533-р бүлэг : Амьд Үлдэх Тулаан
Тайлбарлагч Монгрелийн нэрийг дурдсан даруйд дүрс өөрчлөгдөж, хар хуяг өмссөн сүрдэм нэгэн ой дундуур тайван алхаж буйг харуулав. Алдарт тачи мөрөн дээр нь тухлан, чөтгөрийн багны нүдний харанхуй хонхорууд камер руу эгцлэн ширтэж, түүний цаана харанхуйгаас өөр юу ч байхгүй мэт санагдана.
Монгрел дэлгэцэн дээр гарч ирмэгц чат дэлбэрэх шиг болов.
"ТИЙМЭЭ! Монгрел байна!"
"Монгрел эзэн мандан бадраг!"
"Хөөе? Монгрел гэж хэн юм?"
"...Эзэн биш, ЭЗЭГТЭЙ мандан бадраг гэвэл таарна биз дээ?"
Дими инээв.
"Аа, тийм. Энэ залуу. Монгрел үнэхээр гайхалтай тулаанч мөн ч хүмүүсийн бодож байгаа шиг үр дүн нь тийм ч тодорхой биш байж магадгүй. Жил бүр ижил зүйл болдог. Тэмцээний сүүлчийн шатуудад хоёр өөр бүлэг мөргөлддөг. Нэг нь Зүүдний Орны шилдгүүд, нөгөө нь шагналд татагдан орж ирсэн шинэ хүмүүс. Өмнөх түүхийг харахад шинэ хүмүүс нь ихэвчлэн илүү сайн амжилт үзүүлдэг."
Тэр санаа алдан толгой сэгсэрлээ.
"Тэгээд ч бид Монгрелийн талаар үнэндээ төдийлөн их зүйл мэдэхгүй. Мэдээж түүний амжилтын түүх үнэхээр гайхамшигтай, гэхдээ ихэнх ялалтаа санамсаргүй өрсөлдөгчдийн эсрэг байгуулсан. Хамгийн шилдгүүдтэй тулгарахад юу болохыг хэн мэдэхэв? Хэрэв мөрий тавих байсан бол би одоо ч гэсэн Хатан Зөгий дээр мөнгөө тавина. Шинээр орж ирсэн хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг зогсох боломжтой хүн байвал тэр л байх."
Сайклус урамтайгаар хэдэнтээ толгой дохив.
"Тийм шүү! Гэхдээ Монгрелийн тухайд эргээд ярья. Аймшигтай тэр багны цаана үнэндээ хэн байдгийг бүгд үхэн хатан мэдэхийг хүсэж байгаа. Тэгээд Дими таныг мэддэг хүн бүхэн таны толгойд ямар нэгэн таамаг байгаа гэдэгт итгэдэг..."
Ахимаг эр инээмсэглэж, нүд нь гэнэт догдлолын очоор гэрэлтэв.
"Яг тохирсон асуулт байна! Үнэндээ надад нэг онол бий..."
---
"Оролцогч Корвус Эзэнтэн хасагдлаа."
"Оролцогч Фрай хасагдлаа."
"Оролцогч Эракс хасагдлаа."
Санни хөл дороо хэвтэх, аль хэдийн цагаан очны урсгал болон хувирч эхэлсэн гурван цогцос руу харав. Энэ гурван Сэрэгч түүн рүү хамтран дайрсан бөгөөд ур чадвар нь муугүй, бүр бахархмаар байсан ч тэр тэднийг нэг минут хүрэхгүй хугацаанд устгахад ямар ч асуудал гарсангүй.
Тэд хэдхэн секундээс илүү хугацаанд амьд үлдэж чадсан нь хүртэл өрсөлдөгч нь хэн байсныг бодолцвол аль хэдийн гайхалтай амжилт байлаа.
Тачийг агаарт эргүүлэн даллаж, Санни ирэн дээрх цусны дуслуудыг сэгсэрч унагаагаад цааш алхав.
...Үнэндээ тэр ирээ цэвэрлэх шаардлагагүй байсан. Учир нь цус нь ч мөн удалгүй гэрлийн оч болон хувирч алга болох байлаа. Гэхдээ энэ нь аль хэдийн түүний зуршил болсон байсан. Тэгээд ч үнэхээр их сүртэй харагддаг.
Үнэнийг хэлэхэд тэр богинохон мөргөлдөөн гаднаас харагдсан шигээ амар байгаагүй. Сэрэгч бүр өвөрмөц Аспект эзэмшдэг учраас тэд тун аюултай дайснууд байлаа. Тэд овжин, арга зальтай, урьдчилан таамаглахын аргагүй. Тиймээс тэр маш хурдан хөдөлж, тулааныг байснаасаа хавьгүй харгис мэт харагдуулах шаардлагатай болсон юм.
Одоогоор Санни өөрийгөө хүчирхэгжүүлэхийн тулд сүүдрүүдийнхээ алийг нь ч ашиглаагүй байлаа. Тэр энэ шийдвэрийг аль эрт гаргасан байсан. Учир нь өрсөлдөгчдөө зөвхөн түүхий хүчээр дарах нь түүний гол зорилго болох тулааны арга барилаа өнгөлж, олон янзын хэв маяг сурахад саад болдог.
Тиймээс гунигтай сүүдэр яг жирийн сүүдэр шиг аашилж байсан бол нөгөө хоёр нь түүний үсний өнгийг өөрчлөхөд ашигладаг Дурсамж болох Намрын Навчийг ороон хүрээлжээ. Тэр Дурсамж өөр ямар ч зориулалтгүй тул хүчирхэгжилт нь түүнд ямар ч давуу тал өгөхгүй байв.
...Гэхдээ үс нь үнэхээр гайхалтай харагдаж байгаа нь лавтай.
Багныхаа цаанаас жуумалзан Санни урагш гүйн одлоо. Тэр эхний чансааны зарлал гарахаас өмнө аль болох олон тоглогчийг устгахыг яарч байв.
Гурван Сэрэгчийн бүлэгтэй таарсан нь шалгаруулалтын амьд үлдэх тулааны төрөлхийн нэг сул талыг түүнд сануулав. Жинхэнэ хүчтэнгүүд өөрсдийгөө ил болгомогц сул дорой оролцогчид зайлшгүй нэгдэн тэднийг хамтран агнаж эхэлдэг.
Тун удалгүй арав гаруй тулаанч түүн рүү зохион байгуулалттайгаар зэрэг довтолж ч мэднэ. Эсвэл бүр түүнээс ч олон.
Санни өөрийн ур чадварт итгэлтэй байсан ч тэр хэмжээнд биш. Зүүдний ертөнцийн хамгийн харанхуй гүнд хэдэн зуун өдрийг амьд үлдэхийн төлөө тулалдсан туршлагатай ахмад дайчин байсан ч ийм тулаан амаргүй байх байлаа.
'Энэ амьд үлдэх тулаан миний төсөөлснөөс хавьгүй ширүүн болох нь...'
Санни энэ бодлоо гүйцээж амжаагүй байтал хажуу дахь эртний аварга мод гэнэт үй олон хэлтэрхий болон дэлбэрч, ямар нэгэн хурц зүйл гайхалтай хурдтай түүн рүү нисэн ирэв. Хараал урсган тэр хажуу тийш үсэрч, арайхийн бултав.
Дараагийн агшинд аварга том сум түүний хажуугаар исгэрэн өнгөрч, өөр нэгэн модны их биед зоогдов. Чичирхийлэн доргих иш нь Саннигийн өндөртэй эн тэнцүү урт байлаа.
Санни мөрөөрөө өнхрөн сум руу нэг хараад, дараа нь бүх хурдаараа гүйлээ.
'Хараал ид! Мэргэн бууч!'
Хормын дараа өөр нэг аварга сум тэнгэрээс унан ирж, түүнийг газартай хадах шахав.
Санни шүдээ зуун гүйсээр байлаа.
---
Тоолж баршгүй олон дэлгэцэн дээр өргөн мөртэй залуу аварга том нумныхаа хөвчийг татаж буй дүрс гарч байв. Асар хүчирхэг булчин нь зангирч, хөвчөө тавихад өндөр толгодын бэлээр аянга мэт нижигнэсэн чимээ өнхрөн буулаа.
Харин хоёр тайлбарлагч түүнд огт анхаарал хандуулсангүй.
"...Тиймээс би ямар ч эргэлзээгүйгээр Монгрел бол үнэндээ Мартагдсан Эргийн амьд үлдэгсдийн нэг биш, харин Шөнийн Өргөөний үүсгэн байгуулагч домогт Шөнөөр Алхагчийн нууц хүүхдийн хүү гэж хэлж чадна. Аан... яах вэ, энэ бол миний онол л доо."
Сайклус Дими рүү өргөн инээмсэглэн хараад, яриагаа эртний ойд улам ширүүсэж буй мөргөлдөөнүүд рүү буцаав.
"Тийм гэж үү! За тэгвэл тэр нууц ач хүү маань одоо нэлээд хүнд байдалд орчихлоо бололтой! Монгрел гурван өрсөлдөгчөө зэрлэгээр ялсны дараа одоо таны түрүүн ярьсан шинэ хүчтэй оролцогчдын нэгний хараанд өртчихсөн байна. Харцгаая!"
Дүрс өөрчлөгдөж, Монгрел ой дундуур цахилгаан мэт хурдтай гүйж, араас нь ээлж дараалан ирэх аварга сумнуудаас бултаж буйг харуулав. Түүний хөдөлгөөн тайван бөгөөд яг таг, толгойн ард нь хүртэл хоёр дахь хос нүд байгаа мэт санагдана.
Сайклус хайхрамжгүй хар баг руу хараад өөрийн эрхгүй дагжин чичирлээ.
"Хөөх! Үүнийг хараач... Ийм эгзэгтэй нөхцөлд тайван байдлаа хадгалж чадна гэдэг үнэхээр бахархмаар хэрэг! Монгрел ид шидийн сайжруулалттай, Нүгэлт мангасыг ч нэвт сүлбэж чадах хүчтэй сумны мөндөрт өртөж байгаа мөртлөө юунаас ч айхгүй байгаа юм шиг. Үнэхээр тэр хүн ган төмөр мэдрэлийн эстэй юм. Яг одоо тэр юу бодож байгаа бол гэж гайхмаар..."
---
'Ямар новш нь вэ?! Энэ чинь шударга байдал юм уу?! Новш! Балрах нь! Би ингэж эрт үхмээргүй байна! Хараал ид, би одоо яах ёстой юм бэ?!'
Багныхаа цаана хөлөрч, сандран тэвдсэн Санни нэг сумны араас нөгөөгөөс нь бултангаа амралтгүй хараал урсгав.
Тэр өөрийг нь хэн буудаж байгааг, эртний моддын шигүү титмийн цаанаас яаж ингэж онож байгааг, хаана байгааг нь ч огт мэдэхгүй байлаа. Түүний хийж чадах цорын ганц зүйл бол гүйх, бултах, энэ сүйрлийн довтолгооноос амьд гарахын төлөө үхсэн бурхдад залбирах байв.
Аз болж хэдхэн хормын дараа тэр холгүйхэн хадат довцог, түүний ард нуугдсан гүн жалгыг олж харав.
Урагш ухасхийн тэр дахин нэг аварга сумнаас бултаад жалгын энгэрээр доош гулслаа. Ёроолд нь хүрээд зузаан унасан навчсыг туучин хаданд нуруугаа наан зогсоход эцэс төгсгөлгүй мэргэн буудагчийн аюулаас эцэст нь хамгаалагдав.
Тэгж байж л Санни амьсгаагаа даран эргэн тойрноо ажиглах боломжтой болов.
Гэвч хармагцаа л түүний нүүрэнд бараан ярвайлт тодров.
'...Чөтгөр гэж!'
Хувь тавилангийн эрхээр тэр жалганд ганцаараа байсангүй.
Ууртай архирсан Санни тачигийн бариулаас атган, дахин бултлаа.
Хэдхэн хормын дараа таатай хоолой эртний ой даяар цуурайтав.
"...Оролцогч Ажик хасагдлаа."