34-р бүлэг
"Тоглосон юм аа. Өнөөдөр бидний орох Darkness тийм ч аминд тулсан аюултай зүйл биш. Олон энгийн хүмүүс эндээс мултарч чадсан... Хэдийгээр Гамшгаас хамгаалах товчооноос дэгдээсэн дуулианыг дарахад Төлөвлөлтийн багийнхан нэлээд сандарсан ч гэсэн~"
D-багийн гишүүдээс хэн нь ч хариу үйлдэл үзүүлээгүйд Судалгааны 1-р багийн тасгийн дарга зүгээр л мишээгээд, үлдсэн бичиг баримтуудаа цэгцлэв.
Мөрийний тухай ярьж байсан өнөөх судлаач бидэн рүү басамжилсан янзтай харснаа, гараа сүлжин хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харах нь тэр.
[Ажил дээрээ ингэж аашилж занчих нь үнэхээр зөв юм уу...?]
Сэтгэл санаа нэг л таатай бус байсан ч энэ компанид хийдэг ажил хэзээ ч таатай байж билээ дээ. Одоо хамгийн чухал нь бидэнд оногдсон Darkness л байв.
Тэр нь ямархуу аймшгийн түүх байсан юм бол?
"Аан, Бор гөрөөс өө, чи ч гэсэн харж л бай."
Би дээд албан тушаалтны өгсөн бичиг баримтыг хүлээн авлаа.
[Миний сайн мэдэх зүйл байгаа даа.]
Олон энгийн иргэд оргож чадсаныг бодвол тийм ч айхавтар зүйл биш юм шиг санагдав. Муудлаа гэхэд D-зэрэглэлийн түүх байх?
Нэг их хүндрэлгүйгээр даваад гарчих байх.
Тэгэхээр сандрах шаардлагагүй...
"Бор гөрөөс өө, чи энийг уншсан уу? Алиалагчийн хөрөг зургийн тухай чинь... өө, алиалагчийн сурталчилгаа харвал тийшээ татагдаж ордог байх нээ?"
Үгүй байлгүй дээ, байж боломгүй юм...
<Dark Exploration Records> / Аймшгийн түүх
[Алиалагч чамд дургүй]
: <Dark Exploration Records>-д гардаг аймшгийн түүх.
: Daydream Inc. ялгах код – Qterw-D-210.
Төрөл бүрийн алиалагчийн хөрөг зураг эгнүүлэн тавьсан эцэс төгсгөлгүй коридороор дүүрэн бөгөөд хүмүүс тэнд үүрд хэрэн тэнэх тавилантай.
Нарийвчлан харвал зургууд нь бодит алиалагч биш, харин албадан алиалагчийн төрхөд оруулсан, муруй саруй мушийсан зэвүүн төрхтэй хүмүүс байдаг.
Тэнд удах тусам хөрөг зургууд улам бүр гажиж, хачин сонин болно.
Энэ аймшгийн түүхэнд сураггүй алга болсон хүмүүс шинэ алиалагчийн хөрөг зураг болдог.
Энэ бол судалгааны тэмдэглэлүүд дотроос ховорхон таарах, жинхэнэ аймшгийн киноны стильтэй аймшгийн түүх юм.
Би чичирсэн харцаар судалгааны тэмдэглэлийг гүйлгэн харлаа.
Сүлжээ дэлгүүрийн сүнсийг бодвол хавьгүй аймшигтай, жинхэнэ аймшгийн сэдэв.
"Хаха, за тэгвэл дотогшоо орцгооё!"
[Гурав дахин их оноо өгөх эвент ч гэх шиг, цуцлаад өгөөч! Би тийшээ ормооргүй байна!]
Гэвч мэдээж хэрэг, нийгэмд ийм үгс хэзээ ч хэрэгждэггүй юм...
Би нүдээ нээв. Миний өмнө харанхуй коридор—үгүй ээ, миний ирээдүй шиг бүрхэг коридор угтав.
Ханаар дүүрэн аймшигтай алиалагчийн хөрөг зургуудыг наасан байх бөгөөд тус бүрдээ муруйж сэвтсэн, сэтгэл сэртхийлгэм нүүрний хувиралтай байлаа.
Энэ газар руу нэвтрэх арга нь анхнаасаа л аймшигтай байв:
1- YouTube-ийн сурталчилгаагаар үзэгч рүү шууд ширтэн, галзуурсан мэт инээж буй улаан хамартай алиалагчийг үзэх.
2- Дотор талын ямар нэг хаалттай коридорын булангаас алиалагчийн гар гэнэт цухуйн гарч ирэх.
3- Хэрэв хэт ойртвол тэр гар бугуйнаас чинь шүүрэн авч, энэ коридор руу татаж оруулах.
Би зөвхөн энэ хэсгийг уншаад л бараг ухаан алдах дөхлөө.
Би сандран эргэн тойрноо харлаа. Ямар ч хананд ойртсон тохиолдолд тохиолдох аймшигт зүйлсийн тухай судалгааны тэмдэглэлд бичигдсэн сануулгууд толгойд минь тодхон сэргэв.
Нуруугаар хүйтэн хөлс цутгаж байлаа.
[Үнэнээ хэлэхэд, зөвхөн би ч биш, хэн ч байсан энэ газраас айна шүү дээ...]
"Хмм. Тийм ч харанхуй биш байна. Гэрэл асаах шаардлагагүй байх."
"Тасгийн дарга аа! Нүд харанхуйд дастал жаахан хүлээх хэрэгтэй биш үү?"
"Зөв. 60 секундын турш нүдээ аниарай."
"Тийм ээ, тасгийн дарга аа!" гэж Хянагч Пэк тодорхой, итгэлтэй дуугаар хариулав.
Сэтгэл сэртхийлгэм алиалагчийн хөрөг зургуудаар дүүрсэн харанхуй коридорт бүтэн ганц минут нүдээ анихыг тайван санал болгох гэж үү?
"Бор гөрөөс өө, чи ч гэсэн нүдээ аниарай."
Ийм л төлөвлөгөөтэй байж л дээ.
Би нүдээ аниж байгаа юм шиг царайлан, нүүрнээс минь хөлс цутгах зуур шал руу ширтэж байв.
Би дөнгөж сая нэг зүйлийг ухаарлаа.
Тэд ер нь айдсыг мэдэрдэггүй дархлаатай хүмүүс юм байна.
Аминд тулсан аюултай нөхцөл байдал биш л бол тэдний айдсыг мэдрэх хязгаар нь утгагүй өндөр!
Тэд бол "Амьдралд хамгийн аймшигтай нь хүмүүс" гэж яриад, аймшгийн киног уйтгартай гэж үздэг зантай хүмүүс!
[Тэгээд л энэ компанид ажилладаг байх нь л дээ!]
Гэвч тэд ямар ч зоригтой байлаа гээд тэрхүү сэтгэл сэртхийлгэм хөрөг зургууд хөдөлж эхэлбэл ийм тайван байж чадахгүй нь лавтай...
"Хмм... Хэрэв хөрөг зургуудад хэт ойртох эсвэл тэднийг хутгалбал заримдаа гарч ирээд араас хөөдөг юм байна."
"Аан, тийм. Тэгэхэд зураг хоосон болдог бөгөөд цөөн хэдэн хүмүүс үүнийг ашиглан бодит байдал руу оргож чадсан гэсэн."
Тасгийн дарга И-ийн дуу хоолой тайван, хүлээцтэй хэвээр байв.
"Тааралдсан хөрөг зураг бүрийг хутгал."
"Ойлголоо, тасгийн дарга аа! Ямар нэгэн зүйл амь орвол би дохио өгөөд шууд зугтана!"
"Тийм ээ. Бид цаг тутамд энэ оролдлогыг давтах болно."
"Аан, мөлхдөг гэж бичсэн байна уу? Сайн байна, хөдөлгөөн багатай юм байна."
"Яг тийм. Өө, Бор гөрөөс өө! Би түрүүн харсан юм—зүүн талд сонин нүдтэй алиалагч байна. Киноны постер шиг л харагдаж байна, тийм байгаа биз?"
"Сураггүй алга болсон энгийн иргэний тодорхойлолттой төстэй байна. Энд алга болбол яг ингэж дуусдаг бололтой."
Би харцаа дээшлүүлж харахаас өөр аргагүй болов.
Аймшигт харанхуйд нэг нүднийх нь оронд товч байх бөгөөд эрээн будгаар бүдүүлэг будсан, шүдээ ярзайлган албадан инээсэн алиалагчийн хөрөг зураг байв.
Би сайн мэдэж байлаа—үлдэгдэл ганц нүднийх нь хүүхэн хараа дөнгөж сая хөдөлсөн.
"Бор гөрөөс өө, эхлээд тэрэнд хүрээд үзэх үү?"
Аа, үгүй ээ!! Гуйж байна, болиоч дээ!
Би яагаад тийм гэж зөвшөөрсөн юм бэ? Би бүр ойртож ч чадахгүй нь байна шүү дээ!
Шилэн хүзүүгээр минь муу ёр мэдрэгдэх шиг болов.
Энэ солиотой хүмүүсийн темпэнд тааруулаад байвал би эндээс амьд гарч чадахгүй.
"Тэгэхээр, Бор гөрөөс эхлээд зүүн дээд талын хөрөг зургаас эхэлнэ..."
"Би эндээс гарах зөв аргыг олоод харчихлаа гэж бодож байна."
Энд ирээд ганц минут ч болоогүй байгаа ч ямартай ч би олоод харчихлаа! Надад зүгээр л итгэ за юу!
"Оргож чадсан энгийн иргэдийн тэмдэглэлийг уншаад таамаглачихлаа."
Миний тархи өмнө нь хэзээ ийм хурдан ажиллаж байлаа даа?
[Энэ айдсаа алдсан солиотнуудыг манлайлуулаад байж болохгүй!]
"Нэгдүгээрт, бид бусад хөрөг зургуудад хүрч болохгүй."
Учир нь би үхтлээ айж байгаа болохоор тэр.
Гэвч амнаас минь огт өөр үг гарч байлаа.
"…Тусгайлан тохируулсан зөв хариулт заавал байж таараа."
Амьд үлдэх зөн инстинкт гэдэг нь энэ үү?
Би шууд л тоног төхөөрөмжийнхөө тоглоомон зоосыг гаргаж ирээд, хагас тунгалаг бээлийг агаарт дуудан ирүүлэв.
Тэгээд яг л алдартай ютуберт их хэмжээний хандив өгч байгаа юм шиг 500 воны зоосноос хорь орчмыг бээлийнд атгууллаа.
Бээлий асар их хандиваас болоод шоконд орсон юм шиг нэг секунд гацсанаа, агаарт баяртайгаар эргэлдэж, миний гараар уусан нэгдэв.
"Түр хүлээгээрэй, тэр чиний тоног төхөөрөмж үү, Бор гөрөөс өө?"
"Тийм ээ. Надад зайнаас эд зүйлсд хүрэх боломжийг олгодог юм."
Ядаж одоо би алиалагчийн хөрөг зургуудад заавал өөрөө ойртож хүрэх шаардлагагүй боллоо.
Гэвч би өөр төлөвлөгөөтэй байгаа юм шиг царайлан, нухацтай бодолд орсон мэт толгой дохив.
"Одооноос эхлэн... би гүйж боломжит аль болох олон хөрөг зургийг хармаар байна. Бид зөв хариултыг олох хэрэгтэй."
Би Тасгийн дарга И Жэхон руу харав.
"Одооноос эхлэн миний тодорхойлж хэлэх хөрөг зураг нь зөв хариулт байх болно."
"Хэрэв та нар тийм зураг харвал надад шууд хэлээрэй. Ойлгомжтой юу?"
Хэрэв энэ бүтэх юм бол би алиалагчийн хөрөг зураг бүрийг өөрийн биеэр нэг бүрчлэн шалгах шаардлагагүй болно!
[Мэдээж тэр "Энэ муу шинэ ажилтан хэн болчихоод биднийг тушаагаад байгаа юм?" гэж хариулбал бүх зүйл дуусаа...]
Гэвч Тасгийн дарга И тийм эрх мэдэлд дуртай нэгэн шиг харагдсангүй.
Хэдийгээр гүрвэлийн толгойтой ч гэсэн! Магадгүй гүрвэл шиг сэтгэдэг ч байж магадгүй!
Хөл минь сөхөрчих дөхтөл сэтгэл амран, гэхдээ би бүх зүйл хяналтад байгаа юм шиг жүжиглэн толгой дохив.
"Тэгвэл би гүйж эхэллээ."
Би шалгахын тулд заавал гүйх шаардлагатай ямар нэгэн суут шинэ гипотезийг туршиж байгаа мэт аашлов...
[Үнэндээ огт шаардлагагүй байсан ч гэсэн...]
Эндээс оргох нь санаснаас ч энгийн.
[Ямар ч хөрөг зурагт хүрсэн бай зөв зүйлээ олоход ямар ч нөлөө үзүүлэхгүй...]
Хэрэв та хангалттай зоригтой бол зүгээр л тааваараа алхаад учрыг нь олчихож болно.
Гэвч би аль хэдийн сургамж авсан.
Сүлжээ дэлгүүрт сүнстэй барилцаж тоглох үеэр би хатуу сургамж авсан.
Аймхай хүний амьд үлдэх түлхүүр юу вэ?
Аймшгийн байшингийн дундаас ороод шууд зугтах.