581-р бүлэг : Хонхны цамхаг
Хэдэн өдөр ямар ч гамшиг тохиолдохгүй өнгөрөв. Санни, Касси хоёр тэр жижиг өрөөндөө байж, Велте эсвэл Сүүдрийн хувилбаруудын нэгний авчирсан хоолыг идэн, хүч тэнхээгээ сэргээж байлаа. Хэдийгээр тэднийг байнга ажиглаж байсан ч хоёулаа тайван, харьцангуй амгалан хэвээр байв.
Харин гадаа байдал тийм ч тайван байсангүй.
Мэдээж Мордрет дахин хүн алаагүй. Тэгсэн бол Санниг алуурчин болгож харагдуулах гэсэн төлөвлөгөөгөө өөрөө нураах байлаа. Гэсэн ч агаар тийм их түгшүүрээр дүүрсэн байсан тул хутгаар зүсэж болохоор санагдана. Юу ч болохгүй өнгөрөх өдөр бүр Төөрөгсдийн аль хэдийн туйлдсан мэдрэлийг улам бүр чангалж байв.
Айдас, түгшүүр, түгшин хүлээсэн хүлээлт нь тодорхойгүй байдлын дарамтан дор холилдон бараан, өтгөн, тэсэрч дэлбэрэхэд бэлэн айдас болон хувирчээ.
Заримдаа юу ч хийхгүй байх нь хамгийн сайн үр дүнг авчирдаг.
...Мордрет хэзээ шахаж, хэзээ суллахаа дэндүү сайн мэддэг байв.
Зайлшгүй ирэх дайралтыг хүлээхээс өөр хийх зүйлгүй, хуримтлагдсан дарамтаа гаргах газаргүй болсон Төөрөгсөд Санни, Касси хоёрыг хорьж буй өрөөний хаалттай хаалга руу удаан ширтэж өнгөрөөдөг болж, өдөр өнгөрөх тусам нүүр царай нь улам барайсаар байлаа.
Ямар нэгэн зүйл эцэстээ тэсрэх ёстой байв. Энэ үед Пирс, Велте хоёр хүртэл эдгээр цэргүүдийг хяналтдаа байлгаж, тулалдахад бэлэн хэвээр хадгалж чадна гэдэгтээ итгэлгүй болсон бололтой. Хоёр Мастер өөрсдийн төлөвлөгөөг боловсруулахад цаг заваа зориулж байлаа. Тэр төлөвлөгөө нь юу болохыг Санни мэдээгүй. Учир нь тэр Валорын аймшигт хүлэгт баатруудыг тагнуулахаар сүүдрээ явуулахыг зүрхлээгүй.
...Гэхдээ түүнд нэлээд бодитой таамаг байсан.
Тэр өдрүүдийн нэгэнд Санни Төөрөгсөд ер бусын тайван бус байгааг анзаарав. Пирс, Велте хоёрын авир ч мөн бага зэрэг өөрчлөгджээ.
Санни хөмсгөө зангидан хаалга руу алхаж, хэдэн цагийн өмнө Сүүдрийн хувилбарын авчирсан хоолны тавгийг аваад Кассигийн дэргэд очин нэг аяга хоолыг түүнд өглөө.
"Өнөөдөр сайн идээрэй."
Хараагүй охин товчхон толгой дохив. Гаднаас нь харсан хүнд энэ нь энгийн харилцаа мэт харагдах байсан ч тэр хоёр бие биенээ маш сайн мэддэг байлаа. Хэдий тэдний харилцаа хэчнээн ээдрээтэй байсан ч гэсэн.
Санни дамжуулах ёстой бүхнээ Кассид аль хэдийн ойлгуулсан бөгөөд Касси ч түүний дохиог хүлээн авснаа мэдэгдсэн байв.
Өөр юу ч хэлэлгүй хоёулаа хоолондоо анхаарлаа төвлөрүүлэв.
Шөнийн Сүм лацлагдаж, гаднах ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байсан ч сүүлийн хэдэн өдөр доторх температур эрс буурсан мэт санагдана. Сүм өмнө нь ч хүйтэн байсан ч одоо тэр хүйтэн нь бие рүү нэвт шингэж, хаа сайгүй мэдрэгдэх болжээ.
Цайзын хар хананы цаана арван нэгдүгээр сар ид өрнөж байлаа. Санни, Касси хоёр Валор тэднийг Гарц руу нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдолд Сүйрсэн Хөлгийн арал дээр бүлгийнхэнтэйгээ уулзахаар товлосон өдрөөс дор хаяж долоо хоног өнгөрчээ.
Санни яг одоо Эффи, Кай хоёр яаж байгаа бол гэж бодов. Тэд санаа зовж байгаа болов уу, эсвэл бүх зүйл аймшигтайгаар буруугаар эргэснийг мэдэлгүй тэвчээртэй хүлээсээр байгаа болов уу?
Үүнийг мэдэх ямар ч арга байсангүй.
Тэр санаа алдаад Касси руу харав. Хараагүй охин юу ч үгүй хоосон орон зай руу ширтэн чимээгүй сууж байлаа. Тэд хангалттай ойрхон байсан тул Санни өөрийнхөө цонхигор царай Кассигийн үзэсгэлэнт цэнхэр нүдэнд тусахыг харж байв.
Санни жуумалзлаа.
'Хмм... гайгүй шүү.'
Тэр төмөр торноос мөлхөн гарч ирэх үедээ үнэхээр өрөвдмөөр харагдаж байсан ч одоо гадаад төрх нь бараг хэвийн байдалдаа оржээ. Өөрийгөө ч мөн хамаагүй дээр болсон гэж мэдэрч байв.
Хувь тавилан түүнд юу бэлдсэн байсан ч тэр бэлэн байлаа.
...Хэдэн цагийн дараа жижиг өрөөнийх нь хаалга нээгдэж, Велте гадна нь гарч ирэв. Мастер тэдэн рүү бараан төрхөөр хараад тогтуун дуугаар хэлэв.
"Хатагтай Кассия, Сэрэгч Санлесс. Нөхцөл байдал бага зэрэг өөрчлөгдсөн. Та хоёрын энд үлдэх нь... аюулгүй биш боллоо. Явцгаая. Та хоёрыг өөр газар шилжүүлэх хэрэгтэй."
Санни түүн рүү хэсэг ширтээд болгоомжтой асуулаа.
"Тэнд... бүх зүйл зүгээр үү?"
Тэр хэсэг азнаснаа товчхон хариулав.
"...Зүгээр болно."
'Хөөх. Огт муу ёр биш юм байна.'
Өөр сонголтгүй тул Санни, Касси хоёр босож, улаан үстэй Мастерын араас дагав. Тэднийг бэхлэгдсэн хуарангийн гол танхимаар дагуулан өнгөрүүлэхэд Төөрөгсөд бараан харцаар дагуулан ширтэж байлаа.
Замын нэгэн хэсэгт хэд хэдэн Сүүдрийн хувилбар тэдний баруун, зүүн талаар гарч ирэн, ямар нэгэн зүйл тохиолдвол хамгаалах мэт дагалдав.
...Эсвэл өнцгөөсөө шалтгаалаад тэднийг зугтахаас сэргийлж байгаа ч гэж хэлж болохоор.
Жижиг цуваа Валорын хүчний бэхлэлтийг орхиж, дотоод ариун хэсгийн хонгилууд руу орлоо. Тэд төөрөм олон хонгилоор явсаар эцэст нь мушгиа шатан дээр хүрэв.
Санни эргэн тойрноо болгоомжтой ажиглаад асуулаа.
"Бид хаашаа явж байгаа юм?"
Велте доош дохив.
"Хонхны цамхаг."
Тэр өөр юу ч нэмсэнгүй. Хариулт нь бүхнийг тайлбарлачихсан мэт байлаа. Санни хөмсгөө зангидсан ч дахин юм асуусангүй.
Ямар хэрэгтэй гэж?
Шат урт, мушгирсан бөгөөд цамхгийг олон удаа тойрон өгсөнө. Тойрог бүрээр мушгиа нь улам нарийссаар байв. Заримдаа тэд зүүн талдаа хаалттай хаалгануудыг хардаг байсан ч баруун талд нь хэзээ ч хаалга байсангүй.
Эцэст нь нэлээд явсны дараа тэд шатны төгсгөлд хүрч, Велте цааш явах замыг хаасан хүнд хаалгыг нээхийг хүлээлээ.
Санни, Касси хоёр өөрсдийгөө Шөнийн Сүмийн гол хонхны цамхгийн хамгийн ёроолд байгааг ойлгов. Тэдний доор хаа нэгтээ аварга том хонх эртний төмөр гинжнээс зүүгдэн зөөлөн ганхаж байлаа. Долоо дахь хонхны цамхгийн орой маш нарийхан бөгөөд зөвхөн дугуй хонгил, голдоо нэг танхимтай байв. Яг одоо тэд тэр танхимын хаалгыг ширтэж байлаа.
Хаалга үл ялиг онгорхой байв.
Велте зогсоод Санни руу харан урагш дохив.
"Дотогш ор."
Санни түүн рүү, дараа нь өөрийг нь бүсэлсэн Сүүдрийн хувилбарууд руу нэг харснаа хэсэг тээнэгэлзээд санаа алдан хаалгыг түлхэн онгойлгож танхим руу алхлаа.
Тэр хүйтэн чулуугаар баригдсан өрөөнд орж ирэв. Өрөө харанхуй, дүлий мэт нам гүм бөгөөд долоон өнцөгт хэлбэртэй байлаа. Долоон булан нь сүүдэрт живсэн бөгөөд долоон хананых нь өмнө том тольны хүрээ тус бүр нэг нэгээрээ босжээ.
Гэвч хүрээнүүд хоосон байлаа. Урьд нь тэнд байсан толинууд аль эрт хагарч, үгүй болсон байв.
Санни тэднийг хэсэг ширтэв.
'За... ядаж л тэр хэдэн мянган тольны хэлтэрхий хаанаас гарсныг одоо ойлголоо.'
Энэ үл нийцэл түүнийг нэлээд удсан. Толь байлгахыг хориглосон шоронд Мордрет тэр бүх хэлтэрхийг хаанаас олсон юм бол? Касси зөндөө харсан тэр овоолсон хагархай толинууд хаанаас гарсан юм бол? Одоо түүнд хариулт байлаа.
Сэтгэл ханасан Санни харцаа буулган харанхуй танхим дотор өөрийг нь хүлээж байсан хүмүүс рүү харав.
Пирс танхимын голд бусад Сүүдрийн хувилбаруудаар хүрээлүүлэн зогсож байлаа. Түүний нүд хүйтэн, хүнд байв.
Аймшигт Мастер ярвайснаа намуухан бөгөөд сүрдүүлсэн өнгөөр хэлэв.
"Юу хийх гэж бодож байгаагаас чинь үл хамааран... тэгэхгүй байхыг зөвлөе."
Яг тэр мөчид танхимын хаалга дүлийтэм нижигнэн хаагдав. Тэднийг дагалдан ирсэн Сүүдрийн хувилбарууд аль хэдийн дотогш орж, Саннигийн ард зогсжээ. Велте ч мөн тэнд байв.
Тэр Кассигийн хоолойд хутга тулган барьжээ.
Түүний царай бараан хэр нь тайван байлаа.
Санни хэдэн хором хөдөлгөөнгүй зогссоноо алгаа дэлгэн хоёр гараа аажмаар өргөв.
'Хараал ид... Ямар гээч санаанд оромгүй явдал вэ... Үнэхээр гайхалтай юм...'