41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй
"Сүнснүүдийн ивээлийг хүртэгчээ, таны зориг үнэхээр бахархмаар юм. Энэ удаагийн Хар дарсан зүүдний Даалгавар бол танд өгч буй сорилт, бас шагнал байх болно!"
"Энэхүү тоглоомын нэр бол 'Гүн ус'. Энэ нь амьд болон үхэгсдийн хоорондох заагийг алгасаж, харамсалтайгаар өөд болсон хүмүүсийг харах боломжийг танд олгоно.
"Даалгаврын шаардлага: Шөнийн 3:30 цагт угаалгын өрөөнд ганцаараа орох. Хаалгаа түгжээд гэрлээ унтраах. Ваннаа усаар дүүргэж, хажууд нь нэг лаа асаасныхаа дараа дотор нь хэвтэх. Шөнийн 3:30-аас 3:40 хүртэлх хугацаа нь Инь энерги хамгийн ихээр төвлөрдөг өдрийн цаг бөгөөд Инь, Ян хоёрын мөчлөг нийлдэг үе юм. Таны хийх ёстой зүйл бол шөнийн 3:44 цагт амьсгаагаа түгжин усан доогуур орж, хамгийн их уулзахыг хүсэж буй хүнийхээ нэрийг бодох явдал.
"Цаг хугацаа харанхуй, гэрэл хоёрын зааг дахь бүрэнхийд шилжих үед, та тэднийг амьд болон үхэгсдийн хил хязгаар дээр харах боломжтой болно.
"Дурдсан хүнээ харвал даалгавар биелнэ. Хэрэв харахгүй бол, жарэн секундын турш амьсгаагаа түгжсэний дараа даалгавар автоматаар биелсэнд тооцогдох болно."
Даалгаврын тайлбарыг уншаад Чэнь Гөд ихээхэн ээдрээтэй мэдрэмж төрлөө. Эхний Хар дарсан зүүдний Даалгавартай харьцуулахад энэ даалгавар хамаагүй хялбар санагдав. Аймшигтай орчинд гучин минутын турш нүдээ аниад суух нь ер бусын эр зориг, хатуужил шаарддаг бол, жарэн секундын турш амьсгаагаа түгжих нь ихэнх хүмүүсийн хувьд боломжтой зүйл мэт санагдана.
Гэвч ихэнх хүмүүст боломжтой санагдаж байсан учраас л түүний санаа зовж байлаа. Энэ чинь Хар дарсан зүүдний Даалгавар шүү дээ; тийм энгийн байх учиргүй.
[Өмнөх Хар дарсан зүүдний Даалгавартай ижилхэн байршил нь угаалгын өрөө байна, гэхдээ ялгаатай нь би ванн дотор живж,жаран секундын турш амьсгаагаа түгжих шаардлагатай болж.]
Тэр даалгаврын алхам бүрийг анхааралтай судалж үзлээ. Бэлтгэл хийх цагийг оролцуулаад даалгавар хамгийн ихдээ арван таван минут л шаардах бөгөөд ийм богино хугацаанд ямар аймшигтай зүйл тохиолдож чадах билээ?
Чэнь Гө даалгавар илүү хялбар харагдаж байгаад төдийгүй, даалгаврын тайлбар дунд байсан: "амьд болон үхэгсдийн хоорондох заагийг алгасаж, харамсалтайгаар өөд болсон хүмүүсийг харах боломжийг танд олгоно" гэсэн мөрөнд ихэд сонирхол нь татагдаж байв.
Бусдаас ялгаатай нь, Чэнь Гө стресстэй, хүнд хэцүү үед илүү тайван болдог зантай нэгэн. Тэр сандал дээрээ суун боломжит хувилбаруудыг тунгаан бодлоо. Түүний эцэг эх хөдөөгийн нэгэн орхигдсон эмнэлэгт алга болохдоо нэг хүүхэлдэй, хар гар утас хоёроос өөр юу ч үлдээгээгүй. Хар гар утас түүнийг Аймшгийн байшингаасаа бууж өгөх гэж байх үед идэвхжсэн бөгөөд эхний Хар дарсан зүүдний Даалгаврын үеэр хүүхэлдэй түүний амийг аварсан. Тиймээс эндээс нэг чухал асуулт урган гарч байв; хүүхэлдэй болон хар гар утас нь түүний эцэг эхийн хаана байгааг илтгэх сэжүүр болгож зориуд үлдээсэн зүйлс байж болох уу?
Хэрвээ энэ үнэн бол, хоёр дахь Хар дарсан зүүдний Даалгавар бүр ч илүү сонирхолтой болох нь ээ.
[Магадгүй, тэд над руу илүү их мэдээлэл дамжуулахын тулд энэ аргыг ашиглан холбоо барихыг хичээж байгаа юм болов уу?]
Мэдээж, энэ нь зөвхөн Чэнь Гөгийн л таамаг байлаа. Үнэнийг хэлэхэд, энэ Хар дарсан зүүдний Даалгавар эцэг эхийнх нь төлөвлөсөн зүйл биш байсан ч, Чэнь Гө даалгаврыг үргэлжлүүлэн биелүүлэх л байсан.
[Амьд болон үхэгсдийн хоорондох заагийг алгасаж, харамсалтайгаар өөд болсон хүмүүсийг харах боломжийг танд олгоно.]
Чэнь Гөгийн хувьд энэ нь эцэг эхийгээ амьд байгаа эсэхийг эцэслэн батлах боломж байлаа. Хэрэв тэр эцэг эхийгээ харахгүй бол тэд ердөө л сураггүй алга болсон бөгөөд амьд байгаа гэсэн үг. Харин хэрэв тэднийг харвал Чэнь Гөгийн анхны таамаг батлагдана; эцэг эх нь ямар нэг зорилгоор, магадгүй түүн рүү мэдээлэл дамжуулах суваг болгож хар гар утсыг үлдээсэн хэрэг болно. Магадгүй хар гар утас дотор эцэг эхийнх нь жинхэнэ гэрээслэл ч байж болох юм.
[Надад өөр сонголт байхгүй бололтой.]
Чэнь Гө цаг руугаа хяламхийлээ. Аль хэдийн 2:55 цаг болж байсан бөгөөд даалгавар эхлэх хүртэл гучин таван минут дутуу байв.
[Гуравдугаар давхарт тэр толинуудыг хагалах гэж би дэндүү их цаг үрчихэж; одоо яарах хэрэгтэй байна.]
Даалгаврын шаардлагад түүнийг усаар дүүргэсэн ванн дотор хэвтэхийг заасан байсан бөгөөд ваннтай ганц угаалгын өрөө нь 'Шөнө дундын аллага' үзвэр дотор л байлаа. Ажилчдын гарцны нэг хаалга нь ваннтай угаалгын өрөө рүү холбогдсон байдаг ба энэ нь Чэнь Гө үзвэр рүү орох болон Хө Санийн бүлгийг гаргахад ашигласан өнөөх нууц хаалга байв.
[Ердөө гучин таван минут л үлдлээ. Ваннтай зочид буудал хайх хангалттай хугацаа байхгүй болохоор, би үүнийг толин доторх мангасын эзэмшил нутагт хийхээс өөр аргагүй болох нь ээ.]
Нэгэнт шийдвэрээ гаргасан тул Чэнь Гө дахин тээнэгэлзсэнгүй. Тэр дөрвөн хүүхэлдэйгээ аван шөнө дунд Аймшгийн байшингаас гарч, цэцэрлэгт хүрээлэнгийн цайны газар руу хоёр махны хутга авахаар яаран одлоо.
[Хэдийгээр эдгээр нь өмнө нь гахай, хонь нядалахад ашиглагдаагүй ч, тогооч нар үүгээр тахиа, загас янзалж байхыг би харсан. Тэгэхээр эдгээрийг өмнө нь цус амталж үзсэн ир гэж тооцож болох байх.]
Чэнь Гө хутгыг хамартаа ойртуулан үнэрлэж үзлээ. Цустай мах үнэртэхийн оронд, ногоон чинжүү, сонгины хурц үнэр хамар сэтлэх шахаж, нүднээс нь нулимс гоожуулав.
Аймшгийн байшинд буцаж ирснийхээ дараа Чэнь Гө хиймэл угаалгын өрөө болон жорлонгийн хооронд хувинтай ус зөөж гүйлээ. Даалгавар эхлэхэд арван минут дутуу байхад тэр ваннаа дүүргэж арай гэж амжлаа.
[Бүх зүйл бэлэн боллоо; одоо эхлэх цаг болж.]
'Шөнө дундын аллага' үзвэрийн гол хаалга хаалттай байсан тул Чэнь Гө ажилчдын гарцаар дамжин угаалгын өрөө рүү орлоо. Хар гар утасны шаардлагын дагуу тэр угаалгын өрөөнд цор ганцаараа байв. Угаалгын өрөөний толийг Чэнь Гө аль хэдийн хагалчихсан байсан бөгөөд гишгэх бүрд шилний хэлтэрхийнүүд шажигнан дуугарна.
[Ус зөөх үед нэлээд их чимээ гарсан болохоор, толин доторх мангас намайг энд байгааг аль хэдийн мэдсэн байх. Гэхдээ хамаагүй ээ; би ердөө л нэг минут амьсгаагаа түгжих хэрэгтэй, тэгээд л бүх зүйл зүгээр болно.]
Чэнь Гөгийн өнцгөөс харвал, энэ даалгавар хачирхалтай хэдий ч тийм ч аюултай биш санагдана.
Тэр угаалгын өрөөний хаалгыг дотроос нь түгжиж, эцэг эхийнхээ үлдээсэн хүүхэлдэйг хаалга налуулан тавилаа. Дараа нь Пин Ан апартментийн хохирогчдын хоргодсон сүнсийг төлөөлөх дөрвөн даавуун хүүхэлдэйг ванныг тойруулан тавив.
"Бүгдээрээ, би та нарын тусламжид найдаж байна шүү. Энэ ганцхан минутыг даван туулахад минь туслаарай!"
Өмнөхийн адилаар, тэр утасныхаа камерыг асааж, бичлэг хийхээр тохиромжтой ширээн дээр байрлууллаа. Гэвч орчин хэтэрхий харанхуй байсан тул дэлгэц бараг л тас хар харагдах бөгөөд зөвхөн бүдэг бадаг хүний сүүдэр л үзэгдэнэ.
Цаг гурван минутыг заах үед, Чэнь Гө халаасанд байсан зүйлсээ гаргаж тавиур дээр тавив. Хар гар утасны зааврын дагуу тэр лаа асааж, ванны ирмэг дээр наалаа. Дүрэлзэх лааны гэрэл өрөөний цорын ганц гэрлийн эх үүсвэр болов. Доош хяламхийлбэл, Чэнь Гө шалаар нэг тарсан толины олон хэлтэрхийд ойх өөрийнхөө царайг олж харлаа.
Тэр цамцаа тайлаад ванн руу дөхөв. Усны мандал дээр долгион үүсэх нь харагдана. Ванн тийм ч гүн биш байсан боловч гэрэл бүдэг байсан тул Чэнь Гө ёроолыг нь харж чадсангүй. Хуруугаараа усанд хүрэх үед хүйтэн мэдрэмж гараар нь дамжин бүх биеэр нь тархаж, түүнийг жихүүцүүлэн чичрүүллээ.
[Энэ даалгавар үнэхээр л эвгүй юм.]
Цагийг сүүлчийн удаа шалгасныхаа дараа Чэнь Гө хоёр махны хутгаа атгасан чигтээ ванн руу орлоо. Түүнийг суухтай зэрэгцэн ус хальж, толины хэлтэрхийнүүдийг норгов.
[Новш гэж, хүйтэн байна шүү...]
Чэнь Гө биеийнх нь хэм буурч байгааг мэдэрч байлаа; зүрхнийх нь цохилт хүртэл удааширчээ. Ванны ирмэгээс дуслах усны чимээг эс тооцвол угаалгын өрөө чив чимээгүй байв.
[Ганцхан минут л, энэ ганц минутын дараа би шагналаа авна, бас миний хамгийн чухал асуултын хариу ч тайлагдах болно!]
Чэнь Гө шөнийн 3:44 цаг болохыг хүлээнгээ зүрхнийхээ цохилтыг хянахын тулд гүнзгий амьсгаа авч гаргалаа.