2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар
Аймшгийн байшингийн дүрстэй тэрхүү аппликэйшн нь олонд танигдсан удирдлагын (менежментийн) гар утасны тоглоомуудтай тун төстэй харагдав; гэхдээ зочид буудал, аквариум эсвэл амьтны дэлгүүр удирдахын оронд аймшгийн байшинг удирдах ажээ.
Чэнь Гө дэлгэц рүү гөлрөн суух бөгөөд түүний толгойд ганцхан асуулт эргэлдэж байлаа.
[Аав ээжийн минь үлдээсэн утсан дээр яагаад ийм хачирхалтай аппликэйшн байдаг билээ?]
Тэрээр аппликэйшний интерфэйсийг гүйлгэн харах бөгөөд түүн дээрх өдрийн үйлчлүүлэгчдийн тоо, ашиглах боломжтой үзүүлбэрүүд зэрэг бүхий л мэдээлэл нь түүний бодит амьдрал дээрх Аймшгийн байшингийн нөхцөл байдалтай яг таг таарч байв.
Энэ нь Чэнь Гөд тоглоомон доторх Аймшгийн байшин нь бодит амьдрал дээр түүний ажиллуулж буй байшингаас огтхон ч ялгаагүй мэт маш хачин мэдрэмж төрүүлэв.
Тэд хоёулаа хүндхэн байдалд орж, хаалгаа барихад хүрчихээд байсан бөгөөд хооронд нь хэтэрхий олон ижил төстэй зүйлс байлаа.
"Энэ тоглоомыг миний Аймшгийн байшинд үндэслэж бүтээсэн байж таарах нь уу? Тэгэхээр тоглоомонд гарсан өөрчлөлтүүд бодит амьдрал дээр ч бас биелнэ гэсэн үг үү?" гэж Чэнь Гө өөртөө бувтнав.
Чэнь Гө цааш үргэлжлүүлэн уншлаа; Аймшгийн байшингийн одоогийн үзүүлбэр болох 'Амьд үхдэлүүдийн шөнө' нь аймшигтайгаар шүүмжлүүлсэн байлаа. Өмнө нь сонины нэг хуудсанд хүртэл гарч байсан 'Минхүнь' [Сүнсний хурим] үзүүлбэр хүртэл дөнгөж 0.5 одны үнэлгээ авсан байв.
"Минхүнь дөнгөж 0.5 од авч байгаа юм чинь, нээх боломжтой тэр үзүүлбэрүүд нь ямар аймаар байхыг төсөөлөхөөс ч нуруугаар хүйт оргиж байна."
Тэрээр сонголтууд дээр дарахыг оролдсон боловч, дэлгэцэн дээр шинэ цонх гарч ирэн, тэдгээр үзүүлбэрийг нээхийн тулд эхлээд тодорхой тооны өдөр тутмын даалгавруудыг биелүүлэх ёстойг сануулав.
[Өдөр тутмын даалгавар л хамгийн чухал түлхүүр нь бололтой; эдгээрийг биелүүлж байж л би шинэ аймшгийн үзүүлбэрүүдийг нээж чадах юм байна. Илүү олон үзүүлбэр нээснээрээ олон үйлчлүүлэгчдийг татаж, үр дүнд нь Аймшгийн байшингаа хөгжүүлж чадах нь ээ.]
Чэнь Гө гар утасны тоглоомд нугасгүй нэгэн байсан тул тоглоомын дүрмийг маш хурдан гадарлав—өдөр тутмын даалгавруудыг хэр хурдан биелүүлэхээс Аймшгийн байшингийн хөгжил шууд хамаарах ажээ.
Өдөр тутмын даалгавар хэсэг рүү ороход гурван сонголт гарч ирэв:
Хялбар даалгавар: Сайн Аймшгийн байшингийн зохион байгуулалтанд түүх, үзүүлбэр болон уур амьсгал гэсэн үндсэн гурван чухал хүчин зүйл байдаг.
Өөрийн гэсэн түүхгүй Аймшгийн байшин бол сүнсгүй Аймшгийн байшингаас ялгаагүй бөгөөд 'Амьд үхдэлүүдийн шөнө' болон 'Минхүнь' гэсэн хоёр үзүүлбэрийнхээ ар талын түүхийг гүйцээж бичнэ үү.
Энгийн даалгавар: Шөнө дундаас өмнө Аймшгийн байшин доторх бүх манекен хүүхэлдэйнүүдийг засаж янзлах.
Хар дарсан зүүдний даалгавар: Энэ хорвоод сүнс байдагт та бүрэн итгэж өгөхгүй хэвээр байгааг би мэдэж байна; тийм бол бяцхан тоглоом тоглоод үзэх үү? Нүдээ нээх үед чинь бүх үнэн ил болох болно.
Өдөр тутмын даалгавар өдөр бүрийн шөнө дунд шинэчлэгдэнэ. Хэрэглэгч өдөрт зөвхөн нэг л даалгавар сонгох боломжтой бөгөөд шагнал нь даалгаврын хүнд хөнгөний түвшнээс хамаарна.
(Анхаар! Даалгавар хэцүү байх тусам илүү аюултай байх болно, тиймээс сонголтоо анхааралтай хийнэ үү!)
Даалгаврын дэлгэрэнгүйг гүйлгэж харсан Чэнь Гө гайхсандаа дуу алдав.
[Тоглоомон доторх даалгавруудыг бодит амьдрал дээр биелүүлэх ёстой хэрэг үү? Энэ чинь уг тоглоом бодит амьдралд нөлөөлж чаддагийн төгс баталгаа биш гэж үү‽]
Энэхүү таамаглалаа шалгаж үзэхийн тулд тэр нэг даалгавар сонгохоор шийдэв. Шагнал нь хүнд хөнгөнөөсөө хамаарч өгөгддөг, бас өдөрт ганцхныг л сонгох боломжтой учраас хамгийн том шагналыг авахын тулд хамгийн хэцүү даалгаврыг нь сонгох хэрэгтэй байлаа. Гэвч даалгаврын төгсгөлд хавсаргасан анхааруулга Чэнь Гөгийн санааг зовоож байв.
[Сонгоход үнэхээр хэцүү юм. Хар дарсан зүүдний даалгаврын тайлбар нь дэндүү тодорхойгүй, зүгээр л ямар нэг занганы талаар яриад байх шиг. Энгийн даалгавраас нь эхэлбэл яасан юм бэ? Бүх хэрэгслүүдээ засаж янзлах хэцүү ч гэсэн огт боломжгүй зүйл биш шүү дээ.]
Чэнь Гө бол бодсоноо шууд л хийдэг хүн тул, шийдвэр гаргасныхаа дараа тэрээр тэр даруй хөдөлж эхлэв. Тэрээр багажтай хайрцгаа болон нэг сав задлаагүй хиймэл цус шүүрч аваад, Аймшгийн байшин доторх бүх манекен хүүхэлдэйнүүдээ нэгд нэгэнгүй шалгаж гарлаа.
Шөнө хэдийнээ болсон байв. Цахилгаанаа хэмнэхийн тулд Чэнь Гө хонгилын гэрлүүдийг хүртэл асаасангүй. Сугандаа гар чийдэн хавчуулсан Чэнь Гө том Аймшгийн байшингийнхаа мушгиралдсан замаар явж, анхаарал хандуулах шаардлагатай байсан бүх манекенуудыг засаж янзлав.
Хэрэв хөндлөнгийн хэн нэгэн үүнийг харсан бол тэд ухаан алдталаа айж, шууд л цагдаа дуудах байсан биз ээ.
"Ийм олон манекен засварлах шаардлагатай байсан гэж огт бодсонгүй; би өмнө нь ажилдаа ингэж залхуу хойрго ханддаг байснаа мэдсэнгүй шүү!"
Шөнийн 11:45 цагт Чэнь Гөгийн утсан дээр даалгавар биелүүлсэн тухай мэдэгдэл ирэв. "Та Энгийн даалгаврыг амжилттай биелүүллээ.
Нарийн ширийн зүйлсэд анхаарал сайн хандуулах нь төгс аймшгийн уур амьсгалыг бүрдүүлэхэд мах их хувь нэмэр оруулдаг. Баяр хүргэе, та даалгаврын шагнал болох — Үзүүлбэрийн Арын хөгжим, 'Хар Баасан гараг'-ийг хүлээн авлаа."
[Байз, 'Хар Баасан гараг' чинь гадаадын улс орнуудад хориглогдсон дуу биш билээ үү? Цуу яриагаар бол энэ дуу нь сонсогчдодоо амиа хорлох хүсэл төрүүлдэг ер бусын чадвартай бөгөөд эх хувилбар нь аль эрт устаж алга болсон гэдэг шүү дээ.]
Чэнь Гө өөрийн эд зүйлсийн агуулах дотроос нэгэн CD-ний зураг байхыг олж харав.
[Энэ одоо ямар гээчийн даалгаврын шагнал вэ, энэ бүхэн зүгээр л нэг хэн нэгний тоглоом гэж битгий хэлээрэй?]
Тэрээр CD-ний зураг дээр дартал, түүний чихэнд урьд өмнө нь огт сонсож байгаагүй нэгэн аялгуу эгшиглэж эхлэв. Аялгуу тэр чигтээ харанхуй, гуниг гутрал болон ганцаардлыг өгүүлэх шиг болно. Чэнь Гөд эргэн тойрны ертөнц нь алга болж, төгсгөл нь үл харагдах урт хонгилд ганцаархнаа хаягдсан мэт мэдрэмж төрлөө.
Дуу дуусахад Чэнь Гөгийн нуруу тэр чигтээ хүйтэн хөлсөнд нэвт норсон байв. Дууг давтаж сонсохоор тохируулаагүй нь ямар азтай хэрэг вэ гэж тэрээр дотроо талархаж байлаа, эс бөгөөс өөрийнхөө хүчээр тэрхүү хөгжмийн нөлөөнөөс зугтаж чадах байсан эсэхдээ тэрээр үнэхээр эргэлзэж байсан юм.
[Новш гэж, энэ үнэхээр бодит байна шүү дээ! Энэ гарцаагүй эх хувилбар нь байх!]
Тоглоомын даалгаврыг биелүүлсний дараа тэрээр үнэхээр л бодит амьдрал дээр ашиглаж болохуйц шагналыг олж авлаа. Энэ нь Чэнь Гөд итгэл найдварын оч асаав. Тэрээр хөгжмийг зогсоож, маш болгоомжтойгоор хадгалж авлаа. Бүх зүйлсийг цэгцэлж дууссаныхаа дараа Чэнь Гө амралтын өрөө рүүгээ буцан орж амрав.
Орон дээрээ хэвтэх хэдий ч тэрээр маш их ядарсан хэрнээ огтхон ч нойр нь хүрэхгүй байлаа. Эцсийн эцэст өнөөдөр тохиолдсон тэр их зүйлсийг тархиндаа боловсруулж, шингээхэд багагүй хугацаа шаардагдах нь мэдээж.
Өөрөө ч анзааралгүй байсаар нэг мэдэхэд шөнө дунд хэдийнээ өнгөрсөн байсан бөгөөд Чэнь Гө тааз руу гөлөрсөн чигтээ л байв.
"Огт нойр хүрдэггүй ээ!" Уйтгарлаж гүйцсэн залуу эцэстээ нөгөөх хар утсаа гаргаж ирэв. "Шөнө дунд өнгөрчихсөн учраас шинэ Өдөр тутмын даалгаврууд гарч ирсэн байх ёстой доо, тийм ээ?"
Тэрээр аппликэйшнийг нээтэл, санасанчлан Өдөр тутмын даалгаврын дэлгэцэн дээр зарим нэг өөрчлөлтүүд орсон байв.
Хялбар даалгавар: Хэрэв та үйлчлүүлэгчиддээ жинхэнэ аймшигт мэдрэмжийг өгөхийг хүсэж байгаа бол, эхлээд тэдний Аймшгийн байшинд байх хугацааны хэмнэл, хурдад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Айлгах зүйлсийг хэт эрт ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг бууруулах эрсдэлтэй тул үйлчлүүлэгчдийнхээ явцыг хянахын тулд Аймшгийн байшиндаа дуу мэдрэгч эсвэл хяналтын камеруудыг суурилуулахыг зөвлөж байна.
Энгийн даалгавар: Өрөөсөн гар хөгжим тоглодоггүй гэдэг; сайн Аймшгийн байшинг ажиллуулахад сайн баг хамт олон хэрэгтэй. Таны энэ аялалд туслах илүү олон чадварлаг хүмүүсийг ажилд авна уу.
Хар дарсан зүүдний даалгавар: Энэ хорвоод сүнс байдагт та бүрэн итгэж өгөхгүй хэвээр байгааг би мэдэж байна; тийм бол бяцхан тоглоом тоглоод үзэх үү? Нүдээ нээх үед чинь бүх үнэн ил болох болно.
Өдөр тутмын даалгавар өдөр бүрийн шөнө дунд шинэчлэгдэнэ. Хэрэглэгч өдөрт зөвхөн нэг л даалгавар сонгох боломжтой бөгөөд шагнал нь даалгаврын хүнд хөнгөний түвшнээс хамаарна.
(Анхаар! Даалгавар хэцүү байх тусам илүү аюултай байх болно, тиймээс сонголтоо анхааралтай хийнэ үү!)
Энэхүү гурван шинэ Өдөр тутмын даалгавар Чэнь Гөгийн төлөвлөгөөнд багагүй саад учруулав.
Хялбар даалгавар нь Аймшгийн байшинд шинээр хяналтын төхөөрөмжүүд суурилуулах байв; үүнийг мөнгөөр л шийдчих боломжтой ч, асуудал юунд байсан бэ гэвэл… Чэнь Гөд одоогоор хөрөнгө мөнгө хомс байсан явдал байлаа.
Энгийн даалгавар ч гэсэн Чэнь Гөгийн хувьд тийм ч амар байсангүй. Түүнтэй хамт жаргал зовлонгоо хуваалцаж явсан хоёр хуучин ажилтан нь дөнгөж саяхан ажлаасаа гарчихсан шүү дээ. Яг одоо ажилтан авах зар байрлууллаа ч гэсэн сургалтыг нь дуусгахын тулд хэд хоногийн хугацаа шаардагдана. Шинэ ажилтан нь Аймшгийн байшинд тусалж эхлэх үед, энэ газар аль хэдийнээ хаалгаа барьсан байх биз.
Хялбар болон энгийн даалгавруудыг биелүүлэх ямар ч боломжгүй байсан тул, Чэнь Гөгийн нүд хамгийн сүүлийн Өдөр тутмын даалгавар дээр туслаа.
[Даалгавар хэцүү байх тусам илүү сайн шагнал өгдөг юм чинь, энэ Хар дарсан зүүдний даалгаврыг нэг туршаад үзэх үү?]