23-р бүлэг : Жинхэнэ алуурчин
Чэнь Гө өрөө рүү ухасхийн орж, цонхыг хүчтэй угзран онгойлгох үед хаалга хананд маш хүчтэй савагдав.
[Новш! Ийм өндөр юм уу!]
Цонхон дээр зогсоход, доош дор хаяж гурваас дөрвөн метрийн уналттай байлаа. Яаруу сандруу хөлийн чимээ улам бүр чангарах нь байрны эзэн болон шивээстэй эр түүн рүү ойртож байгааг илтгэнэ.
Чэнь Гөд эргэлзэх цаг байсангүй. Тэрээр цонхоор үсэрч, тавцангаас зууран дүүжлэгдэх зуураа нэг хөлөөрөө нэгдүгээр давхрын хулгайчаас хамгаалсан төмөр торноос гишгэж амжлаа.
"Тэр биднийг цогцос зөөж байхыг харсан байх ёстой!"
"Түүнийг явуулж болохгүй шүү!"
Байрны эзний муухай царай хаалган дээр үзэгдэв. Тэрээр агаарт том хутга далайсаар, "Чи өөрийгөө зугтаж чадна гэж бодоо юу‽" хэмээн сийгүүлэв.
Чэнь Гө эргэлзэж зүрхэлсэнгүй, шууд л гараа тавилаа. Хана даган гулсах үед төмөр торонд түүний гар нь шалбарч, хувцас нь урагдаж байв. Чэнь Гө газарт буухдаа доргилтыг багасгахын тулд өнхрөн унав. Босож ирэхдээ тэр шалан дээр унасан алхаа шүүрэн авч, хашааны хаалга руу гүйлээ.
"Хурдлаач, түүнийг бариад ав!" гэж байрны эзэн архираад Чэнь Гө рүү хутгаа чулуудав. Чэнь Гө хажуугаар нь ямар нэгэн зүйл нисээд өнгөрөхийг мэдэрлээ. Зүлгэн дотор гүн зоогдсон хутгыг хараад тэрээр айсандаа чичирч байв.
[Хэрвээ би энэ хүмүүсийн гарт орвол, тэд намайг гарцаагүй алах болно!]
Энэ үед апартментийн урд хаалга савагдан онгойж, нэгдүгээр давхарт хүлээж байсан бүдүүн эр болон эмэгтэй хоёр гартаа бут тайрагч хайч барьсаар түүний араас хөөлөө.
"Галзуучуудын цуглаан!" Чэнь Гө хамаг хурдаараа гүйв. Тэр яг л сум шиг хашааны хаалга руу харван очлоо. Шинээр сольсон цоожин дээр гишгэн, зэвэрсэн хаалга руу авирч гарав. Орон сууцны барилга нэлээд шигүү ойгоор хүрээлэгдсэн байв. Ямар ч гэрэлгүй харанхуйд тэрээр хаашаа явж байгаагаа ч харж чадахгүй байлаа. Гэсэн хэдий ч, араас нь хүн алах гээд улайрсан хэсэг галзуу хүмүүс хөөж байсан тул Чэнь Гөд төөрөх эрсдэлийг үүрээд ой руу орохоос өөр сонголт байсангүй.
Бут сөөг дундуур гүйх үед нь гар чийдэнгийн гэрэл хааяа харанхуйг зүсэж, ард нь байрны эзэн болон шивээстэй эрийн хараах чимээ сонсогдоно. Чэнь Гө эргэж харахаас ч зүрхшээж байв; түүний толгойд ганцхан л бодол байлаа — зугтах!
Хувцас нь модны мөчир, гишүүнд урагдаж; хамаг бие нь шавар, навчинд дарагдсан байлаа. Арван таван минут хамаг хурдаараа гүйсний эцэст, Чэнь Гө байрны эзний бүлгийг ардаа хаяж чадлаа гэж итгэв.
Тэрээр бутан дотор хагас явган суух бөгөөд холын хаа нэгтээ асах бүдэг гэрлийг олж харлаа. Хуруунууд нь нойтон хөрсөнд шигдэж, тэр агаар амьсгалахаар шуналтайгаар амьсгаадаж байв.
[Амь өрсөн явдал байлаа шүү! Апартмент дотор гацсан байхдаа ганц л буруу үйлдэл хийсэн бол би үхэх байж.]
[Бурхан минь, энэ Туршилтын даалгаврын хүндрэл дэндүү өндөр юм аа!]
Хар гар утаснаас өгсөн даалгавар нь түүний амиар наадах дуртай байсан бөгөөд хамгийн аймшигтай нь... энэ бүхэн бодит амьдрал дээр нь тохиолдож байлаа.
Байрны эзний бүлгээс түр зуур салсан нь түүнийг аюулгүй болсон гэсэн үг биш байв. Чэнь Гө бут руу улам шигдэх бөгөөд эргэж харах үедээ хайч, том хутга барьсан байрны эзний бүлгийг ардаа зогсож байх вий гэхээс одоо ч айсаар л байлаа.
Зүрхний цохилт нь хэвийн байдалдаа орох үед Чэнь Гө бутнаас аажмаар гарч ирлээ. Гар чийдэнгийн гэрэл бүрмөсөн алга болжээ. Ой тэр чигтээ чимээгүй байх бөгөөд шувууд хүртэл жиргэхгүй байлаа.
[Аль зүгт нь гарц байгаа юм бол?]
Чэнь Гө өөрийгөө бүр мөсөн төөрчихсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байв.
[Үүр цайтал эндээ нуугдсан нь дээр үү?]
Чэнь Гө утсаа гаргаж ирээд шууд дамжуулалт үргэлжилсээр байгааг анзаарав. Дэлгэц бүтэн нэг цаг гаруй хугацаанд тас хар байсан байлаа. Чатны түүх тэр чигтээ асуултын тэмдгээр дүүрчээ. Бүр туршлагатай үзэгчид хүртэл энэхүү хачирхалтай шууд дамжуулалт дотор юу болоод байгааг ойлгохгүй байв.
Тэрээр нөхцөл байдлыг тайлбарлаж цаг үрсэнгүй. Цаг хальт хараад, Хө Саниас ирсэн зурвасыг нээх гэж байтал гэнэтхэн ард нь навчжирхрах чимээ сонсогдов.
Дэлгэцийн гэрэлд өөрийгөө барьж өгчих вий гэж айсандаа Чэнь Гө утсаа халаасандаа тэр даруй буцааж хийв. Алхаа чанга атгах түүний алга хөлөртлөө сандарсан байх бөгөөд чимээ гарсан зүг рүү нүд салгалгүй ширтэнэ.
Түүнээс удалгүй, бүдэгхэн гэрэл харанхуйг зүсэн гарч ирлээ.
Чэнь Гө алхаа далайх гэж байтал, "Тэнд хүн байна уу? Хэн бэ?" гэх танил хоолой сонсогдов.
[Ван Чи юу? Тэр барилгаас аль хэдийн явчихаагүй бил үү? Яагаад шөнө дунд энд байж байдаг билээ?]
Чэнь Гө дотроо бодлоо. Хэдийгээр Чэнь Гөд сонирхолтой байсан ч, сониуч зан хүнийг алдаг (аюулд унагаадаг) гэдгийг мэдэх тул тэр байгаа газраасаа хөдөлсөнгүй.
"Би андуурчихсан юм байх даа? Боломжгүй юм..." Ван Чи гар чийдэнгээ эргэн тойрондоо тусган нааш цааш алхлав.
[Түүнд өөрийгөө харуулж болохгүй; энэ хүний асуудал Пин Ан апартментийн түрээслэгчдээс ч илүү том шүү.]
Чэнь Гө өөрийгөө харуулсангүй; харин ч эсрэгээрээ Ван Чигээс улам холдлоо.
Хэсэг хугацаанд явсны дараа толгод улам эгц болж байгааг Чэнь Гө анзаарав. Тэрээр бутан дундуур буруу зүг рүү явж, толгодын нөгөө тал руу гараад ирсэн бололтой.
Өтгөн бутнаас гарсны дараа түүний өмнө нэгэн зэлүүд байгууламж гарч ирлээ. Моддоор хүрээлэгдсэн маш энгийн модон байшин байв. Хаалган дээр нь модон хаяг хадсан байх бөгөөд ойртож очоод харвал: 'Ойд гал маш аюултай тул галтай болгоомжтой харьцана уу. Байгаль орчныг хамгаалах танаас эхэлнэ, хог битгий хая' гэж бичсэн байлаа.
[Энэ ойн хамгаалагчдын амардаг байшин шиг харагдаж байна.]
Тэр хаалгыг түлхэж үзтэл цоожгүй байв. Хаалга хяхтнасаар онгойх үед дотроос нь нэгэн хачин үнэр сэнгэнэлээ.
[Энэ юу вэ?] Тэр утасныхаа гар чийдэнг асааж зүрхэлсэнгүй, зөвхөн дэлгэцийнхээ гэрлийг л ашиглалаа.
Модон байшин жижигхэн ч гэлээ өдөр тутмын янз бүрийн эд зүйлсээр дүүрсэн байв; яг л хогийн цэг шиг харагдана.
Чэнь Гө агаар үнэрлээд, тэр хачин үнэр гарч буй зүг рүү алхлаа. Тэр нь ор байв. Тэр модон матрасыг сөхөж үзтэл, доор нь хөгцөрсөн хувцаснууд байхыг олж харлаа.
[Юм Цуглуулах өвчтэй хүн юм байх даа?]
Энэхүү олдвор нь түүний төсөөлж байснаас ч хачирхалтай байв. Бүх хувцас нь эмэгтэй хүнийх байсан бөгөөд өмссөн, угаагаагүй бололтой харагдана. Чэнь Гө хэд хэдэн хувцсыг татаж гаргаж ирээд бүгд ижил хэмжээтэй байгааг анзаарлаа; энэ нь тэд бүгд нэг хүнийх байж магадгүй гэсэн үг байв.
[Хувцсанд наалдсан шавар хараахан хатаагүй байна гэдэг чинь саяхан өмссөн гэсэн үг үү?]
Цогцосны нүүр будалт хийх ур чадварынхаа ачаар Чэнь Гө хүний анатомийн талаар нарийн ойлголттой болсон байлаа. Тэрээр хуруугаараа хувцасны хэмжээг хэмжих үед, хананд шигтгэгдсэн байсан эмэгтэйн цогцсын дүр зураг толгойд нь буув.
[Хэмжээ нь яг таарч байна; эдгээр хувцас ханан дотор байсан эмэгтэйнх байх нь гарцаагүй!]
[Гэхдээ яагаад үхсэн эмэгтэйн хувцаснууд энэ модон байшинд нуугдсан байдаг билээ? Бас яагаад эдгээрийг хэдхэн хоногийн өмнө өмссөн байдаг билээ‽]
Чэнь Гөгийн зүрх хүчтэй цохилж эхлэв. Тэрээр хувцсыг шалан дээр тавих үед тэдгээрийн заримд нь цаасан зурвас наасан байгааг анзаарав. Тэр түүж аваад илүү ойроос хартал тэдгээр нь бүгд 'Би чамд хайртай' гэх мэт үгсээр дүүрэн байлаа.
[Энэ гар бичмэл...] Чэнь Гө хүүхэлдэйнүүдээс олсон зурвасуудыг гаргаж ирэв. Нарийвчлан шалгаж үзэхэд, тэр хоёр ерэн хувь ижилхэн харагдаж байлаа.
[Хүүхэлдэйнүүд таван жилийн өмнөхх, харин эдгээр эмэгтэй хувцаснуудыг хэдхэн долоо хоногийн өмнө энд хаясан нь илэрхий байна. Тэдний хооронд хэдэн жилийн зай байхад, яагаад ингээд ийм олон талаараа ижилхэн байгаа юм бол?]
[Ижил гар бичмэл, ижил хайрын зурвасууд: хоёр хэргийн алуурчин нь нэг хүн байсан байж болох уу?]
Чэнь Гө хувцаснуудыг аваад орны доогуур буцааж шидэв. Яг энэ үед хувцасны халааснаас ягаан гэртэй утас унав.
[Утас аа?]
Чэнь Гө түүнийг авлаа. Утас зурвас бичих хэсэгтээ байхыг тэр анзаарав; утсыг ашиглаж байсан хэн боловч зурвас бичиж байжээ.
[Намайг авраач?]
Чэнь Гөгийн нуруугаар хүйт даав. Тэр хуудаснаас гараад зурвасын түүхийг гүйлгэж үзлээ. Тэдгээр нь бүгд ижилхэн байсан бөгөөд ердөө хоёрхон үгтэй байлаа — Намайг авраач!