435-р бүлэг : Хоосонг сонсохуй
Санни дагжин чичирлээ.
Түүний сонссон хоолой... өөрийнх нь хоолой биш байв. Тайван, сонсоход таатай тэр хоолой яг л Доод Тэнгэрийн харанхуйгаас өөрөөс нь гарч ирж байгаа мэт санагджээ.
'...Би эцэст нь үнэхээр галзуурчихсан юм болов уу?'
Түүний хамгийн эхний бодол нь дахин галзуурч, хий юм сонсож эхэлсэн байх гэсэн бодол байлаа.
Харин дараагийн бодол нь үүнээс ч илүү тайвшруулах зүйл биш байв...
'Хараал ид!'
Тэгэхээр тэр Доод Тэнгэрийн гүнээс ямар нэгэн ариун бус Титаныг үнэхээр дуудчихсан юм биш биз?!
Санни нэг гараа сунган Хэрцгий Харцыг ил гаргахад бэлэн болсон ч дараа нь эргэлзэв.
Хэрэв тэр хоолойн эзэн төсөөллийнх нь хий үзэгдэл биш, харин хоосон орон зайн аймшигт оршихуй байсан бол түүнийг өдөөн турхирах нь үнэхээр ухаалаг хэрэг мөн үү? Тэр мөнгөн жад түүнд ер нь нөлөөлж чадах байсан гэж үү?
'Тайвшир. Тайвшир. Магадгүй энэ бүгдийг чи өөрөө төсөөлсөн ч юм билүү...'
Түүний бодолд хариулж байгаа мэт хоосон орон зай намуухан инээд алдав.
"Өө, уучлаарай. Би таныг цочоочих шиг боллоо."
Санни шүлсээ залгив.
Тэр таатай хоолой залуу эрийнх юм шиг сонсогдож байсан ч тэр харанхуй руу хэчнээн ширтсэн ч ойролцоо нь хэнийг ч... юу ч... олж харсангүй.
Энэ нь түүнд Кайтай анх уулзсан мөчийг санагдуулсан ч энэ удаад... энэ удаа байдал хавьгүй аймшигтай байлаа.
"З-зүгээр ээ. Би зүгээр л... энд өөр хүний хоолой сонсоно гэж огт бодоогүй. Та... та хүн мөн биз дээ?"
Хоосон орон зай хэсэг чимээгүй байснаа төвийг сахисан өнгөөр хариулав.
"Хүн гэж үү? Би нэгэн цагт хүн байсан байх."
Санни тэр хоолой яг аль зүгээс гарч байгааг ч тогтоож чадахгүй байгаагаа ойлгов. Тэр зүгээр л... ямар нэгэн байдлаар энд байлаа. Хаа сайгүй. Түүнийг бүхэлд нь хүрээлэн...
Тэр биеэ чангалж, болгоомжтой асуув.
"Нэгэн цагт гэж үү? Тэгвэл та одоо юу болсон юм?"
Хоолой хэдэн хором алга болсноо санаа алдав. Эцэст нь тэр хариулав.
"...Төөрөгсөд ."
Санни нүдээ анив.
'Энэ чинь юу гэсэн үг вэ?'
"Төөрөгсөд гэж? Доод Тэнгэрт төөрсөн гэсэн үг үү?"
Харанхуй гунигтайхан инээд алдав.
"...Үгүй. Доод Тэнгэрт биш."
Саннигийн нуруугаар хүйт даах үед тэр эргэлзэнгүйгээр нэмж хэлэв.
"Уучлаарай. Би маш, маш удаан хугацаанд хэнтэй ч ярилцаагүй. Төөрөгсөд гэхийн оронд би Төөрөгсдийн нэг гэж хэлбэл илүү зөв байх. Миний сэрүүн ертөнц дэх бие сүйрсэн ч сүнс минь энд, Зүүдний ертөнцөд оршин тогтносоор байгаа. Энэ тайлбар арай ойлгомжтой болсон гэж найдаж байна."
Төөрөгсдийн нэг...
Санни ийм хүмүүсийн талаар мэддэг байсан ч хэзээ ч өөрийн биеэр таарч байгаагүй. Сүнс нь устаж, хоосон бие л үлдсэн Хооснууд байдаг шиг мөн Төөрөгсөд ч бас байсан. Бодит ертөнцөд ямар нэгэн байдлаар бие нь үхэж, сүнс нь Зүүдний ертөнцөд гацсан хүмүүс. Тийм хүмүүс тийм ч олон биш, учир нь ихэнхдээ бие үхсэний дараахан сүнс нь ч бас мөхдөг байлаа. Гэхдээ цөөн хэд нь оршсоор байсан юм.
Тэр хоолойн эзэн ийм төөрсөн сүнснүүдийн нэг гэдгийг мэдээд Санни бага зэрэг тайвширлаа. Мэдээж тэр үл таних хүн үнэнийг хэлж байна гэдэгт итгэх ямар ч шалтгаан түүнд байсангүй.
Тэр Хар дарсан зүүдний мангас ч байж болох байсан.
Эсвэл түүнээс ч дор зүйл...
Гэхдээ тэр үнэхээр Төөрөгсдийн нэг байсан ч тэд яаж хоорондоо ярилцаж байгааг тайлбарлаж чадахгүй байв. Саннигийн мэдэхээр Төөрөгсөд Зүүдний ертөнц дэх бусад Сэрэгсдийн л адил байсан. Зөвхөн бодит ертөнц рүү буцаж чаддаггүйгээрээ л ялгаатай.
Тэдний нэг нь лав хоосон орон зайгаас сонсогдох биегүй хоолой биш бай.
Тэр шаардлагатай бол өөрийгөө хамгаалахад бэлэн байхын тулд байрлалаа үл ялиг өөрчлөөд асуулаа.
"Тийм зүйл болсонд харамсаж байна. Гэхдээ би таны хоолойг сонсож байгаа мөртлөө таныг яагаад харж чадахгүй байгаа юм бэ?"
Хоолой хэсэг саатсанаа бага зэрэг хөгжилтэй өнгөөр хариулав.
"Сайхан асуулт байна."
Санни түүнээс үргэлжлүүлэн тайлбарлахыг тэвчээртэй хүлээсэн ч өөр зүйл хэлсэнгүй. Бага зэрэг бухимдсан тэрээр:
"Тэгээд? Тайлбарлахгүй юм уу?"
Гэтэл хоолой гэнэт өөрөөс нь асуулаа.
"Та яагаад Доод Тэнгэр лүү уруудаж байгаа юм бэ? Энэ бол маш аюултай газар."
Санни хэд анивчаад хоолойгоо засав.
"Өө, тэр үү... За, үнэндээ би Доод Тэнгэр рүү уруудаж байгаа гэхээсээ илүү унаж байгаа юм. Няцлалтаас болоод нэг арал дээр гацчихсан байсан чинь харамсалтай нь тэр арал гинжнээсээ тасарчихсан. Тэгээд л би үсрэхээс өөр аргагүй болсон. Ингээд л одоо энд байна."
Дараа нь тэр хөмсгөө зангидав.
"Түр хүлээгээрэй... аюултай газар гэж үү? Яагаад аюултай гэж? Би энэ аймшигтай нүхэнд аюултай юм ерөөсөө хараагүй!"
Хоолой хэсэг чимээгүй байснаа харамссан янзтай санаа алдав.
"Та удахгүй харна. Оддод хүрэх үедээ... тэр үед л харна."
Тэгээд тэр алга болов.
Санни бага зэрэг түгшсэн янзтай харанхуй руу ширтэв. Түүний нүүрэнд гүн үрчлээ тодорлоо.
"Юу гэсэн үг вэ? Би одод дээр хүрэхээр юу болох юм?"
Гэвч ямар ч хариулт ирсэнгүй.
Санни хэчнээн удаан хүлээсэн ч тэр хоолой дахиж түүнтэй ярьсангүй. Хоосон орон зай урьдын адил чимээгүй, хоосон хэвээр үлдэв.
Эцэст нь тэр хоёр шанаагаа илэн хараал урсгалаа.
"Саяных юу байсан юм бэ?!"
Тэр бүхнийг өөрөө төсөөлсөн юм болов уу? Эсвэл эцэст нь ухаан нь үнэхээр эвдэрч эхэлсэн хэрэг үү?
Санни Энгийн Чулуу руу түүний яриаг батлаад өгөх юм шиг ширтэв. Харамсалтай нь тэр Дурсамж саяхан сонссон дуу авиаг л давтаж чаддаг байлаа...
'Түр хүлээ... сонссон дуу авиаг гэнэ ээ!'
Санни яаран Чулуунд өнгөрсөн хэдэн минутын турш бичсэн бүхнээ давтахыг тушаав. Дараа нь духан дээр нь хүйтэн хөлс цийлэгнэхийг мэдэрсээр өөрийнхөө хоолой юу ч үгүй орон зайтай ярьж байгааг сонсов. Түүний үгс давтагдсан ч нөгөө хачин хоолойн үгс байх ёстой газарт зөвхөн нам гүм л байлаа.
Энгийн Чулууг буцаасныхаа дараа Санни үсээ атган ёолов.
"Галзууралчихаж... Би бүр мөсөн галзуурчихжээ... хараал идэг, дөнгөж дөрөвхөн өдөр өнгөрсөн байхад л би дахиад солиотой болж эхэллээ!"
Бүтэн долоо хоног ч өнгөрөөгүй байхад тэр аль хэдийн галзуурч эхэлжээ.
"Энэ бол хамгийн аймшигтай амралт байна!"
Хэсэг хугацааны дараа тэр хөмсгөө зангидав.
Энэ бүхэн өөрийнх нь эрүүл ухаан аажмаар задран нурж байгаагийн шинж тэмдэг гэдэгт бараг итгэлтэй байсан ч Санни болгоомжтойгоор авдрын ирмэг рүү мөлхөж очоод алсад анивчих одод руу доош харав.
...Тэр хий юм харж байсан юм болов уу, эсвэл тэд арай илүү ойртсон мэт санагдсан уу?