572-р бүлэг : Диваажингаас ч Амттай
Санни хэсэг хөдөлгөөнгүй хэвтээд, дараа нь Сүнсний Тэнгисээ дотроос нь ажиглав. Тэр өмнөх шигээ хоосрон шавхагдсан харагдахаа больжээ. Гурван цөмийнх нь гурван хар нар төгс гурвалжин үүсгэн дээр нь хөвж, догшин харанхуй дөлөөр дүрэлзэж байсан бөгөөд нам гүм тэнгис хүчирхэг эрч хүчээр дүүрэн, ширүүн давалгаалан бужигнаж байлаа.
Тэр чимээгүй эгнээнд нь шинээр нэмэгдсэн харуулын сүүдэр лүү нэг харснаа нүүрээ ярвайлган, нүдээ анив.
Бие нь одоо ч сул дорой, сөхрөхийн даваан дээр байсан ч Сүүдрийн Мөн Чанараар дүүрсэн тул бүрэн хэрэггүй болсонгүй. Тэр анхаарлаа төвлөрүүлэн Сүнсний Могойг дуудан, Сүүдрийн Мөн Чанарыг түүний цагираг биеэр урсгаж, өвдөж байсан булчиндаа хүч эргэн ирэхийг мэдрэв. Биеийн хөшүүн сулрал нь бага зэрэг арилав.
Эцэст нь Санни нүдээ нээн толгойгоо эргүүлэн Касси руу харав. Сохор охин яг Бичээсийн тойргийн гадна чулуун шалан дээр туйлдан хэвтэж байлаа. Тэр харуулын цогцосноос түлхүүрийг авч, хаалгыг онгойлгон, дараа нь Санниг торноос чирж гаргасан бололтой. Ийм аймшигтай байдалтай мөртлөө түүнийг яаж тийм хол чирч чадсаныг Санни ойлгосонгүй. Гэвч тэр чаджээ.
Одоо Касси арайхийн амьсгалж байлаа. Гэсэн ч царайд нь өнгө аажмаар эргэн орж байсан нь тэр ч мөн Сүнсний Мөн Чанараа сэргээж байгааг илтгэнэ.
Толгойгоо эргүүлсэн төдийд Саннигийн толгой эргэн манарав. Тэр хэсэг амьсгаадан хэвтэж байгаад, дараа нь Гантиг Гэгээнтнийг дуудлаа.
Дуу цөөтэй хүлэгт баатар түүний сүүдрээс гарч ирэхэд бадмаараг нүд нь харанхуйд дүрэлзэж байв. Санни доороос нь хэдэн хором ширтээд, дуугүй тушаал өглөө.
'Хаалгыг хаа. Биднийг хамгаал.'
Чөтгөр чимээгүйхэн эргэн, чулуун шоронгийн нам гүмд алхааных нь чимээ цуурайтсаар холдов. Санни ахиад хэсэг амарч байгаад, шүдээ зуун өндийхийг оролдлоо. Гурав дахь оролдлогоороо амжилттай суув.
Ус, ус... түүнд ус хэрэгтэй... оршихуйнх нь бүхий л хэсэг тэр үнэт шингэний ганцхан дуслыг хүсэмжилж байлаа...
Түүний гарын эргэн тойронд оч эргэлдэж, дараа нь урьд өмнө нь харж байсан хамгийн гайхамшигтай зүйл гарч ирэв.
Тэр нь хээтэй хөх шилээр урласан нүд гялбам, үзэсгэлэнт, сүр жавхлантай лонх байлаа.
Санни хэсэг тээнэгэлзсэний эцэст Касси руу мөлхөн очиж, толгойг нь өргөөд, Төгсгөлгүй булгийг хагарч хатсан уруулд нь хүргэлээ. Усны эхний дуслууд аманд нь орох төдийд сохор охин нүдээ нээн цочиж, дараа нь шунахайран ууж эхлэв. Нэгэн мөчид тэр гараа өргөн Саннигийн гарыг атгасан нь яг л лонхыг булааж авчих вий гэж айсан мэт байлаа.
Санни өөрийнх нь хоолой хүчтэй агшин өвдөж байхад түүнийг ажиглав. Эцэст нь тэр гараа суллан авч, өөрийн ээлжийг уулаа.
...Хүйтэн ус бол түүний амсаж байсан хамгийн амттай, хамгийн гайхамшигтай зүйл мөн гэдэгт ямар ч эргэлзээ байсангүй. Түүнийг уух нь Сэрэлтийн үеэр дахин төрөхөөс ч илүү мансуурам, хавьгүй илүү шагнал мэт санагдаж байлаа. Балгах бүрд тарчлаан зүдэрсэн биед нь амьдрал буцан орж, яг л үхлээс эргэн ирж байгаа мэт мэдрэмж төрнө.
Тэр мөчүүдэд Санни амьдралдаа хамгийн аз жаргалтай байсан байх.
Тэд хоёулаа цангаагаа тайлсны дараа туйлдан чулуун шалан дээр уналаа. Ус Санни, Касси хоёрыг сэргээсэн ч сэтгэл санааны хувьд тэд бүрэн туйлдаж, хамаг тэнхлээ шавхжээ.
Удалгүй тэд унтчихав.
---
Санни сэрэхдээ өөрийгөө нэлээд дээрдсэн байгааг мэдэрлээ. Тэр одоо ч нэлээд муу байдалтай, өлсгөлөнгийн улмаас сул дорой, гэдэс нь хүчтэй өвдөж байсан ч ядаж л үхэх гэж байсангүй.
Тэр өндийн сууж, ахин ус уугаад, шоронгийн өрөөг тойруулан харав.
Касси чулуун хүйтэн шалан дээр гүн нойрондоо автан хэвтсээр байлаа. Түүний байдал Саннигийнхаас ч дор харагдсан ч царай нь өнгөтэй болж, амьсгал нь тогтуун, жигд байв. Сохор охинд гайхамшигт Цусан сүлжээ байгаагүй ч тэр хүчирхэг Сэрэгч хэвээр. Бие нь жирийн хүнийхээс хавьгүй тэсвэртэй, шарх нь ч илүү хурдан эдгэдэг.
Хэдхэн хоногийн дараа хоёулаа бараг хэвийн байдалдаа эргэн орно гэж Санни таамаглав.
...Өөр юу ч болохгүй бол.
Тийм боломж хэр байсан бол?
Тэр хүнд хаалгыг манаж зогсох Гантиг Гэгээнтэн рүү, дараа нь тор болон түүний хажууд хэвтэх харуулын цогцос руу харав. Нүүр нь жигшсэндээ ярвайлаа.
Санни санаа алдаад нүдээ анин, нэг сүүдрээ хаалганы цаадах байдлыг шалгахаар илгээв. Урт хонгил хоосон, харанхуйд живжээ. Тэнд юу ч хөдөлсөнгүй, бас ямар ч аюул заналхийлэл харагдсангүй. Түүний харсан цорын ганц зүйл нь өөр нэгэн цогцос байлаа. Энэ нь үхсэн харуулын хамтрагчийнх бөгөөд шоронгийн өрөөний ойролцоо хэвтэж, аймшигтайгаар тасар татагдан, ялзарч эхэлжээ.
Санни түүн рүү хэсэг ширтээд, сүүдрээ буцаахыг тушаав.
Гаднах нам гүм бараг л жихүүдэс хүргэм байлаа.
Яг тэр үед Касси хөдөлж, нүдээ нээлээ. Тэр өндийн суун аяархан ёолоод, дараа нь толгойгоо Саннигийн зүг аажмаар эргүүлэв.
Түүний Аспектийн хоёр дахь чадвар эргэн ирсэн бололтой. Эсвэл зүгээр л үнэрээр нь байршлыг нь тогтоосон ч байж мэднэ. Төмөр торонд хэдэн долоо хоног хоригдсоны дараа тэд хоёулаа өлссөн чонын сүргийг ч үргээхээр аймшигтай үнэртэй болсон байв.
Санни Төгсгөлгүй булгийг түүнд өгөөд, сохор охины нарийхан гар дахь лонхыг хэсэг ширтэж байснаа харцаа буруулав.
Касси ус ууж, ханиалгасныхаа дараа Дурсамжийг буцаан өгөөд сөөнгө хоолойгоор асуулаа.
"...Одоо бид яах вэ?"
Санни хэсэг эргэлзээд мөрөө хавчив.
"Юуны өмнө хоол олох хэрэгтэй. Цадаж аваад, тулалдахад хангалттай хүчтэй болмогц... дараагийнхаа алхмыг шийднэ. Мэдээлэл цуглуулж, нөхцөл байдлыг дүгнээд, дараа нь хөдөлнө."
Тэр толгой дохиж, аажмаар бослоо. Цагаан очны гялбаан дунд түүний гарт Аниргүй Бүжигчин гарч ирэв.
Санни ч мөн босоод хаалга руу алхлаа.
Гантиг Гэгээнтэн хажуу тийш болж, түүнд хаалгыг онгойлгох зай гаргав.
Босгон дээр зогссон тэр хэдэн хором тээнэгэлзсэний эцэст нэг алхам урагш хийв. Нүүрэнд нь бараан илэрхийлэл тодров.
...Санни болгоомжтой байх ёстойгоо мэдэж байлаа. Гэхдээ тэр өөрийн гэсэн өшөөгөө авах эрхтэй гэж бас бодож байв.