577-р бүлэг : Зөвхөн чи
Тэр үгийг хэлсний дараа өрөөнд хэсэг хугацаанд нам гүм ноёрхлоо. Санни сонссон зүйлээ эргэцүүлэн бодож, хөмсгөө зангидлаа.
Мордрет Валорын агуу овгийн удам болохыг мэдээд тэр нэг их гайхсангүй. Тэр хоёрын хооронд ямар нэгэн холбоо байдгийг аль хэдийн мэдэж байсан. Бас Мордрет өөрийгөө ханхүү гэж зөрүүдлэн нэрлэдгийн нэг боломжит тайлбар нь Хаадын нэгтэй цусан төрлийн холбоотой байх явдал гэж бодож байсан билээ.
Одоо бол Валор овгийн Дөш... тэр нууцлаг ханхүүгийн эцэг болох нь бараг тодорхой болов.
Харин Саннигийн хөмсгийг зангидуулсан зүйл бол Велте Мордретийг Дайны Ханхүү гэж нэрлэсэн явдал байлаа. Энэ нь Валор овог Дайны Бурхны удамшлыг өвлөсөн гэсэн үг үү? Яг л Үхэшгүй Дөлийн овог Нарны Бурхны удамшлыг өвлөсөн шиг?
Хэрэв тийм бол... бусад хоёр Агуу овог ямар удамшилтай юм бол?
...Тэгвэл Сүүдрийн Бурхны өвлөгч болох ёстой байсан ч оронд нь баригдашгүй Хагас Бурхны хориотой удамшилтай үлдсэн өөрийг нь юу гэж үзэх вэ?
Энэ хооронд Касси үл ялиг гайхсан өнгөөр:
"...Валорынх гэж үү?"
Мастер Велте дахин санаа алдаад толгой дохив.
"Тийм. Ханхүү Мордрет бол... Гэгээнтэн Дөшийн ууган хүү. Тэр бол манай агуу овгийн тэргүүнүүдийн нэг. Бага балчир байхад нь түүнийг... хүчирхэг холбоотонд барьцаа болгон өгсөн юм. Энх тайвныг хадгалж, хүн бүрийн сайн сайхны төлөө. Түүнд ямар ч хор хүргэх ёсгүй байсан. Бас хүрээгүй... бид тэгж бодож байсан. Олон жилийн дараа ханхүү зоригт Сэрэгч болон бидэнд буцаж ирэхэд бид баярлаж, амарсан."
Пирсийн царай барайж, тэр өөр тийш харав. Велте хэсэг азнаснаа үргэлжлүүлэн:
"Гэвч бидний баяр удаан үргэлжлээгүй. Удалгүй тэр хүү... сэтгэцийн хувьд гажуудсан хүн болж өссөнийг ойлгосон. Тэр харгис, энэрэлгүй, бас... хянах боломжгүй тодорхой хүсэл тэмүүлэлтэй байсан. Илүү хүчирхэг болох тусам тэр хүний шинжээ улам алдаж байлаа. Бас тэр үнэхээр хүчирхэг байсан. Ямар ч Сэрэгчийн байх ёстой хэмжээнээс хавьгүй хүчирхэг."
Тэр доош харснаа ярвайв.
"Эцэст нь Ханхүү Мордрет овгоо орхиж, ахмадуудын тушаалыг зөрчин Хар дарсан зүүдний Үрийг эрэн олж, Мастер болохоор шийдсэн. Түүнийг Дэвшсэн болохыг... эсвэл бүр сэрүүн ертөнцөөр чөлөөтэй алхахыг зөвшөөрөхөд хэтэрхий аюултай гэж үзсэн учир бид хүндхэн шийдвэр гарган түүнийг устгахаар болсон. Мангас байсан ч тэр эцсийн эцэст бидний хариуцлага байсан."
Санни чамархайгаа үрэв. Тэдний ярьсан зүйлд маш олон шинэ мэдээлэл байлаа... мэдээж бүгд үнэн байсан тохиолдолд. Харин тэр үнэн гэдэгт итгэлгүй байв.
Мордрет үнэхээр "барьцаа" болгон өгөгдсөн гэж үү? Тэр үнэхээр сэтгэцийн хувьд гажуудсан, аюултай байсан гэж үү? Магадгүй байсан, магадгүй байгаагүй ч байж мэднэ. Ямар ч байсан Санни Дөш ууган хүүгээсээ салах шийдвэр гаргахад энэ бүхэн огт хамаагүй гэдэгт эргэлзсэнгүй. Велтегийн сүржин үгсийн хамгийн чухал хэсэг нь "хэтэрхий хүчирхэг", "хянах боломжгүй" гэсэн хоёрхон санаа байлаа.
Мордретийг яг энэ шалтгаанаар Хоёр дахь Хар дарсан зүүдийг сорихыг хориглосон байх. Тиймээс л тэр Хаадын хүчнийхэн олж илрүүлээгүй, тиймээс хамгаалж чадахгүй Хар дарсан зүүдний Үрийг хайхаар Гинжлэгдсэн Арлууд руу ганцаараа иржээ.
Эцэст нь энэ нь түүний сүйрэлд хүргэсэн.
Гэхдээ нэг зүйл л ер ойлгомжгүй байлаа...
Санни хоёр Мастер руу хараад эргэлзэн асуулаа.
"Хэрэв тэр Мордрет үнэхээр тийм аюултай байсан юм бол... яагаад зүгээр л алаагүй юм бэ? Яагаад ийм их төвөг удан байж хорьсон юм?"
Богинохон чимээгүйн дараа Пирс бараан дуугаар хариулав.
"...Бид оролдоогүй гэж бодож байна уу? Түүний биеийг устгасан... сүнсний биеийг нь ч бас. Гэвч тэр үхээгүй. Юу ч хийсэн тэр юм зүгээр л үхэхээс татгалзсан. Харин тэр бүхний явцад миний олон нөхөд амь үрэгдсэн. Эцэст нь бид зөвхөн түүнийг хүлж чадсан. Тэр ч байтугай зөвхөн Гэгээнтнүүдийн тусламжтайгаар."
Санни аймшигтай тэр Мастер руу алмайран ширтэв.
'Бие нь ч, сүнсний бие нь ч устсан мөртлөө одоо хүртэл оршсоор байдаг гэж... энэ яаж боломжтой юм бэ?'
Тэр амаа ангайснаа буцаан хамхив... дараа нь дахин ангайлгав.
"...Түүний Аспект яг юу юм бэ?"
Пирс, Велте хоёр бие бие рүүгээ харц солилцов. Эцэст нь эмэгтэй нь ярив.
"Түүний Аспект толь, тусгал, сүнстэй холбоотой. Ханхүү Мордрет толин дундуур аялж, тусгалуудыг удирдах чадвартай. Харин түүний хоёр дахь Чадвар... хоёр дахь Чадвар нь үүнээс ч аймшигтай. Хэн нэгэн түүнийг ямар ч төрлийн толинд харвал тэр хүний сүнс залгиулж, бие нь Мордретийнх болдог. Шинэ бие эзэмшихдээ ханхүү тухайн хүний Дурсамж, Сүүдрийн хувилбар... бүр Аспектийг нь хүртэл өвлөн авдаг. Харин Дутагдлыг нь ч мөн адил. Яг Шүүлтийн арал дээр чиний таарсан, түүний бүтээлүүдийн нэг байсан тэр амьтан шиг."
Тэр хэсэг чимээгүй болоод хүзүүндээ зүүсэн дөш хэлбэртэй сахиусаа бодлогоширон илэв.
"...Пирс бид хоёр түүний чадварт дархлаатай. Харин бусад цэргүүдэд тийм аз байгаагүй. Тэр нэг нэгээр нь эзэмдэж, тэдний биеийг ашиглан бусдыг нь хөнөөсөн. Хамгийн сүүлд эзэмшсэн бие нь бүр онцгой аюултай байсан. Учир нь тэр... манай ахан дүүсийн цогцсоор хүүхэлдэй бүтээх боломжтой Аспекттай байсан юм. Бид тэр биеийг устгаж чадсан ч ханхүү өөрөө урьдын адил зугтсан. Бид түүнийг дахин хүлж, хорьж чадсангүй."
Санни үл ялиг толгойгоо хазайлгав.
...Одоо л маш олон зүйл эцэст нь ойлгомжтой болов. Яагаад Мордретийг хорьсон, яагаад Шөнийн Сүмийг гаднынханд хаасан, яагаад зөвхөн Сүүдрийн хувилбарууд болон Төөрөгсөд л хоригдлыг хамгаалдаг байсан нь тодорхой болов. Учир нь эхнийх нь сүнсгүй тул эзэмшигдэх боломжгүй, харин сүүлийнх нь ханхүү ямар нэгэн байдлаар оргож тэднийг эзэмшсэн ч сэрүүн ертөнцөд буцаж чадахгүй.
Харин сэрүүн ертөнцөд гарчихвал түүнийг дахин барих бараг боломжгүй болох байлаа...
Гэнэт Санни дагжив.
Түүний царайны хувирлыг анзаарсан Пирс бараанаар инээмсэглэв.
"Одоо ойлгосон бололтой. Тийм ээ... тэр араатантай учир зүйгээр ярилцаж болно, эсвэл түүний үзэн ядалт зөвхөн Валор овогт чиглэсэн болохоор чамайг орхино гэж битгий бод. Одоогоор энэ Цайзад түүнийг эцэст нь сэрүүн ертөнцөд буцааж чадах бие ердөө дөрөвхөн бий. Велте бид хоёрыг эзэмшиж чадахгүй. Хатагтай Кассияг ч мөн адил сохор учраас эзэмшиж чадахгүй. Тэгэхээр үлдэж байгаа нь..."
Мастер Пирс хүйтэн, аюултай нүдээрээ түүн рүү ширтэв.
Санни хараал урсгалаа.
"...зөвхөн чи."