24-р бүлэг
Студи даяар аймшигтай муухай үнэр тархав.
Гэрэл туссан хэсэг рүү хоёр хөлөөрөө алхсан, гахайн толгойтой ямар нэгэн зүйл орж ирлээ.
Түүний бие нь эцэнхий бөгөөд гахайн үхмэл том нүднээс нь цус дусалж байв.
[Түр хүлээгээрэй. Тэр бол чимээгүй уран бүтээлч… Аа! Түүний төхөөрөмжүүд одоо орж ирж байна!]
Арван гурван мөнгөн цар агаараас татлагаар дүүжлэгдэн бууж ирлээ.
Том, дугуй мөнгөн царнууд нь нарийн, сүрлэг хээ угалзаар чимэглэгдсэн байв.
Хашгирч буй царайнууд. Тоо томшгүй олон тийм царай яг л усан үзмийн багц шиг унжиж байлаа.
[Найрал дуунд нэгдэхээр сайн дураараа ирсэн хүсэл тэмүүлэлтэй оролцогчидтойгоо танилцах уу?]
Индэр бүрийн гэрэл асав.
[Өнгөрсөн долоо хоногийн зарим танил царайнууд харагдаж байна, тийм үү? Хаха, 99 дараалсан ялалтын рекордыг хамгаалсан манай оролцогчид энэ шинэ хэсэгт ч бас шинэ дээд амжилт тогтоох болов уу?]
[Сувгаа битгий солиорой! Бид удахгүй үр дүнгээ танилцуулах болно!]
Үзэгчдийн суудал хоосон байлаа. Гэвч хуурмаг алга ташилт орон зайг механикаар дүүргэв.
[Гэхдээ анхны алдар гавьяа эхний оролцогчид очих ёстой!]
Хөтлөгч миний танихгүй нэгэн ажилтны өмнө очиж зогслоо.
Сохор номингийн баг өмссөн ажилтан мөрөө хавчив.
[Асуулт ийм байна.]
[Асуулт : Дараах амьтдын аль нь хамгийн урт насалдаг вэ?]
“Х-Хүн. 2 дугаар, хүн…!”
Сохор номингийн багны нүдний цаанаас тайвширсан амьсгаа гарах нь мэдрэгдэв.
Тийм ээ. Уг нь анхны Мягмар гарагийн ярианы шоу байсан бол баяр хөөртэйгөөр дараагийн хэсэг рүү шилжих байлаа.
Гэвч шинэ хэсэгт шинэ үе шат нэмэгдсэн байв.
[Тэнцсэнд баяр хүргэе, Хатагтай Сохор номин!]
Цус дуслах гахайн толгойтой удирдаач ясархаг гараа өргөж, мөнгөн дохиураа дохив.
Сохор номин багтны толгой тастагдан уналаа.
[Ямар үзэсгэлэнтэй зохицол вэ!]
Толгойгүй болсон оролцогчийн бие эвдэрсэн хүүхэлдэй шиг индрийн дор нуран унав.
Ажилтны тасдсан толгой агаарт хөвөн хөөрч, мөнгөн цар дээр байрлалаа.
Тэр нь үг хэлсээр л байв.
[Оролцогч бүрийн өвөрмөц авьяас сэрэх болно. Өө, энэ үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхамшигтай…!]
Гахай гараа өргөхөд толгойн ангайсан амнаас гэнэт аялгуунд нийцсэн тод, чихнээ хангинах хашгираан гарч эхлэв.
“Х-Хүмүүс. Энэ бол хүн, хүүүүүүүүн!”
Яг л хэн нэгэн дууны хөвчийг нь хүчээр шахаж, модон үлээвэр хөгжим шиг дуугаргаж байгаа мэт байлаа.
[Найрал дууны анхны гишүүн байраа эзэллээ!]
Найрал дууны гишүүд байрлалаа эзлэн эхэллээ.
Тэд толгойгоо алдахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үгээ эцэс төгсгөлгүй давтаж байв.
========================
'Тахилын хургануудын найрал дуу' нь дуудагдаж ирсэн нэг удирдаач болон 13 мөнгөн цараас бүрддэг.
Ярианы шоуны оролцогчдын толгойг мөнгөн царнууд дээр байрлуулдаг бөгөөд тэднийг сонгон шалгаруулах үйл явц нь тухайн өдрийн нэвтрүүлгийн булангаар тодорхойлогдоно.
Цартай нэгдсэн толгой бүр өөр өөр хэллэг, хөгжим мэт дуу чимээ гаргаж, акапелла үүсгэдэг.
Хамгийн их бүртгэгдсэн толгойн тоо нь 7 байна.
Нэг (1) толгой : Хөнгөн толгой өвдөх, түгших, сэтгэл санаа гэнэт савлах шалтгаан болдог.
========================
Хэрэв та зүгээр л энэ аймшгийн түүхийг тухтай уншиж байсан бол.
Та 'Ганцхан толгой юу? Ийм аймшигтай нөхцөл байдлын хувьд давж гарч болохоор л юм байна' гэж бодож магадгүй.
Гэхдээ хэрэв та энэ галзуу нөхцөл байдалд өөрөө орсон бол ийм бодол толгойд чинь орж ирэхгүй л болов уу.
Шууд өртсөн тэр ажилтан шиг лав биш.
“Аааааа!! Ш-Шиён, Ши…!”
Өөр нэг индрийн гэрэл унтрав. Шатаж харласан цогцос шалан дээр наалдсан байлаа.
Үлдсэн толгой аймшигт аялгуугаа үргэлжлүүлсээр байв.
“Х-Хүн. 2 дугаар. Хүүүүүн!”
[Дараагийнх нь… Аа, бас нэг шинэ царай байна. Сайн байна уу, Ноён Далайн мөгөөрс өө! Та өмнөх тэнцсэн оролцогчтойгоо сайхан зохицол үүсгэж чадах эсэхийг чинь харцгаая!]
[За, асуулт бол…]
“Би мэдэхгүй! Би хариултыг нь мэдэхгүй байна!”
Далайн мөгөөрсний баг өмссөн ажилтан асуултыг асууж ч амжаагүй байхад хашгирав.
Түүний зөн совин нь асуултад буруу хариулж, шийтгэл хүлээх нь хавьгүй дээр гэдгийг хэлж байх шиг байв.
Энэ нь үнэхээр гайхалтай шийдвэр байлаа.
…Гэхдээ утгагүй л дээ.
Студийн толин бөмбөлгөөс гэрэлт цацраг харваж, цаасан саа агаарт яг л салют шиг бутрав.
Бичигдсэн үзэгчдийн урам хугарсан шүүрс алдалт болон баяр хөөр холилдсон чимээ студиэр дүүрлээ.
[Өө үгүй ээ, хасагдчихлаа! Ямар харамсалтай юм бэ…]
[Тэр агуу найрал дуунд орж чадсангүй!]
'Одоо ямар ч шийтгэл байхгүй болж. Хэрвээ асуултад буруу хариулбал, чи зүгээр л хасагдах нь.'
Зураг авалт эхэлснээс хойш ердөө тавхан минутын дотор хүмүүсийн тал нь үхэв.
Тэгээд зугтах ямар ч арга байсангүй.
Бид гурвуулаа л үлдлээ.
D багийн Ин дарга болон Пак дарга бид гурав.
[Дараагийн оролцогчтойгоо уулзацгаая! Өө, танил царайнууд байна шүү дээ!]
Би өдийг хүртэл зайлсхийсээр байсан нэгэн баримтыг эргэн саналаа.
…Эдгээр дарга нарын нэрс <Судалгааны тэмдэглэл>-ийн хаана ч бичигдээгүй байсан.
Энэ нь надтай хамт орсон шинэ ажилтан Ён Интэй яг ижилхэн байв.
Ён Ин гэх нэрийг анх сонсохдоо юу гэж бодож байснаа би саналаа.
– Тэр аймшгийн түүхүүдийг харьцангуй амархан давчихаад эрт гарч явсан байх…
– Эсвэл тэр шууд л үхсэн байх.
Дараа нь Пак дарга дуудагдлаа.
Надаас хамгийн хол байх индэр дээр зогсож байхдаа тэр бүрмөсөн цонхийсон байв.
Энэ бол цаазын ял байсан, бас удахгүй минийх ч болох болно…
[Одоо таны хариулах ээлж!]
Индрийн ард нуугдсан би өөрийнхөө ходоод руу хүчтэй цохилоо.
Өвдөлтөд толгой маань бага зэрэг сэргэх шиг болов.
'Айсан гэдэг нь шалтаг болохгүй.'
Энэ бол тиймэрхүү айдаст автдаг нөхцөл байдал биш байлаа.
Энэ нь байгалийн гамшгийг, түүний давагдашгүй хүчийг дэргэдээс нь харж байгаатай л адил байв.
Би гэнэтийн гамшигт өртчихлөө. Тийм ээ… Хэрвээ би энд сандарч тэвдвэл бүх зүйл дуусна. Надад амьд үлдэх боломж ч гарахгүй.
Би мартаж болохгүй. Энд байгаа бүх хүмүүсээс чамд л амьд гарах хамгийн өндөр магадлал байгаа!
Надад мэдээлэл болон эд зүйлс бий.
[Ноён Дорго, та бэлэн үү?]
Хөтлөгч болон ажилтнуудын анхаарал над дээр байхгүй байгаа энэ мөчийг би ашиглаж чадах болов уу? Надад үнэхээр оролдоод үзэх ямар ч арга алга гэж үү?
Би өөртөө байгаа эд зүйлсийг цөхрөнгөө баран эргэн саналаа. Мөн энэ аймшгийн түүхийн онцлогуудыг сандран эргэцүүлэн бодов.
'Би ч их зүйл хүлээхгүй байна л даа, гэхдээ.'
Хэрэв би эндээс гарч чаддаг л юм бол.
Энэ галзуу ярианы шоу цуцлагдах гэх мэт том зүйл хүсээгүй байна. Зүгээр л ганц секунд зогсооч… ердөө ганцхан мөч…
Хөтлөгчийн нуруу яг миний урд байлаа.