45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!
Бичлэг нийтлэгдсэнээс хойш нэг минутын дараа Чэнь Гөгийн сэтгэгдлийн хэсэг дахин дэлбэрэх нь тэр!
"56 дахь секундэд ванн налж байгаа сүүдэр чинь тусгай эффект биз дээ‽ Тэр ванны доороос мөлхөж гарч ирэх шиг болсон!"
"Бичлэг дээр махны хутга савчуулж байгаа хүн нь нийтлэгч өөрөө юм уу? Хэн нэгэн түүнд Оскар өгөөч!"
"Хэрэв тэр хар сүүдэр дахиад жаахан л удаан дарсан бол, нийтлэгч өдийд бидэнтэй хамт байхгүй байлаа шүү!"
"Новш гэж! Бичлэгийг эхлүүлэхдээ би бас амьсгаагаа түгжихийг оролдож байсан чинь, энэ зүйл дундуур нь гэнэт гараад ирлээ шүү дээ!"
"Амьд байгаа дээрээ зугтаарай! Энэ нийтлэгч зөвхөн сүнстэй бичлэг л оруулдаг юм байна! Эргэж харалгүй шууд л зугт!"
"Утас руугаа бүтэн минутын турш ширтсэнийхээ дараа, өнөө шөнө би унтаж чадахгүй нь гэдгээ ойлголоо."
"Өмнөх бичлэгийг чинь үзсэний дараа би толь руу харж зүрхлэхээ больсон, харин энэ бичлэгийн дараа би дахиж хэзээ ч ганцаараа усанд орж чадахгүй нь ээ! Зүрх Сэтгэлгүй нийтлэгч ээ, ᕙ(⇀‸↼‶)ᕗ миний энэ цохилтыг амсаад үз!"
Шөнийн 4 цаг болж байсан хэдий ч бичлэг нь ийм сайн хандалттай байгаад Чэнь Гө баяртай байлаа. Дагагчдаасаа мэдэрч буй энэхүү 'хайр' нь түүнд хийсэн бүхэн нь үнэ цэнтэй байсныг ухааруулжээ.
Бичлэгийн аппликэйшнээ хаахаасаа өмнө Чэнь Гө Аймшгийн байшингийнхаа сурталчилгааг оруулахаа мартсангүй. Дагагчид ч хурдан хариу үйлдэл үзүүлж, нутгийнхаа хоолоор дайлангаа очиж уулзана гэсэн сэтгэгдлүүд үлдээж байв.
[Аймшгийн байшин руу орох тасалбар худалдаж аваад зогсохгүй, надад нутгийнхаа хоолноос бэлэглэхийг хүсэж байна гэхээр өнөөдрийн үйлчлүүлэгчид ч үнэхээр сайхан хүмүүс байх нь ээ.]
Чэнь Гө аппликэйшнээс гарсныхаа дараа сэтгэл санаа нь хамаагүй дээрдсэнээ мэдэрлээ. Тэрээр дахин нэг удаа залхуутайгаар суниагаад, таван хүүхэлдэйгээ энгэртээ тэвэрсээр 'Шөнө дундын аллага' үзвэрийн давхраас гарлаа.
Шөнө удалгүй өнгөрч, үүр цайв. Аймшгийн байшингийн гадаах тэнгэр гэгээ орж эхэллээ. Чэнь Гө эд хэрэгсэлийн өрөөнөөс хэд хэдэн модон банз олж ирэв. Тэрээр 'Шөнө дундын аллага' үзвэр рүү орох гол хаалга болон нууц хаалгыг хадаж орхилоо. Толин доторх мангасыг устгахаасаа өмнө тэр энэ үзвэрийг ашиглах бодолгүй байв.
[Нэг тасалбар хорин юань, бас 'Шөнө дундын аллага' нэг дор долоон үйлчлүүлэгч оруулах багтаамжтай. Нэг оролтыг арван таван минут гэж тооцвол, би цагт 560 юанийн ашиг олох боломжтой. Нэг өдрийн ажил найман цаг гэвэл 4000 гаруй юань болно шүү дээ.]
Энэ бодол Чэнь Гөгийн зүрхийг өвтгөж байсан ч, тэр шуналдаа сохорсонгүй.
[Аюулгүй байдал хамгийн чухал. Ирээдүйд шинэ үзвэрүүд нээгдэхээр мөнгө олох боломж мундахгүй шүү дээ.]
Үзвэрийг хаасныхаа дараа Чэнь Гө ажилчдын амралтын өрөө рүү буцлаа. Хүүхэлдэйнүүдээ орныхоо хажууд тавиад, тэрээр гүйлтийн хувцсаа өмслөө. Туршилтын даалгавар Чэнь Гөд нэг зүйлийг сануулсан нь, хэрвээ тэр үе үе бэлтгэл хийдэггүй байсан бол аль хэдийн газар дор оршуулагдсан байх байв.
Шюй Вань өглөөний 8:40 цагийн орчимд ажилдаа ирлээ. Булан тойроод л толгойгоосоо хөл хүртэл хөлсөндөө нэвчсэн Чэнь Гөтэй таарахдаа тэр ихэд гайхлаа. Түүний бодлоор дарга нь дасгал хөдөлгөөн хийдэг хүн биш байв.
Аймшгийн байшингийн хаалга нээгдэж, шинэ ажлын өдөр эхэлснийг илтгэлээ. Хоёр ажилтан тус тусын байрандаа зогсож, ажиллахад бэлэн болов. Өглөөний 9 цагт үйлчлүүлэгчид цэцэрлэгт хүрээлэн рүү орж ирж эхэлсэн боловч Аймшгийн байшингийн үүд нэлээд хоосон хэвээр л байв; энэ бол Шинэ Зуун цэцэрлэгт хүрээлэн доторх бүх үзвэрээс хамгийн хүн багатай нь байлаа.
"Дарга аа, та өчигдөр шөнө Аймшгийн байшин дотор юу хийсэн юм бэ? Яагаад хаа сайгүй ус болчихсон байгаа юм?"
"Шал угаасан юм." Чэнь Гө ямар нэгэн шалтаг хэлчихээд, "Сүнсний дүрд тоглохдоо ямар ч толиноос үргэлж хол байхаа санаарай" гэж нэмж хэлэв.
"Яагаад тэр вэ?"
Чэнь Гө түүнд тайлбарлах гэж байтал цэцэрлэгт хүрээлэнгийн менежер Шюй авга тэдний зүг алхаж явааг олж харлаа.
"Шюй авга, ямар нэг асуудал гараа юу?" Чэнь Гө чихэвчээ авлаа. Шюй авгын царай тийм ч таатай бус байгааг тэр анзаарав.
"Чи өдрөөс өдөрт улам л хачирхалтай болоод байх юм." Шюй авга Чэнь Гөг дээрээс нь доош нь ажиглалаа. "Саяхан цайны газрын хүмүүс над дээр ирж махны хутганууд нь алга болсон тухай мэдэгдлээ. Ямар хулгайч зөвхөн хоёрхон махны хутга хулгайлдаг байна аа гээд л гайхаж байлаа.
Хяналтын камерыг үзсэнийхээ дараа би чамаас ганцхан асуулт асуумаар байна. Чи яагаад шөнө унталгүйгээр цайны газар руу хулгайгаар орж махны хутгыг нь хулгайлсан юм бэ? Хоёр махны хутга савчуулаад гүйх тийм хөгжилтэй байгаа юм уу?"
Шюй авга Чэнь Гөд цайны газраас авсан хутгануудаа ванн дотор орхисныг нь санууллаа.
"Би саяхан цагдаа нарт нэг хэрэг илрүүлэхэд нь тусалсан шүү дээ, санаж байна уу? Гэтэл алуурчдын нэг нь одоог хүртэл олдоогүй байгаа болохоор би өөрийгөө хамгаалахын тулд л хутгануудыг авсан юм. Санаа зоволтгүй ээ, би маргааш цайны газарт шинэ хутга авч өгнө өө."
Сүнстэй шүргэлцсэн хутгыг дахин хоол хүнсэнд хэрэглэж болох эсэхийг Чэнь Гө огтхон ч мэдэхгүй байсан тул, хутгыг Шюй авгад буцааж өгөх нь ухаалаг хэрэг биш гэж үзлээ.
"Чамайг ойлгоход улам л хэцүү болж байна шүү. Хүүхээ, надад үнэнээ хэл дээ. Чи миний ардуур ямар нэгэн хууль бус наймаа хийгээд байгаа юм биш биз?"
"Хоёр махны хутгаар би ямар хууль бус наймаа хийх юм бэ? Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй ээ, Шюй авга, санаа зоволтгүй дээ."
Шюй авга түүнд хагас хугас л итгэв. Гэвч цэцэрлэгт хүрээлэн дөнгөж нээгдээд байсан тул түүнд Чэнь Гөтэй маргалдах зав байсангүй. Тэр Чэнь Гөд нэг алхам ойртоод халааснаасаа гялгар уутанд нямбайлан ороосон зүйл гаргаж ирэн, "Энэ 5,000 юань, хэрвээ ямар нэгэн асуудал гарвал над дээр шууд ирээрэй" гэлээ.
"Шюй авга, маш их баярлалаа. Би энэ амралтын өдрүүд гэхэд мөнгийг тань буцааж өгөх болно."
"Чи надад төвөг удахаа л больчихвол, тэр чинь л хангалттай төлөөс болно доо."
Шюй авгыг явсны дараа Чэнь Гө мөнгийг цамцан дотроо шургууллаа. Тэр хаалга налан зогсож, энэ мөнгийг хэрхэн ашиглах талаар бодож эхлэв.
[5,000 юань хэдэн камер суурилуулахад яг таарах байх. Гэхдээ Аймшгийн байшингийн дотоод орон зай одоо тэр чигтээ дүүрчихсэн байгаа. Шинэ үзвэрүүд нээхийн тулд би эхлээд өргөтгөл хийх хэрэгтэй. Газар доорх зогсоолыг түрээслэх нь муугүй санаа ч гэлээ, удирдлага надаас хэдийг нэхэх бол доо.]
Тулгарч буй олон асуудлаасаа болоод Чэнь Гөгийн толгой нь ангалзах мэт өвдөж байлаа.
[Надад байгаа хамгийн том асуудал бол мөнгөний хомсдол! Шагналын мөнгөний сураг одоо хүртэл алга байх юм. Би тэднийг шавдуулах хэрэгтэй юм болов уу?]
Тэрээр цагдаагийн хэлтсийн зүг эргэж харлаа. Түүний харц тодорхой нэгэн булан руу шилжих үед нүднийх нь хүүхэн хараа нарийсаж, нэгэн сэжигтэй үйлчлүүлэгч дээр тогтов. Тэр хүн саравчтай малгайгаа нүд рүүгээ даран өмсөж, урт ханцуйтай цамцтай, хоёр гараа халаасандаа хийсэн байлаа. Тэр яг л аль үзвэрийг нь туршиж үзэхээ шийдэх гэж байгаа мэт хэд хэдэн үзвэрийн хооронд холхино.
[Тэр хүн их л танил харагдах чинь.]
Инь Ян хараа-тай болсон тул Чэнь Гөгийн хараа бусдаас хамаагүй илүү сайн байлаа. Тэр хүн өөрийг нь ажиглаж байгааг мэдээгүй байх магадлалтай.
[Би очоод түүнийг зогсоох уу?]
Чэнь Гөг дөнгөж энэ талаар бодож эхлэх үед, Аймшгийн байшинг үзэхийг хүссэн хэсэг үйлчлүүлэгчид ирлээ. Тэр ажилдаа улайран орж, өнөөх сэжигтэй үйлчлүүлэгчийг толгойноосоо авч хаяв. Шюй Вань, Чэнь Гө хоёр өдрийн хоолондоо орох гэж байх үед тэрээр Аймшгийн байшингийн ойролцоо эргэлдэх өнөөх сэжигтэй хүнийг дахин олж харлаа.
[Тэр хүн өглөөжингөө Аймшгийн байшингийн ойролцоо ирээгүй байж, намайг Шюй Ваньтай хамт өдрийн хоолонд гарах гэж байх үед л хүрээд ирдэг. Тэр юу сэдээд байгаа юм бол?]
Чэнь Гө, Шюй Ванийг түрүүлж явууллаа. Тэрээр Аймшгийн байшин руугаа буцав. Үйлчлүүлэгч түүнийг буцаж ирснийг анзаармагцаа эргэж харалгүйгээр шууд л цэцэрлэгт хүрээлэнгээс гараад явчихав.
[Би түүнийг хаа нэгтээ харж байсан юм болов уу?]
Муу ёрын дохио өгч, Чэнь Гөгийн нүдний зовхи татлаа. Чэнь Гө өдрийн хоолоо алгасан, цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтын төв рүү явахаар шийдэв. Хамгаалагчийн зөвшөөрлийг авсны дараа тэр өнөөх сэжигтэй үйлчлүүлэгчийн дүрс бичлэгийг хайж эхэллээ.
Тэр хүн хяналтын камеруудаас зориуд зайлсхийж байгаа нь маш илэрхий байв. Ирснээсээ эхлээд явах хүртлээ тэр хүн гараа халааснаасаа огт гаргасангүй. Тамхи татахаар зогсохдоо хүртэл тэр зөвхөн нэг гараараа урууландаа зуусан тамхиа асааж байлаа. Гэвч хамгийн сэжигтэй зүйл нь тэр орох тасалбараа төлснийхөө дараа зөвхөн ганцхан л үзвэр дээр суусан байв. Тэр нь Алсыг харагч байсан бөгөөд тэр гурван удаа дараалан суужээ.
[Энэ хүн гарцаагүй сэжигтэй байна!]