383-р бүлэг : Хулчгар судлаач
Санни аажмаар гэдсээрээ эргэн, дараа нь өвдөг дээрээ босов. Амьсгаа нь хүчтэй давхцаж, бүх бие нь яг л махны машинаар ороод гарсан мэт санагдана. Харин Мастер Роан бараг юу ч болоогүй мэт харагдаж байлаа.
Хангарьд унаач аль хэдийн хөл дээрээ босож, нүүрэндээ тайван инээмсэглэл тодруулан цэнхэр ороолтоо хүзүүндээ уяж байлаа.
Тэдний эргэн тойрны ой бараг хүнийх мэт тайвширсан санаа алдана. Эртний модод шаржигнан дуугарч, мөчрүүдээ дахин нар өөд өргөнө. Харин хугарсан модод газартаа хэвтсэн хэвээр үлдэж, нэвтрэхийн аргагүй шахам унанги моддын давхаргыг улам зузаатгав.
Санни ахимаг насны эрийг багахан атаархсан харцаар хараад босож, ядаргаагаа тайлахыг оролдов. Хэдэн минут амарч, Төгсгөлгүй булгаас шуналтайгаар ус уусны дараа тэр бараг л амь орсон мэт болов. Өндөр эр лүү хараад асуулаа.
"Та тэр хангарьд дээрээ ингэж яаж нисдэг юм бэ? Доромжлоё гээгүй шүү, гэхдээ тийм юмыг зөвхөн галзуу хүн л хийхээр санагдаж байна."
Роан инээд алдав.
"Үнэхээр шаардлага гарахгүй л бол би хэт өндөрт гардаггүй. Ер нь уруудаж буй арлуудын дээгүүр нисэхэд даралт төдийлөн хүчтэй байдаггүй. Хэсэг хугацааны дараа өөрийнхөө бие хэр ихийг дааж чадах, хэр удаан тэсэхээ мэдэрдэг болчихдог юм."
Тэр өргөн мөрөө илэн, хоолойд нь бахархлын өнгө шингээн үргэлжлүүлэв.
"Тэгээд ч би эцсийн эцэст Мастер хүн. Сэрэгчээс хамаагүй ихийг тэсэж чадна. Харин чи үнэхээр сайн байлаа. Үнэнийг хэлэхэд би эргүүлээ орхиод чамайг цус нөж болсон чигээр нь Ариун Дагшин Газар хүртэл хамаг хурдаараа аваачиж, дараа нь Гарц руу шидэх хэрэг гарна гэж бодож байсан. Мартагдсан Эргийн хүүхдүүдийн талаар ярьдаг зүйлс үнэн бололтой."
Санни хэд хэдэн удаа нүдээ ирмээд болгоомжтой асуулаа.
"...Юу гэж ярьдаг юм?"
Ахимаг насны эр инээмсэглэнэ.
"Хадаас шиг хатуу, өвдөлт айдсаас хачин гэмээр үл тоомсорлодог, хүчтэй... бүр бага зэрэг аймаар. Яг хэрэглэсэн үг нь бол 'аймаар хүүхдүүд' байсан."
Санни хэсэг чимээгүй байснаа хамраараа жуумалзан инээв.
"Өвдөлт, айдсаас үл тоомсорлодог гэнэ ээ? Ямар утгагүй юм бэ. Би өөрийгөө хулчгар гэдгээрээ бахархдаг. Хүн угаасаа тийм л байх ёстой. Хулчгар байх юунд нь буруу байгаа юм? Айдас хүнийг амьд үлдээдэг, харин зориг бол алж орхидог. Харин өвдөлтийн тухайд гэвэл үгүй ээ, баярлалаа. Намайг хэдэн насны туршид хангалтай хүрэлцэхээр олон удаа зодож, шатааж, няцалж, живүүлж, зүсэж, хутгалж, нэвт сүлбэж, хазаж, зажилж, гэдэс дотрыг минь уудалж байсан."
Мастер Роан түүн рүү хачирхалтай харцаар ширтэхэд Санни хөмсгөө өргөв.
"Аан... юу?"
Өндөр эр толгой сэгсрээд эрүүгээ маажин, гайхсан өнгөөр хэлэв.
"Үгүй ээ, юу ч биш. Зүгээр л... хэрэв үнэн бол, Санлесс... чи тэгвэл Гинжлэгдсэн Арлуудад юу хийж яваа юм? Бэхлэлт шиг аюулгүй газар сайхан амарч байх ёстой биш үү?"
Санни ичингүйрэн харцаа буруулж, дараа нь хоолойгоо засав.
"Тэр... аан... үнэндээ хэд хэдэн шалтгаантай. Хамгийн гол нь..."
Тэр хоёр тийш харснаа дуугаа намсгаж, маш ноцтой өнгөөр хэлэв.
"...Та итгэхгүй байх, гэхдээ засгийн газар Зүүдний ертөнцийн тухай юм бичиж тэмдэглэсний төлөө мөнгө төлдөг юм. Харин Гинжлэгдсэн Арлууд бараг судлагдаагүй болохоор эндэхийн тоосонд дарагдсан балгасуудаар явж, элдвийг тэмдэглэж бичсний төлөө надад бүр нэмэгдэл урамшуулал өгдөг. Итгэнэ үү байна уу, би бараг гэрээт судлаач гэсэн үг!"
Тэр инээмсэглэн, Мастер Роан өөр лүү нь үл итгэсэн янзтай ширтэж байгааг ажиглав. Хэсэг хугацааны дараа ахимаг насны эр хэллээ.
"Чи их хачин залуу юм, мэдэж байна уу?"
Санни мөрөө хавчив.
"Хөөх? Үүнийг бүгд л мэддэг байх. Ямартай ч... саяны хэлснийг маань хүнд битгий хэлээрэй. Өрсөлдөгчийнхөө тоог олшруулахыг хүсэхгүй байна."
Өндөр эр хэдэнтээ нүдээ ирмээд инээмсэглэв.
"Асуудалгүй. Чамайг Ариун Дагшин Газар хүртэл хүргэж өгөх хэрэгтэй юу? Эсвэл өөрөө буцчихаж чадах уу?"
Санни хэсэг бодсоноо хэлэв.
"Зүгээр ээ. Тийм ч хол биш. Хурдалбал өглөө болохоос өмнө очоод шууд бодит ертөнц рүү буцаж чадна. Тэнд амжуулах ажил байгаа юм."
Мастер Роан толгой дохиод Саннигийн мөрийг алгадав.
"За тэгвэл би явлаа. Чамтай танилцсандаа таатай байлаа, Санлесс. Ирээдүйд ямар нэгэн хэрэг гарвал Ариун Дагшин Газарт ирээд намайг зоригтой гэх чинь хайгаарай."
Ингээд тэр Сүүдрийн хувилбараа дуудлаа. Хоосон агаарт цагаан очны далай бий болж, эргэлдсээр сүрлэг хангарьдын дүрийг аажмаар бүтээв. Далавчтай араатан арслан, бүргэд, бас цэвэр Хар дарсан зүүдийг хольсон аварга биет мэт Саннигийн дээрээс сүндэрлэн харагдана. Тэр аажмаар толгойгоо доошлуулж, хүн бусын үзэсгэлэнтэй хоёр нүдээр түүн рүү ширтэв.
Түүний хошуу Цамхгийн Элчийнхээс дутахааргүй аймшигтай харагдана.
Санни үл ялиг хөшиж, хэдэн алхам ухарлаа. Тэр ямар ч мөчид сүүдэрт уусан алга болоход бэлэн байв.
Мастер Роан гэнэт өөрийг нь дайрна гэж тэр үнэндээ бодоогүй. Гэхдээ хэт сэрэмжтэй байсан нь үхсэнээс хавьгүй дээр.
Өндөр эр хуягаа дуудан өмсөөд, хангарьдынхаа нуруун дээр хөнгөхөн үсрэн гарч, Саннид салах ёс болгон нударгаа өргөлөө. Дараагийн мөчид Сүүдрийн хувилбар далавчаа дэлгэн газраас хүчтэй хөөрч, бүх зүгт хар салхи мэт ширүүн салхи дэгдээв.
Санни арайхийн хөл дээрээ тогтож үлдээд, хангарьд алсад нисэн одохыг харлаа. Аажмаар нүүрэн дээрх найрсаг төрх нь алга болов.
'За даа... ийм байдаг байж.'
Алдарт Мастер үнэндээ нэлээд дажгүй хүн байжээ. Мэдээж тэр төрснөөрөө биш, гэрлэснийхээ ачаар Өв залгамжлагч болсон хүн. Гэсэн ч Санни түүнийг хамгийн сайндаа л хуурамч эелдэг байдлын цаана үл тоомсорлол, басамжлалаа нуусан хүн байна гэж бодож байсан.
Бодоод байхад Гинжлэгдсэн Арлуудыг захирдаг тэр Гэгээнтэн ч бас бага зэрэг хүйтэн зантайгаас бус энгийн нэгэн байсан. Анх Ариун Дагшин Газар луу авчирсан өдрөөс хойш Санни түүнтэй дахин уулзах боломж бараг гараагүй л дээ.
Тэр санаа алдан мангас чонын сэг рүү алхаж очоод, бухимдсан түлхэлтээр арлын ирмэгээс доош шидэв.
Жигшүүрт араатны цогцос доош унан, удалгүй Доод Тэнгэрийн харанхуйд уусан алга болов.
Арлын доороос ямар нэгэн юм гарч ирэн сэгийг шүүрч авахгүй байгаа эсэхийг нягталсны дараа Санни ирмэг дээр хэдэн минут зогсож байснаа санаа алдав.
Тэгээд өөрөө ч бас ёроолгүй ангал руу үсэрлээ.