38-р бүлэг : Газар доорх зогсоол
Шюй авга Чэнь Гөд үнэн сэтгэлээсээ санаа тавьж байсан тул юуг ч нуусангүй; тэр бүх зүйлийг ний нуугүй илэн далангүй хэллээ. "Одоо ингээд байхад ч чи Аймшгийн байшинд хөрөнгө оруулалт хийхийг хүссээр л байна уу?"
"Би оролдоод үзэхэд бэлэн л байна. Эцсийн эцэст, тэр шинэ цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороогүй байгаа болохоор бидэнд боломж байгаа шүү дээ." Чэнь Гөгийн нууц зэвсэг бол хар гар утас байсан боловч мэдээж тэр үүнийгээ хэнд ч хэлж чадахгүй байв.
"Уг нь чи их сэргэлэн хүүхэд байтал, яагаад ийм чухал асуудал дээр ингэтлээ зөрүүдэлдэг байна аа? Цаг хугацааны урсгал бүхнийг элээж байгааг чи харахгүй байна уу? Би энд арван жил ажиллаж байна, тийм болохоор би ч бас энэ газрыг үлдээсэй гэж хүсэж байна, гэхдээ бид бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй шүү дээ."
Шюй авга тэдний эргэн тойронд аль хэдийн хаагдсан хэд хэдэн үзвэр рүү заалаа. "Эд нар яагаад бүгд хаагдсаныг чи мэдэх үү? Цуу ярианд гардаг шиг аюулгүй байдлын шалгалтад тэнцээгүй дээ биш, харин асаах л юм бол мөнгө шатааж эхэлдэг болохоор тэр. Ганц хоёрхон үйлчлүүлэгчтэй байх нь зардлаа нөхөхөд ч хүрэлцдэггүй юм.
Төсөөлөөд үз дээ, Шинэ Зуун цэцэрлэгт хүрээлэн анх нээгдэхэд хүнээр дүүрч, манай зогсоол ачааллаа дийлэхээ болиод бид ойролцоох дэлгүүрүүдээс зогсоол түрээслэх хэрэг гардаг байлаа. Шинэ газар доорх зогсоол баригдсаны дараа л байдал арай дээрдсэн. Гэтэл сүүлийн гурван жилд, баярын хамгийн оргил ачаалалтай үед ч газар доорх зогсоол огт хэрэг болсонгүй. Үнэндээ үйлчлүүлэгчдийн тоо тасралтгүй буурсаар, энэ жил бид бүр хамгийн доод цэгтээ хүрчихээд байна."
"Шюй авгаа, түр хүлээгээрэй. Та газар доорх зогсоол сүүлийн гурван жилийн турш хэрэг болсонгүй гэж хэллээ, тэгэхээр түүнээс хойш тэр зогсоолыг огт ашиглаагүй гэсэн үг үү? Энэ нь тэр газар одоо орхигдсон гэсэн үг биз дээ?" Чэнь Гөгийн нүдэнд Шюй авгыг эвгүйцүүлмээр гялбаа тодров.
"Тийм ээ, Шинэ Зуун цэцэрлэгт хүрээлэн анх нээгдэж байхад хаа сайгүй л машин, хүмүүс бужигнадаг байлаа. Ямар ч үзвэр рүү орохын тулд дор хаяж хоёр цаг оочирлодог байсан юм. Тэр үед бид мандаж байлаа; гэвч одоо бид аажмаар энэ хотод мартагдаж байна." Өнгөрснөө дурсан санах зуур Шюй авга өөрийн эрхгүй санаа алдлаа. "Гэхдээ, үүнд гуниглаад байх зүйл алга; эцсийн эцэст бид нэгэн цагт алдар хүндийн оргилд гарч үзэх хангалттай азтай байсан шүү дээ, тийм биз?"
"Шюй авгаа, хэрвээ хэн нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн газар доорх зогсоолыг түрээслэхийг хүсвэл үнэ нь хэд байх бол?"
"Айн?" Чэнь Гөгийн гэнэтийн асуултад Шюй авга гайхширлаа. "Яагаад тэгж асуув?"
Чэнь Гөгийн толгойд нэгэн төлөвлөгөө боловсорч байв. Одоо тэр Аймшгийн байшингаа өргөжүүлэх хамгийн төгс газраа олчихлоо. "Би тэр зогсоолыг дахин ашигламаар байна. Таны хэлснээр, одоо тэр газар хагас хаягдсан байдалтай байгаа юм чинь намайг ашиглахыг зөвшөөрч болохгүй гэж үү?"
"Чи чинь солиороо юу? Тэр газрыг түрээсэлж яах гэсэн юм? Сарьсан багваахай үржүүлэх гээ юу?" Энэ залуу эр үнэхээр ухаан санаагаа алдчихжээ гэж Шюй авга жинхэнээсээ айв.
Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага түүнийг юу хийж байгааг эрт орой хэзээ нэгэн цагт олж мэдэх тул Чэнь Гө худал хэлэхийг хүссэнгүй. "Би Аймшгийн байшингаа өшөө өргөжүүлмээр байна. Миний одоогийн санхүүгийн байдалд газар доорх зогсоол яг тохирно. Түрээс нь тийм ч өндөр байхгүй, бас газар доорх орчин Аймшгийн байшинд хамгийн төгс зохицох болно."
"Хүүхээ, чи өнөөдөр яачхаад байгаа юм бэ? Гурван давхар Аймшгийн байшиндаа санаа зовох нь чамд багадаад байгаа юм уу? Газар доорх зогсоол хэр том гэдгийг чи мэдэх үү? Удирдлага чамд түрээслэхийг зөвшөөрлөө ч, чамайг тэр газрыг засаж тохижуулж дуусах үед цэцэрлэгт хүрээлэн аль хэдийн хаагдсан байх болно." Шюй авга мөрөө хавчлаа. "Битгий тэнэгтээд бай, чи зүгээр өөрийнхөө ажилд л анхаарлаа хандуулсан нь дээр шүү."
"Шюй авга, би тоглоогүй байна."
"Харин намайг чамтай тоглож байна гэж бодоо юу‽" Шюй авга богино долгионы станцаа буцааж асаагаад, хүмүүс рүү буцан алхлаа. Хэдэн алхам холдсоныхоо дараа тэрээр эргэж харан Чэнь Гөд, "Би маргааш өглөө чамд 5,000 юанийг чинь өгнө. Гэхдээ хөлөө газарт бат гишгэж, бүтэхгүй зүйл төсөөлөхөө больсон нь дээр шүү."
"Ойлголоо." Чэнь Гө, Шюй авгын араас дагалаа. Аймшгийн байшингийнхаа үүдэнд цугларсан хүмүүсийг хараад тэрээр уруулаа унжуулав. "Ямартай ч, үйлчлүүлэгчдийн тоо цөөрсөн мэт надад санагдахгүй л байна. Эцсийн эцэст, үүнээс өмнө миний Аймшгийн байшингийн үйлчлүүлэгчдийн тоо үргэлж тэг байсан шүү дээ."
Хүмүүсийн дундуур зүсэн гарч ирснийхээ дараа Чэнь Гө хэсэг оюутны хажууд очоод зогсож, "Хангалттай амарцгаасан уу? Хэрэв та нар одоохон босохгүй бол энэ хүмүүс намайг та нарт ямар нэгэн ёс суртахуунгүй зүйл хийчихсэн гэж бодох нь байна" гэлээ.
"Надад дахиад хэдхэн минут өгөөч, танай Аймшгийн байшинг шингээхэд цаг хэрэгтэй байна."
"Юугаа хараа вэ, би айгаагүй шүү. Би дотор байхдаа шагайгаа булгалчихсан юм, тийм болохоор л одоо босож чадахгүй байна."
"Одоо надад хүн болгон алуурчин шиг харагдаад байна, би яах вэ?"
"Зөрүүдлэхээ больцгоо, бид энэ удаад түүний Аймшгийн байшинд ялагдсан," хэмээн Сармагчин шатаар буунгаа хэлэв.
Тэр Аймшгийн байшинд дөнгөж сая өгсөн таван одтой үнэлгээгээ утсан дээрээ Чэнь Гөд харуулаад, урд нь зогсонгоо "Гэхдээ үүгээр бүх зүйл дууссан гэж битгий бодоорой. Бид тийм амар бууж өгөхгүй шүү" гэлээ.
"Та нар маргааш дахиад ирэхээр төлөвлөж байгаа гэсэн үг үү?"
"Хэрвээ маргааш бид шалгалтгүй байсан бол, чи биднийг энэ сорилтоос үнэхээр айна гэж бодоо юу?" Сармагчин нэлээд зоригтой сонсогдож байв... хэрэв түүний цонхигор уруул дагжин чичирч, хөл нь салгалаагүй бол шүү дээ.
"Ямартай ч, хэрвээ та нараас хэн нэг нь дахин ирэхийг хүсвэл манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно." Чэнь Гө Жюжян Анагаахын их сургуулийн оюутнуудыг бараг л өөрийнхөө азын сахиус гэж бодох шахлаа.
"Би дахиж хэзээ ч ирэхгүй. Намайг энд дахиж авчрахыг хүсвэл чи үхсэн цогцсыг минь л чирж авчрах хэрэг гарах байх." Хө Сань, Чэнь Гө рүү баргар царайлан харлаа. Залуу хаалганы завсраар харсан цусанд хутгалдсан нүднээс болоод үнэхээр сэтгэлийн гүн шарх авсан бололтой.
"Сань дүү, амнаасаа гарч байгаа үгэндээ болгоомжтой хандаарай." Хуй эгч, Хө Санийн тусламжтайгаар хөл дээрээ бослоо. Тэр Чэнь Гө рүү муухай хараад, "Чи миний нүүрний будгийг урстал уйлуулсан анхны залуу шүү; би чамайг гарцаагүй санаж явах болно" гэлээ.
Хуйн дагзан дээрх булдрууг анзаарсан Чэнь Гөд хариу хэрэлдэх зориг байсангүй тул тэр зүгээр л инээмсэглэв. Анагаахын оюутнууд бие биеэ түшсээр цэцэрлэгт хүрээлэнгийн гарц руу зүглэлээ. Чэнь Гөг тэднийг явчихлаа гэж бодож байтал Фөн ах ганцаараа түүн рүү гүйгээд хүрээд ирлээ. Тэрээр ээдрээтэй царайлан Чэнь Гөд хандаж, "Би таны асуултын талаар бодож үзлээ. Би одоо ч гэсэн тэр бүхэн бодит байсан гэдэгт итгэж чадахгүй байна.
Гэхдээ тайлбарлаж болно гэвэл энэ нь сэтгэл зүйн гэмтэл, өдөөгчтэй холбоотой онолуудаар л тайлбарлагдаж болох байх."
Чэнь Гө түүний юу яриад байгааг мэдэж байлаа. "Магадгүй л юм. Дашрамд хэлэхэд, би чиний бүтэн нэрийг асуугаагүй юм байна."
"Намайг Хө Фөн гэдэг, би тэдний ихэнхээс нь ах бөгөөд хэд хоногоос резидентээр сурч эхэлнэ."
"Танилцсандаа таатай байна, удахгүй дахин уулзана гэж найдаж байна."
Тэд утасны дугаараа солилцсоны дараа Чэнь Гө Аймшгийн байшин руугаа буцлаа. Тэр хаалгаа хаагаад, "Засварын улмаас түр хугацаагаар хаав" гэсэн бичигтэй самбар өлгөв.
"Дарга аа, гадаа өчнөөн үйлчлүүлэгч хүлээж байна шүү дээ. Бид яагаад хааж байгаа юм бэ?"
"Жаахан асуудал гарчихлаа, тийм болохоор өнөөдөртөө ингээд дуусгая. Чи үйлчлүүлэгчдэд учрыг нь тайлбарлаад хэлчихгүй юу?" Чэнь Гө 'Гавал хагалагч эмч'-ийн өмсгөлөө тайлж, эд хэрэгслэлийн өрөө рүү буцаж орон хэдэн хар даавуу хайчилж авсныхаа дараа 'Шөнө дундын аллага' үзвэр рүү дахин өгслөө.
Тэр бүх толийг бүтээж эхэлсэн боловч өрөө хэтэрхий олон байсан тул удалгүй даавуу нь дуусчихав.
[Энэ үзвэр дэндүү том юм. Камерууд бэлэн болоогүй байхад би үйлчлүүлэгчдийг нааш нь оруулж амь насаар нь дэнчин тавьж чадахгүй; энэ хэтэрхий аюултай байна.]
'Шөнө дундын аллага' үзвэрийн хаалгыг түгжсэнийхээ дараа Чэнь Гө доош буув. Аймшгийн байшингийн гадаа байсан үйлчлүүлэгчид ихэвчлэн явчихсан байлаа. Ганц нэг хүн л үлдсэн байв.
"Бяцхан Вань, чи нүүрний будгаа арилгаж болно оо. Одоо гэртээ харих цаг болсон."
Вань дүүтэй салах ёс хийсний дараа Чэнь Гө ажилчдын амралтын өрөө рүү буцлаа. Тэр өчигдрөөс хойш олигтой амарч чадаагүй байсан тул толгой нь дэрэнд хүрэхтэй зэрэгцэн шууд л унтаад өгөв.