570-р бүлэг : Цангаа
Санни тор луу улам бүр ойртон урсаж буй цусны мөрийг хараад, дараа нь хаалга руу эргэн харж, хэн нэгэн эсвэл ямар нэгэн юм түүнийг цөмлөн орж ирэх эсэхийг хүлээн суулаа.
Гэвч юу ч болсонгүй. Анхны чанга нүргээнээс хойш бүх зүйл жихүүдэс төрүүлэм нам гүм хэвээр үлдэв. Хэдхэн хором өнгөрч, дараа нь хэдэн минут өнгөрөв. Эцэст нь тэр хаалганаас аажмаар харцаа салгаж, Касси руу харав.
"Чи үнэртэж байна уу?"
Тэр хэсэг чимээгүй саатсанаа толгой дохив.
"...Цус."
Санни хэсэг хөдөлгөөнгүй сууснаа буцаж хэвшсэн газартаа очин суулаа. Царай нь барайсан байв. Хэсэг хугацааны дараа тэр бараан өнгөөр хэлэв.
"Бид усаа хуваарилж хэрэглэж эхлэх хэрэгтэй."
Хүн хоолгүйгээр нэлээд удаан амьдарч чадна, харин ус... ус бол хавьгүй үнэтэй зүйл байлаа. Усгүйгээр эрүүл хүн хэдхэн хоногийн дотор үхэж ч мэднэ.
Тэгээд үүнээс илүү тарчлаантай үхлийн арга тун цөөн.
Касси толгойгоо эргүүлээд гунигтайгаар асуулаа.
"Яагаад? Тэд биднийг зүгээр л энд орхиод явчихна гэж бодож байгаа юм уу?"
Санни ирээдүйг хардаг нь чи өөрөө шүү дээ гэж хариу хэлэхээр амаа ангайсан ч эцэст нь хэлээ хазав.
"...магадгүй."
Тэдэнд бүтэн нэг усны уут үлдсэн байлаа. Сэрэгсдийн хувьд тэд жирийн хүмүүсээс илүү удаан усгүй тэсэж чадах байсан, ялангуяа гурван цөм, Цусан сүлжээ болон сүүдрүүдээрээ бэхэжсэн биетэй Санни.
Гэхдээ тэр нь хангалттай урт хугацаа байх болов уу?
Үүнийг мэдэх арга байсангүй.
Тэр нүдээ анин аажуухан амьсгаа гаргаад, бясалгахыг оролдлоо.
Цаг хугацаа мөлхөх мэт удаан өнгөрөв. Тэдний өлсгөлөн улам нэмэгдсэн ч хоол авчрах хүн ирсэнгүй. Гадаад ертөнцтэй холбогдох сүүлчийн холбоо нь тасарсан тул ямар өдөр болж байгааг мэдэх боломжгүй болов. Санни, Касси хоёр бүдэгхэн гэрэлтсэн харанхуйд ганцаараа үлдэж, ямар нэгэн зүйл тохиолдохыг хүлээх эсвэл хүйтэнд чичирсээр унтана.
Удалгүй тэдний ус дуусав. Уг нь ч усны уут тийм том биш байсан.
...Тэгээд цангаа ирлээ.
Санни галзуурал ямар байдгийг мэднэ гэж боддог байлаа. Гэвч хэдэн өдөр, ядаж л өөрийнх нь бодлоор хэд хоног, юу ч уухгүй өнгөрүүлсний дараа тэр солиорлын огт өөр ертөнц байдгийг ойлгов.
Цангах мэдрэмж үнэхээр галзууруулахуйц, тарчлаантай, амьсгал боогдуулам байлаа. Хоолой нь хутгаар хэрчигдэж байгаа мэт өвдөж, уруул нь хатан хагарч, хэл нь ч мөн адил болов. Толгой нь лугшсан өвдөлтөөр дүүрч, булчингууд нь тэсэшгүй базлан өвдөж байлаа. Түүний бодож чадах ганцхан зүйл бол ус, ус, ус...
Гэхдээ хамгийн аймшигтай нь айдас байв. Энэ хараал идсэн торонд нохой шиг үхэж, мартагдан хаягдах айдас. Магадгүй хэзээ нэгэн өдөр хэн нэгэн тэр хүнд хаалгыг онгойлгоод, төмөр сараалжны цаанаас түүн рүү найдваргүй, өрөвдөлтэйгөөр гараа сунгасан хатаж хорчийсон цогцсыг нь олж харах ч юм билүү...
Санни торноос гарахын тулд санаанд орсон бүхнээ туршсан ч хийсэн юу ч нэмэр болсонгүй. Цорын ганц үр дүн нь түүний биеийн байдал улам дордсон явдал байлаа.
Тэр үед хоолой, ам нь гал дүрэлзэж буй мэт шатаж, бүх бие нь аймшигтай өвдөж байв. Тэр сулран доройтож, нүдний хараа нь бүдгэрч эхэлжээ. Санни ихэнх цагаа тосон дэнлүүний улбар шар дөл рүү ширтэн өнгөрөөдөг болсон нь тэр бараг тод харж чадах цорын ганц зүйл байсан юм.
Тэгээд тэр ч бас алга болов.
Чулуун шорон бүр ч харанхуй болж, зөвхөн Бичээсийн сүнслэг бүдэг гэрэл торны төмөр сараалжийг гэрэлтүүлж байлаа.
'...Тос нь дуусчихаж.'
Санни нүдээ анив.
Үнэхээр ямар ч найдваргүй гэж үү?
Үгүй, тэр бууж өгч болохгүй... бууж өгөхөөс татгалзана...
Энэ бүх зовлон, цөхрөлийн дунд түүнийг арайхийн эрүүл ухаантай байлгаж байсан ганц зүйл нь Касси яг хажууд нь, түүнтэй адил тамыг туулж байсан явдал байлаа. Ядаж л... ядаж л тэр ганцаараа биш.
Хэдий тэдний хооронд ээдрээтэй сэтгэл хөдлөл, өнгөрсөн нүглийн хүнд ачаа байсан ч өвдөлтөө хэн нэгэнтэй хуваалцсанаар тэвчихэд амаргүй хэвээр байсан ч ядаж өчүүхэн төдий хөнгөрсөн байлаа. Амьд үлдэх үү, үхэх үү гэдгээ үл мэдэх тарчлал, айдас, үл мэдэгдэх зүйлийн аймшгийг тэдний хэн нь ч ганцаараа давж чадахгүй байсан. Харин хамтдаа тэд ямар нэгэн байдлаар тэсвэрлэж чаджээ. Магадгүй нөгөөдөө өөрийгөө хамгийн түрүүнд сөхөрч байгааг харуулахгүйн тулд л...
Тосон дэнлүүний дөл унтарснаас хойш хэдэн өдөр өнгөрснийг Санни мэдэхээ больжээ. Цаг хугацаа аль эрт утгаа алдсан байв. Түүний мэдэрч байсан зүйл гэвэл зөвхөн цангаа, өвдөлт, бас жаахан ч гэсэн удаан тэсэх гэсэн зөрүүд, хорсолтой хүсэл байлаа.
...Нэгэн мөчид тэр харанхуйд нүдээ нээгээд шидийн Бичээсийн бүдэгхэн цэнхэр гэрлийг ширтэв. Дараа нь толгойгоо эргүүлж, тэвэрт нь унтаж буй Касси руу харалаа.
Чимээ гарч байв... хаалганы цаанаас чимээ сонсогдож байлаа.
Санни Кассид сэр гэж хэлэхийг хүссэн ч хоолой нь хэтэрхий хатсан тул ямар ч авиа гарсангүй. Харин ч илүү их өвдөлт авчирлаа. Тэр шүдээ зуугаад, Кассиг зөөлөн сэгсэрч, нүдээ нээхийг нь хүлээгээд, болгоомжтойгоор уруул дээр нь нэг хуруугаа тавив.
Тэр түүнийг чимээгүй байгаасай гэж хүсэж байлаа.
Сохор охин хэдэн хором тээнэгэлзсэний эцэст толгой дохив.
Тэд бие биеэ тавин салж, салганасаар бослоо. Тэр үед бүдэгхэн чимээ илүү тод сонсогдож эхэлсэн нь яг л ямар нэгэн хурц зүйл чулуу дээгүүр чирэгдэн аажмаар мөлхөж буй мэт байв.
Шрррр... шрррр... шррррр... шррррш...
Сэтгэл сэрдхийлгэм тэр яржигнасан чимээ улам бүр ойртсоор байлаа.
Эцэст нь шоронгийн өрөөний яг гадна ирээд гэнэт зогсов. Дараа нь дахиад нэг хусах чимээ сонсогдсон нь энэ удаад хамаагүй бага байсан бөгөөд удалгүй хаалганы цоож торхийн онгойв.
Хаалга нээгдэж, Санни чулуун өрөөний босгон дээр зогсох бүдэгхэн дүрсийг олж харав. Цангаанаас болж бараг сохорсон тэрээр хэн, эсвэл юу болохыг нь ялгаж чадсангүй.
...Гэвч цусны үнэр эргэн иржээ.
Зөвхөн энэ удаа тэр үнэр өмнөхөөсөө хавьгүй, хавьгүй хүчтэй байлаа.