25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ
Модон ширээн дээр хэд хэдэн хэрэглэсэн хөвөнтэй мод, нэг сав цэвэр ус, бас задлаагүй мантуу тавиастай байв.
Ширээний эсрэг талд суух залуу цагдаа дуу хураагуураа доош тавиад, утсаа гарган Чэнь Гөд нэгэн зураг харуулав. "Чиний харсан хүн энэ мөн үү?"
Чэнь Гө нэгэн барилгаас хамтдаа гарч ирж буй хэдэн эрэгтэйн зургийг харлаа. Тэдний дундаас хамгийн өндөр нь гарынхаа ар талд цээнэ цэцгийн шивээстэй байв.
"Тийм ээ, тэр мөн байна!"
"Хятадын соёлд цээнэ цэцэг нь эд баялгийг бэлгэддэг бөгөөд мөрийтэй тоглоомчдын дунд түгээмэл байдаг шивээс юм. Энэ хүнийг Жан Пөн гэдэг; тэр бол одоогоор хэдэн зуун мянган юанийн өрнөөс зугтаж яваа мөрийтэй тоглоомчин. Тэрээр хулгай, дээрмийн хэрэгт холбогдсон." Цагдаа зургуудыг үргэлжлүүлэн гүйлгэв. "Одоо, үүнийг хараадах."
Энэ удаад замын хөдөлгөөний камераас авсан мэт харагдах зураг байв. Хэд хэд татаж томруулсны дараа л Чэнь Гө жолоочийг тод харж чадлаа. Жолоочийн суудал дээр маш сандарсан харагдах махлаг эр сууж байсан бөгөөд тэрээр Чэнь Гөгийн апартментэд харсан бүдүүн эртэй ерэн хувь ижилхэн харагдаж байлаа.
"Танил харагдаж байна."
"Чиний дүрслэлээр бид замын хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийн сантайгаа тулгаж үзсэн юм. Зурган дээрх жолоочийн нэрийг Фөн Чүньлэй гэдэг, манай хотын хүн биш. Тэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүн мөргөөд зугтсан хэрэгтэн." Залуу цагдаа утсаа цааш тавиад, өмнөө байсан мэдээллүүдийг цэгцэллээ. "Ноён Чэнь, би танаас хэрэгтэй бүх мэдээллээ авсан гэж бодож байна, гэхдээ та түр хугацаанд явж болохгүй шүү. Удахгүй Гол хотын мөрдөн байцаах багийнхан ирж танаас илүү нарийвчилсан мэдүүлэг авах хэрэгтэй байна. Та мөрдөн байцаалтад хамтран ажиллана гэдэгт найдаж байна; эцсийн эцэст та бидний цорын ганц гэрч шүү дээ."
"Ойлгомжтой шүү дээ." Чэнь Гө орон дээр налан суухад түүний сэтгэл санаа аажмаар тайвширч эхлэв.
Хэдэн цагийн өмнө Баруун Жюжян хотын цагдаагийн хэлтэст Пин Ан апартментэд аллага гарч байна гэсэн дуудлага иржээ. Цагдаа нар тэр даруй хөдөлсөн. Тэд Пин Ан апартмент руу явах замдаа Чэнь Гөтэй таарсан байна. Эхний асуултуудыг асуусны дараа цагдаа нар хоёр багт хуваагджээ.
Нэг баг нь Чэнь Гөг даган модон байшин руу очиж Ван Чиг баривчлахаар явсан бол, нөгөө баг нь Пин Ан апартментийн түрээслэгчдийг барихаар ой руу оржээ. Чэнь Гөг модон байшинд буцаж ирэхэд шалан дээр зөвхөн цусны толбо л байсан бөгөөд Ван Чи аль хэдийн ор мөргүй алга болсон байлаа.
Модон байшин дахь шинэхэн цус болон маш олон тооны хувцсыг харсны дараа л тэд Чэнь Гөд итгэсэн байна. Тэд тэр даруй уулыг бүслэх нэмэлт хүч явуулахыг хэлтсээсээ яааралтай хүсчээ.
Гол гэрч болох Чэнь Гөд маш хатуу хамгаалалт гаргаж өгсөн байв. Эхлээд цагдаа нар түүнийг хэлтэс рүү явуулахыг хүссэн ч, хар гар утаснаас өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд Чэнь Гө үлдэхээр зөрүүдлэв. Тэр цагдаа нарт Пин Ан апартмент дотор илүү олон нотлох баримт байгаа гэж хэлээд, Пин Ан апартментэд мэдүүлгээ өгнө хэмээн шаарджээ.
Тиймээс хоёр нь дотор, хоёр нь хаалганы гадаа хамгаалж зогсох дөрвөн цагдаагийн хамт Чэнь Гө орон дээр хэвтээд даалгаврын хугацаа дуусахыг хүлээж байлаа.
Шөнийн 3 цагт хаалга түлхэгдэн онгойв. Дөч эргэм насны цагдаа орж ирлээ. Тэр цагдаагийн малгайгаа авч, ширээн дээр байсан цэвэр усыг шүүрч аваад хэд хэдэн том балгав.
"Саньбао ах аа, наадах чинь минийх шүү дээ." Тэр хүнийг хараад Чэнь Гө орон дээрээ өндийж суув. Энэ цагдаагийн бүтэн нэрийг Ли Саньбао гэдэг бөгөөд Баруун Жюжян хотын цагдаагийн хэлтсийн орлогч дарга байв. Санаандгүй тохиолдлоор, тэрээр Чэнь Гөгийн эцэг эхийн алга болсон хэргийг хариуцсан цагдаа байсан юм. Тухайн үед Чэнь Гөг сэтгэл гутралаасаа салахад тусалсан хүн нь энэхүү Саньбао ах нь байжээ.
"Муу сахилгагүй золиг минь, би чамд намайг Саньбао ах гэж битгий дуудаж бай гэж хэлээгүй бил үү? Ли дарга эсвэл Байцаагч Ли гэж дууд." Ли Саньбао усны савыг доош тавиад, нүүрэндээ тодрох инээмсэглэлээ нууж ядан түүнийг загнах дүр үзүүлэв. "Чи энэ удаад маш гайхалтай сайн үйлс хийсэн болохоор чамайг зүгээр өнгөрөөе."
Чэнь Гө босож зогсоод, "Тэд нөгөө хүнийг барьчихсан уу?" гэж асуулаа.
"Мэдээж шүү дээ, мөрдөн байцаах багийнхныг битгий дутуу үнэл. Тэд Ван Чиг бариад зогсохгүй, апартментийн бусад хүмүүсийг ч бас баривчилсан. Одоогоор олдоогүй байгаа ганц хүн нь Жан Пөн."
"Энэ чинь гайхалтай мэдээ байна!"
"Тэд бүр Ван Чигийн сүйт бүсгүйн цогцсыг хүртэл олсон; яг одоо манай шүүх эмнэлгийн шинжээч үзэж байгаа. Ямартай ч, чамд асуух зүйл байвал одоо л асууж авсан нь дээр байх шүү, учир нь би удахгүй өөр асуудал шийдэхээр явах хэрэгтэй байна." Байцаагч Лигийн энд ирсэн ганц шалтгаан нь Чэнь Гөд энэхүү сайн мэдээг дуулгах явдал байлаа.
"Жан Пөн, Фөн Чүньлэй хоёр хоёулаа оргосон гэмт хэрэгтнүүд байж, тэгвэл нөгөө хоёр нь яасан бэ?" Чэнь Гө огтхон ч эргэлзэлгүйгээр толгойд эргэлдэж байсан асуултаа тавив.
"Тэр эмэгтэй бол Жан Пөнгийн эхнэр. Түүнд дээд тал нь л оргодол нуун дарагдуулсан гэх ял тулгах байх. Харин байрны эзэн бол жаахан төвөгтэй. Тэр уг нь асрагч байсан боловч хэтэрхий шунахайрч, бусадтайгаа нийлж хөгшний хөрөнгийг булааж авсан байна. Гэхдээ тэр хөгшнийг тарчлааж тамлаагүй. Ядаж л бид хөгшнөөс ямар нэгэн илэрхий шарх сорви олж хараагүй," гэж Байцаагч Ли малгайгаа буцааж өмсөх зуураа хариулав. "Чи яагаад энэ талаар асуугаа вэ?"
"Зүгээр л сониуч зан хөдлөөд." Чэнь Гө Хө Санийн хэлснийг санаж маш үнэнчээр инээмсэглэв. "Гэхдээ, оргодол барихад цагдаад тусалбал ямар нэгэн шагнал урамшуулал өгдөг гэж дуулсан юм байна, тийм үү?"
"Хэрэг хаагдах үед өргөмжлөл, энгэрийн тэмдэг хоёрыг шуудангаар явуулах болно оо, баяртай."
"Новш, хүлээгээрэй!"
Үүнийг харсан залуу цагдаа инээж, "Байцаагч Ли зүгээр л чамаар тоглож байгаа юм. Хэрэв Ван Чи дөрвөн жилийн өмнөх галдан шатаагч мөн болох нь батлагдвал, таны авч болох шагналын мөнгө ойролцоогоор 30,000 юань болно. Гэхдээ энэ шагналыг хууль сахиулах байгууллага биш, орон нутгийн засгийн газрын сангаас олгодог юм. Түүнээс гадна, хөгшин эр гэр бүлийнх нь үхэлтэй холбоотой ямар ч хамаагүй мэдээлэлд 5,000 юанийн шагнал санал болгож байсан удаатай" гэлээ.
"Тэгэхээр үнэхээр мөнгөн шагнал байгаа хэрэг үү?" Мөнгө дурдагдах үед Чэнь Гөгийн уруулд инээмсэглэл тодров. "Би зүгээр л тоглоод асуусан юм аа. Мэдээж би үүнийг мөнгөний төлөө хийгээгүй. Бидний энэ сайхан хотын энх тайван, аюулгүй байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулна гэдэг чинь өөрөө үнэмлэхүй нэр төр шүү дээ."
Залуу цагдаа инээмсэглэж юу ч хэлсэнгүй. Тэр хаалга хамгаалах байрлал руугаа буцаж очлоо.
Дараа нь, Чэнь Гөгөөс мөрдөн байцаах баг мэдүүлэг авсны дараа, цагдаа нар түүнийг гэрт нь хүргэж өгөхийг санал болгов. Гэсэн хэдий ч даалгаврыг биелүүлэхийн тулд Чэнь Гө маш олон шалтаг тоочлоо. Тэр апартментийн барилгаас хөдлөхөөс эрс татгалзав. Тэр 408 тоотоос эд зүйлсээ авах хэрэгтэй байна гэх юм уу, эсвэл цагдааг дагаж гуравдугаар давхарт гарч гэмт хэргийн газрыг өөрийн нүдээр хармаар байна гэх мэтээр шалтаглана. Ямартай ч тэр тэнд өглөөний 6 цаг хүртэл байлаа. Хар гар утсан дээр 'Даалгавар биелэв' гэсэн мэдэгдэл гарч ирэх үед л сая нэг цагдаагийн машинд сууж явахыг зөвшөөрөв.
Цонхны гадуур жирэлзэн өнгөрөх байгалийн үзэмжийг харангаа Чэнь Гө огтхон ч ядарсан шинжгүй байлаа. Тэр хар гар утсаа чимээгүйхэн гаргаж ирээд даалгаврын шагналуудаа гүйлгэж харж эхлэв.
"Тоглогч даалгаврын байршилд цагтаа хүрч, аллагад буруутай этгээдийг амжилттай олж, үүр цайтал амьд үлдэж чадлаа. Туршилтын даалгавар болох 'Шөнө дундын аллага' амжилттай биелэлээ! Шинэ үзүүлбэр нээгдлээ. Тоглогч утсан дээрх интерфэйсийг ашиглан үзүүлбэр доторх эд хэрэглэлийг чөлөөтэй удирдах боломжтой!
"Туршилтын даалгаврын гүйцэтгэлийн хувь ерэн хувиас дээш байлаа. Энэхүү даалгаврын нууц эд зүйл болох 'Ван Чигийн Алга болсон хүний зар'-ыг нээсэнд баяр хүргэе.
Ван Чигийн 'Алга болсон хүний зар' тайлбар (муу ёрын 11 оноо):
Өдөр бүр би өөрийнхөө гараар хөнөөсөн хайртай хүнээ хайдаг. Би түүнийг дахин дахин хөнөөсөн ч, тэр яаж ийгээд л намайг эргээд олчихдог. Өглөө нүдээ нээх бүрд, түүний эд зүйлс миний хажууд орон дээр байж байх юм. Би түүнийг ханан дотор шавардаж битүүлсэн байтал, тэр миний зүрх сэтгэлд аль хэдийнэ хоргодчихож дээ.
(Орч: Муу ёрын оноо" нь тухайн хараагдсан эд зүйл эсвэл сүнсэнд хэр их өш хонзон, муу энерги, хар хүч агуулагдаж байгааг илтгэдэг хэмжүүр (power level) юм.
Оноо бага байвал: Тухайн эд зүйл эсвэл сүнс нь харьцангуй хор хөнөөл багатай, сул байна гэсэн үг.
Оноо өндөр байвал: Тухайн зүйл маш хүчтэй, аюултай бөгөөд эзэндээ хүртэл хор хөнөөл учруулж болзошгүй гэдгийг илтгэнэ.)