрч байсан ч Чэнь Гө түүнийг аврахаар ирсэн тул хүчлэн байж эелдэгээр талархал илэрхийлэв.
"Түрүүн чиний туулсан бүхэн Аймшгийн байшингийн эд хэрэглэл, эсвэл тусгай эффектүүдийн нэг хэсэг биш, бүгд бодит байсан гэвэл чи надад итгэх үү?"
Цусанд нэвчсэн өмсгөлтэй, урагдсан даавуун хүүхэлдэйг тэвэрсэн Чэнь Гө толгойгоо хажуу тийш гилжийлгээд залуугаас ийн асуулаа.
Ойролцоогоор 190 сантиметр өндөртэй хөөрхий Фөн ах орны буланд бяцхан охин шиг атиралдан суух ба цөхөрсөн өнгөөр, "Би мэдэхгүй ээ, та л хэл дээ, би итгэх ёстой юм уу, үгүй юм уу?" гэж хариулав.