364-р бүлэг : SS зэрэглэлийн Санлесс
Санни Мастер Жетийг ширтэн, нүүрэндээ хачирхалтай илэрхийлэл цацруулсан хэвээр суулаа. Хэсэг хугацааны дараа тэр ийнхүү асуув.
"…Гайхалтай л юм, гэхдээ… "SS" гэдэг чинь ямар новш нь вэ?"
Тэр инээмсэглэн цайнаасаа балгаад, ширээний цаанаас түүн рүү харав. Аягаа буцаан тавьсныхаа дараа үл ялиг толгой сэгсрээд хэлэв.
"Засгийн газар, бас мэдээж хүчирхэг Өв залгамжлагч овгууд дэлхий дээрх бүх Сэрэгчийг бүртгэж, хянадаг. Чиний хувьд энэ гайхах зүйл биш биз дээ?"
Санни аажуухан толгой дохив.
"Тийм ээ, ойлгомжтой."
Мастер Жет суудалдаа үл ялиг хөдөлгөөн хийгээд үргэлжлүүлэв.
"Нэгдүгээрт, Сэрэгч бүр өөрийн байгаа газрын ойролцоо Хаалга нээгдэх үед хариу арга хэмжээ авах үүрэгтэй. Тэр тусгай Холбооны хэрэгсэл ч үүнд зориулагдсан. Бидэнд олгодог бүх эрх, давуу талын хариуд Хар дарсан зүүдний амьтадаас энэ ертөнцийг хамгаалах ёстой."
Түүний нүүрэнд бараан ёжтой инээмсэглэл тодров.
"Мэдээж бодит байдал дээр бол хэн ч чамайг тэр үүргээ заавал биелүүл гэж албадаж чадахгүй, үнэндээ ч тэгэхгүй. Олон Сэрэгч Хаалганы Аюулын дохио авмагцаа эргээд зугтчихдаг."
Санни нүүрээ үрчийлгэв. Нэг талаар бол тэр ийм хариу үйлдлийг бүрэн ойлгож байлаа. Яагаад тэд танихгүй хүмүүсийн төлөө амиа эрсдэлд оруулах ёстой гэж? Бас Сэрэгч болгон тулалдаанд сайн байдаггүй. Бүгд Харанхуй хотын урчууд шиг байлдааны Аспекттэй Зүүдлэгчдийн хамт мөр зэрэгцэн тулалддаг хүмүүс биш.
...Гэхдээ нөгөө талаар, мангасууд жирийн хүмүүсийг залгиж, бодит ертөнцөд сүйрэл тарьж байхад өөрөө зугтаана гэх бодол түүнд огтхон ч таалагдсангүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Санни өөрийн эрхгүй багахан бардам зан суулгасан бололтой. Тэр Хар дарсан зүүдний амьтадаас зугтаж, Хараалд бууж өгөхийг хүссэнгүй. Бүр ёс суртахуун гээч зүйлээр хүртэл халдварласан ч юм шиг...
'Энэ солиоролыг хурдан дарж авах хэрэгтэй...'
Түүний бодлыг үл анзаарсан Мастер Жет үргэлжлүүлэв.
"Хоёрдугаарт, шинээр Сэрсэн хүмүүсээс бүгд хамгийн шилдгүүдийг нь өөртөө элсүүлэхийг хүсдэг учраас хянадаг. Авьяастнуудыг хөгжүүлэх хэрэгтэй, харин хөгжүүлэхийн тулд эхлээд тэднийг таньж мэдэх ёстой. Тиймээс хамгийн ирээдүйтэй Сэрэгчдийн хэрэг дээр тусгай тэмдэг тавьдаг. Ихэнхдээ SA, эсвэл зүгээр л S. Энэ юу гэсэн утгатайг мэдэх үү?"
Санни толгой сэгсрэв.
"Үгүй."
Тэр инээмсэглэв.
"SA гэдэг нь стратегийн нөөц(strategic asset) гэсэн үг. Ийм тэмдэглэгээ авдаг Сэрэгч маш цөөхөн. Энэ нь чамайг хүн төрөлхтний оршин тогтнолд чухал үүрэг гүйцэтгэх, эсвэл ядаж дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлэх боломжтой хүн гэж үнэлж байгааг илэрхийлдэг. Энгийнээр хэлбэл, нийгэмд маш хэрэгтэй Аспекттэй хүн, эсвэл Мастер, магадгүй бүр Гэгээнтэн болох өндөр магадлалтай хүн гэсэн үг."
Мастер Жет ахин цайнаасаа балгаад өөрийгөө залхуутайхан заав.
"Над шиг. Онгирч байгаа юм биш шүү, гэхдээ S тэмдэглэгээтэй хүмүүс үнэхээр цөөхөн. Тиймээс бид ихэвчлэн Засгийн газар эсвэл нэгдсэн Өв залгамжлагч хүчнээсээ ихээхэн анхаарал, дэмжлэг авдаг. Харин одоо хамгийн сонирхолтой хэсэг нь..."
Тэр инээмсэглэлээ улам тодруулав.
"Яг одоо бүгд та нараас болоод сандарч, амнаасаа хөөс сахруулж байна. Мартагдсан Эргээс буцаж ирсэн тэр зуун хүн бүгд стратегийн нөөц гэж тэмдэглэгдсэн. Энэ... энэ бол хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй зүйл. Гэнэт зуун хүчирхэг Сэрэгч гарч ирсэн нь өөрөө тийм ч чухал биш. Гэхдээ хэрэв тэр зуун хүн бүгд Мастер, магадгүй бүр Гэгээнтэн болох маш өндөр магадлалтай бол... одоогийн хүчний тэнцвэрийг бүрэн нураахад хангалттай."
Санни түүн рүү ширтэн бодолд автав. Одоог хүртэл сонссон бүхэн нь түүний төсөөлж байсан зүйлтэй яг таарч байлаа. Гэхдээ...
"Ойлголоо. Харин намайг SS гэж тэмдэглэсэн гэдэг нь юу гэсэн үг вэ? SS нь юуг товчилсон юм?"
Мастер Жет толгой дохив.
"Одоо л үүнийг тайлбарлах гэж байлаа. Стратегийн нөөц гэж тэмдэглэгдсэн хүмүүсээс дээгүүр тусгай стратегийн нөөц(special strategic asset) гэж ангилсан хүмүүс бий. SSA, товчоор SS. Энэ ангилал бүр ч ховор. Үнэндээ маш цөөхөн хүн ийм тэмдэглэгээ авч байсан. Энэ нь чамайг Гэгээнтэн болох маш өндөр магадлалтай гэж үзэж байна гэсэн үг. Дээд зэрэгт хүрсэн хүмүүс ямар ховор байдгийг мэднэ биз дээ? Тийм болохоор одоо бүгд чамтай найзлахыг хүсэж байгаа. Засгийн газар ч гэсэн. Долоодугаар зэрэглэлийн иргэний эрх ч бас үүнтэй холбоотой."
Тэр уучлалт хүссэн мэт инээмсэглээд нэмж хэлэв.
"...Гэхдээ SS тэмдэглэгээтэй таван хүний дундаас чи хамгийн бага онцгой нь. Битгий гомдоорой."
Санни түүн рүү хараад үл ялиг инээмсэглэв.
"Гомдоогүй ээ. Харин нөгөө дөрөв нь хэн юм?"
Мастер Жет мөрөө хавчснаа:
"Тэдний гурав нь Мартагдсан Эргээс гарсны дараа Хараалаас Жинхэнэ нэр авсан цорын ганц хүмүүс. Сэрэгч Афина, Сэрэгч Кай, Сэрэгч Кассия. Дөрөв дэх нь Сэрэгч Сон Сэй Шан. Тэр... за... агуу овгуудын нэгнийх нь хүн. Үнэнийг хэлэхэд чиний амжилтууд ч гэсэн гайхалтай хэвээрээ ч тэднийхтэй харьцуулахад бүдгэрнэ. Гэхдээ хэн нэгэн Академийн үнэлгээгээр бараг хамгийн сүүлд явж байсан хэрнээ аяллын сүүлийн шатанд зуун Нойрсогчдыг Гарц хүртэл удирдсан гэдгийг онцолсон юм. Товчхондоо, чамайг өсөх асар их боломжтой хүн гэж үзэж байна."
Тэр энэ хариултад багагүй сэтгэл хангалуун толгой дохив.
'Санаж байснаас муугүй юм.'
Үнэндээ төгс байлаа. Энэ яг түүний хүсэж байсан үр дүн байв. Хамгийн шилдгүүдийн нэг мөртлөө, мөн хамгийн сул нь гэж тооцогдох.
Түүнд энэ ертөнцийн хамгийн сайн боломжуудыг хүртэхийн тулд байр суурь хэрэгтэй байлаа. Өөрийн үнэ цэнтэй байх хэрэгтэй байсан.
Өөрийнх нь өмнө сууж буй үзэсгэлэнт Дэвшсэн хүнийг харан Санни цайнаасаа балгаад гэрэлтсэн инээмсэглэл тодруулав.
"Тэгэхээр... үнэхээр сайхан сонсогдож байна. Их нэр төр, энэ тэр гээд. Гэхдээ миний үнэхээр мэдэхийг хүсэж байгаа зүйл бол бүхэл бүтэн үеийнхээ тав дахь хамгийн гайхалтай хүн болсноор яг юу олж авах вэ?"
Мастер Жет инээмсэглээд түүн рүү сайшаасан харцаар харав.
"Сайн байна. Шууд гол юм руугаа орлоо. За, энэ нь юуг хамгийн их хүсэж байгаагаас чинь шалтгаална. Чиний хамгийн их хүсдэг зүйл юу вэ?"
Санни огтхон ч эргэлзэлгүй, тайван бөгөөд хатуу өнгөөр хариулав.
"Эрх чөлөөтэй байхыг."
Түүний нүүрэн дээрх инээмсэглэл ариллаа. Цай руугаа хэсэг ширтсэний эцэст Мастер Жет гунигтай өнгөөр хэлэв.
"Тэгвэл чамд аз таарахгүй нь дээ. Уучлаарай, гэхдээ эрх чөлөө гэдэг бол ердөө л домог, Санлесс. Энэ ертөнцөд хэн ч эрх чөлөөтэй биш. Жирийн хүмүүс амьд үлдэхийн төлөө өдөр бүр хөдөлмөрлөж, тэмцдэг. Хэдий амжилтын оргилд хүрч, асар их хөрөнгө цуглуулсан ч тэдний амьдрал Хар дарсан зүүдний амьтадаас хамгаалдаг Сэрэгчдийн гарт байдаг. Харин Сэрэгчид... бид ч бас эрх чөлөөтэй биш. Бидний амьдрал Хараалын мэдэлд байдаг."
Тэр түр азнаад, үл ялиг гунигтайгаар үргэлжлүүлэв.
"Хэрэв бид түүний сорилтуудыг давж амьд үлдэхийг хүсвэл хүчирхэг овог, Засгийн газар, эсвэл ядаж өөрсдийн бүлгийн нөхдөд өөрсдийгөө холбохоос өөр аргагүй. Бид холбоотон, хамтрагчдаасаа хамаардаг. Тэд ч мөн адил биднээс хамаардаг. Бид бүгд бие биедээ гинжлэгдсэн байдаг, Санлесс. Амьд үлдэх цорын ганц арга нь энэ. Тиймээс... юу хүсэж байгаагаа дахин нэг бод. Маш сайн бод."
Санни түүн рүү удаан ширтэв. Нүдэнд нь харанхуй, гүн, хүнд мэдрэмж хурсан байлаа. Удаан хугацааны дараа тэр аажуухан санаа алдаад хэлэв.
"Хэрэв үнэхээр тийм юм бол... би хүчтэй болохыг хүсэж байна."