543-р бүлэг : Финал
Нүргэлэх уухайн дууг сонсоод Санни бараг цочих шахав.
Тэмцээний сүүлчийн тулаан өмнөх бүх тулаанаас өөр байлаа. Хашаан доторх талбай бага зэрэг өөрчлөгдөж, бүр ч сүр жавхлантай болсон мэт санагдана. Үзэгчдийн суудал улам тэлж, чулуун суудлуудыг хэдэн арван мянган үзэгч дүүргэжээ. Тэдний уухай догдлол дүүрэн, дүлийрэм архираан болон нийлж, ширүүн далайн чимээ мэт хэмнэлтэйгээр дээш доош савлан цуурайтана.
Дээрээс сарнайн дэлбээ асгарч, тулааны талбайг үзэсгэлэнт хивс мэт бүрхжээ.
...Санни энэ бүхэнд хэчнээн ёжтой хандахыг хүссэн ч ийм дүр зургийг хараад цус нь буцлахгүй байх хэцүү байлаа.
Тэр үл ялиг толгойгоо эргүүлэн уухайлан хашхирч буй олныг ажиглав. Дараа нь түүний харц тулааны талбайн дээр сүндэрлэн байрлах өндөр индэр дээр хэсэг тогтов. Тэр индэр Агуу Валор овгийн тод улаан тугуудаар чимэглэгдсэн байлаа. Финалын тулаан болохоор маш онцгой хүмүүс өөрсдийн биеэр ирж үзэх гэж байсан юм.
Санни Зүүдний Орны бүтээгчийг төвөггүй танив. Тэр этгээд хэтэрхий өнгөлөг торгон дээл өмсөж, нүүрний нунтагтай ваннд орчихсон тоть шиг харагдаж байлаа. Ийм чамин алиалагч үнэхээр Гэгээнтэн байдаг гэдэгт тэр одоо ч итгэж чаддаггүй байв...
Түүний хажууд байгаа хүн нь Валорын төлөөлөгч байх ёстой. Санни хол байсан тул сайн харж чадсангүй. Гагцхүү долгионтой хар үстэй, цасан цагаан арьстай залуу эмэгтэй болохыг нь л анзаарав. Тэр гялбаагүй хар хуяг өмсөж, овгийнхоо тугтай ижил өнгийн улаан нөмрөг нөмөрчээ. Түүний хурц, сүрлэг төрх нь Зүүдний Орны Гэгээнтэнтэй эрс ялгаатай байлаа.
Индэр хэтэрхий хол байсан тул нарийн ширийнийг харах боломжгүй байв. Ямартай ч Санни Агуу овгийн Өв залгамжлагчийг ширтэх сонирхолгүй байсан. Түүнийг өөрийнх нь тулааныг ажиглах гэж байгаа гэх бодол л хангалттай тухгүй санагдаж байлаа.
Нөгөө талаар...
'Үзүүлбэрээ сайн үзүүлэх хэрэгтэй юм байна. Хэн мэдлээ, тэр бүсгүйд таалагдвал надад нэмээд илүү сайн Дурсамж өгч магадгүй!'
Энэ бодлоо толгойноосоо авч хаяад Санни эцэст нь харцаа буулган өрсөлдөгчөө ажиглав.
Санни өөрийн үеийн хамгийн шилдэг тулаанчдын заримыг мэддэг байсан болохоор энэ аймшигтай Хатан Зөгийтэй Зүүдний Орноос гадуур аль хэдийн таарч байсан байж магадгүй гэж бодож байжээ. Гэвч үгүй. Тэр огт танил харагдсангүй.
Алдарт тулаанч гуч орчим насны бололтой байв. Нүүрнийхээ доод хэсгийг дэгжин хагас багаар халхалсан байсан ч Санни түүнийг өмнө нь хэзээ ч харж байгаагүйдээ итгэлтэй байлаа. Тэр үзэгчдийн нижигнэсэн уухай, хүндэт зочдын оролцоо түүнд огт нөлөөлөхгүй байгаа мэт тулааны талбайн голд тайван зогсож байв.
Ганцхан харцаар Санни өөрийн өмнө тулааны жинхэнэ мастер зогсож байгааг ойлгов. Энэ сүрлэг эмэгтэйн бүх зүйл ур чадвар, дэгжин байдал, хатуу шийдэмгий байдлыг илэрхийлж байлаа. Тэр хөнгөн төмөр хуяг өмсөж, урт нарийхан эсток барьжээ. Түүний эргэн тойронд ямар нэгэн хачирхалтай амгалан байдал мэдрэгдэж байсан бөгөөд тэр нь нэгэн зэрэг танихгүй атлаа танил санагдана...
'...Тунгалаг байдал уу? Нефисээс заримдаа мэдрэгддэг тэр мэдрэмж яг мөн байна...'
Үнэхээр Нефис болон Санни өөрөөс нь гардагтай адил тунгалаг байдал байлаа. Гэхдээ Өөрчлөгдөж буй Од цохилт хийх сэлэм шиг хурц бөгөөд зайлшгүй мэт байдаг бол Хатан Зөгий тийм биш байв. Харин ч тэр хуурмаг тайван харагдана.
'Ямар хачин зөрчил вэ.'
Эмэгтэй ч мөн түүнийг ажиглаж, Саннид нүдийг нь харах боломж олгов. Түүний нүд цэнхэр, саарал, ногоон, бүр нил ягаан ч биш байлаа. Харин сэтгэл санаагаа даган өнгөө өөрчилж байгаа мэт санагдана. Гэхдээ хамгийн хачирхалтай нь... тэр нүд алуурчны нүд биш байв.
Санни өөрөө алуурчин учраас ийм нүдийг таньдаг байлаа.
Тэр дагзаа маажих хүслээ арайхийн дарав.
'Хөөх... тулааны мастер мөртлөө алуурчин биш гэж үү? Тэр битгий хэл энэ үнэхээр зүгээр л түүний хобби юм биш байгаа...'
Ямар гээчийн хобби байдаг юм бэ?!
Ямар ч байсан энэ нь Саннид бага зэрэг давуу тал болох байлаа. Тийм ээ, Хатан Зөгий тулааны хосгүй авьяастан байсан нь гарцаагүй. Үгүй бол тэр финалд хүрэхгүй байсан. Гэхдээ алах зөн совингүйгээр Санни шиг хүнийг ялах бараг боломжгүй.
Саннигийн хувьд тулаан гэдэг сонирхолтой, сэтгэл хөдөлгөм зүйл биш байв. Бас зугаа цэнгэл ч биш, мэргэжил нь ч биш.
Тулаан бол зүгээр л түүний амьдрал.
Дайны Бурхныг Амьдралын Бурхан гэж зүгээр нэг нэрлээгүй юм. Амьдрал бол тасралтгүй, харгис тэмцэл бөгөөд үүнийг Саннигаас илүү ойлгодог хүн цөөхөн. Тиймдээ ч тэр өчүүхэн төдий боломжийг ч алдалгүй дайснаа устгахыг эрмэлздэг хэрцгий, өршөөлгүй тулаанч болсон юм.
...Гэхдээ энэ нь тулаан амархан болно гэсэн үг биш байлаа. Алуурчин биш байсан ч Хатан Зөгий аймшигтай өрсөлдөгч хэвээр.
Санни санаа алдан хар одачигаа дуудан ирийг нь мөрөн дээрээ тавиад урагш алхав.
---
Бүрээнүүд нижигнэн дуугарч, Зүүдний Орны дуу хоолой тулаанчдын нэрийг зарласны дараа сүр жавхлантай илтгэлээ эхлэв. Санни түүнийг сонсолгүй тулааны талбайн гол руу алхсаар очоод хэсэг эргэлзсэний эцэст дэгжин эмэгтэйд үл ялиг эв хавгүй бөхийж мэхийн ёслов.
Тэр ер нь эелдэг хүн биш ч ийм нөхцөлд ёслох нь ямар нэгэн байдлаар зөв санагджээ.
Хатан Зөгий тайван харцаар түүнийг ажиглаад үл ялиг толгой дохив. Дараа нь эстокоо тулалдааны байрлалд өргөлөө.
'Энэ нэлээд төвөгтэй болох нь...'
Тэр санаа алдан Сүнсний Могойн бариулаас атгаад... аянга мэт хурдтайгаар дайрав.
Цагаа дэмий үрээд яах юм?
Санни өрсөлдөгчөө нэгэн дайралтаар дарахыг оролдсон ч мэдээж бүтсэнгүй. Нарийхан эстокийн урт ир гайхалтай хурдтай савлан, Хатан Зөгийд ганц ч цохилт хүргэх боломж түүнд олгосонгүй. Хэдэн хоромын турш тулааны талбайн дээр зөвхөн ган төмөр мөргөлдөх жингэнэх чимээ л сонсогдов.
Үзэгчид хүртэл амьсгаагаа даран энэ гайхамшигт тулааныг ширтэн нам гүм болов.
Өмнөх тулаануудаас ялгаатай нь энэ удаагийн тулаанд нүд гялбам эсвэл онцгой сүртэй зүйл байсангүй. Энэ нь Монгрел мангас болон хувирдаг Дайнисортой хийсэн тулаан шиг харгис ч биш, таталцлыг удирдаг шидтэн Эверэйнтэй хийсэн тулаан шиг хачирхалтай, догдлом ч биш байлаа. Энд гайхамшигтай Аспектийн чадварууд нисэлдэхгүй. Энд зөвхөн ур чадвар, ган төмөр, техник л байв.
Гэхдээ тулааны талаар өчүүхэн төдий мэдлэгтэй хүмүүс ч энэ ширүүн сөргөлдөөнөөс нүдээ салгаж чадсангүй. Цохилт бүр, хаалт бүр, алхам бүр өөгүй нарийвчлал, гүн ойлголт, хатуу шийдэмгий байдлыг илэрхийлж байлаа. Энэ бол хоёр мастерын тулаан байсан бөгөөд тиймээс энэ тэмцээнд үзсэн бүхнээс хавьгүй илүү сэтгэл хөдөлгөм, амьсгаа даран үзмээр байв.
...Харин Санни үзэгчдээс хамаагүй бага таашаал авч байлаа.
Үнэндээ тэр огтхон ч таашаал авч байсангүй.
'Юу гээч нь болоод байна аа?! Юу болоод байгаа юм бэ?!'