Аймшгийн түүх дотор орчихсон ч гэсэн ажилдаа явах л хэрэгтэй

60-р бүлэг

...А-багийнхантай хамт аймшгийн түүх рүү орохоор бэлтгэж байхдаа бодолдоо тогтоож авах ёстой зүйлсээ дахин нэг саная.

1- Би хулчгар амьтан гэдгээ тэдэнд хэзээ ч мэдүүлж болохгүй.

2- Ашиглах зөв стратегиа аль хэдийнэ мэдэж байгаа гэдгээ илчилж болохгүй.

3- Хамтран ажиллахаас татгалзаж буй багийн даргын ажлын байран дээрх дээрэлхэлтийг давж гарч амьд үлдэх.

[Намайг зүгээр л алаад өгөөч.]

Энэ компанид орсноос хойш би энэ үгийг өөртөө хэдэн ч удаа хэлснийг тоолж баршгүй.

Гэвч яалтай ч билээ.

Намайг бүдрэхийг нүдээрээ харахыг хүсэж байгаа дээд тушаалтантай хамт аймшгийн түүх рүү орж байгаа минь анхны удаагийнх!

Дээрээс нь намайг хулчгар гэдгийг мэдсэн даруйд минь цэвэрлэгээний баг руу шууд чулуудчих ажлын донтой өөр нэг дээд тушаалтан байна...

Өөрөөр хэлбэл, би амьд гарахад минь туслахын оронд харин ч саад болох хүмүүстэй хамт аймшгийн түүх рүү орж байна гэсэн үг.

[Магадгүй эндээс мултрах ганц арга бол хангалттай оноо цуглуулж, хүслийн тасалбар ашиглан зугтах явдал байж болох юм.]

Тэгээд энэ удаад бидний орж буй аймшгийн түүх ч гэсэн төөрөгдүүлсэн сэжүүрээр дүүрэн, түгшүүр төрүүлэм газар байлаа.

"Танд энэ газар ямар харагдаж байна?"

"...Яг л... хаягдсан үйлдвэр шиг харагдаж байна, Багийн дарга аа."

Харанхуй, маажигнасан тосны үнэр агаартаа шингэсэн хаягдсан үйлдвэр.

<Харанхуйн судалгааны тэмдэглэл>-д хаягдсан үйлдвэртэй холбоотой хэдэн аймшгийн түүх байдгийг та нар мэдэх үү?? Наад зах нь хэдэн арваараа бий.

Бас байршил нь тохиолдлоор өөрчлөгддөг, тэр дундаа хаягдсан үйлдвэр орж ирдэг аймшгийн түүхүүдийг бодолцвол бүр ч олон!

А-багийн хоёр гишүүнээс хэдхэн хором ч болов холдож амжвал адилтгах кодыг хайлтын хэсэгт хурдан оруулчих юмсан гэж би найдаж байсан ч, тэд надад ганцаараа байх ганц ч боломж олгосонгүй.

[Т-Тэд намайг харцаараа бүр нэвт сүлбэж байна.]

А-багийн хоёр дээд тушаалтан хоёулаа алгуурхан алхах зуураа над руу сэмхэн хяламхийх нь, яг л намайг ямар нэгэн алдаа гаргахыг хүлээж байгаа мэт байв.

Миний хүйтэн хөлс цутгаж байлаа.

[Энд надад найдаж болох ганц ч хамтрагч алга даа...]

"Өө! Дахиад л өөр орчин байх чинь вэ. Хмм, зураг авалтын талбайд тийм ч тохиромжтой газар биш байна гэж хэлэх байна! Норсон илжиг шиг заваан нөхцөл байдал байна! Чи санал нийлэхгүй байна гэж үү?"

Би хурдхан шиг доошоо харав.

Энэ дуу хоолой миний халаасанд байх "Good Friend" түлхүүрийн оосрын чихмэлээс гарч байв.

[Надад хамтран ажиллах хамтрагч байна шүү дээ!]

Б-Байз даа, бид хоёр А-багийн дээд тушаалтнуудынхаа яг хажууд зогсож байна, тэгтэл чи ингэж ил цагаан ярьж эхэлбэл...

"Ай даа, чи бидний үнэт эрдэнэ мэт нөхөрлөлд саад болох вий гэж санаа зовоо юу? Санаа маань амарлаа! Найз биш хүмүүс миний дуу хоолойг сонсох эрхгүй юм шүү дээ!"

Тэгэхээр өөр хэн ч түүний ярихыг сонсож чадахгүй байх нь.

[Бодоод байх нь ээ, "Good Friend" зөвхөн эзэнтэйгээ л ярьдаг тухай тэмдэглэлүүд байсан шүү дээ.]

Бас тэрээр хамтрагчийнхаа сэтгэл санааны байдал эсвэл гадаргуугийн бодлыг мэдрэх чадвартай гэж ярьдаг.

Сэтгэл минь арай тайвширч, би халаасаа хэд хэд зөөлөн тогшив.

"Хаха, бага зэрэг гижиг хүрээд байна шүү!"

Би үнэхээр уйлах нь ээ.

Аймшгийн түүхийн мангас миний сэтгэлийн ганц тайвшрал болж байгаа энэ нөхцөл байдал...

"Багийн дарга аа. Тэнд нэг хаалга байна."

"Аан, тийм байна. Солеум-ши, чи түрүүлээд очиж онгойлгооддох уу?"

Хашхираанаа залгисаар, би зэвэрсэн хаалга руу ойртон очив.

Надад гарын авлагыг нь ч өгөхгүйгээр тусгайлан зааж өгч байгаа нь намайг хавчин хавчиж, бэрхшээл учруулах гэснээ ч нуухаа больжээ!

"Бурхан минь... Бор гөрөөс өө, чи их шаналж байгаа харагдах юм. Тэвчээр хатуужил, тамир тэнхээний асуудал юм болов уу?"

Би анзаарагдахгүйг хичээн толгойгоо үл ялиг сэгсрэв.

"Тэгвэл энэ заваан орчин чамайг бухимдуулаад байгаа юм уу?"

"Аан, ойлголоо. Тэгвэл чиний энэ хамтрагчид чиний сонирхолд тийм ч сайн нийцэхгүй байгаа байх нь ээ!"

Үнэхээр хэцүү юм. Энэ аймшигт аймшгийн түүхийн орчин, бас ажлын байран дээрх дээрэлхэлт...

"Энэ муухай хүмүүс миний дотнын найзыг зовоож байгаа юм уу?"

Дагжин чичрэв, чичрэв, чичрэв.

"Өө, ойлголоо. Заримдаа зангидсан гараа дэлгэж чаддаггүй, соронзны хоёр туйл шиг таардаггүй хүмүүс байдаг шүү дээ! Хөгжилтэйгээр цааш явцгаая, найз минь!"

Одоо бүр дотор өвдөөд эхэллээ.

[Энэ бүхний дээр, чихмэл тоглоомыг галзууруулчихгүйн тулд би тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй байна шүү дээ.]

Айдас ба дотор базлалтын дунд хавчуулагдсан би яаж ийгээд биеэ барьж, зэвэрсэн хаалганы бариулаас атгалаа.

Зэвэрсэн хаалга нээгдэхэд... үйлдвэрийн үндсэн ажлын байр ил гарлаа.

Аль эрт үйлдвэрлэл нь зогссон мэт тоосонд дарагдсан лааз, хайрцгуудаар дүүрсэн байв. Газар тархсан хагархай үхрийн махны лаазнаас муудсан зүйлс урсжээ.

Гэхдээ энэ үнэрээс ч илүү хүчтэй зүйл анхаарал татав.

Цусны эхүүн, төмөр мэт заваан үнэр.

Тэгээд... шалан дээр хэвтэх цогцос.

"Харж байна уу? Тэнд нэг цогцос байна."

"Солеум-ши, очиж нэгжээрэй."

Намайг нулимс дуслуулан унахаас сэргийлж байсан ганц зүйл бол халаасанд байх түлхүүрийн оосрын чихмэлийн тайвшруулах илч байлаа.

[Хаягдсан үйлдвэр... цогцос, хаягдсан үйлдвэр, цогцос...]

Би дотроо аймшигт хашхираанаа дарангаа, цогцос руу ойртож, тархин доторх вики хуудсаа шүүж гарлаа.

Цогцос зам дээр доош харан хэвтсэн байх бөгөөд хослол өмссөн байв.

Толгойн ар хэсгээс нь цус гоожсон, хослолтой эр.

Миний үеийнх болохоор уу, эсвэл хослолтой байсан болохоор уу, нэг л танил харагдана.

Түүнд шууд гар хүрэх ямар ч боломжгүй байв...! Амьсгаа ч авалгүйгээр, би тусгай төхөөрөмжөө хурдан дуудаж, гараа агаарт адуулан цогцсыг янз бүрийн өнцгөөс шалгаж эхлэв.

Зөвхөн өвдөлтийг л дамжуулж, хүрэлцэх мэдрэмжийг дамжуулдаггүйд бурханд талархъя—үнэхээр, үнэхээр сэтгэл уужирлаа.

"...Эрэгтэй, өндөр нь 170 гаруйас 180-ын эхэн орчим гэж баримжаалж байна, хослол өмссөн, толгойн ар хэсэгт цус алдсан байна. 10 см-ээс дээш диаметртэй ямар нэг зүйлд цохигдсон бололтой."

"Хмм. Маш сайн. Одоо, түүнийг харуулдуулж эргүүл."

Ким Солеум энэ мөчийг санаж явна аа...

Би дотор огиж байснаа барин, байдаг хүчээрээ А-багийн дарга руу муухай хараад, цогцсыг нэг огцом хөдөлгөөнөөр харуулдуулан эргүүлэн тавилаа.

Нүд нь аниастай, нүүр нь ил гарч ирэв.

Шалан дээр цус нь гоожиж хэвтэх миний нүүр.

Новш гэж— Новш, новш гэж—!!

Энэ хараагдсан аймшгийн түүхүүд үнэхээр үү!!

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8