466-р бүлэг : Найрсаг урилга
Санни өглөөг тун таатай өнгөрөөж, Зүүдний ертөнцөд авчирсан бүх зүйлээ бодит ертөнцийн өгч чадах өчүүхэн тав тухыг үхэн хатан хүсэмжилж байсан Сэрэгсдийн бөөн олонд зарлаа.
Тэдний маш цөөхөн нь л Мастер эсвэл Гэгээнтэнтэй ийм зүйлсийг Гинжлэгдсэн Арлууд шиг алслагдсан газар авчруулж чадахаар хангалттай ойр дотно харилцаатай байв.
Бэхлэлт, Рейвэнхарт зэрэг томоохон Цайзуудад нөхцөл байдал арай өөр байсан ч хилийн бүсэд ихэнх хүмүүс гар доорх орлуулалтаар аргацаан амьдрах арга бодож олохоос өөр сонголтгүй байлаа.
Гэсэн ч жинхэнэ эд зүйлтэй юу ч зүйрлэшгүй.
Ерөнхийдөө Гайхамшигт Дэлгүүр гайхалтай ашигтай ажиллаж байв.
Мэдээж Санни зарж байсан өдөр тутмын жижиг хэрэгцээний зүйлсдээ хэт өндөр үнэ нэхээгүй ч бага багаар хуримтлагдсаар байлаа.
Тэр нэг шүдний ооны төлөө Идэвхгүй мангасынх байсан ч бүтэн сүнсний хэлтэрхий авахгүй. Гэхдээ хэдэн шүдний оо, дээрээс нь шүдний сойз, саван, нэг хайрцаг цайны навч, дараагийн удаа жаахан элсэн чихэр авчирна гэсэн амлалт нэмбэл? Тэр бол боломжийн наймаа байлаа.
Өмнөхөөс ялгаатай нь тэр одоо Дурсамж биш, харин сүнсний хэлтэрхий авахыг хүсэж байв.
Тэр эдгээр хэлтэрхийг сэрүүн ертөнцөд аваачих гэж байсан бөгөөд тэнд үнэ цэнэ нь хавьгүй өндөр байлаа.
Тэнд сүнсний хэлтэрхий ердөө хоёрхон эх сурвалжаас гардаг байв. Заримыг нь Дэвшсэн болон Дээдүүд Зүүдний ертөнцөөс эргэн ирэхдээ авчирдаг бол үлдсэнийг нь Хаалгаар дамжин бодит ертөнцөд довтолсон Хар дарсан зүүдний мангасуудын цогцосноос түүдэг байлаа.
Тэд үргэлж ховордсон байдаг байсан, учир нь сүнсний хэлтэрхийтэй хүн түүнийгээ кредитээр зарахаасаа илүү өөрөө хэрэглэх магадлалтай байв.
Сүнсний Цөмөө дүүргэх нь Сэрэгчийн хувьд ертөнцийн мөнгөнөөс хамаагүй илүү үнэ цэнтэй байсан, эцсийн эцэст үхсэн хүн баялгаа үрж чаддаггүй шүү дээ.
Харин эрэлт нь туйлын өндөр байлаа.
Зөвхөн бүх Сэрэгсэд улам хүчирхэг болохыг эрмэлздэг учраас биш, мөн ялангуяа залуу Нойрсогчид эдгээр хэлтэрхийг ашиглан Зүүдний ертөнцөд хийсэн анхны аяллаасаа амьд буцаж ирэх боломжоо нэмэгдүүлдэг байсантай холбоотой.
Тийм ч учраас нэр хүндтэй Өв залгамжлагч овгийн удам Кастер хүртэл Мартагдсан Эрэгт Сүнсний Цөмөө бүрэн дүүргээгүй чигээрээ орсон юм.
Мөн яг энэ шалтгаанаар Санни өөрийн шинэ хамгийн дуртай Дурсамж болох сүр жавхлант Шунахай авдрын ачаар асар их ашиг олох гэж байлаа.
Эцсийн эцэст тэр сайн ч бай, муу ч бай сүнсний хэлтэрхийг ерөөсөө ашиглаж чаддаггүй.
Тэр тэдгээрийг шингээж чадахгүй болохоор өөрөө хүчирхэгжих үү, эсвэл бусдаас кредит олох уу гэсэн сонголт түүнд байгаагүй.
Тэр хэлтэрхийгээ зарж, Дурсамж худалдаж аваад, тэдгээрийг Гэгээнтэнд тэжээл болгон өгөх гэж байлаа.
Энэ энгийн тогтолцоо Саннигийн хувьд бараг шударга бус гэмээр ашигтай байсан, учир нь Дурсамжууд сүнсний хэлтэрхий шиг бодит ертөнцөд нэмэлт үнэ цэнгүй байв.
Нойрсогч ч бай, Сэрэгч ч бай хэн бүхэн Зүүдний ертөнцөөс Дурсамж авчирч, тэндээ чөлөөтэй арилжаалж чаддаг.
…Гэхдээ энэ нь Дурсамжууд хямд гэсэн үг биш.
Үнэндээ тэд туйлын үнэтэй.
Гэсэн ч түүний зарах шаардлагатай сүнсний хэлтэрхийн тоо болон худалдаж авч чадах Дурсамжийн тооны харьцаа бүхэлдээ Саннигийн талд байлаа.
Түүнээс гадна Саннид сайн Дурсамж ч хэрэггүй.
Хэдий чинээ муу байна, төдий чинээ сайн!
Дурсамжийн ашиг тус нь үнийг нь тодорхойлдог ч Гэгээнтэн тэдгээрийг залгисны дараа авах Сүүдрийн хэлтэрхийн хэмжээнд огт нөлөөлдөггүй байлаа.
Түүний инээмсэглэл улам бүр өргөсөв.
'Хоёр сар… хамгийн ихдээ гурав. Гэгээнтнийг [200/200] хүргэхэд надад ийм л хугацаа хэрэгтэй. Тэгээд дараа нь юу болох бол? Ёстой тэсэн ядан хүлээж байна…'
Гэвч түүний таатай бодлыг удалгүй дээр нь туссан сүүдэр тасалдууллаа.
'…Дахиад нэг үйлчлүүлэгч үү?'
Санни толгойгоо өргөн харснаа өмнө нь зогсож буй хүнийг танимагцаа үл ялиг түгшив.
Энэ бол энгийн цагаан хувцас өмссөн залуу эмэгтэй байлаа.
Сүйрсэн Хөлгийн арал руу явахаас нь өмнө түүнийг Мастер Роантай уулзуулахаар дагуулж явсан өнөөх эмэгтэй.
Цагаан Өд овгийн төлөөлөгч.
Тэр хүнд санаа алдмаар байсан ч арай гэж дарлаа.
"Өө… танд юугаар туслах вэ?"
Залуу эмэгтэй үл ялиг бөхийн төвийг сахисан өнгөөр хэлэв.
"Гэгээнтэн Тирис таныг хамт хооллохыг урьж байна, Сэрэгч Санлесс."
'Хараал гэж… яг үүнээс л айж байсан юм.'
Санни үл ялиг чичирлээ.
Гинжлэгдсэн Арлуудыг захирдаг тэрхүү аймшигт хагас бурхантай ярилцахдаа бүх нууцаа өөртөө хадгалж үлдэх магадлал түүнд хэр бол?
Гэгээнтнүүд бол өөр төрлийн оршихуйнууд байв.
Хүн төрөлхтөн даяар хэдхэн арваараа байдаг нь санамсаргүй хэрэг биш, тэд зөвхөн хамгийн хүчирхэг нь төдийгүй хамгийн чадварлаг, хамгийн эр зоригтой, хамгийн суут ухаантай, хамгийн овжин хүмүүс байсан юм.
Тэдний нэг бүрийг үл ойшоож боломгүй хүч гэж үздэг байлаа.
Гурав дахь Хар дарсан зүүдийн аймшигт сорилтыг даван туулахыг хүсвэл үүнээс бага нь хангалтгүй.
Түүн шиг хүнийг хуурч чадна гэдэгтээ тэр огт итгэлгүй байлаа.
Санни хүчлэн сулхан инээмсэглэв.
"…Миний хувьд нэр төрийн хэрэг."
Залуу эмэгтэй толгой дохисноо эргэн алхаж, өөрийг нь дагана гэж илт хүлээв.
Санни санаа алдаад Шунахай авдраа буцаан татаж, хаднаас бослоо.
Тэнгэрийн Түрлэгтэй дахин нүүр тулах цаг болжээ.
---
Ариун Дагшин Газрын өндөр чулуунуудын оройд сүндэрлэх тансаг чулуун шилтгээн Саннигийн санаж байсантай яг адилхан хэвээрээ байлаа.
Эртний аварга цул чулууны хамгийн захад байрлах задгай асар ч мөн өөрчлөгдөөгүй байв.
Нарны гэрэлд умбан, салхинд бүхэлдээ ил гарсан тэр газар Гинжлэгдсэн Арлуудыг бүхэлд нь тольдох сүрлэг үзэмж нээгдэнэ.
Цагаан Цамхаг цагаан үүлэнд хучигдан хол дээр хөвж байлаа.
Энэ удаа асрын гол дахь дугуй ширээн дээр гурван хүнд зориулсан энгийн хоол зассан байсан бөгөөд Мастер Роан, Гэгээнтэн Тирис хоёр хооллож эхлэхээр бэлтгэж байв.
Залуу эмэгтэй Санниг тэдэн дээр дагуулан очиж, сул сандлыг заагаад, дараа нь Тэнгэрийн Түрлэгийн хажууд чимээгүй зогсов.
Санни хэсэг тээнэгэлзсэний эцэст эвгүйхэн хэлэв.
"Өө… мэндчилж байна, хатагтай Тирис, Мастер Роан. Та бүхэнтэй хамт оройн хоол идэхээр уригдсан нь үнэхээр нэр төрийн хэрэг боллоо. Өө… өдрийн хоол билүү? Тийм ээ. Та бүхэнтэй хамт өдрийн хоол идэхээр."
Гэгээнтэн Тирис зүгээр л толгой дохин юу ч хэлсэнгүй, харин Мастер Роан түүн рүү хараад жуумалзав.
Дараа нь ширээн дээрх хоолыг заан,:
"Юугаа хүлээгээд байгаа юм, Санлесс? Идэж эхэл! Хоол чинь хөрчихнө."
Санни хэсэг эргэлзсэнээ инээмсэглэв.
Хэрэв амьдралдаа үнэнч дагаж мөрдөхийг хичээдэг ганц дүрэм түүнд байсан бол тэр нь үнэгүй хоолноос хэзээ ч татгалзахгүй байх явдал байлаа.
Мастер Роан үүнийг хоёр дахиа хэлэх шаардлага байсангүй.