362-р бүлэг : Өглөөний цайны урилга
Эхний шатны шалгалтууд, төрийн мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага, Касситай өрнүүлсэн хүндхэн яриа, мөн өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ талаар Саннигийн эргэцүүлэн бодож өнгөрүүлсэн цагууд бараг бүтэн өдрийг эзэлжээ. Дэлхий ертөнцийг аль хэдийн шинэ үүр цайх үеийн зөөлөн нарны гэрэл гийгүүлж эхэлсэн байлаа. Үүнийг тэр мэдэж байсан нь газар доорх өрөөнийх нь нэг ханыг хуурамч цонх болгон тохижуулж, Академийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн дүрсийг алсын камераас шууд дамжуулан харуулж байсантай холбоотой.
Тэр бага зэрэг оюуны ядаргаа мэдэрч байсан ч нойр нь хүрээгүй байв. Ядаж одоохондоо. Үнэхээр Сэрэгчийн бие энгийн хүнийхээс хавьгүй тэсвэртэй ажээ.
Түүнд хийх ёстой хэдэн зүйл үлдсэн байлаа. Жишээ нь өнгөрсөн хорин дөрвөн цагийн үймээн самуун дунд өөрийн Дурсамжуудаа сайтар шалгаж амжаагүй билээ.
Санни Бичээсээ дуудах гэж байтал гэнэт хаалга нь тогших чимээ гарав.
Тэр цочин өндийснөө:
'...Юу вэ? Хэн байж болох вэ?'
Хэсэг зуур Эффи, Кай хоёрын дүр зураг толгойд нь орж ирсэн ч тэр даруй үгүйсгэв. Тэд Сэрэлтийнхээ дараа өөртэй нь адил завгүй байгаа нь гарцаагүй. Бүр ч их завгүй байх магадлалтай. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас гадна өөр бусад ажил ч бас байгаа. Тэгээд ч өөр өөр байгууламжид байсан болохоор зөвхөн түүнтэй уулзах гэж Академид ирнэ гэдэг бараг боломжгүй.
Ялангуяа ийм хурдан.
Өөрийгөө энгийн хүн мэт харагдуулахын тулд биедээ нуугдсан нэг сүүдрээ далдлаад Санни хаалга руу алхаж очин онгойлгов.
Хаалганы цаана хорь гаруй насныхаа сүүл үе рүү дөхөж яваа үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй нэгэн эмэгтэй зогсож байлаа.
Түүнийг хармагц өрөөний температур хэдэн хэмээр буурсан мэт санагдав.
Тэр богинохон хар, хэрээний өд шиг үстэй, мөс шиг цэнхэр нүдтэй байлаа. Өөгүй цагаан арьс нь толигор, зөөлөн бөгөөд цас шиг цав цагаан. Хар хөх өнгийн мөнгөн мөрдөстэй дүрэмт хувцас, хар савхин түрийтэй гутал өмсжээ. Дүрэмт хувцасны хүрэм нь товчлогдоогүй байсан тул дотуур өмссөн майк нь түүний том...
'Өө, новш!'
"Сэрэгч Санлесс, чи яг юу ширтээд байна?"
Санни нүдээ том болгон дээш харлаа.
"Мастер Жэт! Би зүгээр л... аан... таны хувцасны мэдрэмжийг биширч байсан юм."
Хаалган дээр зогсох тэр хүн бол анхны Хар дарсан зүүдийн дараа түүнийг бодит ертөнцөд угтан авч байсан, төрийн албанд ажилладаг Дэвшсэн Эрлэгийн элч Жэт байлаа.
Санни Зүүдний ертөнцөөр аялж байхдаа энэ үзэсгэлэнт эмэгтэйн талаар хааяа боддог байсан.
Зөвхөн Матсер Жэтийн өгсөн гурван зөвлөгөө олон удаа амийг нь аварсных биш.
Харин тэр ч бас өөрийнх нь адил захын дүүргээс гаралтай байсантай холбоотой.
Өөртэй нь адил хувь тавилан муутай хүн зөвхөн амьд үлдээд зогсохгүй, Хар дарсан зүүдний Хараалын харгис ертөнцөд амжилттай амьдарч чадсан гэдгийг мэдэх нь түүний шийдэмгий занг улам хурцалж, бас бүхнийг өөр өнцгөөс харахад тусалсан.
...Гэхдээ тэр энд юу хийж байгаа юм бол?
Санни Жэтийг эргэлзсэн харцаар ажиглав.
Тэр жилийн өмнөхтэй яг адилхан харагдаж байлаа. Ганц ялгаа нь дүрэмт хувцас нь арай үрчийсэн, мөн нүднийх нь доор хар хүрээ үүсжээ.
Түүнийг ажиглаж байхад Жэт инээмсэглэв.
"Миний хувцасны мэдрэмж гэж үү? Баярлалаа! Хэрэв хүсвэл чамайг хувийн оёдолчидтойгоо танилцуулж болох юм. Гэхдээ ийм тухтай хувцас өмсмөөр байвал эхлээд хэд хэдэн зузаан гэрээн дээр гарын үсэг зурах хэрэгтэй шүү."
Санни хүчилсэн инээмсэглэл гаргав.
"Аан... ойлголоо. Танай оёдолчид миний түрийвчинд арай л ахдах юм байна. Гэхдээ санал тавьсанд баярлалаа."
Хэсэг чимээгүй болсны дараа тэр болгоомжтой асуулаа.
"Аан... Мастер Жэт? Тантай дахин уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна. Гэхдээ... ямар хэрэг гарав? Та эргэн ирсэн хүн бүр дээр очиж амжих хэмжээний завтай хүн биш нь ойлгомжтой."
Жэт түүн рүү хэдэн хором ширтсэний дараа гэнэт эвшээж, нойроо үргээхийн тулд толгой сэгсрэв.
"Үнээн. Гэхдээ чамд дахиад дамжих ёстой хэдэн журам үлдсэн байгаа. Бас бид өмнө нь танил байсан болохоор энэ ажлыг өөрөө хийе гэж бодсон."
Ингэж хэлээд тэр эмнэлгийн хоосон коридорыг тойруулан нэг харснаа хэсэг азнаж, дараа нь асуулаа.
"Юм идэх үү?"
───
Хэсэг хугацааны дараа тэд Академийн эмнэлгийн газрын түвшний давхраар алхаж байлаа. Санни Жэтийг эмнэлгийн цайны газар луу орно гэж бодсон ч тэр оронд нь гарц руу чиглэв.
"Аан... бид хаашаа явж байгаа юм бэ? Цайны газар чинь энэ талд биз дээ?"
Жэт гайхсан янзтай түүн рүү хараад үл ялиг ярвайлаа.
"Эмнэлгийн хоол гэж үү? Үгүй ээ, баярлалаа. Чамайг Багш нарын амралтын өрөө рүү аваачъя. Жинхэнэ сайхан хоол тэнд байдаг."
Санни ханиалгав.
"Гэхдээ, Мастер Жэт... та чинь багш биш биз дээ?"
Тэр инээмсэглээд зүүн ханцуй дээрх гурван одтой тэмдгээ заав.
"Техникийн хувьд тийм биш. Гэхдээ Академи төрийн байгууллага. Тэгэхээр би эндхийн ихэнх хүмүүсээс дээгүүр албан тушаалтай. Тиймээс тэд надад юу хийж чадах юм?"
Санни хэд хэдэн удаа нүдээ ирмэснээ мөрөө хавчив.
Үнэхээр л.
Тэд юу хийж чадах билээ.
Дэвшсэн зэрэгтэй хүнд "гараад яв" гэж хэлэх үү?
Тэгж амиа хорлох дуртай хүн гэж байх уу?
Эмнэлгээс гарч Академийн талбайгаар алхаж байхдаа Санни өөрийн эрхгүй өөртөө итгэлтэй залуу эмэгтэй рүү хааяа сэмхэн харна.
Түүний гоо үзэсгэлэнд татагдсандаа биш.
Харин дахин уулзаж байгаа нь үнэхээр сонин мэдрэмж төрүүлж байлаа.
Анх уулзах үедээ тэр дөнгөж Анхны Хар дарсан зүүдээс буцаж ирсэн, Идэвхгүй нэгэн байхдаа шинэ амьдралдаа арайхийн дасаж байсан үе.
Тэр үед Дэвшсэн хүний дэргэд байна гэдэг амьд домгийн өмнө зогсож буйтай адил санагддаг байв.
Энэ үзэсгэлэнт танихгүй эмэгтэй өөрт нь ямар их айдас, бишрэлийг төрүүлж байсныг тэр тодхон санаж байлаа.
Хэрэв хүсвэл Жэт түүнийг ямар амархан алж чадахыг тэр маш тод мэдэрч байсан.
Зөвхөн нэг хуруугаа хөдөлгөхөд л хангалттай.
Харин одоо, жил гаруйхны дараа бүх зүйл өөрчлөгджээ.
Тэр шударга тулаанд Жэтийг дийлэх ямар ч боломжгүй хэвээр гэж бодож байсан ч өмнөх бишрэн айх мэдрэмж алга болж, энгийн хүндлэлээр солигдсон байв.
Ялахгүй байсан ч ядаж Жэт шиг хүнтэй тулгарвал амьд үлдэх чадвар өөрт нь бий гэдгийг Санни мэдэж байлаа.
Нэг талаараа...
Тэр өөрөө ч хагас домог болсон байв.
Ийнхүү өнгөрсөнтэйгөө харьцуулан бодож явах зуур тэд Академийн төвийн ойролцоох жижигхэн, үзэсгэлэнтэй байшинд хүрэв.
Мастер Жэт алхаагаа ч сааруулалгүй, өөрийг нь хүндлэл болон жигшлийн хачирхалтай хольцтой харцаар ширтэж байсан хэдэн хүнийг өнгөрөн, Багш нарын амралтын өрөө рүү орлоо.
'Аан, тийм байна... Жулиус багш түүний нэр хүнд тун муу гэж хэлж байсан. Бүр тодруулбал "алуурчин зэрлэг", "хэрцгий", "асуудалтай зан ааштай", "сэтгэцийн гажигтай алуурчин" гэж хүртэл тодорхойлж байсан шүү дээ. Аан...'
Тийм болохоор л хүмүүс замын турш тэднийг ингэж хачин харцаар ширтээд байсан юм байна.
Яагаад ч юм Санни гэнэт дургүй хүрэв.
Магадгүй Жэт бол түүний таньдаг хүн байсан болохоор.
Эсвэл өмнө нь өөртэй нь адил захын дүүргийн харх байсан болохоор.
Ямар ч байсан түүнд... хамгаалмаар санагдав.
'Ширтээд бай, новшнууд аа... бидэнд ямар хамаатай юм.'
Мастер Жэтэд огтхон ч хамаагүй.
Тэгвэл өөрт нь яагаад хамаатай гэж?
Дараагийн удаа Жэт рүү муухай харсан хүн рүү Санни хүйтэн харцаар ширтэж, аллага тооцоолох чадвараа бүрэн ашиглав.
Тэр хүн тэр даруй царай нь цайж, харцаа бурууллаа.
Санни инээмсэглэн:
'Тийм шүү, харцаа буруул. Харин одоо... хамгийн чухал хэсэг. Багш нар яг юу иддэгийг харцгаая!'