12-р бүлэг : Хараалт хүрд
Сурч буй чиглэлээсээ болоод Гао Рүшүэгийн цогцостой хамт өнгөрөөсөн хугацаа нь амьд хүмүүстэй байснаасаа хавьгүй их байв. Тэрээр нийгмийн харилцаанд тийм ч сайн биш байсан ч, үүндээ нэг их санаа зовдоггүй байлаа, учир нь эцсийн эцэст тэр амьд хүнээс илүү үхсэн хүний хажууд байхдаа илүү тухтай байдаг байв.
"Манай Аймшгийн байшин нүүр будалтын тусгай арга техник ашигладаг бөгөөд энэ нь Аймшгийн байшингийн өвөрмөц орчинтой нийлээд таны тархинд хиймэл төсөөлөл л бий болгож байгаа юм."
'Цогцос будагчийн нүүр будалт' болон 'Хар Баасан гараг'-ийн тухайд тэрээр хичээгээд ч тайлбарлаж чадахгүй зүйл байлаа. Тиймээс тэр асуултад ерөнхий байдлаар хариулаад, сэдвийг хурдан өөрчлөв. "Өөр асуух зүйлгүй бол би ажилдаа орох хэрэгтэй байна. Өнөөдөр манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа."
Хоёр оюутантай салах ёс гүйцэтгэснийхээ дараа Чэнь Гө , Шюй Ваньд 'Минхүнь' үзүүлбэрийн тайзны хэрэгслийг цэвэрлэхийг даалгаад, өөрөө гол удирдлагын өрөө рүү ганцаараа буцав.
Хө Саньд яг юу тохиолдсоныг зөвхөн Чэнь Гө л мэдэж байв; толин доторх тэр зүйл яваагүй бөгөөд Аймшгийн байшин дотор нуугдсан хэвээр байлаа.
[Үүнийг энд үлдээх нь цаашдаа надад илүү их асуудал л тарих болно.]
Энэ нь түүний Хар дарсан зүүдний даалгавартай нүүр тулсан анхны тохиолдол байсан тул ийм нарийн төвөгтэй үр дагавартай байна гэж тэр огтхон ч төсөөлөөгүй байв. Арын хөгжмийг унтраасныхаа дараа Чэнь Гө хяналтын камерын бичлэгийг ухрааж, Хө Санийн Баруун байшин руу орсноос хойших хэдэн минутад анхаарлаа төвлөрүүллээ. Олон өнцгөөс бичсэн бичлэгүүдийг гүйлгэж үзсэнийхээ дараа тэр удалгүй нэг зүйлийг олж мэдэв.
Цаг 9:24 минут 11 секунд болж байхад Хө Сань Баруун байшин руу гүйн оржээ. Тэрээр хаашаа гүйж байгаагаа ч мэдэхгүй ухаан жолоогүй сандчиж байв.
24 минут 14 секундэд, түүний харц хүрэл толин дээр тусах үед дэлгэцэн дээр маш хачирхалтай дүр зураг гарч ирлээ. Анхнаасаа үхтлээ сандарч байсан Хө Сань толийг харсныхаа дараа сэжигтэйгээр тайвширчээ. Тэрээр толины өмнө ямар ч хөдөлгөөнгүй зогсож байв. Дэлгэцэн дээрх цаг гүйж байгаагүй бол Чэнь Гө бичлэг гацчихаж гэж бодохоор байлаа.
24 минут 17 секундэд, Хө Сань гэнэт зүүн гараа өргөөд толь руу аажмаар алхаж эхлэв. Энэ нь яг л хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл түүнийг толь руу чирж байгаа мэт харагдаж байв!
24 минут 20 секундэд, хуримын даашинз өмссөн Шюй Вань онгорхой хаалгаар өрөөнд гүйж орж ирэв. Тэр үед Хө Санийн цээжин бие толинд бараг л шүргэж байсан бөгөөд толин дотор ямар нэгэн зүйл гялсхийх нь камерт бичигджээ. Яг үүний дараа Хө Сань шалан дээр ухаан алдан унасан байна.
[Бяцхан Ванийн орж ирсэн нь тэр зүйлийн төлөвлөгөөг тасалдуулсан байх нь ээ?]
Чэнь Гө бичлэгийг давтан үзлээ. Тэрхүү арван секундын дотор маш олон зүйл болж өнгөрчээ. Тэр чамархайгаа массажлан илсэн ч, ямар нэгэн сайн шийдэл олж чадсангүй.
[Илүү баттай шийдэл олох хүртлээ миний хийж чадах ганц зүйл бол энэ Аймшгийн байшин дахь бүх толийг бүтээх л бололтой.]
Чэнь Гө тайзны хэрэгслийн өрөө рүү буцаж очоод хэдэн хар даавуу авч, 'Минхүнь' үзүүлбэр рүү буцаж ирэв.
"Дарга аа, та яагаад хүрээд ирэв ээ? Цэвэрлэгээг надад үлдээчихгүй дээ." Шюй Вань цаасан манекенууд болон цаасан мөнгийг түүж авсандаа буцааж хийх зуураа Чэнь Гөг хараад хэлэв.
"Би чамд нэг зүйл дуулгах гэж ирлээ. Түр зууртаа, Аймшгийн байшин дахь тольтой холбоотой бүх тайзны хэрэгсэл болон айлгах үзүүлбэрийг ашиглахаа зогсоо. Бас чи ажиллаж байхдаа толиноос хол байхыг хичээгээрэй." Чэнь Гө хар даавуугаа барьсаар Шюй Ваньд хуурамч авсыг хаахад нь туслав.
Шюй Вань Чэнь Гөгийн зааварт гайхсан ч юу ч асуусангүй. Гол байшингийн бүх тайзны хэрэгслийг янзалсныхаа дараа Чэнь Гө Баруун байшин руу ганцаараа оров.
Цагаан дэнлүү өрөөнд сулхан гэрэлтүүлнэ. Тэр Хө Санийн ухаан алдаж унасан газарт зогсоод хүрэл толь руу чимээгүйхэн ширтлээ.
"Толин дотор хүн амьдардаг байх нь ээ? Толин дотор үнэхээр өөр нэг ертөнц байдаг гэж үү?" Чэнь Гө шилний мөс шиг хүйтэн гадаргууд хүрч, өөрийнхөө тусгалыг удаан гэгч нь ширтэв. Тэр яг юу гэдгийг нь тодорхойлж чадахгүй байсан ч, нэг л зүйл буруу байгааг мэдэрч байлаа.
[Түрүүн би Хө Саньд ус өгөхөд тэр баруун гараараа авсан, энэ нь тэр солгой биш гэсэн үг. Гэтэл бичлэг дээр тэр зүүн гараа өргөсөн байсан. Яагаад тэр өөрийнхөө дадал зуршлаас тэс өөр зүйл хийв ээ? Толин доторх зүйлд удирдлагаа алдчихсан байсан хэрэг үү?]
Чэнь Гө зүүн гараа толин дээр тавихад, түүний толин дахь баруун гартай яг таг давхцав. Эцсийн эцэст толин дотор бүх зүйл урвуугаараа байдаг шүү дээ.
Толийг хар даавуугаар бүтээснийхээ дараа Чэнь Гө хар утсаа гаргаж ирлээ.
[Энэ бүхэн эндээс л эхэлсэн; тэр зүйл энэ утаснаас л болж гарч ирсэн. Тиймээс, хэрвээ би үүнийг дарж устгахыг хүсвэл энэ утасны тусламж хэрэгтэй болох нь гарцаагүй.]
Тэрээр Аймшгийн байшингийн дүрстэй аппликэйшнийг нээхэд интерфэйс дээр нь зарим нэг өөрчлөлт гарсныг удалгүй анзаарав. Өдрийн үйлчлүүлэгчийн тоо болон Сард ирсэн үйлчлүүлэгчийн тоо тус бүр хоёроор нэмэгдсэн байлаа.
Нээх боломжтой үзүүлбэрүүдийн хэсэгт Туршилтын даалгавар шинээр гарч ирсэн байв. Түүн рүү дарахад, даалгаврыг биелүүлсний дараа түүнд харгалзах үзүүлбэр нээгдэнэ гэсэн зурвас гарч ирэв.
[Энэ тоглоомын загвар нэлээд шударга бололтой. Даалгавар биелүүлснээр би шагнал авах бөгөөд шагналын түвшин нь даалгаврын хүнд хөнгөнтэй шууд хамааралтай юм байна. Хэрвээ би энэ газрыг улам хөгжүүлж, толин доторх зүйлтэй учраа олохыг хүсвэл эдгээр даалгаврыг үргэлжлүүлэн биелүүлэх хэрэгтэй.]
Тэр өдөрт ганцхан л Өдөр тутмын даалгавар хийх боломжтой байсан тул Чэнь Гөгийн харц өөрийн эрхгүй Туршилтын даалгавар руу чиглэв.
"Шөнө дундын аллага — Сэтгэцийн өвчтэй аюултай өвчтөн орхигдсон байранд сэлгүүцнэ. Гарандаа хайч, модон алх барьсан тэрээр яг таны байгаа өрөөний гадна тэнүүчилж байгаа.
Даалгаврын байршил: Баруун хөдөөгийн Пин Ан апартмент.
Даалгаврын шаардлага: Өнөөдөр 23:00 цагаас өмнө Даалгаврын байршилд хүрэх. Аллагад буруутай этгээдийг хайж олоод, үүр цайтал амьд үлдэх.
Даалгаврын сануулга: Тэр яг л хонин сүрэгт нуугдсан чоно шиг олны дунд нуугддаг. Түүний эелдэг гадаад төрхний цаана сэтгэцийн өвчин нуугдаж байдаг.
Энэхүү даалгаврыг хүлээн авах уу? Анхааруулга: Туршилтын даалгаврууд зөвхөн 24 цагийн хугацаанд л идэвхтэй байна. Хэрэв энэ 24 цагийн дотор хүлээж авахгүй бол тухайн үзүүлбэр хэзээ ч нээгдэхгүй."
Чэнь Гөд эхэндээ бага зэрэг эргэлзээ байсан ч хамгийн сүүлийн өгүүлбэрийг уншаад үүнийг хүлээж авахаар шийдэв.
[Болох юм болдгоороо л болог. Аймшгийн байшингийн маань байдал эцэст нь нэг юм дээрдэж байна; би үүнийг улам сайжруулах ямар ч боломжийг алдаж болохгүй.]
Даалгаврыг хүлээн авсныхаа дараа тэр дэлгэцээ доош гүйлгэв. Хараалт хүрд түүнийг анзаараагүй байхад аль хэдийн идэвхтэй болсон байлаа. Чэнь Гө сонирхсондоо түүн дээр дартал дэлгэцэн дээр нэг эгнээ үгс гарч ирлээ.
"Үхэл амьдралыг хүн өөрөө шийддэггүй; аз, эз хоёр ганцхан алхмын л зайтай байдаг. Энэхүү хүрдэнд таны насыг уртасгах Сүнслэг жимс байхаас гадна, үзэн ядалтад идэгдсэн Хорон сүнс ч бий!
"Үйлчлүүлэгчдийн айдсын орилоон анх удаа бүртгэж авснаар Хүрд идэвхжинэ. Систем анх удаа нээгдэж байгаа тул танд үнэгүй нэг эргүүлэх эрх өглөө. (Зөвхөн 70 децибелээс давсан чанга орилолтыг л тооцно. Нийт 100 удаа айж орилсон үед Хараалт хүрдийг нэг удаа эргүүлэх эрхээр сольж болно.)"
[Ганц эргүүлэхийн тулд зуун удаа үхтэл нь айлгах хэрэгтэй гэнэ ээ?]
Энэхүү тайлбарыг уншаад Чэнь Гө хөмсөг зангидлаа.
[Энэ хүрд ч ёстой бүтэхгүй эд байна даа. Ашиглах нөхцөл нь ийм хэцүү байхад, юу унах нь хүртэл аз эзээс хамаардаг байх нь‽ Хэрвээ Хорон сүнс буугаад ирвэл хамаг хөдөлмөр маань талаар болох биш үү?]
Чэнь Гө нэг эрх үлдсэн гэсэн нүд рүү харах үед, өөрийн эрхгүй дарчихмаар санагдлаа. Энэ мэдрэмж яг л утсан дээр зурвас ирэх үед; зүгээр л нэг сурталчилгаа байж болох ч заавал нээж үзэхгүй л бол болдоггүй тэрхүү мэдрэмжтэй төстэй байв.
[За юу л болов гэж дээ?] гэж Чэнь Гө өөртөө хэлээд, хуруугаараа дэлгэцэнд хөнгөхөн хүрэх үед хүрд эргэлдэж эхэллээ.
[Хорон сүнс л биш бол юу ч байсан яах вэ дээ!]