43-р бүлэг : Даалгавар биелэв
Хүйтэн ус Чэнь Гөгийн үснээс дусална. Үхэлтэй нүүр тулаад дөнгөж мултарсандаа тэрээр одоо ч цочролоосоо гарч чадахгүй байв. Түүний цээж тогтворгүйгээр оволзож, уруул нь цав цагаанаас хөх ягаан болон хувирсан байх ба хоёр гартаа махны хутгаа тас атгасан хэвээр байлаа.
Хоёр минутын дараа тэр арай тайвширч, толгой эргэх нь намдав. Чэнь Гө нүүрэн дэх усаа шувтраад, ваннаас гуйвлан байж бослоо. Лааны бүдэг гэрэлд угаалгын өрөөнд юу ч өөрчлөгдөөгүйг тэр харж чадаж байв.
[Би түрүүн ямар нэг зүйлийг гарцаагүй зүссэн дээ; бүр тасхийх чимээ хүртэл гарсан.]
Чэнь Гө эргэн тойрноо харвал ванны ирмэг дээр зүсэгдсэн мөр үлдсэн байлаа.
[Би санамсаргүй ванныг зүсчихсэн хэрэг үү? Тийм байх учиргүй; түрүүн усан дотор хэн нэгэн гарцаагүй миний толгой дээрээс дарж байсан, тэгэхээр хутга тэр хүнийг л зүсэх ёстой доо.]
Үнэнийг мэдэхээр яарсан Чэнь Гө ваннаас гарч, бичлэг хийсээр байсан утсаа шүүрэн авлаа. Тэр бичлэгийг зогсоогоод эхнээс нь тоглуулж үзэв.
[Шөнийн 3:30 цагт би ванн дотор орж суусан, харин 3:43 цаг хүртэл дэлгэц дээр юу ч болсонгүй.]
Чэнь Гө дэлгэцээс нүд салгалгүйгээр хана наллаа. Шөнийн 3:44 цагт түүнийг ванн дотор хэвтэхэд ус хальж урсах нь харагдав.
[Өөр өнцгөөс ингээд харахаар, энэ үнэхээр эвгүй харагдаж байна шүү.]
Яг өөрөө үүнийг хийж байх үед Чэнь Гөд тийм ч хачирхалтай санагдаагүй боловч, камерын дурангаар эргүүлэн харахад цаанаа л нэг жихүүцмээр, гаж мэдрэмж төрүүлж байлаа.
Чэнь Гө бичлэгийн хугацаа руу хяламхийв. Түүнийг усан доогуур орсноос хойших эхний хорин секундэд угаалгын өрөөнд бүх зүйл хэвийн байлаа. Хааяа нэг ус дуслах чимээ л гарч байв.
Арван секундын дараа Чэнь Гө хөмсөг зангидлаа. Дэлгэц дээр гарч буй бичлэг нь түүний санаж байснаас тэс өөр бодит байдлыг харуулж байх нь тэр!
Түүний ой санамжаар бол, тэр үед хонгилоос хөлийн чимээ сонсогдох ёстой байсан ч дэлгэц дээрх байдал туйлын нам гүм байлаа. Аудио бичлэгт ямар ч хачирхалтай зүйл, тэр дундаа хөлийн чимээ огтхон ч бичигдсэнгүй. Таван секундын дараа, Чэнь Гөгийн маш тод санаж байсан хаалга нүдэх чимээ ч бичлэгт байсангүй. Бичлэгт зөвхөн харанхуйлсан усны мандал, сүүмэлзэх лааны гэрэл л үлджээ.
[Тэр хөлийн чимээ, хаалга нүдэх чимээ бүгд миний төсөөлөл байсан хэрэг үү?]
Тавин секунд өнгөрөхөд анх тайван байсан усны мандал их хэмжээний агаарын бөмбөлгөөр дүүрч эхэллээ. Бичлэг дээрх Чэнь Гө хязгаартаа тулсан нь илт байв. Гэвч яг тэр үед дэлгэц дээр гарсан зүйл Чэнь Гөгийн хамаг биеэр хүйт даалгаж орхив.
Ванны хажууд дэлгэсэн алганы чинээ хагархай толины хэлтэрхий хэвтэж байлаа. Түүний гадаргуу яг л хар мананд залгиулсан мэт булингартаж эхлэв. Удалгүй түүнээс нэгэн хар сүүдэр аажмаар сунаж гарч ирэх нь тэр. Тэр сүүдэр ванн налаад зогслоо; энэ дүр зураг гарцаагүй ер бусын байв. Бие хаа, онцлогоос нь харвал тэр яг л Фөн ах шиг харагдаж байлаа.
Агаарын бөмбөлгүүдийн тоо олширч, бичлэг оргил үедээ хүрч байлаа. Бичлэгт Чэнь Гөгийн бие махбод болон оюун ухаан аль хэдийн хязгаартаа тулж, тэр бууж өгөх гэж байв. Чэнь Гө ванн дотор өөрөө дээш өндийхийг оролдож байгааг харлаа.
Гэвч түүний толгой усны мандлыг цөмлөн гарахын даваан дээр ванны хажууд байсан хар сүүдэр гэнэт хоёр гараа сунган толгойг нь дараад авах нь тэр!
Цочсондоо Чэнь Гөгийн хамраар ус орж, тэрээр амьдаараа бүтэж байлаа. Чэнь Гө амь тэмцэн хүчтэйгээр тийчигнэх ба гартаа атгасан махны хутгаа толгой дээгүүрээ галзуу мэт савчуулав. Хар сүүдэр яг л хуучин зурагтын дүрс шиг анивчих аж. Хутга түүнд нөлөөлж байсан ч, маш өчүүхэн төдий л байлаа.
Хамгийн эгзэгтэй мөчид ванныг тойруулан тавьсан даавуун хүүхэлдэйнүүд салхинд хийсэж байгаа мэт ганхаж эхлэв. Тэдний дундаас хамгийн жижигхэн нь урагш унаж, өөрийнхөө биеэр алганы чинээ толины хэлтэрхийг тэр чигт нь таглачихлаа.
Хар сүүдрийн бие бүдэгрэв. Яг энэ үед Чэнь Гөгийн махны хутга санамсаргүйгээр түүний толгойд хүрч, сүүдэр алга боллоо. Хутга Чэнь Гөгийн гараас мултарч нисэхдээ шалан дээр унахаасаа өмнө ванны ирмэгийг зурж, бүдэгхэн мөр үлдээв. Бараг үүнтэй зэрэгцэн Чэнь Гө усны мандлыг хагалан гарч ирлээ.
Бичлэг үүгээр өндөрлөв. Үнэнийг мэдсэнийхээ дараа тэрхүү мангасыг устгах гэсэн хүсэл Чэнь Гөгийн зүрх сэтгэлд улам хүчтэйгээр дүрэлзлээ.
[Энэ зүйлийг заавал устгах ёстой!]
Чэнь Гө бичлэгийг хадгалаад, толин дээр унасан даавуун хүүхэлдэйг авлаа. Бяцхан охины нуруу толины хурц ирмэгт зүсэгдсэн байх бөгөөд бие нь тэр чигтээ шалба норсон байв.
[Тэд хоёулаа л нөгөө ертөнцийн оршихуй хэрнээ, тэдний зан чанар огт өөр юм. Зарим нь зүгээр л хүмүүсийг айлгах гэдэг болохоос биш угтаа цайлган сайхан сэтгэлтэй байхад, зарим нь өөртөө зөвхөн муу санаа, хорсол л тээж явдаг байх юм.]
Чэнь Гө биеэ арчиж хуурайлаад хувцсаа өмслөө. Бүх хүүхэлдэйг халаасандаа хийснийхээ дараа л түүний дотор арай уужрах шиг болов.
[Толийг хагалах нь ямар ч нэмэргүй юм байна. Тэр толиноос мөлхөөд л гараад ирж байна шүү дээ, тэгэхээр би ийм амьтантай яаж тэмцэх ёстой юм бэ? Энэ зүйл хүссэн үедээ гарч ирж, алга болж чадна, бас түүнийг олохын аргагүй; иймэрхүү зүйлстэй тэмцэхэд би төрөлхийн сул талтай байна шүү дээ.]
Чэнь Гө сониуч зандаа хөтлөгдөн алганы чинээ толийг газраас авав. Гэтэл түүн дээр байсан усны дуслууд өөрсдийн гэсэн хүсэл зоригтой мэт хөдөлж байгааг хараад тэр цочирдлоо. Дуслууд толины гадаргуугаар урсаж нэгэн тоог үүсгэв — 3.
[Энэ мангас доог тохуу хийж байгаа хэрэг үү? Гурав гэдэг нь Сань дүү, Фөн ах, бас намайг төлөөлж байгаа юм уу? Эсвэл энэ намайг гурав хоногийн дотор ална гэсэн үг үү?]
Энэ тоо ямар утгатай болохыг Чэнь Гө огтхон ч гадарлахгүй байсан ч, сайн зүйл лав биш гэдэгт итгэлтэй байлаа.
[Гэлээ гээд, намайг чамаас айна гэж бодоо юу? Хэзээ нэгэн өдөр би чамайг тэр толиноос чинь чирж гаргаж ирээд, нарны хурц гэрэлд амьдаар чинь шатаах болно доо!]
Чэнь Гө бодож олж чадах хамгийн муухай хараалаараа зүхэв. Тэр саяхан л үхэх дөхсөн шүү дээ.
Дахин нэг гүнзгий амьсгаа авсныхаа дараа Чэнь Гө хар гар утсаа авахаар явлаа. Тэр нэг их зүйл хүлээгээгүй байсан ч, дэлгэц дээр гарч ирсэн зурвасыг хараад нүд нь сэргээд явчихав.
"Сүнснүүдийн ивээл хүртэгчээ, та амьсгаагаа 62 секундын турш түгжиж чадлаа. Хар дарсан зүүдний Даалгаврыг амжилттай биелүүлсэнд баяр хүргэе! Даалгаврын шагнал болох 'Инь Ян нүдний хараа'-г хүлээн авна уу.
"Инь Ян хараа: Хоёр ертөнцийн заагийг бүдгэрүүлж юмсыг нэвт харах. Ян биеэр Инь оршихуйг ажиглах (Харааны чадварт гарсан маш том дэвшил бөгөөд бусад нэмэлт чадварууд одоогоор тодорхойгүй байна).
(Орч: Өөрөөр хэлбэл, энэхүү хараатай болсноор Чэнь Гө энгийн хүний нүдэнд харагддаггүй сүнс, хий үзэгдэл, чөтгөр шулам болон хоёр ертөнцийн зааг дээрх зүйлсийг ямар нэгэн толь, ус эсвэл тусгай хэрэгсэлгүйгээр шууд өөрийн нүдээр харах онцгой чадвартай болж байгаа гэсэн үг юм.)
"Санамж: Та Өдөр тутмын Хар дарсан зүүдний хоёр даалгаврыг биелүүллээ. Гурав дахь Хар дарсан зүүдний Даалгаврыг гүйцэтгэсний дараа, үзвэрүүдийн аль нэгнийх нь Туршилтын Даалгавар санамсаргүйгээр нээгдэх болно!
(Орч: шинэ 3, 4 ,5н одтой том үзвэр нээх өдөр тутмын даалгавраас өөр том даалгавар нээгдэнэ гэсэн үг)
"Гурван даалгаврыг дараалан 95-аас дээш хувийн гүйцэтгэлтэйгээр биелүүлсэн тул шинэ цэс нээгдлээ — 'Нөгөө ертөнц дэх миний найзууд цэс
[Тааламжтай байдлын түвшин]'!"
(Орч: Хар гар утас нь Чэнь Гөгийн даалгавар хэр сайн биелүүлснийг үнэлж, хувиар оноо өгдөг. Тэрээр 3 даалгаврыг дараалан 95%-иас дээш буюу маш өндөр амжилттай хийсэн байна.
Үүний шагнал болгож утасны цэсэнд "Нөгөө ертөнц дэх миний найзууд" гэсэн шинэ товч/цэс нэмэгджээ.
Хаалтад байгаа [Тааламжтай байдлын түвшин] (Affection Status) гэдэг нь тухайн сүнс, хий үзэгдлүүд Чэнь Гөд хэр их сайн, хэр дуртай, эсвэл хэр зэрэг дайсагнасан хандлагатай байгааг харуулах хэмжүүр юм. (Жишээлбэл, толин доторх мангасын оноо маш муу буюу дайсагнасан байх бол, харин түүнийг аварсан даавуун хүүхэлдэйнүүдийн оноо өндөр буюу найрсаг байна гэсэн үг).
Эдгээр цуврал зурвасуудыг уншсаныхаа дараа Чэнь Гөд ямар мэдрэмж төрж байгаагаа ч өөрөө ойлгосонгүй. Хар дарсан зүүдний Даалгаврын шаардлага нь жаран секундын турш амьсгаагаа түгжих байсан.
Гадны саад тотгороос болоод тэр аль хэдийн тавь орчим секунд болоход бууж өгөхөөр төлөвлөсөн байсан бөгөөд хэрэв тэгсэн бол даалгавар бүтэлгүйтэх байв. Гэвч толин доторх мангасын түүнийг алах гэсэн хүсэл нь түүнийг нэмэлт хэдэн секунд тэсэхэд хүргэж, даалгаврыг дөнгөн данган амжилттай биелүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Нэг бодлын толин доторх мангас гарч ирсэн нь өнгөлөн далдалсан ерөөл болж таарав, учир нь эцсийн үр дүн эерэг байлаа.
Чэнь Гө хар гар утас руугаа эргэн хараад, энэхүү Хар дарсан зүүдний Даалгавар ямар чухал байсныг ухаарлаа. Хэрэв тэр даалгаврыг бүтэлгүйтүүлсэн бол, даалгаврын шагналыг аваад зогсохгүй шинэ үзвэр нээгдэх нь хойшлогдож, хамгийн чухал нь утасны шинэ цэс нээгдэхгүй байх байв.
Сониуч зандаа хөтлөгдсөн Чэнь Гө шинээр нээгдсэн цэс рүү дарлаа. Утасны интерфэйс өөрчлөгдөж, дэлгэц дээр танихгүй таван хүний нэр гарч ирэв.