415-р бүлэг : Хэрцгий Харц
Санни анивчин гялалзах Бичээсийг ширтэх зуур зүрхэнд нь догдлол оргилов.
Яг үүнийг л тэр хүлээж байсан...
Дурсамж: [Хэрцгий Харц].
Дурсамжийн зэрэглэл: Дэвшсэн.
Дурсамжийн түвшин: IV.
Дурсамжийн төрөл: Зэвсэг.
'Зэвсэг...'
Санни удаан хугацааны турш шинэ зэвсэг хайж байлаа. Тэр Шөнө Дундын Хэлтэрхийд маш их дассан байсан. Учир нь энэ бол амьдралынхаа хамгийн харанхуй үеийг туулж, Мартагдсан Эргийн тамаас тулалдан гарч ирэхдээ барьж явсан сэлэм нь байв. Энэ нь бас хэд хэдэн удаа амийг нь аварсан шидийн сайжруулалттай, үнэхээр хүчирхэг Дурсамж байсан.
Гэвч Саннид тэр энгийн тачи хангалтгүй мэт санагдах болжээ. Эсвэл илүү зөвөөр хэлбэл, эдгээр өдрүүдэд түүнд тулгарч буй саад бэрхшээлүүдийг давчихсан байв.
Гинжлэгдсэн Арлуудын Хар дарсан зүүдний мангасуудын ихэнх нь Нүгэлт зэрэглэлтэй байсан бөгөөд тэдний хатуу арьс нь Сэрсэн зэрэглэлийн сэлмийн хурц ирэнд асар их эсэргүүцэл үзүүлдэг байлаа. Тэр тусмаа одоохондоо аль болох зайлсхийж байгаа ч нэг л өдөр гарцаагүй тулгарах Бузар зэрэглэлийн аймшгуудыг яриад ч хэрэггүй.
Түүнд шинэ зэвсэг хэрэгтэй болсон өөр нэг шалтгаан нь [Эвдрэшгүй] шидийн сайжруулалт хэдий туйлын хүчирхэг, хэрэгтэй ч маш ховор нөхцөлд л идэвхждэг явдал байв. Тодруулбал Санни үхлийн ирмэгт очсон үед.
Энэ нь Шөнө Дундын Хэлтэрхийн хамгийн хүчирхэг чадвар зөвхөн Санни аймшигтай алдаа гаргасан үед л түүнд тусална гэсэн үг байлаа.
Харин Санни ур чадвар, алсын хараатай тулалдан, өөрийгөө үхлийн шарх авахгүй байлгаж чадвал тэр хүчирхэг шидийн сайжруулалт сүүлийн хэдэн сарын турш байсан шигээ идэвхгүй хэвээр үлдэнэ. Хачирхалтай нь Санни хэдий чинээ сайн тулалдана, Шөнө Дундын Хэлтэрхий түүнд төдий чинээ ашиггүй болдог байв.
Эцсийн найдвар байх нь сайхан ч зөвхөн өөрөө бүтэлгүйтсэн үед л үр дүнгээ өгдөг хэрэгсэлд найдах санаа түүнд таалагддаггүй байлаа. Тэр амжилтад нь тулгуурлан ажиллаж, өөрийг нь улам хүчирхэг болгож, сайн тулалдсаныг нь шагнадаг шидийн сайжруулалттай зэвсэг хүсэж байв.
Аз болж энэ тийм зэвсэг байгаасай. Энэ бол дөрөвдүгээр түвшний Дэвшсэн Дурсамж байлаа. Өөрөөр хэлбэл Нүгэлт Ад Зэтгэрийг устгаснаар авах Дурсамжтай дүйцэх зүйл.
Энэ өөрөө л аль хэдийн гайхамшигтай эхлэл байв...
Түүний одоогийн хамгийн хүчирхэг зэвсэг болох Сарны Хэлтэрхий ердөө л Нүгэлт Араатнаас олдсон билээ.
Хүлээлтээ хянахыг хичээн чичирхийлсэн Санни цааш уншив.
Дурсамжийн тайлбар: [...Бардамналаар дүүрсэн язгууртан хүлэгт баатар Зүүдний үр төлтэй гэрээ байгуулжээ. Хэдэн жилийн дараа тэр хүлэгт баатар бүх дайснаа ялж, хүчирхэг хаан болов. Нялх хүү нь анхныхаа үгээ хэлсэн өдөр Зүүдний үр төл хааны өмнө ирж төлөөсөө нэхэв. Тэр хүүхдийг авч хаант улсаас яван алга болсон бөгөөд дахин хэзээ ч харагдсангүй. Маш олон жилийн дараа залуу ханхүү эргэн ирж, эцгийнхээ сэнтийн өмнө зогсов. Тэр баяр хөөр, халуун дотноор угтуулахыг хүлээж байсан ч оронд нь айдас, хардлагатай тулгарчээ.]
Санни хөмсгөө зангидав.
'Хөөх... Энэ чинь ер нь юу гэсэн үг вэ?'
Энэ тайлбарт зүүдний хүүхэд... эсвэл бүр тодруулбал тэрхүү Зүүдний үр төл дурдагдсан байлаа. Энэ бол Нефист Хоосон эхээс төрсөн учраас заяасан Шинж чанарын нэр байсан. Хүн төрөлхтний дунд мөн ийм Шинж чанартай өөр хүмүүс байсан гэж үү? Байсан л байж таарна... бас энэ хачирхалтай домгоос харахад тэднээс Зүүдний ертөнцөд хүртэл айдаг байсан бололтой.
Үгүй, энэ огт утгагүй байлаа. Нефисийг хоёр ертөнцөөс төрсөн гэж дүрсэлдэг шүү дээ. Тэгвэл Зүүдний ертөнцийн уугуул оршин суугч яаж яг ижил Шинж чанартай байх юм?
'Үнэхээр хачирхалтай... Магадгүй нэр нь зүгээр л давхацсан байх...'
Санни мөрөө хавчаад Бичээс дээр анхаарлаа төвлөрүүлэв.
'Юу хийдгээ надад үзүүл...'
Дурсамжийн шидийн сайжруулалт: [Дүрс Хувилгагч], [Гэрэл Залгигч], [Сүнслэг Ир], [Харанхуй Толь].
'Дөрвөн ширхэг үү!'
Түүний нүд гялалзав.
[Дүрс Хувилгагч] шидийн сайжруулалтын тайлбар: "Энэ зэвсэг сэлэм болон жадны хэлбэрийн хооронд хувирч чадна."
Санни хэсэг эргэлзээд Бичээсээс харцаа салган Хэрцгий Харцыг дуудав. Тэр үүнийг өөрийн нүдээр харах ёстой байлаа...
Бараан манан түүний гарыг бүрхэн авч, дараа нь дотор нь дэгжин нэгэн сэлэм бий болов. Энэ нь Шөнө Дундын Хэлтэрхийгээс хавьгүй богино бөгөөд навч хэлбэрийн ир нь Саннигийн тохойноос дунд хурууны үзүүр хүртэлх урттай ойролцоо байлаа. Ир нь өнгөлсөн мөнгөөр давтсан мэт харагдаж, төгс толь болжээ. Түүн рүү харахад Санни өөрийн цонхигор царай болон арын агуйн хананы тусгалыг харж байв.
Богино сэлмийн бариул нь өнгөлсөн хар модоор хийгдсэн бөгөөд хамгаалалт болон төгсгөлийн хэсэг нь нарийн сийлбэртэй мөнгөн бүрээстэй байлаа.
Хэрцгий Харц хөнгөн бөгөөд хурдан байв. Санни агаарыг хэдэнтээ зүсээд инээмсэглэв. Нэг гарт сэлэм хэрэглэхэд дасахад жаахан хугацаа хэрэгтэй ч түүнд таалагджээ. Аль хэдийн гарынх нь үргэлжлэл болсон мэт санагдаж байв. Нууц довтолгоонд ч илүү тохиромжтой.
Түүнчлэн энэ сэлэм хоёр иртэй байсан нь түүнийг ашиглах арга барилд нь илүү их эрх чөлөө өгч байлаа.
Гэхдээ энэ бүх зүйл биш...
Түүний сэтгэлийн тушаалыг даган сэлмийн бариул гэнэт уртасч эхлэв. Хэдхэн агшны дараа Санни гартаа урт, дэгжин жад барьж байлаа. Хар иш нь мөнгөн иртэй хүчтэй эсрэгцэж, сүрлэг бөгөөд гунигтай дүр төрхийг бүтээнэ. Ир нь уртаараа хэвээр үлдсэн тул Санни зөвхөн хатгах бус, мөн зүсэх, цавчих дайралт ч хийж чадна.
Тэр сүрлэг бөгөөд дэгжин жадыг хэсэг ширтээд буцаан сэлэм болгохыг тушаав.
Энэ нэлээд сорилт болох байлаа. Санни урт иштэй зэвсгээр төдийлөн гарамгай биш байсан ч мастер хүний гарт тэд ямар уян хатан, таамаглахын аргагүй, үхлийн аюултай байдгийг харж байсан юм. Тэр ч бүү хэл Хар дарсан зүүдний мангасуудтай тулалдахдаа өөрөөсөө арай хол зайд тогтоон барьж байгаасай гэж олонтоо хүсэж байсан. Энэ зэвсэг хөдөлгөөнт байдал болон хүрэх зайг төгс хослуулж, авхаалжтай богино сэлэм болон сүйрэл дагуулах урт жадны хооронд төвөггүй шилжих боломж олгож байв.
Энэ түүнд хоёр ертөнцийн хамгийн сайныг өгч байлаа.
Түүний инээмсэглэл улам тодров.
"Төгс... Үнэхээр төгс юм!"
Өөр юу хийж чадах бол?
Гурван шидийн сайжруулалт үлджээ.
[Гэрэл Залгигч] шидийн сайжруулалтын тайлбар: "Энэ зэвсгийн ир гэрлийг ойлгож, шингээж, буцаан цацруулж чадна."
Энэ нь сүүдрийг удирдахад хэрэг болохоос гадна дайсныхаа нүдийг ч сохолж магадгүй...
[Сүнслэг Ир] шидийн сайжруулалтын тайлбар: "Энэ зэвсэг биет бус байг онох чадвартай."
Зүүдний ертөнцийн хамгийн аюултай амьтдын нэг болох биеийн гэмтэлд үл өртөх сүнслэг оршихуй нартай тулалдах боломжийг Саннид өгөх гайхалтай чадвар.
[Харанхуй Толь] шидийн сайжруулалтын тайлбар: "Энэ зэвсгийн довтолгоо бүрийг элементийн нөлөөгөөр хүчирхэгжүүлж болно. Үүнийг эзэмшигчийн өмнө нь авсан ямар ч элементийн хүчээр цэнэглэж чадна."
"Одоогийн цэнэг: Байхгүй."
Санни амьсгаагаа татав.
'Байнгын элементийн хүч нэмэгдүүлэлт. Энэ... үнэхээр... итгэмээргүй юм!'